Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.06.13-19/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.06.13-19/

Гадны чинээлэг иргэдэд олгож буй визийн хөтөлбөр “аюулгүй байдлын асуудлыг үүсгэж байна” хэмээн дотоод аюулгүй байдлын ажилтан илчлэв 

АНУ. Гадаадын чинээлэг иргэдэд олгодог “Ногоон карт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын асуудал үүсч байгааг Холбооны засгийн газрын ахлах ажилтан Тайлор Жонсон олон нийтэд илчиллээ. Өөрөөр хэлбэл, Хятад, Орос, Пакистан, Малайз улсаас “ногоон карт”-ны “EB-5 хөтөлбөр” -т мэдүүлэг гаргагчдын виз маш богино хугацаанд (16 хоногийн дотор), эсхүл “хуулийн үндсэн шаардлага хангаагүй” байсан ч батлагдан гарч байгааг Дотоод аюулгүй байдлын мөрдөн шалгалтаар илэрсэн болохыг тэрээр онцолсон юм. 

АНУ-д 500000 ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн гадны чинээлэг иргэдэд эрх олгодог уг хөтөлбөрийн талаар “ABC News” агентлаг энэ жил хэд хэдэн цуврал нэвтрүүлэг гаргаад байгаа бөгөөд түүний энэ мэдэгдлийг уг нэвтрүүлгээр дамжуулсан байна. Визийг авах хүсэлт гаргасан этгээд нь луйвар, мөнгө угаах, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусад гэмт хэрэг үйлдсэн байсан ч “EB-5” ангиллын визийг олгодог бөгөөд нэг удаа хууль бусаар эд зүйлс хил давуулсан хэрэгт мөрдөн шалгагдаж байсан Ираны бизнесменд уг хөтөлбөрт оролцох эрхийг нь нээж өгч байсныг ч мөн дурдсан байна. 

“EB-5 хөтөлбөр” нь ажлын байр, эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд америкийн бизнесийн байгууллагад 500000 ам. доллар болон түүнээс илүү хэмжээтэй хөрөнгө оруулалт хийхээр болсон гадаадын иргэдэд олгодог виз буюу ногоон карт олгох хөтөлбөр юм. 

Дотоод аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч уг асуудалд шууд хариу мэдэгдэл хийгээгүй ч “яам нэгэн тодорхой хүний асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй” гэсэн байна. 

“ABC News”-ийн нэвтрүүлгийн дараа Дотоод аюулгүй байдлын Ерөнхий хянан шалгагч дотоод хяналтын үйл ажиллагаа явуулан уг хөтөлбөртэй холбоотой асуудалд улс төрийн оролцоо байгааг мэдээлсэн юм. Улмаар АНУ-ын Сенатор “EB-5” хөтөлбөрийг урвуулан ашиглах явдлаас хамгаалахын тулд хуулийн төслийг ч мөн санаачлаад байна. 

Эх сурвалж

Жоу Юнкан авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял авлаа 

БНХАУ. Хятадын Аюулгүй байдлын сайд, Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн асан Жоу Юнканийг бүх насаар нь хорих шийдвэр гаргасан нь Коммунист намын түүхэнд авлигын хэрэгт холбогдож байгаа хамгийн өндөр албан тушаалтан болоод байна. 

Хятадын албан ёсны мэдээний Синхуа агентлагаас мэдээлснээр түүнийг хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан 3 хэрэгт буруутай болохыг шүүхээс тогтоосон байна. 

2012 онд тэтгэвэртээ гарах хүртэл Жоу нь Хятадын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан юм. Улмаар, БНХАУ-ын дарга Ши Зиньпин авлигын эсрэг кампанит ажиллагаа эхлүүлснээс хойш 1 жилийн дараа түүнийг мөрдөн шалгаж эхэлжээ. 

Хятадын төрийн телевизээр Тианжин хотод хаалттай зохион байгуулагдсан шүүх хуралдааны үеэр 72 настай Жоу өөрийгөө буруутай болохоо илэрхийлж байгаа, мөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахгүй гэдгээ мэдэгдэж байгаа бичлэгийг дамжуулсан юм. 
Жоу Юнкан “Би буруутайгаа ухамсарлаж байна. Нам болон ард түмэндээ хохирол учруулсан. Хийсэн гэмт хэрэгтээ би харамсаж байна” гэсэн байна. 

Синхуа агентлагаас мэдээлж байгаагаар 130 сая юань буюу 21.3 сая ам.долларын хээл хахууль авсан хэрэгт бүх насаар нь хорих ял, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт нь 7 жил хорих ял, төрийн нууцын задруулсан хэрэгт нь 4 жилийн хорих ял тус тус ногдуулсан байна.

Эх сурвалж

Газрын тос, арми, авлигын бохир хамаарал 

Нийтлэлийг бичсэн: Стокгольмын энх тайвны судалгааны хүрээлэн дэх Армийн зарлагын судалгааны төслийн тэргүүн Dr. Sam Perlo-Freeman

Швед. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цэрэг, армийн зарлага бага хэмжээгээр буурах хандлагатай байгаа хэдий ч Ойрх дорнод, Африкийн бүсэд ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ оны 4 дүгээр сард Стокгольмын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI )-ээс 2014 онд дэлхийн улс орнуудын армидаа зориулж гаргасан зардлын тооцооны тайланг гаргасан ба уг тайлангаас 20 улсыг сонгон дүн шинжилгээ хийжээ. Уг дүн шинжилгээнд хамрагдсан улсуудын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэдэн хувийг “цэрэг, армийн зарлага” эзэлж байгааг тооцоход 4 орчим хувьтай тэнцэж байв. 

Эдгээр улсыг үндсэн шинжээр нь 3 хэсэгт хуваан авч үзсэн байна. Үүнд: 

  1. 20 улсын 14 улс нь сүүлийн жилүүдэд зөрчил, эсхүл зэвсэгт мөргөлдөөнтэй байсан.
  2. 20 улсын 3 улс нь ардчилалтай. 
  3. 20 улсын 13 улс нь газрын тостой, газрын тос үйлдвэрлэгч орон (Оман, Саудын Араб, Өмнөд Судан, Чад Ливи, Конго улс, болон Алжир зэрэг) байв. 

Дэлхий дахины газрын тосны үйлдвэрлэгч ихэнх орон байдаг ойрх дорнодын бүс нутагт армийн зарлага ямагт өндөр байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор газрын тос үйлдвэрлэгч ихэнх улс орнуудын армийн зарлага өссөн байна. Тухайлбал, Африкийн бүс нутагт Алжир Улсын армийн зарлага 2005 оныхоос 3 дахин, 1995 оныхоос 7 дахин нэмэгдсэн бол Ангол Улсад 2002 онд иргэний дайн дуусгавар болсон цагаас хойш 270%-иар нэмэгдсэн байна. Үүнээс гадна Чад улсад газрын тос дамжуулах шинэ хоолой бий болсонтой холбоотойгоор 2005-2007 оны хооронд буюу зөвхөн 2 жилийн дотор 6.5 дахин, Бүгд найрамдах Конго Улсынх (2005 оноос хойш 4 дахин), Нигери, Өмнөд Судан, Ганад зөвхөн 2011 онд бараг 2 дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна, Африкийн бус бүс нутгийн жишээ гэвэл Азербайжан, ОХУ, Казахстан, Эквадор, Вьетнам зэрэг улсыг дурдаж болох байна. 

Мэдээж хэрэг газрын тосны үнэ өсөх нь тухайн улс орнуудын ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлдэг. Дээр дурдсан улс орнуудын армийн зарлага зөвхөн бодит тоо буюу абсолют тоо хэмжээгээр бус мөн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь ч мөн нэмэгдсэн юм. Газрын тосны салбараас (ерөнхийдөө нэрээр уул уурхайн салбараас) олж байгаа орлого яагаад цэрэг, армийг бэхжүүлэх, чадавхжуулахад чиглэгдэж байна вэ? Үүнд хэд хэдэн тайлбар, шалтгаан байж болох юм. Үүнд:

  1. Орлогын эх үүсвэр: Байгалийн нөөцөө экспортлох нь иргэдийнхээ татварыг нэмэхгүйгээр Засгийн газрын орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр болдог. Ер нь тухайн орлого иргэдийн татвараас бус, гадаад эх үүсвэрээс орж байгаа тул иргэд мэдээлэл хомс байх. 
  2. Мөргөлдөөн: Байгалийн нөөцийг ашиглах нь байгаль орчинд хор хөнөөлтэй, нутгийн иргэдэд төдийлөн үр өгөөж муутай байдаг бөгөөд нөөцөөс ашиг хүртэх, түүнийг хуваахтай холбоотойгоор олон нийтийн үймээн, мөргөлдөөн гарах явдал түгээмэл байдаг ба энэ нь армийнхаа зарлагыг нэмэгдүүлэх нөхцөл болдог. Үүний жишээ бол Нигер, Өмнөд Судан Улсыг нэрлэж болох юм. 
  3. Армийн худалдан авалт дахь авлига: Хөгжиж байгаа болон хөгжилтэй улс орнуудад явагдаж байгаа олон улсын түвшний зэвсгийн наймаа нь байнга л хээл хахуулийн асуудлыг дагуулдаг. 1980-1990 оны хооронд Их Британи, Саудын Араб улсын хооронд байгуулсан зэвсэг худалдаалах гэрээн байгуулахад Саудын Арабын шийдвэр гаргагчдад олон тэрбумын хээл хахууль өгсөн хэрэг гарсан байдаг. Ер нь цэрэг, армийн худалдан авалт дахь нууц байдал нь авлига бий болох суурь шалтгаан болж байгаа бөгөөд энэ нь хэсэг бүлэг хүмүүсийг хөрөнгөжүүлэх хэрэгсэл болдог. 
  4. Цэрэг, армийн үйл ажиллагаанд дахь авлига: Зөвхөн армийн худалдан авалт дахь авлигын асуудлаас гадна цэрэг, армийн бүхий л үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулахтай холбоотой авлига үүсэх боломжтой ба үйл ажиллагааны явцад далд хэлбэртэй байгаа авлигыг анхаарах ёстой. 
  5. Нэмэлт төлбөр төлөх, цэргийн тоог үндэслэлгүйгээр нэмж “ghost soldiers” төсвөөс хөрөнгө завших, авлигын журмаар гэрээ байгуулах, армийн хөрөнгийг түрээслэх, зарах, ахлах алба хаагчдад үндэслэлгүй шагнал олгох зэрэг нь хэсэг бүлэг этгээд армийн зардлаас завших хэрэгсэл болдог. Үүнээс гадна зарим улс оронд армийн үйл ажиллагааны нууцлал болон армийн албан тушаалтнуудын халдашгүй дархан байдал зэрэгтэй холбоотойгоор авлигын хэргийг шалгах, мөрдөх боломж хомс байдаг нь авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний тод жишээ бол Ангол улс бөгөөд ТИ-ийн судалгаагаар хамгийн их авлигатай, газрын тосноос ихээхэн хэмжээний орлого олдог ч, ядуурлын түвшин өндөртэй юм. Анголын ДНБ-ий 5.2 хувь буюу 6 тэрбум долларын армийн салбарт зарцуулдаг ч бодитоор армид зарцуулсан эсэх нь тодорхойгүй байдаг. 
  6. Рентье-Улс : “Рентье-Улс” хэмээх ойлголтод дээр дурдсан санаа ерөнхийдөө агуулагдах боловч байгалийн нөөцийн рент буюу байгалийн нөөцийн түрээс, ашиглалтаас ихэнх орлогоо олдог улс юм. Энэ улсад эдийн засгийн хөгжлийг дэмжихээс илүүтэйгээр түрээсэлж буй байгалийн нөөцийн эх үүсвэрүүдийг хамгаалах, тогтвортой байлгах нь тухайн улсад ач холбогдолтой байдаг. Улс төрчид, ялангуяа ардчилсан гэх улс орнуудад, тухайн улсын засаглалын чанарын асуудлаар бүлэглэлүүд маргаантай байх явдал байдаг. Ийм төрлийн улсад засаглалыг хэвээр хадгалах, байгалийн нөөцийг түрээслэгч талын аюулгүй байдлыг хангах, баталгаа гаргаж өгөх зэрэгт армийнхан чухал үүрэгтэй байдаг. Энэ нөхцөлд нөөцөөс олж буй орлого нь төрийн байгууллага дахь авлигын түвшинг нэмэгдүүлэх ба хамгийн их авлигажсан институт нь цэрэг, армийн салбар байх магадлал өндөр байдаг. 

“Баялгийн хараал” гэдгийн нэг үндсэн санаа нь байгалийн нөөцийн үр шим хүн амд тэгш ногддоггүй, харин энэхүү үр шим нь улс орнуудад мөргөлдөөн гаргах, эсхүл авлигын эх үүсвэр болдог байна. Иймд улс орнууд энэхүү байдалд анхаарал хандуулахын тулд армийнхаа үүрэг, ролийг нэмэгдүүлэх зорилгоор зардлыг нэмэгдүүлэх явдал түгээмэл байна. 

Эх сурвалж

Өмнөхөөс цөөн Сингапурчууд шүгэл үлээхэд бэлэн 

Сингапур. Хамтран ажиллаж байгаа ажилтнуудынхаа хууль бус үйлдлийн талаар шүгэл үлээхэд бэлэн ажилтнуудын тоо буурч байгааг судалгааны дүн харууллаа. “Ernst & Young” байгууллагаас явуулсан судалгаагаар Сингапур дахь компаниудын 67 хувь нь шүгэл үлээхийг дэмжсэн, мэдээлэл хүлээн авах утас (hotline) ажиллуулдаг байна. Мөн багагүй тооны ажилтнууд уг утсыг ажиллуулахгүй байхыг илүүд үзэж байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, “Ernst & Young” байгууллагаас уг судалгааг өмнө нь 2013 онд явуулсан ба судалгаанд оролцогчдын 71 хувь нь шаардлагатай бол гомдол, мэдээлэл авах утас ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байсан бол энэ удаагийн судалгаагаар дээрх дүн 62 хувь болж буурсан байна. 

“Гомдол, мэдээлэл хүлээн авах утасны шаардлага буурч байгаа нь хуулийн хамгаалалт, шүгэл үлээгчийн талаарх мэдээллийг нууцлах байдал үр дүнгүй байгаатай холбоотой” хэмээн “Ernst & Young”-ийн ажилтан Рэубэн Коо мэдэгдсэн байна. 

Уг судалгааны дүнгээр компаниуд ажилтны ёс зүйн дүрэм мөрдөх, хээл хахууль, авлигын эсрэг бодлого хэрэгжүүлэх эсхүл гомдол хүлээн авах утас ажиллуулах явдал өмнөхөөс нэмэгдсэн байна. Хэдий тийм ч, эдгээр алхмуудыг ажилтнууд нь үр дүнгүй байна хэмээн үзэж байна. Судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь ёс зүйн дүрэм хүмүүсийн зан суртахуунд маш бага нөлөөлж байна гэж үзсэн байна. 

“Компаниуд зөвхөн ёс зүйн дүрмийг мөрдүүлэхээс гадна шударга ёсны систем болон гомдлын хяналтын программ бий болгох тал дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй байна” хэмээн Рэубэн Коо онцлон тэмдэглэв. 

Эх сурвалж

Болгар улс авлигатай тэмцэх нэгж байгуулахаар болов 

Болгар. Авлигатай тэмцэхээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ Европын холбоонд харуулах зорилгоор Болгарын Засгийн газраас өндөр түвшний авлигын хэргийг мөрдөх тусгай нэгж байгуулахаар боллоо. 

Европын холбооноос Балканы хойгийн тус улсыг авлигач албан тушаалтнуудад шийтгэл хүлээлгэхгүй байгаа, мөн шүүх засаглалын үр дүн муутай байгааг зэргийг удаа дараа шүүмжилсээр байсан юм. 

Болгар улс дахь авлига нь төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг удаан хугацаанд сааруулах үндэс болоод байсан юм. 

“Авлигаас урьдчилан сэргийлэх, түүний эсрэг тэмцэх үндэсний стратеги 2015-2020”-д 2016 он гэхэд авлигын эсрэг тэмцэх байгууллагын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг. 

Өнгөрөгч онд дахин сонгогдсон Ерөнхий сайд Бойко Борисов -ын амлалтууд дунд авлигыг таслан зогсоох, шүүхийн шинэчлэлийг хийх асуудал багтаж байсан юм. 

Шадар сайд Меглен Кунев -гийн хэлснээр “өндөр албан тушаалтнууд, ялангуяа ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль тогтоогчид, прокуроруудыг уг байгууллага шалгах боломжтой” аж. Мөн засгийн газрын бүх ажилтнууд жил бүр өөрийн хөрөнгө, орлого, ашиг сонирхол болон хамаарал бүхий этгээдүүдийн талаар мэдэгдэж байхаар болж байгаа аж. 

Эх сурвалж

Газрын тос үйлдвэрлэгч том 10 улсын 6 нь авлигын өндөр эрсдэлтэй 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны авлигын хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж байгаа энэ үед “Verisk Maplecroft” хэмээх компаниас дэлхийн 198 улс орныг авлига, хээл хахуулийн тархсан байдлаар нь эрэмбэлэн жагсаагаад байна. 

Уг жагсаалтад улс орнуудыг эрсдлээр нь 4 ангилал (бага, дунд, өндөр, маш өндөр)-д авч үзсэн бөгөөд маш өндөр эрсдэлтэй ангилалд газрын тос үйлдвэрлэгч том 10 улсын 6 нь багтсан байна. Өөрөөр хэлбэл, газрын тос үйлдвэрлэгч буюу Орос, Ирак, Иран, Мексик улс авлигын эрсдэл маш өндөр бүлэгт орсон байна. 

Дэлхийн банкны судалгаагаар авлига нь бизнесийн бодит өртгийг 10 хувиар нэмэгдүүлж байгааг тооцсон байдаг бөгөөд жил бүр 1 триллион ам.доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль төлөгдөж байгааг тогтоосон байдаг билээ. 

Уг компанийн судалгаагаар ОХУ 2014 онд 24 дүгээр байрт жагсаж байсан бол 2015 оны дүнгээр 10 дугаар байрт орж нөхцөл байдал улам бүр муудсан байна. Энэ нь Зүүн Украины хямрал, АНУ, Европын холбоотой харилцаа муудаж байгаа зэрэг геополитикийн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын бизнесийн орчин улам бүр нуугдмал, далд хэлбэртэй болж байгаа юм. 

Харин Азийн бүс дэх хамгийн том хоёр эдийн засаг болох Хятад, Энэтхэг Улс мөн хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэй бүлэгт орсон байна. 2015 оны 3 дугаар сард Азийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч Петрочайна компанийн гүйцэтгэх захирал асныг албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаад байгаа билээ.

Их Британид байрлах ““Verisk Maplecroft”-ийн ангиллаар Арабын нэгдсэн эмират улс “дунд” гэсэн ангилалд багтаж байгаа бол Канад, АНУ-ууд “бага” гэсэн ангилалд багтсан байна. 

Эх сурвалж