Үл хайлах "МӨСӨН УУЛ"

A- A A+
Үл хайлах

Бэлгэнд авсан чихрийн цуглуулгаасаа болж манай улсын эмч, багш голдуу хүмүүс л авлигач нэр зүүдэг байлаа. Харин нийгэм тэд мэтийн “жараахай” биш, томоос том “тул” барихыг нь Авлигатай Тэмцэх Газраас хүсдэг, шаарддаг, хүлээдэг байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах хүртэл шүү дээ.

Нийгмийн тэр хүлээлт, хатуу захиалга тууштай үргэлжлэн, Монголд авлигын эсрэг үзэл санаа уламжлал, соёл болтлоо лав суурынх хөрс аажмаар устаж байх шиг. Яагаад авлигачийг буруушаахаасаа урьтан АТГ-ыг хардаж сэрдэх, үзэн ядах болов? АТГ-аар шалгагдсан, гэм бурууг нь тогтоосон хэргүүдийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог үзэгдэл хавтгайрчихаад байна.

Нөгөө “тул” захиалаад байдаг нийгэм нь ч хаачив гэлтэй АТГ-т шалгагдаж байгаа хүнийг өрөвдөх, өмөөрөх хандлага олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүмүүсийн амнаас цухалзах болжээ. “Тул” агнаагүйнх нь төлөө АТГ-ыг загнадаг байсан хэсэг хүртэл “хэтэрхий олон тул барилаа” хэмээн зэмлэх болж. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилснаас хойших үйл явдлууд наймхан жилийн түүхтэй АТГ-ын нимгэн намтарт “шинэ хуудас” эргүүлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Төрийн тэргүүн байсан хүнийг дөрвөн мөчөөс нь дамжлан, гутлыг нь ч өмсгөлгүй орон гэрээс нь авч явсан “алдаа завхралынхаа” хариуд АТГ харгис хэлмэгдүүлэгч дүрээр үзэгдэх эхлэлээ тавьсан. Тэр үеэс Н.Энхбаярыг хаацайлах өнгө аяс давамгай биш гэхэд илэрхий тодорч, нийгэмд нэршсэн “авлигын загалмайлсан эцэг” гэдэг хоч нь ч ор сураггүй алга болсныг Та анзаарсан байх. Монголчууд экс Ерөнхийлөгчөө тэгтлээ өрөвдсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, монголчууд авлигад юунаас ч үл хамааран дургүй биш аж. Хэрэв өрөвдөлтэй харагдвал авлига авсан эсэхийг нь тогтоогүй байхад шууд уучлан хэлтрүүлэхэд бэлэн сэтгэлгээтэй гэсэн үг.

Авлига бол нэг талаасаа эд хөрөнгө, мөнгө төгрөг гэхчлэн бодит материалын “хүйтэн” асуудал мэт боловч нөгөө талаасаа нийгмийн сэтгэлзүйн маш том судлагдахуун болохыг Н.Энхбаярын жишээ харуулсан. Эс бөгөөс авлигын эсрэг үзэл санаа нийгмийн зан үйл болох биш, харин ч эсрэг үр дүн гарах магадлалтай. 

АТГ-ыг үзэн ядах өрнөл

Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд байхдаа хийсэн нэгэн мэдэгдэл анхаарал татлаа. Тэгэхэд түүний хүргэн дүү Г.Дэнзэнгийн нэр 17 тэрбумын хэрэгт холбогдсон дуулиант үе. “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагд-санаас хойш авлига, хээл хахууль гэдэг зүйл Монголын нийгэмд ялзартлаа нэвчсэнийг харлаа.

Татварын нэг байцаагч гэхэд л 17 тэрбум төгрөг завшсан байх жишээтэй. Энэ бол зүгээр л “мөсөн уулын” орой. МИАТ-ийн хэрэг ч мөн “мөсөн уулын” орой. Энэ нь хоорондоо талцаж, намчирхах асуудал биш. С.Баярцогт гишүүний асуудлыг бид АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхэд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгье гэсэн.

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн ч ажлаа хүлээлгэн өгөх боллоо. АН болон манай намын гишүүд энэ мэтчилэн асуудалд ёс зүйтэй ханддаг гэдгээ харуулж байна” гэж Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрбээр “мөсөн уул” гэж Монголд газар авсан авлига, хээл хахуулийг хэлсэн нь тодорхой уншигдаж байна. Н.Алтанхуяг тэр үед Ерөнхий сайд байсан учраас зоригтой хэлжээ. Үнэхээр авлига гэж асар том “мөсөн уул” улс төрд бодитой оршиж байна. Гэхдээ үүний зөвхөн орой нь л үзэгдэх төдий харагдах аж. Тэрхүү “мөсөн уулыг” харсан Н.Алтанхуяг өдгөө АТГ-ын өмнө аргагүй ганцаардах болов. Түүний эргэн тойрны хүмүүсийг АТГ шил дараалан намнаж байх шиг сэтгэгдэл төрөхүйц мэдээллүүд хэвлэлээр хөврөх болов. Хамгийн сүүлд өөрийг нь ТЕГ-аас шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл шуугиан тарьж байна. Энэ чинь одоо юу болж байна аа, их хэлмэгдүүлэлт эргэн ирлээ, АТГ хуучны НАХЯ боллоо гэх шүүмжлэл нийгмийг мөн л талцуулж орхив. Ийнхүү АТГ-ыг үзэн ядах өрнөл явж байна.

Ихэнх авлигын хэрэг албан тушаалын нөлөө, улс төрийн намын нөөлөг, танил тохойн татаас дээр үйлдэгдсэн байдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн экс зөвлөх Л.Гансүх, хүргэн дүү Г.Дэнзэн нарын сэжиглэгдээд байгаа хэрэг ч мөн ялгаагүй. Улс төр, эрх мэдлийн тавцанд өндрөө аваад байсан Н Алтанхуягийг “газардуулахын” тулд өрсөлдөгчид нь АТГ-т захиалга өгсөн юм биш байгаа гэсэн хардлага АТГ-ыг онилж, бас муухай харагдуулах гол шалтгаан болоод байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноосоо хойш АТГ-ын одоогийн даргыг томилсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төсөвтэй нь “ярьдаг” УИХ-ын дарга З.Энхболд хоёртой таагүй харилцаатай байж ирсэн нь АТГ-ыг улс төрийн зорилго өвөрлөсөн гэх хардлагад унагаад буй юм.

Н.Алтанхуягийн “мэс зacал"

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэсэн нь ердөө нэг жилийн өмнөх явдал. Одоо эргүүлээд салгах нь тодорхой болж байх шиг. Нэгтгэх санаа нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас анх гарч, гардан гүйцэтгэсэн нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж байсан гэдэг. Харин одоо салгах “мэс заслыг” санаачлагч нь өөрөө гардахаар боллоо.

Н.Алтанхуяг УИХ-ын гишүүнийхээ хувиар энэ сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ.

Үүнийг нь “Хүргэнээ аврах төлөвлөгөө” хэмээн улс төр сонирхогчид товчлон нэрлээд буй.

Н.Алтанхуяг З.Энхболдтой уулзах үеэрээ “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь АТГ-т харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарвал мэдэхгүй өнгөрөх боломжтой гэж хүний эрхийн ажиглагчид дүгнэдэг.

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэж хэлжээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн Н.Алтанхуяг тайлбарласан байна.

“Дээс томоод хүргэнээ аврах” ажиллагаа УИХ дахь АН-ын болон “Шударга ёс” бүлгийн хуралдаанууд дээр өчигдөр дэмжигджээ. Энэ дэмжлэг хууль болж батлагдвал авлигын эсрэг тэмцэлд ухралт болох эсэх нь Г.Дэнзэн нарын хэргээс харагдах биз ээ. АТГ Н.Алтанхуягийн олж харсан “мөсөн уулыг” хайлуулах хөг нь өнгөрсөн ч байж магад.

Б.Энхцэцэг
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин