Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.27-31/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.27-31/

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг чангаруулах шаардлагатай

Малайз. Өнөөдөр Малайз Улсад авлигын хямрал нүүрлээд байна. Малайзын хөгжлийн хөрөнгө оруулалтын сангаас сая сая америк доллар дутсан нь төрийн албан тушаалтнуудтай холбоотой ба авлигын эсрэг арга хэмжээг чангаруулах шаардлагатайг харуулж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа ч хууль хяналтын байгууллага болон шүүхийн системд ил тод, хараат бус байдал оршиж буйг Ерөнхий сайд харуулах хэрэгтэй байна. Ерөнхий прокурорыг албан тушаалаас огцруулах нь асуудлыг шийдэхгүй юм. Ерөнхий прокурорын албан тушаал хараат бус байх ёстой ба үүнийг сенатаас баталгаажуулах шаардлагатай. Нөгөө талаас Ерөнхий прокурор засгийн газрын хуулийн зөвлөх ба хэрэг мөрдөн шалгах ажиллагааг шийддэг хүн. Энэ нь ашиг сонирхлын зөрчил ихээр үүсгэж байна. Малайзын авлигатай тэмцэх хороог бэхжүүлж, хараат бус байдлыг нь хангах шаардлагатай. Түүнчлэн хараат бус шүүхийн системтэй байх шаардлагатай. Малайзын хувьд шүүгчдийг сонгон томилдог Шүүгчдийг томилох хорооны гишүүдийг томилох асуудалд Ерөнхий сайд голлох үүрэгтэй байдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс гадна шүүгчдийг томилох асуудалд Ерөнхий сайд эрх мэдэлтэй оролцож байгаа нь шүүгчдийн зүгээс “өртэй” үлдэх эрсдэлийг дагуулдаг. Ерөнхий сайд Нажиб Разакийг шүүгчдийг томилох асуудалд оролцсон хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд буруутгах асуудал гарсан.

Эх сурвалж

Бангладешийн эдийн засгийн гурван асуудал: авлига, хөрөнгийн урсгал болон гадаад гуйвуулга

Дака. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Бангладешийн эдийн засгийн гурван асуудлыг онцлон авч үзэж байна. Сангийн сайдын нээлттэй мэдэгдснээр ДНБ-ий 2-3 хувийг жил бүр авлига залгиж байна. Вашингтонд төвтэй судалгааны байгууллагаас мэдээлснээр тус улсын ДНБ-ийн 1.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гадаад улс орон руу гарч байна. Гэтэл Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар Бангладеш гаралтай хар ажилчид гадаадад хөдөлмөр эрхлээд олсон хөрөнгөө гэр, бүлийн гишүүдээ тэжээхийн тулд шилжүүлдэг бол боловсрол өндөртэй нь өөрийн хөрөнгийг гадаадын банкуудад хадгалахыг илүүд үздэг гэжээ. Сүүлийн 10 жилд Бангладешийн мөнгөний урсгал даруй 6 дахин нэмэгдэж дэлхийд зургаа дахь, өмнөд азид хоёр дахь том хүлээн авагч улс болжээ. Хөрөнгийн урсгал Бангладешийн ДНБ-д нэлээд хувь нэмрийг оруулж байгаа ба мөнгөн шилжүүлэг 1.0 хувиар нэмэгдэхэд ДНБ-ий нэг хүнд ногдох хувь 0.12 хувиар нэмэгдсэн сайшаалтай үзүүлэлт болж байна. Авлига, хөрөнгийн урсгал зэрэг нь эдийн засгийг удаан хугацаанд хохироож буй асуудлууд юм. Сангийн сайдын мэдэгдснээр авлига үндэсний эдийн засгийн 2.3 хувийг залгиж байгаа бол, Дэлхийн банк 1980-аад оноос эхлэн энэ асуудлыг жил бүрийн тайландаа дурдаж байсан удаатай юм. Харин улс төрчид болон сангийн сайдууд энэ асуудлаар огт ам нээхгүй өдий хүргэжээ. Сангийн сайд Ама Мухит харин энэ асуудлыг олон нийтэд дэлгэж тавьсан нь бахдууштай юм. Бангладешийн эдийн засгийн хөрөнгийн урсгалын талаар сонирхолтой баримтуудыг Вашингтонд төвтэй Дэлхийн санхүүгийн ил тод байдлын судалгааны байгууллага дэлгэлээ. Тухайлбал, 2008-2012 онд Албан ёсны хөгжлийн тусламж болон гадаадын хөрөнгө оруулалтын 38.5 хувь нь гадагшаа гарсан байна. 2003-2012 оны хороонд 10 жилийн турш тус улсаас 1.31 тэрбум ам.доллар тус улсаас гарч явжээ. Хэрэв тийм бол үүгээр тус улсын боловсролын салбарын 59 хувийг, эсхүл эрүүл мэндийн салбарын зардлын 30 хувийг санхүүжүүлж болох аж. Хөгжиж буй улс оронд ихээр гардаг худалдааны үнийг зохиомлоор бууруулах буюу өсгөснөөр 60 гаруй хувийн хөрөнгийн урсгалыг алдсан байна. Эдийн засагчид үүсээд байгаа нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаа ба мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүн өгөхгүй байна. Энэ нь Засгийн газрын зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд цоорхойтой, эсхүл хангалтгүй, бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэсэн үг юм. Сангийн сайдын мэдэгдснээр долоо дахь удаагийн Засгийн газрын таван жилийн төлөвлөгөө 2020 он гэхэд дуусах ёстой. Уг төлөвлөгөөгөөр хөдөлмөрийн зах зээл дээр бий болох 12.5 сая ажиллах хүчинд 18.7 сая ажлын байр шинээр байгуулах ёстой аж. Түүнчлэн ДНБ-ийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг 5.5 хувьд барих, дотоодын хөрөнгө оруулалтыг 26.6 хувиас 34.4 хувьд хүргэх, төрийн хөрөнгө оруулалтыг 7.8 хувь болгон өсгөх ба үндэсний хадгаламжийг ДНБ-ийн 32.1 хувьд хүргэх аж. Эдгээр тавьж буй том зорилтуудад хүрэхийн тулд зөвхөн мөнгө угаах чиглэлийн ажлуудыг хатуу, чанга хяналтад байлгах, улс төрийн тогтвортой байдал зэргийг хадгалснаар хүрэх боломжтой юм.

Эх сурвалж

Авлига Филиппин дэх хүний наймааг өөгшүүлж байна

Манила. АНУ-ын Төрийн зөвлөлийн тайланд дурдагдснаар Засгийн газар дахь авлига хүний наймааны эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээг сулруулж байна гэжээ. Төрийн зөвлөлийн 2015 оны тайланд тэмдэглэснээр Филиппины Засгийн газар хүний наймааны эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний стандартыг мөрдөхгүй байгааг Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кери мэдэгдэв. Тайланд 188 улсын хүний наймаатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнд үнэлгээ өгсөн ба энэ нь АНУ-ын Засгийн газрын зүгээс хүний наймаатай тэмцэх ажилд улс орнуудыг татан оролцуулах зорилготой дипломат хэрэгсэл юм. Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, яллах, хамтран ажиллах хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход уг тайлангийн мэдээллийг ашигладаг байна. Түүнчлэн тус тайланг орчин үеийн боолчлолтой тэмцэхэд засгийн газруудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олгодог юм. 2015 оны уг тайланд Филиппины засгийн газрын зүгээс хүний наймааны золиос бологчдод үзүүлж буй тусламж, энэ асуудалтай тэмцэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг үнэлсэн байна. Филиппин Улсад хүний наймаа эрхэлсэн хэргээр ял сонссон этгээд өмнөх онд 31 байсан нь 51 болжээ. Тайланд дурдснаар хүний наймаатай тэмцэхийн тулд төрийн албан дахь авлигын асуудалтай тэмцэх шаардлагатай гэсэн байна.

Эх сурвалж

Өнөөдөр Оросын төрийн албан тушаалтныг хахуульдах маш үнэтэй

Киев. Орост ямар нэг зүйл хийхэд маш хүнд, заавал гар хүндрүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл одоо бүүр хэцүү болж байна. Учир нь хоёр дахин төлөх шаардлагатай боллоо. Оросын Дотоод явдлын сайд хээл хахуулийн дундаж хэмжээ өнгөрсөн онд 109.000 рубль байсан бол энэ жил 208.000 рубль болж өссөн хэмээн ярилцлагадаа дурджээ. Доллараар бол 3050 ам.доллар байсан бол 3400 ам.доллар болж харьцангуй бага мэт боловч рублээр бол тэгж хэлж болохгүй байна. Авлигын үндсэн хүчин зүйлсийн нэг бол хэт их шунал юм. Гэтэл шинжээчид энэ тохиолдлыг өөр өнцгөөс тайлбарлаж энэ бол эдийн засгийн асуудал гэжээ. Газрын тосны үнийн бууралт, Украины асуудалтай холбоотой өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг нь Оросын эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж, сүүлийн нэг жилийн хугацаанд рублийн үнэ цэнэ унахад хүргэсэн байна. Рублийн ханш унаснаар Оросын жирийн иргэд янз янзаар хохирч байна. Хээл хахуулийн хэмжээ ч мөн адил өссөн байна. Төрийн албан тушаалтнууд ихэвчлэн хээл хахуулийг ам.доллараар авдаг. Рублээр авахад Төвбанкны ам.долларын ханшаар боддог. Хээл хахуулийн хэмжээ бараг инфляцийн өсөлтөөс илүүтэйгээр өссөн байна. Гэтэл хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 20 хувьтай байгаа аж. Хэдийгээр шинжээчид Оросын иргэдийн өгч буй хээл хахуулийн хэмжээг тодорхой хэмжиж болно гэдэгтэй санал нийлэхгүй ч Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс судалгаагаар ОХУ 175 улсаас 136 дугаар байранд оржээ. Энэ нь Нигэр, Либанон зэрэг улстай нэг түвшинд ба Уганда, Коморын арлууд болон Украинаас дээр юм.

Эх сурвалж

Авлигад автсан төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг царцаах тухай хууль

Мумбай. Мужийн засгийн газар авлигад автсан төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг царцаах тухай хуулийг өргөн барихаа (12 дугаар сард) мэдэгдэв. Мужийн сайд нарын дарга Дэфэндра Фаднавис хуулийн төсөл өргөн барих талаар сурвалжлагч нарт мэдэгдсэн байна. Тэрээр авлигатай тэмцэхийн тулд бодлогыг ил тод болгох шаардлагатай ба засгийн газар үйл ажиллагаагаа аль болох электрон хэлбэрт шилжүүлж хүний оролцоог багасгах хэрэгтэйг дурдсан. Авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын шинэчлэл шаардлагатай байна гэжээ.

Эх сурвалж

Нью-Жерсид төвтэй барилгын компани олон улсын хэмжээнд хээл хахууль өгсөн асуудалд буруутайд тооцогдон 17 сая ам.долларын торгууль төлөхөр болов 

Вашингтон. АНУ-ын Хууль зүйн яамнаас Луис Бергер Интернэшнл компаниийг олон улсын хээл хахууль өгсөн асуудалд буруутай тул 17 сая ам.долларын торгууль төлөхөөр болсныг мэдэгдэв. Компанийн Филиппин дэх салбарын захирал асан Ричард Хирш болон Арабын нэгдсэн улсын салбарын захирал асан Жеймс МакКланг нар нь тус асуудалд холбоотой хэмээн АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Компанийн зүгээс торгууль төлснөөр шүүхээс хэрэгт татах асуудлыг хойшлуулахыг хүссэн байна. Түүнчлэн дотоод хяналтыг сайжруулах талаар амлалт, үүрэг аваад байна. Тус компани 1998-2000 оны хооронд 3.9 сая ам.долларын хээл хахуулийг гадаад орны албан тушаалтнуудад тухайн оронд гэрээ, хэлцлийн тендерт ялахын тулд өгснийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж