Хуульч Г.Батбаяр: Албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэг орон манайхаас өөр байхгүй

A- A A+
Хуульч Г.Батбаяр: Албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэг орон манайхаас өөр байхгүй

Өмгөөлөгч, хуульч Г.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Өршөөлийн хуульд албан тушаалын гэмт хэргийг оруулж өгснөөр ард иргэдийн дунд төр засгийг буруутгах шинж давамгайлж эхэллээ. Хуульч хүний хувьд та байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Үндсэн хуулийн 25.1-д зааснаар УИХ Өршөөлийн тухай хуулийг батлах бүрэн эрхтэй. Гэтэл Өршөөлийн хууль өөрөө хэтэрхий нэг талыг барьсан, өрөөсгөл боллоо. Манай улс 1992 оноос хойш одоогийнхтой нийлээд зургаан удаа Өршөөлийн хууль гаргасан. Ингэж ойр ойрхон Өршөөлийн хууль гаргадаг улс манайхаас өөр байхгүй. Ойрхон хугацаанд гаргаж байгаа нь эрхзүйн сөрөг үр дагаврыг авчирдаг.

-Эрхзүйн сөрөг үр дагаварт яахын аргагүй албан тушаалын гэмт хэрэг орох биз? 

-Ард түмнийг бол өршөөж болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн үйлддэг хулгай, дээрэм, танхай зэрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлж болно. Харин “Цагаан захтан”-ууд буюу албан тушаалтны үйлддэг гэмт хэргийг өршөөж байгаа нь учир дутагдалтай юм. Ийм төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлдэг орон манайхаас өөр байхгүй. Тодруулбал, Энэ удаагийн Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйл заалтыг оруулж өгсөн. Эдгээрт 5 жил хүртэлх ялтай хүндэвтэр төрлийн гэмт хэргүүд багтдаг. Өнөөдөр “Цагаан захтан”-уудын нэг нь л гэхэд хэдэн тэрбумаар яригдах хэмжээний мөнгө завшиж улсыг хохироочихсон хэрнээ таван жил хүртэлх л ял авч, зарим нь бүр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд өнгөрдөг. Гэтэл тэдний үйлдсэн гэмт хэргийг хүндэвтэр гэж хөнгөрүүлж өгсөн хэрнээ Өршөөлийн хуульд хүртэл хамруулж байгаа нь буруу.

-Дэлхий нийтийн жишгийг хараад байхад албан тушаалын гэмт хэргийг хүнд, бүр онц хүндэд авч үздэг. Гэтэл манайд хүндэвтэр буюу 5-10 хүртэлх жилийн ял оноох хуулийн заалттай хэрнээ Өршөөл үзүүлээд сууж байдаг. Бас л учир дутагдалтай юм аа? 

-Ардчилсан улс оронд албан тушаалын гэмт хэргийг бүх төрлийн гэмт хэргүүдээс хүндээр авч үздэг. Өөрөөр хэлбэл, онц хүнд гэмт хэрэгт тооцож 10-аас дээш жилийн ял оноодог хуультай. Ганцхан жишээ дурдахад л, манай нийгмийн ахуй байдалтай ижил төстэй Хятадад л гэхэд албан тушаалын гэмт хэрэгтэнд бүр цаазаар авах ял оноодог. Ер нь албан тушаалтнууд өөрсдөдөө зориулж дээрх хуулийн заалтыг хөнгөрүүлж байна гэж харж байна. Албан тушаалтнуудад оногдуулах ялыг хөнгөрүүлэх тусмаа улс орны хөгжил сулран доройтдог. Улс орны хөгжлийн гол түлхүүр болсон мөнгө, баялгийг идчихээр улс орон яаж хөгжихөв дээ. Улмаар ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эдлэх ялыг сулруулж өгснөөр манай улсыг дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд оруулж байна. Авлига хээл хахууль улам бүр хөгжих бололцоог нээж байна.

Мөн албан тушаалын гэмт хэрэгтнүүд баригдахгүй явсаар байвал таван жилийн дотор хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихдаг талтай. Гэтэл одоо бүр баригдлаа гэж бодоход таван жилийн дараа Өршөөлийн суллагдах боломжтой болчихлоо.

-Өршөөлийн хууль ер нь нийгэмд их хүлээлт үүсгэдэг. Гэтэл ийм байдлаар лобби орсон, эрх мэдэлтнүүдэд илүү ээлтэйгээр батлагдана гэж олон нийтийн зүгээс төсөөлөөгүй байх? 

-Өршөөлийн хууль гарах нь бол зөв. Гэхдээ ялын байдал, гэмт хэргийг өршөөж буй байдал нь албан тушаалтнуудад ээлтэй гарч байгаа нь ёс зүйгүй юм. Ерөөсөө л албан тушаалтнуудын харьяалагддаг гэмт хэргийг өршөөхгүй тухай заалт оруулчих л юм бол болж байна. Тухайлбал, олон нийтийн үйлддэг 181.2 гэж танхайн гэмт хэргийг Өршөөлийн хуульд оруулахгүй гэсэн. Тийм л юм бол үүнийг ч бас Өршөөлд хамруулах л хэрэгтэй шүү дээ. Ямар учраас жирийн иргэдийн үйлддэг гэмт хэргийг өршөөлд оруулахгүй гэж заасан хэрнээ, албан тушаалтнуудын заалтыг тусгаж өгч байгаа юм бэ?

Энэ нь өөрөө улс орны мөнгийг идэж болно гэх ухамсрыг албан тушаалтнуудад суулгаж байна. Гэтэл улс эх орон мөнгөгүй болчихвол яаж хөгжих юм. Энэ бүхэн цаанаа улсын хөгжилд саад, чөдөр тушаа болж байна. Таван жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль гарч байгаа нь “Цагаан захтан”-гуудад боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, Төрөөс төрсөн тэрбумтангууд олноороо бий болох нөхцөлийг бүрдүүлэх юм. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтангууд энэхүү мөнгөө ядаж эх орондоо үрэхгүй байна шүү дээ. Шууд гадагш нь гаргаж байна.

-Энэхүү Өршөөлийн хууль 10-аас дээш жилийн ялтай хоригдлуудад тусахгүй. Харин 5-10 жилийн хорих ял авсан хүмүүжигчдийн 2 жил хүртэлх хугацааг хасч байгаа гэсэн. Энэ тал дээр? 

-Уг нь үнэхээр өршөөж байгаа бол 50 хүртэлх хувийг нь өршөөчих хэрэгтэй юм л даа. Одоогийн байгаа 9000 хоригдлын 50 хүртэлх хувийг өршөөчих хэрэгтэй. Ингэвэл жинхэнэ өршөөл болж чадна шүү дээ. Гэтэл өнөөдөр 9000 хоригдлоос 1800 хүн өршөөсөн нь бодит үнэн. Өршөөгдөж байгаа гэх 1800 хүнд ял нь тэнсэлсэн, ял хойшлуулсан, эсвэл баривчлагааны хүмүүс бий. Тэгэхээр ерөнхийдөө 500-600 хүн л шоронгоос суллагдах юм. 

-Нэг талаасаа цөөн тооны хүн суллаж байгаа нь олон хоригдол суллагдах вий гэсэн нийгмийн айдастай холбоотой байх? 

-Хорих байгууллагуудаас 1000-аад хүн л өршөөгдөж байгаа. Ямар учиртайг иргэдийн зүгээс асуухаар хоригдлууд олноороо гараад ирвэл гэмт хэрэг үйлдэнэ гэж ард иргэдийг айлгадаг. Тэгэнгүүт ард иргэд Өршөөлийн хууль гарахаас айдаг. Энэ байдлыг ашиглаж Өршөөлийн хууль гаргаж олон хүнийг өршөөхгүй байж “Цагаан захтан”-уудын хэргийг оруулж өгч байгаа нь “явуулга” аятай. 

Ийм байдлаас болж Н.Энхбаяр мэтийн гэмт хэрэгтнүүд буцаж төрийн сэнтийд залрахаар ороод ирж байна.

-Таны хувьд Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд нөлөө үзүүлсэн хүн гэж бодож байна уу? 

-Өршөөлийн хууль мягмар гарагийн орой батлагдахад маргааш нь хүрээд ирж байгаа. Тэгээд ичихгүй өнөөдөр би гэмт хэрэгтэн биш гээд яриад явж байдаг. Үнэхээр Н.Энхбаяр мэтийн хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болох ч гэмт хэрэгтэн хэвээрээ л үлдэнэ шүү дээ. Тэртээ тэргүй шүүхээс ял авчихсан хүн шүү дээ. “Авлигын загалмайлсан эцэг” гэгч энэ хүнийг Шадар сайд болгочихвол ард түмний төрд итгэл итгэлцэл алдагдана. Энэ хүн улс төрд гарвал өшөө авалт хийсээр байгаад таарна. Бид ч гэмт хэрэгтнээр улсаа удирдуулах болоогүй. Хэрэв ийм зүйл болвол дэлхийд шившиг болно.

Ийм байхад Шадар сайд болгоно гэж хүртэл ярьж байна. “Авлигын загалмайлсан эцэг” гэгч энэ хүнийг Шадар сайд болгочихвол ард түмний төрд итгэл итгэлцэл алдагдана. Энэ хүн улс төрд гарвал өшөө авалт хийсээр байгаад таарна. Бид ч гэмт хэрэгтнээр улсаа удирдуулах болоогүй. Хэрэв ийм зүйл болбол дэлхийд шившиг болно. “Хэрээ цагаанаар будаад ч цагаан болдоггүй” шүү дээ.

Ч.Сайханбилэг нарын хүмүүс албан тушаалд дурлаж, албан тушаалтайгаа үлдэхийн тулд дотоодын зөрчил тэмцлээ дарж чадахгүй ингэж Өршөөлийн хуулиар далимдуулж хэсэг бүлэг этгээдэд боломж олгож болохгүй. Өөрөөр хэлбэл, МАХН болох сул хүчнийг хүчирхэгжүүлж болохгүй. Тэд албан тушаалтай зууралдаж хэдэн төгрөг олохын тулд ингэж бэлтгэгдэж, боловсрогдоогүй байгаа улс төрийн сул хүчнийг хүчирхэг болгосноороо өөрсдөө улам бүр их захгүй хэрүүл тэмцлийг бий болгож байна. Гурван хүчтэй улс төрийн хүчин бий болвол энэ улс орон хөл толгой нь мэдэгдэхгүй юм болно. Манайх шиг улс төрийн үзэл бодолдоо туйлбаргүй байдаг улс орон өөр хоорондоо талцаж тарж бутрах ч нөхцөл байдал бий болж мэднэ. Тэгэхээр бид өөрсдөө албан тушаалд дуртай байдлаасаа болж улс эх орон, эдийн засгийн нөхцөлөө сулран доройтох нөхцөл байдлыг бүрдүүлж болохгүй.

-Албан тушаалын хэргээс болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулаад байх шиг байна. Таны хувьд зөв гэж харж байна уу? 

-Ард түмнээ өршөөж болно. Гэхдээ албан тушаалтнуудад холбогдох хэргийг өршөөснөөрөө улс эх оронд хэдэн тэрбумын хохирол учирна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хор уршиг нь арилаагүй байхад өршөөчихөж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн хэдхэн хүний хэргийн хохирлыг тооцоход хэдэн мянган тэрбумын дүн гардаг. Үүгээрээ нийгэмд маш хор хөнөөлтэй. Гэтэл хэдэн мянган жирийн иргэдийн үйлддэг гэмт хэрэг нийлээд нийлээд 1-2 тэрбум л болдог. Албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг үнэхээр өршөөмөөр байвал нийгмийн хор хөнөөлийг нь арилгуулж хохирлыг нь төлүүлчих хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалтанд холбогдох зүйл заалтыг өршөөлд хамруулснаар Э/Х-ийн 9.1т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хууль ёсны зарчим алдагдахад хүрч байна. Ингэж нэг хуулийн заалтаар нөгөө хуулийнхаа заалтыг зөрчиж болохгүй.

-Өнөөдрийн нөхцөл байдлаар бол Эрүүгийн хуулийг засах, залруулах боломж байхгүй болчихож байгаа юу? 

-Өршөөлийн хуулийг бол засах арга байхгүй. Гэхдээ 263 буюу албан тушаалын хэргийг оруулахаа л болчих хэрэгтэй. Албан тушаалтнуудыг заавал өршөөж яах юм. Тэртээ тэргүй тэд нар чин цөөхөн жилийн ял авдаг. Хэрэг нь угаасаа хүндэвтэр, тэнсэн авах ч боломжой. Гэтэл ийм зүйлийг өршөөж яах юм бэ. Ядаж хохирлыг нь төлүүлж, “амтших”-аас сэргийлэх хэрэгтэй байна. Ингэж ялгажтайгаар Өршөөлийн хуулийг хэрэглэхгүй бол маш их хэмжээний хохирол улс оронд учруулан нөхдүүд өнөөх мөнгөө чөлөөтэйгээр захиран зарцуулах эрхтэй болж байна.

Энэ мөнгөөрөө тэд улайм цайм үйлдвэр завод барихгүй, гадагшаагаа мөнгөө зөөгөөд аваад гарчихна. Тэгвэл тэр хэмжээгээрээ л улс орны эдийн засаг сулран доройтно.

-Өршөөлийн хууль төдийгүй ямар ч хуулийг батлахын өмнө салбарынх нь мэргэжилтнүүдээс санал зөвлөмжийг авдаг. Гэтэл Өршөөлийн хууль батлагдсаны дараа салбарынх нь буюу хуулийн байгууллагууд, хуульчид эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ? 

-Учир дутагдалтай санал авсан нь харагдаж байна. Ерөнхийдөө толгойд нь сууж байгаа удирдлагуудаас авчихсан. Тухайлбал, АТГ, Хууль зүйн яамны дарга нараас авчихаж байгаа юм чинь тэд өөрсдийгөө л хамгаалж санал өгнө шүү дээ. Гэтэл жирийн бид нар шиг албан хаагчдаас санал аваагүй байна. Тэд албан тушаалын хэргийг оруулая гэж санал өгөхгүй нь тодорхой.

-Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд хориг тавихыг таны хувьд дэмжиж байна гэж ойлгож болох уу? 

-Өмнө нь таван удаа Өршөөлийн хууль батлагдаж байхад ийм зүйл болж байгаагүй. Гэтэл энэ удаад Ерөнхийлөгч анх удаагаа хориг тавьж магадгүй байдалтай байна. Энэ чинь нийгмийн захиалга, ард түмний хүсэл зорилгыг зөрчсөн хууль байсныг харуулж байгаа юм.
Өршөөлийн хууль зарим хүмүүс хайр энэрэлгүй хандаж, цөөнх хүмүүст тусгалаа олж байна гэдэг утгагүй зүйл юм. Ийм өршөөл гэж юу байхав. Ял багасгаж байгаа хүмүүсийнхээ тоог оруулчихаад 1800 гаруй хүнийг өршөөж байна гэх зүйл ярьж байна. Тодруулбал, ял хойшилсон, тэнсэн харгалзах ял авсан хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулж байгаа юм. Тэгэхээр яг суллагдах хүмүүсийн тоо дээр хэлсэнчлэн 500-600 л болж байгаа гэсэн үг.

-Суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх асуудал учир дутагдалтай байна. Суллагдсан хүмүүсийн ихэнх нь дахин гэмт хэрэг үйлдэж шоронд ордог гэх яриа байдаг? 

-Судалгаагаар хэрэг үйлдээд өршөөлд хамрагдсан хүмүүсийн 6 хувь нь шоронд эргэн орсон байдаг. Гэтэл баахан хүмүүсийг шоронгоос гарах гэж байна хэмээн нийгэмд айдас төрүүлж байна. Олон жил хоригдсон, шалгагдсан хүмүүс хүссэн хүсээгүй наранд байгаа хүмүүсээс илүү айдастай, ухамсартай болчихсон байдаг. 1000 хүн суллагдлаа гэхэд 50-60 хүн л эргэн орох тохиолдол байдаг.

Ярилцсан Д.Ундрах
Эх сурвалж: www.24tsag.mn
“Бид гэмт хэрэгтнээр улсаа удирдуулах болоогүй” ярилцлага