Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол мөнгөтэй, нөлөөтэй, сүлжээтэй этгээдүүдтэй тулдаг ажил байгаа юм. Энэ бол хэцүү ажил

A- A A+
Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол мөнгөтэй, нөлөөтэй, сүлжээтэй этгээдүүдтэй тулдаг ажил байгаа юм. Энэ бол хэцүү ажил

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: 

Хуулийн чиглэлд хийж байгаа шинэчлэлээс гарч байгаа бас нэг эерэг өөрчлөлт бол албан тушаалтнууд хуулиас дээгүүр байдаг юм шиг хандлага халагдаж эхэлж байгаа. Хууль дуудахад ирдэггүй тийм этгээд байсан. Тийм этгээдийг хууль орхихгүй, хууль хойноос нь очих л болно. Хуулиас зугтаж байгаа этгээдийг зугтаалгаад орхихгүй. Хуулийнхан барих л болно. Хэрвээ гадагшаа дүрвээд алга болдоггүй л юм бол. Энэ зарчим Монголын төрд, Монгол Улсад тогтож байна. Энэ зарчмыг бид цаашдаа хатуу тогтоож явах ёстой.

Хуулиас ядарсан иргэд зугтдаггүй юм. Задарсан албан тушаалтнууд зугтдаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол мөнгөтэй, нөлөөтэй, сүлжээтэй этгээдүүдтэй тулдаг ажил байгаа юм. Энэ бол хэцүү ажил. Хуулийн дагуу явж байгаа ажлыг дэмжих ёстой. Хууль бусаар явж, хууль завхруулж байгаа ажил дээр хариуцлага тооцож байх ёстой. Ер нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагын үйл ажиллагааны асуудлаар УИХ дээр, чиглэлийн байнгын хороо нь сонсоосой гэж бодож байна. Их олон янзын яриа гараад байгаа. Гишүүд асуугаасай. Сонсоосой. Нэг бүрчлэн тайлбар аваасай. Тэгээд болж байгаа ажлыг нь болж байна гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Болохгүй байгаа зүйл байвал болохгүй байна гэдгийг нь хэлэх ёстой. Шаардлагатай бол хариуцлага тооцох ажлыг хийх хэрэгтэй.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажил дээр гарч байгаа нэг ойлголт бий. Би нэг үе хэлж байсан. “Хазааргүй юм шиг байна даа, энэ идэж уух үйл ажиллагаа. Хорхойтсон баавгай шиг алба, мөнгө рүү дайрдгаа больё. Үүнийг бид зогсоох ёстой” гэж. Энэ байдал дээр цэг тавигдаагүй юм гэхэд үүн дээр анхаардаг, “яах бол, харж байгаа шүү” гэдэг ийм хандлага нийгэмд бий болсон шүү. Үүн дээр би нэг үр дүн хэлье. Олон улсын хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр сүүлийн 4 жилд Монгол Улсын авлигажсан байдал, авлигын түвшин 40 орноор доошоо буусан байгаа юм. Монгол Улс авлигын түвшнээрээ 120-д явдаг байсан. Одоо та бүхэн Транспэрэнси Интернэшнл байгууллагын хуудас руу ороод хараарай, 80 дээр Монгол Улс очсон байгаа. Энэ бол хангалттай байр биш. Гэхдээ бид цаашаа үүнийг урагшлуулж ажиллах ёстой гэсэн бодолтой байгаа.

Хэдэн жилийн өмнө санал асуухад авлигын асуудал Монголд хамгийн их тулгамдсан байна гэж гарч ирдэг байсан. Одоо хүмүүсийн яриаг сонсож байхад хамгийн их тулгамдсан асуудал юу байна гэхээр авлига биш харин албан тушаалтнуудын амаар бол “АТГ” болоод байх шиг байна. Тийм учраас энэ газрын явуулж байгаа үйл ажиллагааны талаар УИХ, тодорхой байнгын хороо сонсох хэрэгтэй. Лав л авлига Монголын номер нэг асуудал гэж ярихаа больсон. Нэг үе 7, 8 руу орсон байсан, одоо хойшоо 10 руу орсон. 

УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн
хуралдаанд тавьсан ажлын тайлангаас