Б.Батболд: АТГ-ыг албан тушаалтантай битгий тэмц гэж байна

A- A A+
Б.Батболд: АТГ-ыг албан тушаалтантай битгий тэмц гэж байна

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд: 

-Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-д шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэ талаар тодруулаач? 

-Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газрын хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Уг өргөн барьж байгаа хуулийн төсөл нь ерөнхий ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн хууль. Нөгөө талаасаа Н.Алтанхуягийн энэ хуулийн төсөл нь өнөөдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албыг буцааж прокурор, цагдаа руу оруулж хувааж сарниулах нь. Олон нийт мэдэж байгаа Н.Алтанхуягтай холбоотой, түүний ойр орчимд байсан, ах дүү хамаатан садан нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ хэргийг үгүй хийхийн тулд ийм хууль санаачилж байна гэж дүгнэж байна. Тиймдээ ч энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. 

-Таны бодлоор Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газраас салгах нь зөв үү? 

-Манайхан нэг юм буруу ойлгоод яваад байна. Ганц Авлигатай тэмцэх газарт очсон Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг буцааж авах гээд байгаа юм биш. Авлигатай тэмцэх газрын харьяанд шалгадаг найм, есөн төрлийн гэмт хэрэг байна. Үүнээс гуравхныг нь үлдээгээд бусдыг нь болиулчихаж байгаа байхгүй юу. Тэр нь юу юм бэ гэхээр, хахууль өгөх, авах, зуучлах гурвыг үлдээгээд бусад зүйл ангийг нь өөр тийш нь шилжүүлэх гэж байна шүү дээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар бүрэн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй болгочихож байгаа юм. Тэгээд та нар авлигатайгаа л тэмц, албан тушаалтантай битгий тэмц гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэргийг цагдаад харьяалуулах гээд байна шүү дээ. Тэгвэл авлигыг албан тушаалтанд л өгдөг болохоос жирийн хүнд авлига өгдөг юм байхгүй. Албан тушаалтны гэмт үйлдлийг хайцаалдаг нь хууль хяналтынхан л болохоос биш энгийн иргэд хаацайлаад байдаггүй юм. Тэгэхээр систем гэж юм байна даа. Авлигатай тэмцэх гэж байгаа бол мэдээж, субъекттэй нь тэмц. Субъект нь хэн юм, албан тушаалтан. Албан тушаалтныг гэмт хэргээс хаацайлах гээд байдаг нь хэн юм гэхээр хууль хяналтынхан учраас эднийг хянадаг газар нь Авлигатай тэмцэх газраа байсан нь зөв гэсэн зүй тогтлын л юм ярьж байгаа юм. Түүнээс энд ямар нэгэн улс төржилт юм уу хийрхэл ерөөсөө байхгүй. 

Ярилцсан Г.НАРАН
Эх сурвалж: http://www.info.mn/news/65673.htm