Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцав.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ нээлттэй сонсголд Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай оролцов?
-Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг байхгүй боловч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус шийдвэр ялангуяа томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирдэг. Манай хэлтсийн чиг үүрэгт хамаатай өргөдөл, гомдлын 23 хувь нь зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй томилгооны талаар байна гээд бод доо. Мэргэжлийн бус, сонгон шалгараагүй, шаардлага хангахгүй хүнийг албан тушаалд томилох нь нийтийн болон албаны эрх ашгийн эсрэг үйлдэл тул сонирхлын зөрчил гэж олон нийт үзэж байна. Нээлттэй хуралдааны хувьд нийтийн, төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянадаг. Энэ үүднээс манай байгууллагын төлөөллийг нээлттэй сонсголд оролцуулсан. Хуульд заасан чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мөн сонирхлын зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх гэсэн хөндлөнгийн байр суурьтай оролцсон.
-Энэ удаагийн нээлттэй сонсголоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яамны асуудлыг хэлэлцсэн. Дээрх яамдын хэмжээнд ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгооны талаар шийдвэрлэсэн өргөдөл, гомдол бий юу?
-Эдгээр яамдтай холбогдуулж ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгооны талаар ирүүлсэн өргөдөл, гомдол шалгагдаж байгаа хуулийн хугацаанд шийдвэрлэгдэх байх.
-Дээрх яамдын тухайд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тогтмол хянуулдаг уу? Авлигатай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлгийг нь хянаад тухайн албан тушаалд томилох боломжгүй гэж үзсэн тохиолдол хэр олон байдаг вэ?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. 2014 онд дээрх яамд болон салбар байгууллагуудын хэмжээнд ирүүлсэн нийт 564 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд 12 этгээдийг тухайн албан тушаалд томилсноор илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул томилохгүй байх, мөн 107 этгээдийг томилсноор ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлал байгааг анхааруулж, сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зохих журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байгаа.
Харин 2014 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөний дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, харьяа байгууллагын хэмжээнд 40, Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагуудын хэмжээнд 45, Эрүүл мэнд, спортын яамны хэмжээнд 4 этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулалгүйгээр тус тус томилсон нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжид нийцээгүй үйлдэл болоод байна.
-Иргэнийг нийтийн албанд томилогдохынх нь өмнө сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянаж, томилох эсэх талаар хариу өгч байгаа нь Төрийн албаны зөвлөлийн ажилд хөндлөнгөөс оролцож буй үйлдэл гэх шүүмжлэл гарч байгаа. Урьдчилсан мэдүүлгийг ямар байдлаар хянадаг юм бэ?
-Энэ хурлаас гадна УИХ-ын танхимд мөн яригдсан. Ер нь сонирхлын зөрчилтэй зөрчилгүй гэж хэлээд л болно гэж хялбар ойлгож болохгүй. Тийм бол амар л байна, ажил хурдан явна. Учир нь нэгдүгээрт, ажилд томилогдоогүй хүний тухай яригддаг асуудал юм. Эрх, үүрэг хүлээгээгүй, томилогдоогүй хүнийг үзэл бодлоор нь, гарал үүслээр нь, хувийн байдлаар нь үзээд “сонирхлын зөрчилтэй, үгүй” гэж хэлбэл юу болох вэ? Олон хүн таньдаг, нэр нөлөөтэй байсных нь төлөө, эсвэл төрд ажиллая гэснийх нь төлөө урьдчилаад тийм “цол” зүүлгэж болохгүй. Хоёрдугаарт, нөхцөл байдал л энд яригддаг юм. Томилох гэж байгаа хүн бас хувийн сонирхолтой байж болно оо доо? Томилогдсон тохиолдолд юу болох вэ? Хуульд “олон нийтийн зүгээс сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байвал” гэх ойлголтыг тогтоож өгсөн. Томилох, томилогдох явцдаа хууль зөрчихөө мэдэхгүйдээ бус хувийнхаа сонирхлыг түүнээс ч дээгүүр тавиад байгаа учраас “төрийн албаны тухай хууль зөрчсөн нь сонирхлын зөрчлийн шинжтэй” гэх ойлголт бий болгоод байна.
Тодруулж хэлбэл, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад хамрагдаагүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчинө. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь бусдын эрх ашгийг хохироосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болох тул Авлигатай тэмцэх газар нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ уг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг. Мөн Авлигатай тэмцэх газар нь Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан, төрийн алба, нийтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажилладаг. АТГ-ыг авлигын эсрэг хуулиа л хариуц, бусад хуулийн зөрчил таарвал нүдээ ань гэж байгаатай адил үг хааяа сонсогдох л юм.
-Нээлттэй сонсголоор хэлэлцсэн яамдын хувьд 12 этгээдийг тухайн албан тушаалд томилсноор илт ашиг сонирхлын зөрчил үүснэ, 107 этгээдийг томилсноор ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлал байна гэж анхааруулсан талаар Та хэллээ. Анхааруулсан гэдэг нь тухайн иргэнд тодорхой хэмжээгээр сонирхлын зөрчил байна гэж ойлгож болох уу?
-Тус газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй ч ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг мэдэгдэж, хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллахыг зөвлөдөг. Иргэнийг ашиг сонирхлын зөрчил байна гэж томъёолох нь оновчгүй. Харин нэр дэвшсэн этгээдийн гэр бүл, хамаарал бүхий этгээд нь тухайн салбарт хамааралтай үйл ажиллагаа эрхэлдэг, холбоотой шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх магадлалтай байх тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн хариуг өгдөг. Түүнээс гэр бүл, төрөл садан нь тухайн салбарт хамааралтай үйл ажиллагаа эрхэлснээр тухайн нэр дэвшсэн этгээдийг мэргэжлийнхээ дагуу ажиллах эрхийг шууд хязгаарлах боломжгүй юм. Сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн үзэл баримтлал нь зөвхөн хориглолт биш урьдчилан сэргийлэх, зохицуулах зорилготой юм. Зохицуулах гэдэг бол албан тушаалтан нээлттэй ил тод байж, хэлж мэдэгдэж байх дарга нар нь шударгаар түүнийг нь шийдэж байхыг л ойлгох хэрэгтэй.
Нийтийн албанд нэгэнт томилогдсон этгээд нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал бий болох тухай бүрт ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж, сонирхлын зөрчил үүсгэхүйц ажил, үйл ажиллагаанд оролцохоос татгалзах үүрэгтэй бөгөөд үүнд тухайн байгууллагын удирдлага хяналт тавихаар хуульчилсан байдаг.