Ц.Энхцэнгэл: Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орохоос татгалзаж байна

A- A A+
Ц.Энхцэнгэл: Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орохоос татгалзаж байна

Тэрээр мэдэгдэлдээ “Монгол Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцэн баталсан явдал олон нийтийн анхаарал татаж, шүүмжлэл дагуулж байгаа нь зүй ёсных юм. Эрүүгийн хуульд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан АТГ-ын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал, болон төрийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангарагаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалгаж байна” хэмээжээ.

Ц.Энхцэнгэлийг Хууль зүйн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд оруулахаар болжээ. Тэрээр 2004 оны “Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Авлигатай тэмцэх бие даасан байгууллага буюу АТГ-ыг байгуулах хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцож байжээ. Хожим нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажиллаж байсан гэв.

Мөн Ц.Энхцэнгэл “АТГ-аас өгсөн албан мэдээллээр 120 албан тушаалтны хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Тэдгээр гэмт хэрэгтнүүд эрүүгийн хариуцлагаас бултана гэсэн үг. Өршөөл үзүүлэх хууль дэлхий нийтэд хэрэглэгддэг. Онцгой нөхцөлд өршөөл үзүүлэх зарчимтай. Үүнийг далимдуулж дэлхий нийтэд Өршөөл үзүүлэх тухай хуульд хэзээ ч ордоггүй албан тушаалтнуудыг оруулж байгаа нь өөрөө хариуцлагагүй үйлдэл” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: www.ikon.mn