АТГ-ын даргын хэлсэн 8 баримт

A- A A+
АТГ-ын даргын хэлсэн 8 баримт

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн АТГ-ыг татан буулгах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед АТГ-ын дарга Н.Ганболдын хэлсэн 8 баримтыг товчлон хүргэе.

  1. Албан тушаалын буюу авлигын гэж томъёолдог төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх замаар бусдад давуу байдал олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх эс үйлдэл, үйлдлийн хор хохирол маш том. Үүнийг аваад хаячихаар АТГ Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл АТГ хээл хахуультай тэмцэх байгууллага болж хувирч байгаа юм. АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна.
  2. Г.Дэнзэнтэй холбоотой тендерийн асуудал яригдаад больсон. Тендер нь зогссон учраас бид цааш нь шалгах шаардлага байгаагүй. Гэтэл шүүхээр асуудал явж байгаад, бүтээгүй тендерийн төлөө 4.5 тэрбумыг шүүхээр гаргуулаад төлбөр маягийн зүйл авсан байгаа. Иймээс шалгах шаардлага гарч прокурорт танилцуулж зөвшөөрөл авсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал байгаа.
  3. Бид УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хэрэгтэй зууралдсан хэрэг биш. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албанд хууль хүчний байгууллагын авлигын хэргийг шалгаж байсан. Иймээс манайд шилжүүлсэн гэж ойлгодог.
  4. Хууль санаачлагчийн төслөөр бол АТГ-ын харъяалдаг гурван хэргийг үлдээсэн. Хээл хахууль өгөх, авах, зуучлах. АТГ-ын харьяалдаг 10 гэмт хэрэг нийлж байж авлига гэдэг хэв шинжийг үүсгэдэг. Хээл хахууль бол авлигын нэг л хэрэгсэл нь. Албан тушаалаа ашиглаж байж авлига гэдэг асуудал яригддаг.
  5. Хилийн хорионы асуудлаар Ерөнхий сайд асуулга тавьсан. Монгол Улсын хэмжээнд тухайн үед 300-гаад хүнд хилийн хорио тавьсан байсан. Үүн дотроос манай байгууллагатай хамааралтай 20 хүн, үүн дотроо 4 нь гадаадын хүн байсан. Тэр 4 нь БНХАУ-ын иргэд байсан бөгөөд хээл хахууль өгч авалцсан үндэслэлээр гадуур шалгагдаж байсан.
  6. Өнөөдрийн хэмжээнд 468 хүн ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа. Манай байгууллагын саналаар тэнд дөрвөн хүн байгаа. 3 эрүүгийн хэрэгт 4 хүн цагдан хоригдох арга хэмжээ авагдсан.
  7. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдсан цагаасаа буюу 2002-2013 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллахдаа нийт 7000 гаруй өргөдөл гомдол, 4000 гаруй хэрэг шалгасан байна лээ. Энэ дотор зодоон цохион гэх мэт ахуйн хэргүүд ихэнх нь. Яг авлигын 42 хэргийг 12 жилийн хугацаанд шалгасан байдаг юм.
  8. Манай байгууллага энэ албыг 2014 оны нэгдүгээр сард аваад 2015 оны тавдугаар сар хүртэл 74 өргөдөл, гомдол хүлээж авсан. Үүнээс 40 эрүүгийн хэрэгт холбогдуулж 2 шүүгч, 5 прокурор, 13 цагдаа, 4 тагнуул, энгийн 16 хүн шалгасан. Шүүхээр 2 хэрэг шийдүүлж, 8 хүн ял зэм авсан байгаа. Бусад нь шалгагдах шатандаа яваа гэсэн тоон үзүүлэлт байна. Эдгээр тоонууд бол цэвэр авлигын хэрэгтэй холбогдох асуудал.

 

Б.Анир 

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/6cb1f8a