Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.01-07/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.01-07/

Авлигатай үр дүнтэй тэмцэхийн тулд ёс зүй, шударга байдлыг дэмжин ажиллана. (2015.07.27)

Бутан: Тус улсын Авлигын эсрэг хорооноос төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад шударга байдлын талаар сурталчилж, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ёс зүй, шударга байдлын түвшинд үнэлгээ өгч, тайлан гаргасан байна.

Энэхүү шалгалтыг Авлигын эсрэг хорооны хүсэлтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Банкок дахь бүс нутгийн төвөөс хийсэн байна. 

Тус шалгалтаар ёс зүй, шударга байдал хэрхэн алдагдаж байгааг тогтоон, олон улсын туршлага дээр үндэслэн тухайн байгууллага дахь шударга байдлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж өгчээ.

Тайлангийн танилцуулгын үйл ажиллагаан дээр НҮБ-ын Бутан дахь суурин төлөөлөгч Кристина Карлсон “Тайлангийн үр дүнгээс харахад Авлигын эсрэг хороо сүүлийн жилүүдэд авлигын эсрэг их ажил хийжээ. Гэсэн хэдий ч ашиг сонирхлын зөрчил, танил талаа албан тушаалд дэвшүүлэх, санал худалдан авах зэрэг авлигын шинжтэй үйлдлүүдийг тэр бүр олж тогтооход хүндрэлтэй байгаа нь харагдаж байна. Бусад улс орны туршлагаас харахад эрх мэдэл нэг хүний гарт төвлөрвөл тухайн хүний орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжууд бий болж, авлига, хээл хахууль хөгжин цэцэглэдэг” гэж хэлжээ. 

Тус улсын Авлигын эсрэг хороо тайлангийн үр дүнд гаргасан зөвлөмжийн дагуу өндөр албан тушаалтнуудад ёс зүй, шударга байдлын талаар сургалт явуулж, төрийн үйл ажиллагааг шударга, ил тод явуулахыг анхааруулсан байна. Мөн хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн үүргийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа ба энэхүү шинэ санаачлага нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгэм, энгийн иргэдийн хамтын хүчин чармайлтаар авлигатай үр дүнтэйгээр тэмцэж чадна гэдгийг харуулжээ.

Эх сурвалж

Лаос Улсын төрийн албан хаагчид авлига амьжиргааны өртөгт нөлөөлж байгаад санаа зовж байна. (2015.07.23)

Лаос: Нэг намын коммунист дэглэмтэй тус улсад амьжиргааны түвшин өсч байгаа боловч авлига, хээль хахуулийн асуудлаас болж төрийн албан хаагчдын цалин ирэх жил хүртэл нэмэгдэхгүй, төсвийн жилийн явцад нэмэгдэж магадгүй гэж эх сурвалжаас мэдээллэсэн байна. 

Сангийн сайд Сила Виенкео Парламентийн чуулганы үеэр “Энэ жил нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалин дараа жил ч мөн адил нэмэгдэх боломжгүй.” гэж мэдэгджээ. 

Үүний дараа нэрээ нууцлахыг хүссэн нэгэн төрийн албан хаагч сонинд өгсөн ярилцлагадаа “Одоогийн авч буй цалин хувийн зардлаа хангахад ч хүрэхгүй байна. Жишээ нь: Өдөрт гурван удаа хоол идэхэд хамгийн багадаа 50.000 кип (6.14 ам.доллар), сард нийтдээ 1.5 сая кип (184 ам.доллар ) болно. Энэ зөвхөн хоолны зардал, гэтэл миний цалин ердөө л 1.2 сая кип (147 ам.доллар) шүү дээ. Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаагийн нэг жишээ бол өнгөрсөн жил 20.000 кипын (2.45 ам.доллар) үнэтэй байсан нэг аяга гоймон өнөөдөр 25.000 кипын (3 ам.доллар) үнэтэй болсон. Энэ нөхцөл байдал төрийн албан хаагчдын амьдралыг маш хэцүү болгож байна. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд би байрандаа галуу, тахиа тэжээж, ногоо тарьж нэмэлт орлого олж, гэр бүлээ тэжээж байна. Зарим нь хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч, амьдралаа залгуулж байна” гэжээ.

Засгийн газрын мэдээллээр 2013 оны байдлаар тус улсын яамдууд, төрийн төв болон орон нутгийн төрийн байгууллагуудад нийт 150.000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа нь хүн амын 2 гаруй хувийг эзэлж байна.

Эх сурвалж

Африкийн бизнесийн сургуулиудын хөтөлбөрт авлигын эсрэг боловсрол олгох хичээл нэмэгдэж байна. (2015.08.03) 

Африк: Авлига, хээл хахууль нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байна. Энэ нь төрийн үйл ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байр орон сууц гээд бүхий л салбарт улс, орны тогтвортой хөгжилд шууд заналхийлж байна.

Авлига, хээл хахууль нь олон хэлбэрээр илэрдэг ба авлига нь Дэлхийн ДНБ-ий 5 гаруй хувийг эзэлдэг гэдэг тоо байдаг боловч өртөг, зардлыг нь нарийн тодорохойлоход хэцүү байдаг. 

Дэлхийн банкны судалгаанаас харахад жил бүр дэлхий даяар 1 их наяд ам.долларыг авлига, хээл хахуульд өгдөг байна. Африк нь дэлхийн ихэнх авлигач улс орны гэр нь болоод байгааг Транспарэнси Интернэшнл байгууллагын Авлигын индексээр тодорхойлсон байна.

Мөн авлига нь нийгэм, эдийн засгийн хагжилд маш их хүндрэл учруулж байна. Африкийн Сахарын хэсэг нь дэлхийн хамгийн ядуу бүс нутгийн нэг бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтын дийлэнх хувийг ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах асуудлууд эзэлж байгаа боловч энэ нь авлигад өртөх магадлал ихтэй.

Тиймээс одоогийн байдлаар тус нутагт авлига, хээл хахуультай тэмцэхэд боловсрол маш чухал зэвсэг болох боломжтой. Африкийн 3 бизнесийн сургууль энэ зорилтыг дэмжиж, аль хэдийнээ хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөртөө НҮБ-ээс батласан авлигын эсрэг хөтөлбөрүүдийг нэвтрүүлж эхлээд байна.

НҮБ-ээс батласан авлигын эсрэг хөтөлбөрүүдийг судлаж, өөрсдийн шинэ сургалтын номондоо оруулсан бөгөөд тус номонд авлигын эсрэг боловсрол нь дэлхий даяар бизнесийн сургуулиудын мэргэжлийн хичээл болох боломжтойг онцолжээ. 

Судалгаанаас харахад авлига, хээл хахууль нь бизнесийг амжилттай, үр ашигтай явуулахад саад болж, бизнесийн сүлжээнд нөлөөлөн улмаар нийгмийн болон эдийн засгийн хөгжилд хувийн аж ахуй, компаниудын оруулах хувь нэмрийг маш ихээр бууруулдаг байна. Африкийн ажлын байрны 80 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд эдгээр байгууллагуудаас эдийн засгийн үзүүлэлт өсөх, буурах нь хамаарч байдаг байна. Энэ нь авлигын эсрэг боловсрол бизнесийн сургуульд харьяалах ёстой гэсэн цөөн хэдэн шалтгааны нэг юм. 

Хэрэв тус бүс нутаг нь авлигын эсрэг олон хөтөлбөрийг тогтоон, авлига, хээл харуулийн эсрэг тууштай тэмцэж чадах бизнесийн удирдагчдыг бэлдэн гаргаж чадвал энэ нь тухайн улсын тогтвортой хөгжлийн зорилго, эдийн засгийн өсөлтийг маш ихээр өсгөх боломжтой аж.

Эх сурвалж

Авлигын ихэнх хэрэгт хураасан хөрөнгийг буцаажээ. (2015.08.03) 

Вьетнам: Тус улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийсэн авлига, хээл хахуулийн улмаас олсон хөрөнгөтэй холбоотой судалгааны тайлангаа танилцуулж, энэхүү хөрөнгийг буцаах нь авлигын эсрэг авч хэрэгжүүлэх хөтөлбөрөөс хамгийн үр дүн багатайг тайлбарласан байна. Тус судалгааг таван сарын хугацаанд явуулсан бөгөөд 16 яам, яамны түвшингийн агентлагийн төрийн албан хаагчид зэрэг 10.000 гаруй хүнийг хамруулсан байна. 

Шинжлэх ухааны хүрээлэнгийн Байцаан шалгах хорооны дэд дарга Динх Ван Минх “2013 онд авлига, хээл хахуулийн улмаас олсон хөрөнгийн 10 хувийг л эх оронд нь буцаасан, 2014 онд 22 хувийг л буцаасан байна. Шүүхээс авлигын хэрэгт холбоотой этгээдийг гэм буруутайд тооцсоны дараа бид авлигын хөрөнгийг нь хураах эхлүүлдэг. Тухайн этгээд хууль бусаар мөнгө олсон эсэхийг шалгаж, тогтооход маш төвөгтэй, хугацаа маш их шаарддаг. Энэ хугацаанд авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрийн өмч хөрөнгөө ойр дотны хамаатан саднууддаа шилжүүлж амждаг. Энэ нь авлигын хөрөнгийг хайхад маш их хүндрэл учруулдаг" гэжээ.

Тус улсын Мөрдөн шалгах газрын дэд дарга Нгуен Тиен Хао “Мөрдөн шалгах газрын статистик мэдээнээс харахад төрийн өмчит байгууллагуудад ажиллаж байгаа нийт нэг сая гаруй албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой ч бид үүнд бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Зөвхөн албан тушаалтнуудын гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийн хүрээнд л хяналт тавьж байна. Улсынхаа бүх иргэдийн хөрөнгө, орлогыг хянаж чадахгүй тул, албан тушаалтнууд төрийн байгууллагад ажилладаггүй хүнд хөрөнгө, орлогоо шилжүүлэхэд бид түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй болж байдаг. Тиймээс 2016 онд Авлигын эсрэг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд энэ талаар маш тодорхой тусгаж, авлигын эсрэг үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоно гэж найдаж байна” гэжээ. 

Эх сурвалж

Мөрдөн шалгах ажиллагааг ил тод явуулахыг шаардав. (2015.07.29)

Малайз: Тус улсын Авлигын эсрэг хорооны үйл ажиллагааг хянадаг таван бие даасан комиссоос улсын хөрөнгө оруулалтын сантай холбоотой Малайзын Хөгжлийн банкийг мөрдөн шалгах ажиллагааг хараат бус, ил тод, мэргэжлийн түвшинд явуулахыг шаардав. 

Авлигын эсрэг хорооны үйл ажиллагааг хянадаг таван бие даасан комисст Авлигын тусгай хороо, Авлигын эсрэг зөвлөөө өгөх газар, Үйл ажиллагааг хянан шалгах комисс, Өргөдөл гомдлын комисс, Авлигаас урьдчилан сэргийлэх комисс багтдаг ба эдгээр комиссоос “улсын хөрөнгө оруулалтын сантай холбоотой Малайзын Хөгжлийн банкийг шалгаж байгаа тусгай тасгийн (Ерөнхий шүүгчийн танхим, Цагдаагийн газар, Негара банк болон Авлигын эсрэг хорооны ажилтнуудаас бүрдсэн тусгай тасаг) мөрдөн шалгах ажиллагааг ямар нэгэн айдас эсхүл гадны ямар нэгэн нөлөөгүйгээр явуулах бүхий л боломж бололцоог нь олгох ёстой, Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж, Авлигын эсрэг хороо бие даасан, хараат бус, ил тод үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээ тус мөрдөн шалгалтаар батлах ёстой.” гэв.

Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак нь Малайзын Хөгжлийн банкнаас 700 сая гаруй ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж байгаа ба яагаад энэ хэрэгт холбогдсон тухай тайлбарыг шаардсан дэд сайд Мухиддин Яассинышийг ажлаас нь халсан байна.

Эх сурвалж

АНУ-ийн Сенатын хорооноос Афган дахь хариуцлагатай байдлын тухай хуулийг баталлаа. (2015.07.29) 

АНУ: Сенатын хорооноос Афганистан дахь Америкийн туслалцааны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийг дэмжих хуулийн төслийг баталж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад энэ асуудлаар олон жилийн стратегийг боловсруулахыг даалгасан байна.

Сенатор Боб Менедез Афганистан дахь хариуцлагатай байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан ба энэ хуулиар Афганы Засгийн газрын авлигын эсрэг болон аудитын хяналт шалгалт, хүний эрхийг хангах, үндэсний аюулгүй байдлын хүчний /үүнд цагдаа орно/ болон иргэний нийгмийн байгууллагын хяналт, хариуцлагыг хэрхэн сайжруулах талаар тодорхой тусгасан байна. 

Тус хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Боб Коркер, Сенатор Марко Рубио нар хамтран санхүүжүүлсэн ба бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих зорилгоор Афганистанд зориулсан сангийн шилжүүлгийг хөрш улс орнуудад ашиглахыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж