Н.Алтанхуяг цагаан захтнуудыг өмөөрсөн хуулийн төсөл санаачилжээ

A- A A+
Н.Алтанхуяг цагаан захтнуудыг өмөөрсөн хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүд санаачилсан байна. Улмаар дээрх төслүүдэд санал авахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Н.Ганболд нараас санал авсан байна. 

Энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслүүдээс үзэхэд тэрбээр цагаан захтнуудын гэмт хэргийг өмгөөлсөн зүйл заалт нэлээд байгааг анзаарч болно. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь таван зүйлтэй байгаа юм. Тухайлбал, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэл явуулна” гэсэн 26.1 дэх хэсэг нэмсэн” гэсэн байгаа юм. Энэ тохиолдолд АТГ-ын дэргэд байгаа Мөрдөн байцаах албыг салгаж, ингэснээр улс төрийн буюу цагаан захтнуудын хэрэгт хэрэг бүртгэл явуулах эрх зүйн орчингүй болох байдал харагдаж байна. Түүнчлэн “Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 268 /хээл хахууль авах/, 269 /хээл хахууль өгөх/, 270.1 /хээл хахууль зуучлах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг мөрдөн бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэсэн байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа “Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл. Хээл хахууль авах 268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх 269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 270 дугаар зүйл. Хээл хахууль зуучлах 270.1.Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан. Энэ хэсгүүдэд өөрчлөлт оруулна гэдэг нь хээл хахууль авсан албан тушаалтныг өмөөрсөн хэрэг болно. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 26 дугаар зүйл. Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага 26.2. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263.1./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 270.1./Хээл хахууль зуучлах/, 273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 27 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага 27.3.Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.2/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268/Хээл хахууль авах/, 269/Хээл хахууль өгөх/, 270.2./Хээл хахууль зуучлах/, 2701/Хууль бусаар хөрөнгөжих/, 273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйл болон өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661/Мөнгө угаах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” зэргийг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачилсан нь АТГ-т өндөр албан тушаалтнууд шалгагдаж байгаа энэ үед тэдгээрийг өмгөөлөх төсөл болжээ гэж үзэхэд хүргэж байна. 

С.НАРАН

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Эх сурвалж: http://www.info.mn/news/64913.htm#.VWf2Mzl0B-I.twitter