Булган аймгийн Булган сумын ИТХ-ын 20 төлөөлөгч хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй байна

A- A A+
Булган аймгийн Булган сумын ИТХ-ын 20 төлөөлөгч хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй байна

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг хянан шалгах ажиллагааг Булган аймгийн Булган суманд үргэлжлүүлэв.

Булган аймгийн Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын нийт 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар, мөн компани, хуулийн этгээд, хөрөнгө, зээл, хадгаламж, картын дансны үлдэгдлийг мэдүүлээгүй, банкны хадгаламжийн хүү, холбогдох орлогыг бичээгүй, эх үүсвэрийг тодорхой тайлбарлаагүй, албан тушаалд томилогдсон ч 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргалгүйгээр нийтийн албанд томилогдсон зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. 

Тус сумын ИТХ-ын 20 төлөөлөгч 1-10 сая төгрөгийн банкны хадгаламжийн хүүг орлого хэсэгт мэдүүлээгүй, хөрөнгө, орлого, зээлийг мөн мэдүүлээгүй нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэстэй юм. Түүнчлэн сумын Засаг даргын Тамгын газрын 4 албан тушаалтан банкны хадгаламжийн хүүг болон орон сууц зарсан талаар мэдүүлээгүй байна. 

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасныг анхаарч ажиллах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулж, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан бичгийг Булган аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаатар, Засаг дарга Ө.Хүрэлбаатар нарт хүргүүллээ.