Ц.Нямдорж: Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйлийг бүхэлд нь өршөөх болсон

A- A A+
Ц.Нямдорж: Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйлийг бүхэлд нь өршөөх болсон

...УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын үеэр “Ээлжит бус чуулган гэх халхавчийн дорх Төрийн ордонд төрийн эсрэг, хуулийн эсрэг “чимээгүй эргэлт” боллоо. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэд хэдэн удаа хууль санаачлагчид нь буцаасан. Гэвч ээлжит бус чуулганаар хүчээр баталлаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг хүчээр баталлаа. Өршөөлийн хуулийг батлахдаа төрд шургалсан албан тушаалтнуудаа хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах алхам хийлээ” гэсэн юм. 

Тэрбээр мөн “Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй. Үүнээс 78 зүйл нь ерөнхий, 227 зүйл тусгай ангид хамаардаг. Тусгай ангид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйл анги бий. Тэр 10 зүйлийг бүхэлд нь өршөөх болсон…” гэв. Түүнчлэн Ц.Нямдорж гишүүн “Энэ батлагдаж байгаа хуулийн 4 дүгээр зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалт байгааг тэмдэглэж байна. Ийм хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг мөн хэрэгсэхгүй болгоно гэсэн дараагийн заалт нь ч байгаа… Ер нь ямар ч хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй. Хэрэг хийсэн л бол хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд нөгөө Н.Алтанхуягийн ярьдаг Должин эмээ хүртэл шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимтай юм... Монголд төр, хууль гэдэг юм байдаг бол үүний эсрэг л тэмцэх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: www.mnb.mn. “Эрүүгийн хуульд заасан 10 зүйлийн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамаарна” сурвалжлагын хэсгээс