Н.Алтанхуяг ажлыг нь хийлгээгүй АТГ-ыг ажилгүй болгохоор шийджээ

A- A A+
Н.Алтанхуяг ажлыг нь хийлгээгүй АТГ-ыг ажилгүй болгохоор шийджээ

Сэтгүүлч Ганбаатарын УЛСБОЛД 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хэрвээ энэ хуулийн төслийг хууль тогтоогчид баталбал Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдана гэж тэрээр танилцуулсан байна. Энэ үнэн. Гэхдээ энэ хуулиар АТГ-аас харъяаллын гэмт хэргүүдийг нь салгаж, аль ч байгууллагад хамааралгүй болгох гэж байгаагаа тэр танилцуулсангүй. Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгад ч энэ бүхэн алга. Өөрийнх нь өргөн барьсан хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуультай харьцуулбал Н.Алтанхуягийн санаа илэрхий харагдана. Хуулийн төслийг ЭНДЭЭС эх хувиар нь үзээрэй.

Халхавч 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслөөр 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Ингэхдээ, Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, тагнуул, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргийг шалгадаг байсан “Прокурорын мөрдөн”-г түүх болгосон. Түүнчлэн УИХ-ын тогтоолоор тус газарт шалгаж байсан гэмт хэргүүдээс аж ахуйн чанартайг цагдаад харъяалуулж, үлдсэн гэмт хэргийг, төсөв, орон тоотой нь АТГ-т шилжүүлсэн билээ. “Үндсэн хуулийн бус байгууллага”-ыг татан буулгаснаараа УИХ-ын гишүүд АТГ-т ачаалал өгч, эрх мэдлийг төвлөрүүлснээрээ алдаа хийсэн. Шүүх, прокурорыг шалгадаг АТГ-т хяналт тавих субьектгүй болсон. Цагдаа нутаг дэвсгэрийн харьяаллаар нэг салбарт, хамт ажилладаг цагдаагаа шалгадаг хуультай болсон. Цагдаа хажуу ширээний, нөгөө өрөөний цагдаагаа шалгахгүй, эсрэгээр гомдол гаргасан иргэний хохь болоод үлддэг байдал үүгээр тогтсон. Энэ бүхэн алдаа байсныг Хүний эрхийн үндэсний комиссынхон Хүний эрхийн төлөв байдлын 14 дүгээр илтгэлээрээ баталсан гэхэд болно. Одоо харин бүгд л Прокурорын мөрдөнг сэргээж Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой хэмээн ярьцгааж байна. Энэ бүхнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг залруулах гэж хуулийн төсөл санаачилсан байна. Прокурорын мөрдөнг байгуулах нь зөв, гэхдээ энэ албаар далимдуулж хууль батлах замаар АТГ-аас хувийн өш хонзон авах гэж байгаа юм шиг уншигдаж байна.

Болсон явдал 

Засгийн газрын тогтоол, шийдвэргүй хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөр, хүргэн Г.Дэнзэн, зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргээс болж Ерөнхий сайдын суудлаасаа Н.Алтанхуяг унасан. Эгзгийг нь тааруулж АТГ-ынхан ч дээрх хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтын нууц задруулан байж мэдээлсэн. Төрийн прокурорыг ч дэргэдээ суулгаж “АТГ-аас хийж буй мэдээлэл хууль зөрчөөгүй” гэж хэлүүлж чадсан. Улс төрийн зорилготой байсан гэж хүмүүс хэлдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. 

Хэрвээ АТГ хууль зөрчсөн бол энэ нь прокурорын хяналт, шүүхийн шийдвэрээр засагдаад явна. Хэзээ мөдгүй илэрнэ. Гэвч хууль тогтоогч Н.Алтанхуяг хуулийн бус аргаар АТГ-тай тэмцэл өрнүүлэхээр шийдсэн бололтой. Тэрээр Засгийн газрын тэргүүний ажил аваад аваад хоёр жилийн дараа “АТГ ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн. Одоо харин АТГ-ын ажлыг хийлгэхгүй байх арга сүвэгчлээд байгаа нь өргөн барьсан хуулийн төсөл нь. 

Үнэн 

Н.Алтанхуягийн санаачилсан эрүүгийн процесс, Прокурорын байгууллагын тухай хуулийн өөрчлөлтөөр бол 2014 оны нэгдүгээр сарын 24-нд хассан заалтууд тэр хэвээрээ орж байна. Ерөөсөө хассан заалтыг буцааж оруулж байгаа л гэмгүй үйл явц. Хамгийн атгаг нь гэвэл, ЭБШХ-ийн дөрөвдүгээр зүйлийн 26.2 буюу Авлигатай тэмцэх газрын харъяалан шалгадаг хэргүүдийг тус газраас салгах гэж байна. 

Тодруулбал, “Эрүүгийн хуулийн 263.1./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, өөрийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг 166.1, /273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна гэснийг хасах саналтай оруулжээ. АТГ-ын харъяаллаас хасах эдгээр гэмт хэргийг аль байгууллагад хариуцуулахаа хуулийн төсөлд тусгасангүй. Нэмж хэлэхэд, Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгсэд АТГ-аас хасуулахаар улайрч байгаа гэмт хэрэгт зүйлчлэгдэн шалгагдаж байгаа.

Ингээд ерөөсөө АТГ-т хээл хахууль авах, өгөх, хээл хахуульд зуучлах гэсэн гурван гэмт хэргийг л харъяалуулан үлдээх гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, түүний санаачилсан хуулийн төслөөр АТГ хээл хахуулийн гэмт хэрэг шалгадаг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй газар болох нь. Магадгүй дараагийн алхам нь тус газрыг тахарыг ШШГЕГ-ын нэгж болгох үйл явц шиг өрнөж болох юм. Ийм учраас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулийн төсөл Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциор хүлээсэн Монгол Улсын үүргийг биелүүлэхэд оршиж байна гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн өш хонзонгийн сэдэлтэй, хууль тогтоогчийн албан тушаалаараа өөрийнхөө ойр дотны хүмүүсийг шалгаж байгаа зүйл анги, байгууллагаас нь мултлахыг хичээж буй үйлдэл гэж хардагдахаар байгаа юм. Хуулийн төсөл бүр нэг сонгуулийн мөчлөгт хэлэлцэгдэж, хууль болдоггүйг бид мэднэ. 

Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/833
2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр