Зарим хэргийн хувьд хангалттай баримтаар тогтоолгүй эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил АТГ-т илэрсэн

A- A A+
Зарим хэргийн хувьд хангалттай баримтаар тогтоолгүй  эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил АТГ-т илэрсэн

Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийжээ. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

  • Танайхаас яагаад АТГ-т шалгалт хийсэн бэ. АТГ-тай холбоотой хүний эрх зөрчдөг, улстөрждөг гэх мэт яриа шалгалт явуулахад нөлөөлсөн болов уу?
  • Прокурор нь Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, уг ажиллагаанд хуулийг нэг мөр хангуулах, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субъект юм. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд прокурорт хуулиар олгогдсон бүрэн эрхийн нэг нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хэсэгчлэн болон иж бүрнээр шалгах явдал юм. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд аль ч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын ажиллагааг прокурорын байгууллагаас шалгаж байдаг. Үүний дагуу АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг шалгасан болно. Өөр ямар нэг зорилго, шалтаг байхгүй, шалтгаан байхгүй гэдийг шууд хэлье.
  • Шалгалтынхаа дүнг танилцуулаач. АТГ хэрхэн ажиллаж байна вэ?
  • Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Улсын ерөнхий прокурорын заавар, журмын хэрэгжилтийг 2014 он, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс ЭБШХ-аар харьяалуулсан Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Тус хэлтэс нь хэлтэс,  албаны дарга болон ахлах мөрдөн байцаагч мөрдөн байцаагч,  нараас бүрдсэн 30 хүнтэй ажиллаж байна. АТГ-т иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2014 онд 452, 2015 оны зургаан сарын байдлаар 205-ыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд 236 хэрэгт, 2015 онд 158 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тэдгээрээс 58 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 36 хувь нь хүнд гэмт хэрэг, зургаан хувийг онц хүнд хэрэг байна. Дээрх хугацаанд нийт мөрдөн байцаалт явуулсан хэргээс 92 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 70 хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, 63 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр, 22 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорын хяналтад шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, хохирол нөхөн төлөгдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2014 онд 17 тэрбум 355.7 сая төгрөгийн, 2015 онд 7 тэрбум 907.9 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Тус хэлтэс нь шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 62 эрүүгийн хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 26 хэрэгтэй байлаа.
  • Дээрх шалгасан хэргүүдийн сэжигтэн, яллагдагчаас хэдийг нь баривчилж, хорьсон бол?
  • -АТГ-ын МШХ нь 2014 онд 4, 2015 онд 3 хүнийг тус тус хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан хүн 2014 онд 33, 2015 онд 17 тус тус байна. Шалгалтын дүнгийн талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар тухай прокурорын даалгавар, чиглэл өгсөн болно.
  • Тухайлбал ямар, ямар зөрчил илэрсэн бэ?
  • -Нийт хүлээн авсан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг, зарим хэргүүдийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил илэрсэн. Мөн орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс шалтгаалан Мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад хувь хэмжээ нь харьцангуй өндөр байгаа. Эрүүгийн хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцах, зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгах зэрэг асуудал гарч байгаад анхаарал хандууллаа.
  • Хүлээж авсан гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг гэлээ. Тэгэхээр авлигатай холбоотой худал мэдээлэл АТГ-т их ирээд байна уу. Эсвэл АТГ ажлаа хийхгүй байгаагийн илрэл үү?
  • Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс АТГ-т хандаж байгаа энэ асуудлыг шалгаад үзэхээр гэмт хэргийн шинжтэй эсэхээс шалтгаалж байгаа хэрэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана гэдэг нь гэмт хэргийн шинжгүй асуудлаар л АТГ-т хандсан байна гэсэн үг.
  • Тэгвэл үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг гэсэн зөрчил бас илэрчээ. Үндэслэлгүйгээр шалгаж хүний эрх зөрчиж байна гэсэн үг үү?
  • Тодорхой зарим хэргүүдийн хувьд гэж тодотгосон шүү дээ. Түүнээс АТГ-ын шалгасан бүх хэрэг үндэслэл муутай гэж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнө тодорхой ажиллагаа явуулж шалгах ёстой. Үүнийгээ сайн шалгалгүй эрүүгийн хэрэг үүсгэснээс мөрдөн байцаалтын явцад хэрэг хэрэгсэхгүй явдал байгааг хэлж байгаа юм.
  • АТГ-ын мөрдөж байгаа хэргүүд бусад хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ?
  • АТГ –ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөж байгаа хэргүүд нь цагдаагийн болон бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад тооны хувьд цөөн, ачааллын хувьд харьцангуй бага гэж хэлж болно. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд нь ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг, илрүүлж мөрдөхөд бэрхшээлтэй, цаг хугацаа их шаарддаг,эдийн засгийн болон бусад асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг шаарддаг зэргээс шалтгаалан ачаалалтай ажилладаг юм байна гэж нэг талаас нь хэлж болно.
  • Ачааллыг нь асуухын учир АТГ-ынхан шалгаж байгаа хүнээ сард нэг удаа дуудаж байцаадаг, удаан хорьж шалгах байдлаар эрүүдэн шүүдэг гэх шүүмжлэл бий.
  • Хорьчихоод сард нэг удаа мэдүүлэг авдаг гэдэг бол нийтлэг зүйл биш. Хэрэг бүхэн дээр тийм асуудал байхгүй. Хэргийн ажиллагаа сунжирдаг, удаан хугацаагаар мөрдөгддөг явдал бол бий. Авлига, албан тушаалын хэрэг далд үйлдэгддэг, эдийн засгийн тооцоо судалгаа хийж маш олон баримт судлах шаардлага гардаг гэх мэт онцлог бий шүү дээ.
  • Ер нь АТГ-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэл нийгэмд их байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлдэг. Шалгалтаар ийм зөрчил илэрсэн үү?
  • Олон нийтийн дунд энэ талаар янз бүрийн яриа гарч, хэвлэл мэдээллээр ч гэсэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн болгоныг цагдан хорьж шалгадаг мэтээр мэдээлэгддэг. Энэ нь тус газрын мөрдөн байцаалт явуулдаг хэргийн онцлог хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь тодорхой албан тушаал эрхэлдэг, олон нийтэд танил болсон хүмүүс байдагтай холбоотой байх. Шалгалтын дүнгээс харахад АТГ нь сэжигтэн, яллагдагчид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулах таслан сэргийлэх арга хэмжээг харин ч цөөн тоогоор хэрэглээ байна гэж үзлээ. Тухайлбал, 2014 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн зургаан хувийг, 2015 онд найман хувийг тус тус цагдан хорьж мөрдсөн нь үүнийг гэрчилж байна.
  • Сэжигтэн яллагдагчдыг шорон дамжуулж хорьдог гэх яриа ч бий. Хоёр гурван шорон дамжиж хоригдсон сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэн энэ талаар ярьдаг. Энэ нь зөрчил мөн үү?
  • Энд тэнд аваачиж хорьдог асуудал аль ч байгууллагад бий. Нэг хэрэгт хэд, хэдэн хүн холбогдож байгаа бол бие биетэйгээ холбоотой байлгахгүйн тулд салгадаг. Энэ бүгд прокурорын хяналт, шүүхийн зөвшөөрлийн дагуу л явагдаж байгаа. Шүүгчийн захирамж заасан газар л хорьж байгаа. Үүнийг эрүүдэн шүүж байна гэж үзэж болохгүй.
  • Хэрэгт холбогдсон хүмүүсийн хилээр зорчих эрхийг хязгаарлаж, хилийн хориг тавьснаас алба, амины ажил, зайлшгүй шаардлагаар гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг гэсэн шүүмжлэл бас бий. Энэ талаар юу хэлэх вэ?
  • Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудал зөвхөн Авлигатай тэмцэх газарт ч биш бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад ч байдаг асуудал юм. Сэжигтэн, яллагдагчийн Монгол улсын хилээр зорчих эрхийг түдгэлзүүлэх нь / хилийн хориг / Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үндэслэж, хилийн хориг тавигддаг. Монгол улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хувьд “Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль” Монгол улсын иргэдийн хувьд “Монгол улсын иргэн гадаадад зорьчих, цагаачлах тухай хууль”-д заасны дагуу уг арга хэмжээг хэрэглэдэг. Хилийн хориг тогтоох асуудлыг зохицуулсан. УЕП-ын тушаалаар баталсан журам болон ЦЕГ, АТГ, ТЕГ, ИХШХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу уг асуудал зохицуулагдсан байна. Хууль болон дээрх заавар, журамд нийцүүлэн прокурорын хяналтын доор хилийн хориг тогтоож байгаа ажиллагааг хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэж болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №174 дугаарт гарсан ярилцлага.