Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.09-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.09-15/

Украины Авлигатай тэмцэх байгууллагад саад тулгарч байна 

Украин. Тус улс дахь авлигын эсрэг тэмцэл явуулах Үндэсний авлигатай тэмцэх товчоо -г эмхлэн байгуулахад авлигачид болон олигархуудын зүгээс саад учруулж байна. 

Хуульд зааснаар Үндэсний авлигатай тэмцэх товчоо нь улсын болон орон нутгийн түвшний албан тушаалтнуудын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах эрхтэй юм. 2014 оны 10 дугаар сард ил тод, сайн засаглалыг бий болгох зорилгоор Украин дахь төрийн бус байгууллагуудын шахалт, оролцоотойгоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж тус байгууллагыг байгуулах, мөн бүтцийг тусгаж өгсөн билээ. 

Дээрх хууль тогтоомжийн дагуу Үндэсний авлигатай тэмцэх товчоог өнгөрөгч 1 дүгээр сарын сүүлээр үйл ажиллагаагаа нь эхлүүлэх ёстой байсан ч, байгуулж чадаагүй байгаа билээ. Хуульд зааснаар тус товчоонд авлига, албан тушаалын гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах, шүүхийн шийдвэрээр сэжигтнийг баривчлах, хөрөнгийг илрүүлэх, царцаах, мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлого, зарлагын талаарх мэдээлэл, баримтыг Засгийн газрын бусад байгууллагуудаас гаргуулан авах эрх олгогдсон юм. 

Транспарэнси интернэшнл-Украин байгууллагын тэргүүн Олена Кифенко “VOA” агентлагт ирүүлсэн цахим захидалд дурдсанаар “Товчоонд гурван саад тулгарч байна. Үүнд: 1.Одоогийн авлигач албан тушаалтнууд, 2.Виктор Януковичийн үед албан тушаал хашиж байсан авлигач албан тушаалтнууд 3.Товчоог цаг алдалгүй үр дүнтэйгээр эмхлэн зохион байгуулах асуудал” гэсэн байна. 

Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний хүү зэрэг хүмүүсийг Украины одоогийн Засгийн газрын хүсэлтийн дагуу Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Харамсалтай нь, Янукович болон түүний хүү, холбогдох бусад хүмүүс Орос Улсад орогнож байгаа бөгөөд тэднийг Киевийн талд буцаан өгөх сонирхол Оросын талд байхгүй байгаа аж. 

Товчооны тэргүүнээр Сытникийг томиллоо

Киевийн прокурор асан 35 настай Артем Сытинк энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний авлигатай тэмцэх товчооны даргаар томилогдсон юм. Тэрээр Ерөнхийлөгч асан Януковичтой таарамжгүй харилцааны улмаас 2011 онд өмнөх ажлаасаа огцорч байсан билээ. 
Украины бүх өндөр албан тушаалтнууд Үндэсний авлигатай тэмцэх товчооны боломжит бай болох бололцоотой хэмээн одоогийн Ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгдсэн бөгөөд тус товчоо нь 700 орчин алба хаагчтай байх юм. 

Товчоо нь төрийн албан хаагчдын авлигын асуудалд анхаарал хандуулахаас гадна хувийн хэвшлийн авлигын асуудалд ч мөн хяналт тавих юм. 4 дүгээр сарын 26-ын өдөр батлагдсан нэгэн хуулиар төртэй гэрээ байгуулсан бараг л бүх компани болон тодорхой шалгуураас дээгүүр байгаа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд авлигын дотоод хяналтын хөтөлбөр байгуулах ёстой болсон юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг ажилтныг аж ахуйн нэгжүүд зайлшгүй томилох шаардлагатай болоод байгаа билээ. 

Хууль зүйн яамны ажилтан Роберт Сивэрс 4 дүгээр сарын 27-нд мэдэгдэхдээ Үндэсний авлигатай тэмцэх товчоог эмхлэн байгуулж, зуны дунд сар гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлсэн байх болно гэсэн юм. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 3 дугаар сард гаргасан тайланд авлигатай тэмцэх хууль болон байгууллагын бүтэц, эрх үүргийг тодорхойлсон хууль бэлэн боллоо. Одоо Украины тал авлигатай тэмцэх амлалтаа биелүүлэх л үлдлээ гэсэн юм. 

Улс төрийн хүсэл эрмэлзэл шаардлагатай 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд дурдсанаар “Украинд авлигын хэргийн шалгах, ял ногдуулах ажил амжилтгүй байгаагийн үндсэн шалтгаан нь өндөр түвшний авлигыг устгах улс төрийн жинхэнэ хүсэл эрмэлзэл байхгүй байгаатай холбоотой” гэсэн байна. Мөн тайланд “Украин авлигатай тэмцэхээр бодлого, хууль, институцийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт хийж чадлаа. Харин энэ өөрчлөлт шинэчлэлтийг бодитой үр дүнд хүргээгүй байна. Үндэсний авлигатай тэмцэх товчооны эрх, бие даасан байдлыг нь хамгаалах ёстой. Авлигатай тэмцэх шинэ байгууллагын үйл ажиллагааг Үндсэн хуульд суулгаж өгөх хэрэгтэй” гэсэн юм. 

“Үндэсний авлигатай тэмцэх товчоонд шийдвэрлэх ёстой олон саад, бэрхшээл тулгараад байгаа аж. Тухайлбал, авлигач албан хаагчдын шоронд хорьж, олон нийтийн анхаарлыг авлигын асуудалд хандуулах нь одоогийн сорилт бус харин сайн ажиллахын тулд юуны өмнө байгууллагаа үр дүнтэй байдлаар эмхлэн байгуулах л сорилт болоод байна” гэж Олена Кифенко тэмдэглэн хэлэв. 

Эх сурвалж

Шри Ланкийн авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөх ажилтнуудын сургалтад зориулж АНУ тоног төхөөрөмж өгөхөөр болов 

Шри Ланк. Тус улсын авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын хэргийг мөрдөх ажилтнуудыг сургах зорилгоор АНУ сургалтын тоног төхөөрөмж өгөхөөр болоод байна. 

Шри Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисэна АНУ-д айлчлах үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хүсэлт тавьжээ. Өөрөөр хэлбэл, авлига, луйврын хэргүүдийг шалгах Авлига, хээл хахуультай тэмцэх хороо, Цагдаа болон Эрүүгийн мөрдөн байцаах газрын ажилтан, албан хаагч нарыг сургах зорилгоор сургалтын тоног төхөөрөмжөөр хангах хүсэлт тавьсан юм.

Ерөнхийлөгчийн Ажлын албанаас мэдэгдэж байгаагаар “Ерөнхийлөгчийн энэхүү хүсэлтийг АНУ-ын албан тушаалтнууд хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажиллахаа амлаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Ниша Вишвалд үүрэг өгсөн” гэжээ. 

Мөн Шри Ланкийн Ерөнхийлөгч АНУ-ын холбогдох албан тушаалтнуудаас гадаад улс орнуудын банкнуудад Шри Ланкийн иргэдийн хууль бусаар хуримтлуулсан хадгаламжтай холбогдуулан хийх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад тусалж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 

Улмаар, Шри Ланкийн цэргийг НҮБ-ын Энхийг сахиулах хүчинд татан оруулах шаардлагатай байгааг тус улсын Ерөнхийлөгч онцлоод, АНУ-ын дэмжлэг шаардлагатай байгааг дурдсан байна. 

Эх сурвалж

Хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайз, Тайланд улсууд хамтарсан ажлын хэсэг байгууллаа

Малайз. Малайз-Тайландын хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо хамтран ажлын хэсэг байгуулаад байна. 

“Өнгөрөгч сард зохион байгуулагдсан Зүүн өмнөд Азийн Авлигатай тэмцэх талууд -ын нарийн бичгийн дарга нарын уулзалтын үеэр хоёр талын уулзалт зохион байгуулсны үр дүнд энэ ажлын хэсгийн байгууллаа. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 48, 49 дүгээр зүйлд зааснаар авлигатай тэмцэх чиглэлийн хууль сахиулах хамтарсан үйл ажиллагаа явуулах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэх болно” хэмээн Малайзын Авлигатай тэмцэх хорооны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Датук Ахмад хэлсэн юм. 

Тус ажлын хэсгийн бусад чиг үүрэгт хоёр талын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд болох Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Малайз-Тайландын хил дээрх хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг орж байгаа аж. 

“Авлигаас үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх аргыг тодорхойлох, авлигын хор хохирлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд мөн энэ ажлын хэсэг чиглэх болно. Ирэх 10 дугаар сард ажлын хэсгийн анхны уулзалтыг Малайзын Авлигатай тэмцэх хороо зохион байгуулна. Энэ талаар талууд зөвшилцөлд хүрсэн хэмээн” Датук Ахмад онцлон хэлэв. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт холбогдсон Нью-Йорк мужийн Сенатор Скэлос албан тушаалаа өгөв 

АНУ. Хүү нь авлигын хэрэгт холбогдсоноос долоо хоногийн дараа буюу өнгөрөгч даваа гарагт Нью-Йорк мужийн Сенатын Олонхийн бүлгийн тэргүүн Деан Скэлос албан тушаалаа өгөөд байна. 

Сенатор Ла Валл болон Филип Бойл нарын хэлснээр “Скэлос Бүгд найрамдахчуудын хаалттай хуралдааны үеэр албан тушаалаа өгөх шийдвэр гаргасан ба түүний орыг Сенатор Жон Фланаган авахаар болсон” байна. 

Өнгөрөгч 7 хоногт Холбооны хууль хяналтын байгууллагууд 67 настай сенатор Скэлос болон түүний хүү 32 настай Адам нарыг бусдаас хээл хахууль авахаар шахсан, сүрдүүлсэн зэрэгт хэрэгт буруутгасан юм. 

Прокуроруудын мэдэгдэж байгаагаар хууль тогтоомж болон дэд бүтэцтэй холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлэх, үүний оронд өөрийн хүүд нь 200000 гаруй ам. доллар өгөхийг үл хөдлөх хөрөнгийн болон байгаль орчны технологийн компаниудаас сенатор Скэлос шахаж шаардсан, сүрдүүлсэн байна. 

Өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа Скэлосын энэ хэрэгт нь тус мужийн Сенатын танхимын гишүүдээс авлигын хэрэгт холбогдож байгаа 5 дахь тохиолдол нь болж байна. 

Эх сурвалж

Авлигын хэрэг Гватемалийн дэд Ерөнхийлөгчийг огцруулав 

Гватемал. Хувийн нарийн бичгийн дарга нь гаалийн авлигын хэрэгт холбогдсоны улмаас Гватемал Улсын дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан ба Конгрессоос хүсэлтийг нь дэмжиж өнгөрөгч бямба гарагт албан ёсоор огцров. 

Дэд ерөнхийлөгч Роксана Балдетт баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, уг авлигын хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтарч ажиллахаа амлаад, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр албан тушаалаасаа огцорч байгаагаа тайлбарлахдаа өөрийн халдашгүй дархан байдал нь мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх боломжтой байгаа учир хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрээр уг авлигын хэрэгт ямар ч оролцоогүй болохоо мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгч Оскар Перез Молина энэ шийдвэрийг “зоригтой шийдвэр” гэж онцолсон бөгөөд өөрийнх нь хувийн шийдвэр хэмээн үзэж байгаа юм. Түүний хүсэлтийг Конгрессоос хэлэлцэн санал хураахад 149-0 гэсэн саналаар дэмжигдсэн байна. 

Огцорсны дараагаар шүүхээс мөрдөн байцаалтын хугацаанд Балдеттийг хилээр гадагш гаргахгүй байх шийдвэр гаргасан юм. Балдетт бол Гватемал Улсаас авлигын хэргийн улмаас огцорч байгаа анхны дэд ерөнхийлөгч бөгөөд прокурор түүнийг энэ хэрэгт шууд холбоотой гэж одоогоор үзэхгүй байгаа юм. 

Балдеттийн туслах асан Хуан Карлос Монзон Рожа -г гаалийн хяналтыг сулруулахын тулд хээл хахуульд авч, улсад олон сая долларын хохирол учруулсан схемийн удирдагч байсан гэж буруутгаж байгаа билээ. Хамгийн сүүл Монзоныг хилийн чанадад байгааг тогтоосон бөгөөд түүнийг холбогдох байгууллагууд эрэн сурвалжилж байгаа юм. 

Энэхүү авлигын хэргийн сүлжээнд хувийн хэвшил, татварын байгууллагын удирдлага болон төрийн албан хаагч зэрэг 50 хүн холбогдоод байгаа бөгөөд тэдний 27-г нь прокуророос баривчилсан байгаа билээ. Мөн баасан гарагт хэрэгт холбогдсон 3 сэжигтнийг суллуулахын тулд нэгэн шүүгчид хээл хахууль өгсөн хэргээр 5 өмгөөлөгчийг прокурорынхон баривчилсан байна. 

Эх сурвалж

Оросын Батлан хамгаалах яамны ажилтан асан авлигын хэргээр хоригдов 

ОХУ. Оросын Батлан хамгаалах яамны ажилтан асан Евгений Васильевад томоохон авлигын хэргийн улмаас 5 жил шоронд хорих ял ногдуулсан байна. 

Оросын Хууль зүйн мэдээллийн агентлаг -ийн мэдээлж байгаагаар Евгений Васильеваг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, луйвар хийсэн зэрэг 8 хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. 

Хатагтай Евгений Васильева нь Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковын шадар туслахаар ажиллаж байсан юм. 

Мөн түүний хамт төрийн өмчит “Оборонасервис” холдингд ажиллаж байсан 4 этгээдэд ял ногдуулсан бөгөөд хамгийн их нь 4 жил 3 сарын ял авсан байна. Тэднийг хууль бусаар “Оборонасервис” холдингийн бүтээгдэхүүнийг хямд зарж байсныг тогтоосон бөгөөд хэргийн улмаас ОХУ-д 3 тэрбум рубль (60 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна.

36 настай Евгений Васильева уг хэрэгт буруугүй болохоо мэдэгдэж, уг ялыг эдлэх хугацааг нь түр хойшлуулахыг улсын прокуроруудаас хүсээд байгаа юм. 

Эх сурвалж