Гватемалын дэд ерөнхийлөгч ба Монголын их хурлын гишүүн

A- A A+
Гватемалын дэд ерөнхийлөгч ба Монголын их хурлын гишүүн

Хувийн нарийн бичгийн дарга нь (үнэн хэрэгтээ нууц амраг нь) авлигын хэрэгт холбогдоход Гватемал улсын дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өөрөө гаргажээ. “Миний халдашгүй байдал мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Тиймээс би ажлаа өгч байгаад шалгуулъя, хуулийн байгууллагатай хамтарч ажиллая” гэж тэр хүн хэлсэн байгаа юм. Манайд бол огт ойлгогдохгүй үйл явдал л даа. Ажлаа өгсөн дэд ерөнхийлөгчийг “гажиг нөхөр” гэж манай улстөрчид харин шоолж магадгүй. Дотооддоо ихээхэн үймээн самуунтай байсан, хар тамхины зөөвөрлөлтийн дамжлага болсон, өдөртөө л хүн амины хэрэг арав, хориороо гарч байдаг гэх Төв Америкийн энэ жижиг улсын дэд ерөнхийлөгчийн ёс суртахууныг онцолсон минь учиртай.

Яг одоо эрх барьж буй Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөөрөө оролцож байв. Тэд “Манай нам ялбал энэ хөтөлбөр Засгийн газрын ажил болж хэрэгжинэ” гэж байсан. Аль нэг намын мөрийн хөтөлбөрийг сонгуульд ялахын төлөөх, биелүүлэхгүй ч байж болох амлалтуудын цуглуулга гэж үзэж болно. Гэвч Ардчилсан нам сонгуульд ялснаар тэдний мэдэгдэж байсанчлан “Монгол хүн” хөтөлбөр тэр чигээрээ шинэчлэлийн Засгийн газрын, тус намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болж батлагдсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг нь бодит байдалд тулгуурласан, заавал биелүүлэх шинж чанартай, хариуцлагыг гүнээ ухамсарлуулсан, хожмоо нэхэл хатуутай тийм л баримт бичиг. Хий хоосон амлалт биш гэдгээрээ сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр л дөө.

Ардчилсан намын “Монгол хүн” мөрийн хөтөлбөрт “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, төрийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгоно”, “Авлигатай тэмцэх асуудлыг шинэ түвшинд гаргаж авлигын индексийг эрс бууруулна”, “Хахууль өгсөн талыг авлигын хэргээс чөлөөлөх асуудлыг хуульчилна” гэхчлэн тусгагдсан. Эдгээр амлалтууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах, ...авлига, албан тушаалын болон шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох, хээл хахууль, шан харамжийг ялгамжтай зохицуулж, хахууль өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг хуульчлах” гэсэн агуулгаар байраа олсон ажээ. Ардчилсан намын амласан авлигатай тэмцэх ажил яг одоо эрчимжих шаардлагатай байна!

Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр хэд хэдэн заалт тусгагдсан билээ. Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн эхэнд “хуулийн засаглал”-ыг чухалчилсан байх бөгөөд “Хуулийг албан тушаалтан захирдаг биш албан тушаалтныг хууль захирдаг болгоно” хэмээн тов тодорхой дурджээ. Түүнчлэн “Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлнэ”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хуулийн засаглал улс оронд маань яг одоо нэн хэрэгтэй байна!

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан өргөн барьжээ. Хэрвээ энэ хуулийн төслийг хууль тогтоогчид баталбал Авлигатай тэмцэх газрын харъяалан шалгадаг албан тушаалын гэмт хэргүүдийг салгаж, цагдаад шилжүүлэх юм. Хаа холын Гватемалд нууц амраг нь хэрэгт холбогдоход хуулийн байгууллагын ажилд саад болохгүй гээд албан тушаалаасаа огцордог дэд ерөнхийлөгчийн тухай олон улсын агентлаг мэдээлж байна. Харин Монголд хүргэн дүү нь хэрэгт холбогдоход хэргийг нь шалгаж байгаа байгууллагыг татан буулгахаар улайрч суугаа их хурлын гишүүний тухай ярьцгааж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охины нөхөр Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэрийнхээ эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар шалгаж байгааг хэн хүнгүй мэднэ. Тиймээс л түүний санаачилсан хуулийн төсөл ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн өш хонзонгийн сэдэлтэй, хууль тогтоогчийн албан тушаалаараа өөрийнхөө ойр дотны хүмүүсийг шалгаж байгаа зүйл анги, байгууллагаас нь мултлахыг хичээж буй үйлдэл хэмээн сэтгүүлчид бичсээр байна.

Ардчилсан намд одоо бүх эрх мэдэл байна. Сонгогчдын итгэлийг нэгэнт хүлээсэн, ард түмнээс олгосон төрийн эрхийг өдгөө хэрэгжүүлж байгаа. Амласнаа биелүүлэх хамгийн таатай боломж тэдэнд бүрэн дүүрэн байна. Ингэж харж буй олон олон хүний нэг нь би. Тиймээс л мөрийн хөтөлбөрийг тань дахин давтан нуршив. Гурван жилийн өмнө улс даяар цуурайтуулсан амлалтуудыг тань яг энэ мөчид эргэн сануулъя гэв. Намын дарга байсан хүн олны эрх ашигт биш хувийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн төсөл санаачилж, дур зоргоороо авирлахыг Ардчилсан намын бодлого гэж ойлгохыг хүсэхгүй байна. Аминч жижигхээн ашиг сонирхлыг даган автаж, ард олондоо адлагдахыг тань хармааргүй байна. Харин ч таслан зогсоох хүч, эрүүл саруул хандлага байгаа гэдэгт итгэмээр байна. Төр бол дур зорго биш гэдгийг онцолж хэлмээр байна.

М.Болд

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/5334gca