Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.11-17/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.11-17/

Ерөнхийлөгчтэй ойр байсан албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилж эхэллээ

Гватемал. Тус улсын цагдаа нар Ерөнхийлөгч Отто Перезийн шадар туслах асан этгээдүүдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан нь уг хэргийн цар хүрээг улам өргөжүүлж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Отто Перезийн охины сүйт залуу, Ерөнхийлөгчийн ажлын албаны нарийн бичгийн дарга асан Густаво Мартинес, Эрчим хүчний сайд асан нарыг Гватемал Улсын прокуророос нөлөөллөө хууль бусаар худалдсан хэрэгт буруутган баривчлаад байна.
Гватемалын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн буруутгасны дараа буюу өнгөрөгч сарын эхээр 56 настай Густаво Мартинес албан тушаалаа өгсөн юм. Одоогоор Густаво Маритнесийн өмгөөлөгчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Энэ үйл явдал нь ирэх ес дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өрсөлдөхөөр зэхэж буй 64 настай ерөнхийлөгч Отто Перезийн нэр хүндэд нөлөөлөхүйц зүйл билээ.
Ерөнхийлөгч Отто Перезийг уг хэрэгт шууд хамааралтай гэж үзэхгүй байгаа ч, хэрэгт холбоотой гэж үзвэл мөрдөн шалгах зорилгоор Конгрессоос түүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргах юм.
Мөн гааль дахь авлигын хэрэгт тус улсын дэд ерөнхийлөгчийг холбоотой гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа буюу энэ оны 5 дугаар сарын 8-ны өдөр дэд ерөнхийлөгч Роксана Балдетт албан тушаалаа өгсөн юм. Тэрээр ямар нэгэн хэрэгт буруугүй болохоо илэрхийлсээр байгаа билээ. Улмаар 5 дугаар сарын 20-ны өдөр төв банкны тэргүүн болон бусад нөлөө бүхий хүмүүсийг авлигын өөр хэрэгт холбогдуулан мөн баривчлаад байна.
Уг явдлаас нэг өдрийн дараа Гватемалын мэдээллийн хэрэгслээр авлигын хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн хэд хэдэн сайдаа Отто Перез албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Харин олон мянган Гватемалын иргэд Отто Перезийг нэн даруй албан тушаалаа өгөхийг шаардаж жагсаж байгаа боловч Ерөнхийлөгч албан тушаалаа өгөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Эх сурвалж

 

Балба Улсын тэргүүлэх чиглэлд сэргээн босгох, авлигатай тэмцэх ажил орж байна

Балба. Газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний хохирол амссан Балба улсын Засгийн газраас өнгөрөгч лхагва гарагт өөрийн бодлого, хөтөлбөрийнхөө тэргүүлэх чиглэлийг олон нийтэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тус улсын Засгийн газар сэргээн босгох, авлигатай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэл барихаа зарлав.
Тус улсын засгийн газрын богино, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг парламентийн танхимд танилцуулахдаа дээрх чиглэлийг барихаа Ерөнхийлөгч Рам Баран Ядав мэдэгдсэн юм.
Мөн тус улс 2022 он гэхэд буурай хөгжилтэй улсаас хөгжиж буй улс болох зорилт тавьжээ.
Энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7.9 магнитудын газар хөдлөлт болж, 8500 гаруй хүн амь насаа алдсаны дараагаас олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагын зүгээс 4.40 тэрбум ам. долларыг газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажилд зориулахаа амлаад байгаа юм. Эдгээрээс хамгийн ихийг Энэтхэг Улс 1 тэрбум ам. доллар амласан билээ.
“Сэргээн босголтын зорилгоор төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тэргүүнд авч үзэж, эдийн засгаа дэмжих үүднээс аялагчдын аялах дуртай газруудын сэргээн босголтыг эхэлж хийх болно” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдэв. Мөн авлигыг үл тэвчих бодлогыг тууштай хэрэгжүүлж, авлигыг устгахын тулд авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэхээ ч мэдэгдэв.
Балба Улсад энэ нэг жилийн дотор орон нутгийн сонгуулийг зохион байгуулан явуулахаа Ерөнхийлөгч Рам Баран Ядав амлав. Тус улсад сүүлийн 29 жилийн хугацаанд орон нутгийн сонгууль болоогүй билээ.

Эх сурвалж

 

Румын Улсын Ерөнхий сайд авлигын хэрэгт холбогдов

Румын. Прокурорууд авлигын хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд Виктор Понтаг шалгах болсноо мэдэгдэв. Улмаар түүний хөрөнгийг битүүмжлээд байгаа бөгөөд албан тушаалаа өгөхийг ч шаардаад байна.
Понтаг 2007-2008 онд хуульчаар ажиллаж байх үедээ сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэсэн хэргүүдээр түүнийг буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Ерөнхий сайд ямар нэг буруу зүйл хийгээгүй болохоо мэдэгдээд байна.
Понтагийн хувийн хөрөнгөд нэг орон сууц болон хувийн шилтгээний хувьцаа, хэд хэдэн банкинд данс байсан бөгөөд даваа гарагт тэдгээрийг царцаагаад байгаа юм. Тэрээр мөн өнгөрөгч 5 дугаар сард 2 байраа 150000 еврогоор, мөн 1 машинаа худалдсан билээ.
2012 онд албан тушаалд очсон Понта хөрөнгөө битүүмжлүүлж, гэмт хэрэгт холбогдоод байгаа хамгийн анхны ерөнхий сайд болоод байна.
“Улс төрийн хамтрагч Дан Совагийн хуулийн фермээс хамгийн багадаа 29000 фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн үед авч байсан аж. Үнэн хэрэгтээ уг фирмд хуульчаар ажиллаж байгаагүй, зөвхөн мөнгө угаах зорилгоор цалин авч, дээрх мөнгийг тансаг зэрэглэлийн 2 орон сууц, машин худалдаж авахдаа зарцуулсан бөгөөд 2012 оны 5 дугаар сард Ерөнхий сайд болмогцоо хамтрагч Дан Соваг нийтдээ 3 удаа сайдаар томилсон” хэмээн прокурорууд мэдэгдсэн байна.
Понтаг холбогдуулан шалгаж байгаа хэргүүдээс хуулийн дагуу сонирхлын зөрчилтэй гэсэн хэрэгт иммунитет/халдашгүй байдал/ эдлэх бөгөөд харин татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэсэн хэрэгт иммунитет эдлэхгүй юм.
6 дугаар сарын 5-ны өдөр прокурорууд авлигын хэрэгт Понтаг сэжигтнээр зарласан нь Румын улсад улс төрийн хурцадмал байдлыг мөн бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, уг мэдэгдлийн дараа тус улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис Ерөнхий сайдаа нэн даруй огцрохыг шаардсан боловч Понта татгалзсан бөгөөд 6 дугаар сарын 5-ны өдрөөс хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ярилцахгүй өнөөг хүрч байгаа юм.
Энэ нөхцөл байдал нь Румын Улс дахь хамгийн том нам буюу Понтагийн намд ч мөн маргааныг бий болгоод байгаа бөгөөд улмаар өнгөрөгч ням гарагт Понта эрх барих Социал-демократ намыг даргын албан тушаалаа өгөөд байна.
Түүний хамтрагч Ливиу Драгна дараагийн өдөр нь буюу даваа гарагт уг алхмыг алдаа байсан гэж тодорхойлоод, Ерөнхий сайдын албан тушаалаа яаран өгөх хэрэггүй гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж

 

Камбож ТББ-ын хууль баталлаа

Камбож. Өнгөрөгч даваа гарагт Төрийн бус байгууллага (ТББ)-ын харилцааг зохицуулах ихээхэн маргаантай хуулийг Камбож Улс батлаад байна. Засгийн газрыг шүүмжлэгчдийн үзэж байгаагаар уг хуулийг Засгийн газрыг эсэргүүцэгчдийг дуугүй болгох зорилгоор ашиглах аж.
Сөрөг хүчин Камбож Үндэстнийг аврах нам уг хуулийн төслийг эсэргүүцэн, олон нийтийн санаа бодлыг тусгах ёстой гэж үзэн чуулганы хуралдаанд оролцоогүй ч, эрх барих Камбожийн Ард түмний намаас парламентад суудал бүхий 68 гишүүн уг хуулийн төслийг дэмжин батлаад байна.
Уг хуулийг эсэргүүцэн, хүчингүй болгохыг шаардан нийслэл хот Пном Пен дахь парламентийн ордны гадаа эсэргүүцэгч олон зуун иргэдийг тараах зорилгоор олон мянган цагдаа ажилласан юм.
Камбожийн энэхүү алхмыг Европын холбоо, АНУ зэрэг олон улсын зүгээс эсэргүүцэн, хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарласан уг хуулиа хүчингүй болгохыг шаардаад байна.
Шинэ хуулийн дагуу Камбож дахь дотоодын болон олон улсын 5000 орчим ТББ-ууд өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа Засгийн газарт мэдэгдэж байх ёстой болж байна. Хэрэв хуулийг зөрчвөл уг ТББ-ыг хаах, эрүүгийн хэрэг үүсгэх, торгох зэрэг шийтгэл ногдуулах аж.
Эрх барих Камбожийн Ард түмний намын парламент дахь гишүүн Нин Сапхон чуулганы хуралдаанд “Өмнө нь, бид ТББ-уудын санхүүжилт хаанаас ирж байгаа, хэрхэн юунд ашиглаж байгаа зэрэгт хяналт тавих боломжгүй байсан. Одоо энэ хуулийг батлах шаардлагатай байна” хэмээн хэлсэн байна.
Энэ хууль нь Камбожийн соёл, уламжлал, үндэсний аюулгүй байдал болон тогтвортой, энх тайванч байдалд аюул учруулсан зэрэг асар өргөн хүрээтэй асуудлаар ТББ-уудыг эсрэг үйл ажиллагаа явуулах боломжийг Засгийн газарт олгож байгаа юм.
Ерөнхий сайд Хун Сен болон түүний нам ихэвчлэн бусдын санаа бодлыг авахгүйгээр хүний эрхийг зөрчдөг, энэ хууль бол эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд аюул занал учруулж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа болно.
Олон улсын эсэргүүцлийн эсрэг эрх барих намын гишүүн, Шадар сайд Сар Кенг “энэ хууль бол сайн хууль, бид энэ хуулийг бий болгохын тулд 20 жилээ зарцуулсан” гэж хуулийг дэмжсэн мэдэгдэл хийсэн байна.
Эх сурвалж

 

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч болон гаднынханд илүү хатуу шийтгэл ногдуулахаар болж байна

 

Тайланд. Өмнөх хуулиар авлигын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байсан бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар ч хязгаарлалтгүй болоод байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь өмнөх авлигын хэргүүд, ялангуяа хорих ялаас зугтан 2008 оны сүүлээр хилийн чанадад гарсан Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн оролцсон авлигын хэрэгт мөрдөх эсэх нь тодорхойгүй байна.
Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг өнгөрөгч пүрэв гарагт эзэн хааны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн бөгөөд баасан гарагаас хүчин төгөлдөр болсон байна.
Нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх хуулийн 12 дугаар зүйлд 7 хэсэг (123/2-123/8) шинээр нэмсэн бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр авлигач үйлдлийн төрлүүд болон авлигын хэрэгт буруутай нь тогтоогдсон төрийн албан хаагчийн хөрөнгийг хураах зэрэг өөрчлөлтүүд орсон байна.
Үүнээс гадна, хуулийн 12 дугаар зүйлийн 123/2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч, гадаадын албан тушаалтан, олон улсын байгууллагын ажилтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан, өгсөн бол 5-20 жилийн ял, эсхүл бүх насаар нь хорих ял, эсхүл цаазаар авах ял ногдуулах аж. Мөн дээрх шийтгэлийн зэрэгцээ 100000-400000 ватт(5.8-23.2 сая төгрөг)-ын торгууль ногдуулах юм. Тухай албан тушаалтан албан тушаалд очихоосоо өмнө авлигын гэмт хэрэг үйлдсэн бол цаазаар авахаас бусад ял шийтгэлийг ногдуулахаар заажээ.
Энэ нэмэлт, өөрчлөлтөөр орж байгаа нэг томоохон өөрчлөлт бол өмнө нь авлигын хэргийг 20 жилийн дотор хөөн хэлэлцдэг байсан бол ямар ч хугацааны хязгааргүй болсон байна.

Эх сурвалж