Булган аймгийн зарим сумын сургуулийн захирлууд хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ

A- A A+
Булган аймгийн зарим сумын сургуулийн захирлууд хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлэх явцад дараах зөрчил, дутагдал илэрлээ. 

  • Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 онд 29 удаа болж, 226 асуудал хэлэлцсэн, 2015 онд 10 удаа болж, 82 асуудлыг тус тус хэлэлцсэн байхад хуралд оролцсон төлөөлөгчдөөс хуульд заасны дагуу нэг ч мэдэгдэл, тайлбарыг гаргуулаагүй байна. 
  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч И.Энхжаргал, “МЭЭЖ” орон нутгийн өмчит компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Нармандах нар 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн ажилд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй байна. 
  • Булган аймгийн Засаг даргын захирамжаар 2014 онд 6, 2015 онд 1, мөн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2014 онд 2, 2015 онд 5, бүгд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилжээ. 
  • Тус аймгийн Сайхан, Гурванбулаг, Рашаант, Хангал, Бүрэгхангай сумын сургуулийн захирлууд, мөн Бүрэгхангай, Рашаант сумын цэцэрлэгийн эрхлэгч нар 2013, 2014 оны хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн байв. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг хянан шалгах ажиллагаа орон нутагт үргэлжилж байна.