Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.08-14/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.08-14/

Олон улсын шударга ёсны төлөөх “Аллард” шагналын эздийг тодрууллаа. (2015.08.06) 

Колумб: Их Британийн хуулийн сургууль Питер А.Аллардын нэрэмжит Олон улсын шударга ёсны төлөөх “Аллард”-ын шагналын 2015 оны дөрвөн эзнийг тодрууллаа. Тус сургуулийн төгсөгч Питер А.Аллард энэхүү шагналыг анх санаачлан, санхүүжүүлжээ. 100.000 ам.долларын шагналын сантай энэхүү шагнал нь авлигатай тэмцэх, хүний эрхийг сурталчлах салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том шагналуудын нэг юм. Энэ шагналыг хамгийн анх 2013 онд олгож байжээ. 

Питер А.Аллард “Энэ жилийн шагналын эзэд гарч болох эрсдлийг үл тоон, эр зориг, манлайллыг харуулж, ил тод байдал, хариуцлагатай байдал, хууль ёс, авлигын эсрэг тууштай, мятрашгүй тэмцэгч гэдгээ баталсан. Бид бүхэн эдгээр баатрууддаа хүндлэл үзүүлж, тэдний түүх бид бүгдийн хувь хүн гэсэн шинж чанарт өөрчлөлт авчирна гэж итгэж байна” гэжээ. 

“Аллард”-ын шагналын ялагчдыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Их Британийн хуулийн сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээний үеэр олон нийтэд зарлах юм байна. 

Их Британийн хуулийн сургуулийн захирал Катерина Даувергне “Энэхүү шагнал нь манай сургуульд онцгой байр эзэлдэг бөгөөд жил бүр энэхүү шагналын эздийг тодруулснаар хуулийн сургуулиудын хүний эрхийн төлөө тэмцдэг, дэлхий дахинд бодит өөрчлөлтүүдийг авчрах гэсэн чин хүсэл эрмэлзлийг харуулж буй бодит үйл явдал юм. Бид бүхэн энэхүү шагналыг санаачилсан Питер Аллардад үргэлж талархах болно” гэжээ. 

Эх сурвалж

Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийн хүртээмжтэй байдлын талаар төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлнэ. (2015.08.07) 

Камбож: Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Засгийн газрын мэдээллүүдэд Камбожийн жирийн иргэд нэвтрэн орж, мэдээлэл авах боломжийг олгосон удаан хүлээлт үүсгээд байгаа Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийн талаар үндэсний хэмжээнд олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах гэж байна. 

Өнгөрсөн баасан гаригт Орон нутгийн болон Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчид Фном Пенх-т уулзаж, Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийн хүртээмжтэй байдлын талаар санал бодлоо солилцож, үзэл бодлоо илэрхийлжээ. 
Тус улсын Засгийн газар энэ хуулийн төсөл дээр бараг арав гаруй жил ажиллаж байна. “Энэ хуулийг баталбал улс орныг хэрхэн удирдаж байгаа талаарх мэдээллийг Засгийн газар ил тод, нээлттэй гаргаснаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тодорхой түлхэц болно” гэж дэмжигчид үзэж байна.

Энэхүү хуулийн төслийг ЮНЕСКО, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагатай хамтран, тус улсын Мэдээллийн сайд Хию Канхаритын удирдлаган доор боловсруулжээ. 

Эх сурвалж

Франц Улс Габон улсын албан тушаалтны эсрэг хэрэг үүсгэлээ. (2015.08.09)

Франц: Тус улс Габон улсын Ерөнхийлөгч Али Бонгогийн туслахыг хууль бус гэрээг гүйцэтгэхийн тулд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн, шалгаж эхэлсэн гэж өнгөрсөн Бямба гарагт мэдээлсэн байна. 

Франц Улсын цагдаагийн байгууллага өнгөрсөн Даваа гарагт Ерөнхийлөгчийн туслах Майксент Аккромбессийг саатуулж байцаасан боловч дипломат халдашгүй байдлын улмаас сулласан байна. Энэ үйл явдлыг Габон Улсын зүгээс хурцаар шүүмжилжээ. 

Түүнийг 2005 оны сүүлээр цэргийн дүрэмт хувцас үйлдэрлэдэг Францын компанитай гэрээ байгуулахдаа хээл хахууль авсан хэмээн үзэж байгаа ба түүнд хээл хахууль өгсөн гэх Францын компанийн захирал Филипп Белинийг мөн шалгаж эхэлсэн байна. 

Майксент Аккромбесс нь Габон улсын Ерөнхийлөгч Али Бонгогийн хамгийн дотны зөвлөхүүдийн нэг бөгөөд эргэн ирснийхээ дараа өөрийн фейсбүүк хуудаснаа “Би Франц Улсын хуулийн дагуу шалгуулсан боловч манай улсын тусгаар тогтнолыг хангаж, миний дипломат халдашгүй байдлыг хүндлэн намайг сулласан” гэсэн боловч холбогдсон хэргийнхээ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Габон Улсын Ерөнхийлөгч Али Бонго “Майксент Аккромбессийг саатуулж байцаасан үйл явдал нь түүний эрх мэдэлтэй огтоос хамааралгүй байсан боловч төрийн үйл ажиллагааг дарангуйлсан явдал болсон. Манай улс цэргийн болон улс төрийн үйл ажиллагаагаар дамжуулан Франц Улстай олон жилийн турш сайн харилцаатай байсаар ирсэн” гэжээ. 

Энэхүү сайн харилцаа муудаж байгаагийн шалтгаан нь 2009 онд Габон улсад маргаантай болж өнгөрсөн сонгуульд Али Бонго өөрийн эцгийг ялж гарч ирсэн болог Франц улс үүнтэй холбоотойгоор түүний гэр бүлийн хөрөнгийг шалгаж эхэлсэн явдал юм. 

Габонд Франц улсын хамгийн том газрын тос үйлдвэрлэгч байдаг бөгөөд энэ үйлдвэр өдөрт ойролцоогоор 230.000 баррель газрын тосыг шахдаг байна. 

Эх сурвалж

БНХАУ-д авлигын хэргээр сэжиглэгдэж буй хүмүүс амиа хорловол прокурорууд буруутна. (2015.08.07)

БНХАУ: Авлигын хэрэгт холбогдон баривчлагдан, шалгагдаж байгаа хэд хэдэн сэжигтнүүд “Бид амиа хорловол, бидний үхэлд албан тушаалаа урвуулан биднийг авлигын хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж буй прокурорууд буруудаж, ял шийтгэгдэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. 

БНХАУ-ын Си Зиньпин ерөнхийлөгчийн удирдлаган дор хамгийн хүчтэй авлигын эсрэг компанит ажлыг эхлүүлсэн ба үүнд хамгийн түрүүнд ахлах болон дунд шатны албан тушаалтнуудыг хамруулан, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын талаар жагсаалт гаргасан байна. Гэтэл эдгээр албан тушаалтнуудын зарим нь эрүүгийн ял шийтгэлээс зугтаах эсхүл гэр бүлийнхээ төлөө амиа хорлох болсон байна. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд олон тэрбум долларын төрийн өмчит Хятадын хүнд машин механизм үйлдвэрлэгч компанийн даргыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсний дараахан албан өрөөндөө дүүжлэгдсэн байдалтай олдсон байна. 

Тус улсын “Цайшин” бизнесийн сэтгүүл 2012 оноос хойш намын болон засгийн газрын 50 гаруй албан тушаалтан “зуурдаар” нас барсан тухай олон нийтэд мэдэгдсэн байна.

Улсын прокурорын газраас албан тушаалаа урвуулсан буюу авлига, хээл хахуулийн хэрэг шалгах ажилд онцгой анхаарал тавьж, хэргийг шалгахтай холбоотой 8 тушаал гаргасан байна. Жишээ нь: Хэрэв шалгагдаж буй сэжигтэн нь зугтаах, гэмтэх, эсхүл албан тушаалтны “хууль бус” буюу “хариуцлагагүй” үйлдлийн улмаас амиа хорлосон тохиолдолд тэдэнд сахилгын, эсхүл хуулийн дагуу арга хэмжээ авна. Мөн хэрэгт хяналт тавьж буй прокурорууд мөрдөн шалгаж буй компаниудаасаа мөнгө авах, шалтгаангүйгээр албадлагын арга хэмжээ ногдуулах, эсхүл хүч хэрэглэн хэрэг хүлээлгэхийг хоригложээ. 

Эх сурвалж

Хана хүртэл нүдтэй. (2015.08.12) 

Кабул: Тус улсын хэсэг зураачид хамтран Ерөнхийлөгчийн ордны гадна ханан дээр томоос том хоёр нүдийг маш тод өнгөөр зурсан байна. Зурсан нүднийхээ хажууд Афганы хоёр үндсэн хэл болох Дари, Пашто хэлээр “Авлигыг бурхнаас, эсхүл ард түмнээс нуух ямар ч боломжгүй” хэмээн бичсэн байна. 

Энэхүү зураг нь нэгэн хэвийн уйтгартай гудамжинд өнгө нэмэх, мөн үүгээр дамжуулж нийгэмд хэвийн үзэгдэл болоод буй авлигын эсрэг мессежийг өгөх болно. 

Зураачдын нэг 35 настай Марьяам “Энэ хоёр нүд бол авлигаас залхсан Афганчуудын нүд бөгөөд албан тушаалтнуудыг хээл хахууль авч болзошгүй хэмээн ширтэж байгаа юм” гэжээ. 

Сүүлийн жилүүдэд Кабулд гарсан Талибаны үймээн самуунаас болж саарал цементэн том том хана босгох нь түгээмэл болж, энэхүү ханаар ихэвчлэн баячууд, эрх дархтнуудыг тусгаарлаж, хамгаалдаг байна. 

Зураач Кабир Мокамел “Энэ том том хананууд биднийг хамгаалах уу? Дотор нь байгаа хүмүүсийг л хамгаална. Харин бид хананы гадна талд байна” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. (2015.08.12)

Нигер: Тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари нь авлигыг устгах, хуулийн системийг шинэчлэх оновчтой, үр дүнтэй арга замыг эрж хайх зорилго бүхий 7 гишүүнтэй зөвлөх хороог байгуулсан явдал нь олны талархлыг ихэд хүлээв.

Өнгөрсөн 3 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар яагаад Мухаммаду Бухариг ерөнхийлөгчөөр сонгосон бэ? гэж асуувал ихэнх Нигеричүүд түүнийг ил тод байдлыг тогтоож, авлигад идэгдсэн улсыг цэвэрлэнэ гэж амласан учраас сонгосон гэж хариулна. 

Өнгөрсөн 5 дугаар сард албан тушаалаа хүлээн авснаас хойш ерөнхийлөгч Бухари цэргийн бүх өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, Нигерийн Үндэсний нефтийн корпорацийн өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбоотой гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна. Тус улсын олон тэрбум ам.долларын нефтийг үйлдвэрлэдэг уг корпораци хамгийн их авлигад идэгдсэн төрийн байгууллагуудын нэг гэж үзэж түүний үйл ажиллагааг мөрдөн шалгахыг даалгасан байна. 

Авлигын эсрэг хороо болон Цагдаагийн газар өмнөх ерөнхийлөгч Гүүдлак Жонатаны засаглалын үед албан тушаал хашиж байсан аюулгүйн болон улс төрийн зарим ахлах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна. 

Ерөнхийлөгч Мухаммаду Бухариги тус улсын албан тушаалтнууд төрийн халааснаас 150 гаруй сая ам.доллар /135 сая евро/ хулгайлсан гэжээ. 

Транспарэнси Интернэйшнл байгууллагын Нигери дэх салбарын тэргүүн Авал Муса Рафсанжани “Ерөнхийлөгчийн байгуулсан зөвлөх хорооны бүрэлдэхүүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байна. Нигер хүн бүр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй" гэж хэлснийг Нигерчүүд дэмжсэн байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг зөвлөлийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн буруутгалаа. (2015.08.11)

Армен: Авлигын эсрэг сүр дуулиантай хөдөлгөөн эхлүүлээд байсан Авлигын эсрэг зөвлөлийн үйл ажиллагаанд асуудал үүсэв. Учир нь тус зөвлөлийн гишүүд болон даргыг зөвлөлийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн буруутгажээ. 

Европын холбоо болон Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилтээ авдаг Авлигын эсрэг зөвлөл 7 дугаар сард үйл ажиллагаа эхлүүлсэн ба тус зөвлөлд сөрөг хүчний нам болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орно гэж үзсэн боловч одоог хүртэл тэдгээрээс хэн ч нэгдээгүй байна. Учир нь тэд зөвлөлийн үйл ажиллагаанд эргэлзэж байгаа аж. 

2014 онд Транспарэнси Интернэйшнл байгууллагаас гаргасан төрийн салбар дахь авлигын төсөөллийн индексээр 175 орноос 94-т жагссан байна. 

Авлигын эсрэг зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ховик Абрахамьян зөвлөлийн үйл ажиллагааны нээлтэд үг хэлэхдээ “Авлигатай тэмцэх “хүсэл зорилго”-той, хуулиа даган мөрдсөн, ухамсартай төрийн албан хаагчдыг бүрдүүлнэ” гэж мэдэгджээ.

Гэвч тэрээр Авлигын эсрэг зөвлөлийг удирдахад тохирох эсэх нь эргэлзээтэй. Учир нь саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өндөр өртөгтэй хэд хэдэн хувийн нислэгийн компанийн тийзийг худалдан авсан талаарх мэдээлэл нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд албан хаагчдыг мөнгөө хэмнэж, шаардлагагүй гадаад аяллаас татгалзахыг шаардсан ч өөрөө 07 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын хувийн нислэгийн компанид 31.448 сая драм (66.000 ам.доллар) төлсөн нь түүний Парист хийсэн албан томилолтын зардал байжээ. Орон нутгийн аяллын компанийн мэдээлж байгаагаар ийм аялалын хамгийн дээд өртөг нь $3.340 ам.доллар л болох аж.

Армен улс 3 сая гаруй хүн амтай, нийт хүн амын гуравны нэг нь нэн ядуу, сарын дундаж цалин 383 ам.доллартай тэнцэж байхад түүний энэ олон аяллууд олны дүргүйцлийг хүргээд байгаа юм байна. 

Эх сурвалж

Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах хороо төрийн албан хаагчийн “зүй бус үйлдэл”-ийг шалгана. (2015.08.09)

Непал: Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах хороо үндсэн хуулийн байгууллага болон төрийн албан хаагчдын “зүй бус үйлдэл”-ийг мөрдөн шалгана. 

Тус хороо нь “зүй бус үйлдэл”-ийг хуулийг үл тоомсорлосон, зөрчсөн, улс, оронд хохирол учруулж болзошгүй гаргасан аливаа шийдвэр, тушаал гэж тодорхойлсон байна. 

Төрийн албан тушаалтан эрх мэдлээ буруугаар ашиглах нь авлигатай харьцуулахад хор уршиг бага мэт боловч түүний нөлөө нь Непал мэтийн хөгжил багатай улс орнуудад асар их байдаг байна. 

Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах хороо төрийн бүх албан тушаалтны авлигын хэргийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй боловч одоогийн өргөн баригдаж байгаа Үндсэн хуулийн төсөлд хорооны хэд хэдэн эрхийг хасах талаар тусгасан байна. 

Гэхдээ одоог хүртэл Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албан хаагчдыг баривчлах, мөрдөн шалгалт дууссаны дараа гэм буруутай нь тогтоогдвол яллах дүгнэлт үйлдэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. 

Транспарэнси Интернэйшнл байгууллагын Непал дахь салбарын захирал Бхарат Бахадур Тхапа “Авлигад өртөх магадлалтай манайх шиг улсад авлигын эсрэг байгууллагыг бие даасан агентлаг болгон байгуулахаас өөр арга байхгүй” гэжээ. 

Транспарэнси Интернэйшнл байгууллагын 2014 оны Авлигын төсөөллийн индексээр Непал улс 175 орноос 126-т жагсаж, өндөр авлигатай улсуудын тоонд орсон байна. Тус судалгаагаар улс төрийн намууд болон төрийн үйлчилгээ хамгийн авлига ихтэй байгууллагуудаар нэрлэгджээ. 

Эх сурвалж