Ц.Нямдорж: Хэрэг хийчихээд АТГ руу улстөрчид өөрсдөө давшилдаг зүйл хэзээ ч байж болохгүй. Өөрсдөө хэрэг л хийхгүй байх хэрэгтэй шүү дээ

A- A A+
Ц.Нямдорж: Хэрэг хийчихээд АТГ руу улстөрчид өөрсдөө давшилдаг зүйл хэзээ ч байж болохгүй. Өөрсдөө хэрэг л хийхгүй байх хэрэгтэй шүү дээ

-Нэлээд маргаан үүсгэж мэдэх нэгэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барилаа. АТГ-ыг жижиг хэлтэс болгож, Прокурорын мөрдөнг сэргээх юм уу даа. Энийг та юу гэж бодож байгаа вэ? 

-Би ганцхан юм хэлье. 1997 онд Засгийн газар хийж чадахгүй болохоороо намайг гуйж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж, 1992 оны Үндсэн хуульд тохируулан хийх ажлыг хийсэн юм. Тэрэн дотор Прокурорын мөрдөн байцаах албыг байгуулах санал оруулж батлуулсан юм. Тэр хуулийн төсөлд надтай хамт УИХ-ын Тамгын газрын орлогч дарга Нарантуяа гэж ганц хүн л ажилласан. Тэгээд шүүх, прокурор зэрэг тусгай субьектүүд албан үүрэгтэйгээ холбогдуулан гэмт хэрэг үйлдэх юм бол Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах хууль батлуулсан. Тэр хуулийг Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хуйвалдаж байж хүчингүй болгуулсан юм. Тэр үед нь УИХ-ын чуулганд үг хэлье гэхэд З.Энхболд дарга надаар үг хэлүүлээгүй. Буруу зүйл хийснээ эд нар одоо ойлгож байгаа юм. Гэхдээ энэ хуулийн төслийг Н.Алтанхуяг өргөн мэдүүлдэг нь буруу. Яагаад гэвэл Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа энэ үед хүссэн ч, эс хүссэн ч сонирхлын зөрчил яригдана. Одоо тэгээд Н.Алтанхуяг хэвлэлээр нүдүүлээд эхэллээ дээ. Нэг бол “Авлигатай тэмцэнэ. Бүгдийг чинь шоронд хийнэ” гэж цамнаад байдаг. Өөрсдөө шалгагдаад ирэхээрээ харъяалсан байгууллагыг нь татан буулгадаг ийм ёс суртахуунтай байж болохгүй. Хуулийн байгууллага тэдний тоглоомын талбар биш шүү дээ.

-Гэхдээ АТГ өөрөө улстөрчдийн гар хөл болох, улстөрийн сонгуулиар өрсөлдөгчийг нь намнах “хэрэгсэл” болоод байна уу, үгүй юу? 

-АТГ-ын дэд даргаар надтай адил нэртэй хүн томилогдоход би хэлсэн. “Та нар хэд хэдэн удаа улстөрийн зорилгоор хэрэг үүсгэсэн.Ц.Анандбазар, Ё.Отгонбаярын эхнэрийн хэргийг УИХ-ын сонгуулийн үеэр улстөрийн зорилгоор гаргаж ирсэн. Ингэж улстөр хийж болохгүй. Энэ чинь та нарын нэр хүндийг шороотой хутгана” гэж. Хоёрдугаарт хэрэг хийчихээд АТГ руу улстөрчид өөрсдөө давшилдаг зүйл хэзээ ч байж болохгүй. Өөрсдөө хэрэг л хийхгүй байх хэрэгтэй шүү дээ. Хулгай хийчихээд өлсч хэвтээд байх шаардлагагүй. 

-Ер нь АТГ-т одоо байгаа эрх ахадсан их биш үү. Зарим нь бол мөрдөн шалгах эрхгүй, соён гэгээрүүлэх газар болгоё гээд байгаа? 

-АТГ-ын хуулийг чинь Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, С.Оюун нар санаачилж батлуулсан. Яг үнэнийг хэлэхэд ийм тусгай байгууллага байх хэрэггүй гэж 14 жил хэлсэн хүн нь би. 1994 онд намайг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхад гаднынхан ирж ийм тусгай байгууллага байгуулах саналыг тавьж байсан юм. 1994 оноос хойш 2006 онд энэ байгууллагыг байгуулах хүртэл нь 12 жил би хүчээр барьж байсан. Ийм тусгай байгууллага байх шаардлагагүй гээд. Ганц нэг албан тушаалын хэрэг мөрдөх хэрэг байгаа бол эрхийг нь прокурорт өгчих. Тэртэй тэргүй хэрэгт хяналт тавьдаг байгууллага гэсэн. Гэтэл болоогүй. Бас зөв хуулийг буруу хэрэглээд ирэхээр эргээд зовлон болдог тохиолдол байна шүү дээ. АТГ энэ алдаандаа дүгнэлт хийх хэрэгтэй. Нэг зүйл байна. Жирийн нэг хүний хэргийг манай аль ч байгууллага шалгаад шийдээд болдог. Өөрөөр хэлбэл одоогийн хуулийн орчин болж байна гэсэн үг. Харин албан тушаалтнуудын хэрэг дээр очихоор сөхрөөд л эхэлдэг. Сөхрүүлдэг газар нь прокурор, шүүх. Энэ хэдэн цагдаа нар чинь гэмт хэргийг илрүүлэх гээд оролддог юм шүү дээ. Тэгээд арай гэж үнэн мөнийг нь олж боогоод өгөхөөр прокурор хэрэгсэхгүй болгочихдог юм. Прокурорын шатыг даваад очихоор шүүх нь хэрэгсэхгүй болгочихдог. Асуудал ганцхан АТГ-таа байгаа юм биш. Улстөрчид хулгай хийчихээд АТГ руу дайрч байгаа бол үүн шиг муухай зүйл үгүй. Хуулийн байгууллага дуудахаар очдоггүй. Тэгээд хуулийнхнаас хамгаалах хуяглан хамгаалалт өөртөө бий болгодог. Улстөрийн хуяглан хамгаалалт, хүн хүчний, хэвлэл мэдээллийн хуяглан хамгаалалт хийдэг. Илэрхий хэрэг хийчихээд хэлмэгдүүллээ гэж уйлаад байж болохгүй. Ер нь Монголын төрөөс хулгай хийнэ гэж бид тангараг өргөөгүй. 

Сэтгүүлч Г.Отгонбаярын www.itoim.mn сайтад нийтлүүлсэн “Ц.Нямдорж: Эрх мэдэлтэй, эрх
мэдэлгүй олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо” ярилцлагын хэсгээс...

Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/924