Гадаад мэдээний тойм

A- A A+
Гадаад мэдээний тойм

Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв 

Балба. Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос төрийн өндөр 23 албан тушаалтантай холбоотой хэргийг тусгай шүүхэд шилжүүлэв. 520 хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан зэрэг асуудлууд багтжээ. Тус улсын аялал жуулчлалын зөвлөлийн бүрэлдэхүүнд Пудел, Арьяал нарыг байхад үүссэн асуудлыг Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос судалж эхэлсэн байна. Улмаар Нироулаг сэжиглэн шалгажээ. 

Хорооноос тэдэнд 13 жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Албан тушаалын хэрэг шалгах хороо том албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан. Энэ хэрэг нь тус хорооны даргаар Локман Сингх Карки 2 жилийн өмнө томилогдсоноос хойших хамгийн том хэрэг юм.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх хөтөлбөр 3.7 их наяд донг хэмнэх боломж олгосон 

Ханой. 2011-2015 онд хэрэгжиж буй Авлигатай тэмцэх хөтөлбөр 3.7 их наяд донг хэмнэх боломж олгосон хэмээн уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх хурал дээр мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн хугацаанд авлигын шинж тэмдэг бүхий намын 1000 гаруй гишүүн, намын 278 байгууллагыг шалгаснаас 163 байгууллагад нь зөрчил илэрсэн хэмээн Авлигатай тэмцэх байнгын хорооны илтгэлд дурджээ. Түүнчлэн 5775 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Авлигатай тэмцэх чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээ авч тодорхой стратеги боловсруулах явдал чухал хэмээн Намын төв хороооны Дотоод хэргийн хорооны дэд дарга Пам Ан Туан хурлын үеэр тэмдэглэсэн байна.

Эх сурвалж

Австралийн их, дээд сургуулиудын гадаад оюутны салбарт авлига ихээхэн түгээмэл 

Австрали. Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, үүн дотор Сидней Их сургууль, Австралийн Үндэсний их сургуулийн гадаад оюутны асуудлыг хариуцдаг байгууллагууд авлигад автаж оюутны элсэлтийг хангахын тулд дүнг өөрчилдөг байжээ. Австралийн дээд боловсролын салбар дахь булхай, багш нарыг хахуульдах, дүн засварлах зэрэг нь олон улсын дээд боловсролын зах зээл дээрх тус улсын гадаад оюутны зах зээлийн нэр хүндийг унагахад хүргэж байна. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар гадаад оюутнууд Австралид ирэхдээ дөнгөж 4.5 гэсэн англи хэлний мэдлэгийн түвшинтэй ирдэг байна. Гэтэл дээд сургуульд элсэн суралцахын тулд 7 гэсэн үнэлгээтэй байх ёстой аж. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар Сиднейд байрладаг нэгэн компани оюутнуудын бичгийн ажил, компьютерээр авдаг шалгалтыг хүртэл өгч байсан байна. Иймэрхүү байдлаар шалгалтаа өгсөн 1000 гаруй гадаад оюутан байгаа аж. Хараат бус Авлигатай тэмцэх хорооноос нийтэлсэн материалд гадаад оюутнуудаас олж буй хөрөнгө нь их, дээд сургуулиудад авлигын нөхцөл үүсгэсэн хэмээн онцолжээ. 

Зуучлагч байгууллага болон оюутнуудын үгсэн хэлэлцсэн явдалтай бараг бүх их, дээд сургууль тулгарсан бөгөөд Сидней Их сургууль, Технологийн их сургууль, Ньюкаслын Их сургуулийг төлөөлж буй Хятадын зуучлагч компаниуд засварласан дүнгийн материалыг хүлээн авдаг байв. Их, дээд сургуулиудын удирдлага зуучлагч компаниудтай санхүүгийн болон хувийн харилцаатай байсан явдлыг Авлигатай тэмцэх хороонд мэдэгджээ. Их, дээд сургууль гадаад оюутнуудаас маш их хэмжээний ашиг олдогтой энэ бүхэн холбоотой хэмээн уг асуудлыг эрэн сурвалжилсан сэтгүүлчид тайлбарлаж байна. 

Эх сурвалж