Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.15-21/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.15-21/

Өмнөд Солонгос эдийн засгаа сэргээх зорилгоор бизнес эрхлэгч зэрэг 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлнэ (2015.08.15) 

Өмнөд Солонгос. Тус Улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Эдгээр гэмт хэрэгтнүүдийн дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группийн тэргүүн багтаж байгаа юм. 

6527 хүнийг өршөөх энэхүү шийдвэр бол эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой хэмээн Ерөнхийлөгч Пак Гын-Хэ мэдэгдсэн ч, үүнийг тэргүүлэх бизнесийн элитүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, өршөөгдөж буй гэмт хэрэгтнүүдийн дунд хөрөнгө завшсан хэргээр 4 жилийн хорих ял авсан (2013 оны 1 дүгээр сард) Өмнөд Солонгосын тэргүүлэх конгломерат -ийн нэг болох “SK Group”-ийн тэргүүн Чей Тай-вон багтаж байгаа юм. 

Шоронд хоригдох хугацаандаа ч “SK Group”-ийг тэргүүлж буй ноён Чей Тай-вон болон бусад томоохон 13 бизнес эрхлэгчийг уг өршөөлд хамрагдаж байгаа энэхүү шийдвэрийг Засгийн газраас эдийн засгаа сэргээх зорилготой алхам хэмээн хамгаалж байгаа билээ. 

Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн таамгийг 3.8-аас 3.1 болгон бууруулсаны дараагаар эдийн засгаа сэргээх зорилгоор 20 тэрбум ам долларын санхүүгийн урамшууллын багц гаргаж байгаагаа ч мэдэгдээд байгаа юм. 

Энэхүү өршөөл үзүүлэх шийдвэр нь 2013 онд сонгогдсон Ерөнхийлөгч Пак-ийн хамгийн анхных юм. Харчирхалтай нь ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх эрхийг хязгаарлахын дэмждэгээ Пак сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан билээ. 

Ерөнхийлөгч Пакийн энэхүү шийдвэр нь Дэлхийн 2 дугаар дайн төгссөн, Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойгоос гарсны 70 жилийн ойтой давхцаж байгаа юм. 

Эх сурвалж

Авлигын улмаас ерөнхийлөгчөө огцрохыг шаардан олон мянган бразилчууд жагсаал хийж байна (2015.8.17)

Бразил. Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд боллоо. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэфф -ийг огцрохыг шаардаж байгаа нь энэ юм. Жагсагчид “Дилма огцор!” хэмээн шаардахын зэрэгцээ төрийн дууллаа дуулан тайван замаар жагсаж байна. Жагсаал Бразилийн томоохон хотууд тухайлбал, нийслэл Рио-де-Жанейро, хамгийн том хот Сан-Паулу зэрэг өнгөрөгч ням гарагт эхэлсэн байна. 

Сан-Паулу хотод жагсаалд оролцож байгаа иргэдийн тоог гаргаагүй байгаа ч цагдаа нарын тооцооллыг иш татан “G1 news” агентлагийн мэдээлснээр нийтдээ 419000 орчим хүн жагсаж байгаа гэсэн бол жагсаалыг зохион байгуулагчид 664000 орчим хүн байгаа хэмээн мэдэгдсэн юм. 

Энэ удаагийн жагсаал бол Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал юм. Өмнөх жагсаалууд нь энэ оны 3, 4 дүгээр сард болоод байсан билээ. 

“Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал хандуулахгүй бол тэднийг ч мөн буруутгах болно” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох “Vem Pra Rua” хөдөлгөөний тэргүүн Рожерио хэлсэн юм. 

Зүүний чиглэлийн буюу Ажилтны намын гишүүн асан Ерөнхийлөгч Руссэфф албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулагчдыг төрийн эргэлт хийх оролдлого хийж байгаатай адилтган үзэж байгаа юм. 

Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэл нь Руссэффийн Ажилтны намын өндөр албан тушаал бүхий цөөн бус гишүүд тус улсын төрийн өмчид газрын тосны компани болох “Petrobras”-ийн хэрэгт холбогдсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, прокуроруудын шалгаж буй уг хэрэгт одоогийн ерөнхийлөгч шууд оролцоогүй бол ямар нэгэн байдлаар шууд бусаар оролцсон гэж жагсагчид үзэж байгаа юм.

Эх сурвалж

Оросын армийн командлагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа (2015.8.16)

ОХУ. Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркин -ийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

59 настай Чиркин нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт хүчнийг тэргүүлж байсан билээ. Чиркин нь Оросын армиас авлигын хэрэгт холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан болоод байна. 

Батлан хамгаалах яамнаас орон сууц авахыг хүссэн нэгэн офицероос 2008 онд 450000 рубль (тухайн үедээ 20000 ам.доллар) авсан хэмээн түүнийг прокурорууд буруутгаж байсан юм. 

Чиркинд хахууль өгсөн офицер уг мөнгийг өгсөний дараагаар яамнаас авсан байрандаа нүүж орох гэсэн боловч тухай байранд аль хэдийн өөр гэр бүл амьдарч байсан бөгөөд энэ талаар прокуроруудад офицер гомдол гаргасан үйл явдал болсон билээ.

Москва дахь армийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Мицук -ийн хэлснээр шүүх түүнийг буруутай болохыг тогтоож, чанга дэглэмтэй шоронд 5 жил хорих ял ногдуулсан байна. 

Чиркин бол Чечень дэх Оросын дайнд командлагчаар оролцож байсан мэргэжлийн цэргийн хүн бөгөөд 2013 оын 5 дугаар сард Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалыг ч удирдаж байсан хүн юм. 

Эх сурвалж

АНУ-ын визийн асуудал хариуцаж байсан ажилтан ял авчээ (2015.8.14) 

АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак Вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. Вашингтон хот дахь холбооны шүүхээс түүнд уг ялыг өнгөрөгч баасан гарагт ногдуулсан байна. 

2013 оны 11 дүгээр сард явагдсан хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм. 

Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. 

Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж

Дэлбэрэлтийн дараа хөдөлмөрийн аюулгүй байдлын даргыг мөрдөн шалгахаар болов (2015.8.18) 

БНХАУ. Өнгөрөгч 7 хоногт Хятадын Тяньжин хотын боомтод дэлбэрэлт болж 100 гаруй хүн амь насаа алдсаны дараа Коммунист намын авлигатай тэмцэх байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан байгууллагын даргыг шалгах болсноо мэдэгдлээ. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын дарга Ян Донлингийг намын сахилга болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйд сэжиглэн “мөрдөн шалгах үйл ажиллагаа” явуулж байна хэмээн Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд албан ёсоор мэдэгдсэн байна. 

Уг хорооноос хэргийн талаар болон Тяньжины дэлбэрэлтийн талаар дурдаагүй юм. Мөн энэ талаар Ян Донлингоос тодруулга авах боломжгүй байв. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын газар бол хор, аюул ихтэй химийн бодистой харьцаж байдаг компаниудын талаарх бодлогын зохицуулалтыг хийж байдаг засгийн газрын олон байгууллагуудын нэг юм. 

Эх сурвалж

Авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлнэ (2015.8.18)

Индонез. 8 дугаар сарын 17-ны өдөр буюу Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтнүүдийн ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан , Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүмүүс багтаж байгаа билээ. 

Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсоны 1938 нь авлигын гэмт хэрэгтэн байгаа хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Акбар Хади мэдэгдэв. Үүнээс гадна нэмэлт байдлаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан авлигын 848 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлээгүй байгаа хэмээн Акбар Хади мэдэгдэв. Ялаа хөнгөрүүлээгүй байгаа 848 гэмт хэрэгтний тоонд Ардчилсан намын гишүүн асан Анжелина Сондах , Үндсэн хуулийн цэцийн дарга асан Акил Мочтар , Вантен мужийн захирагч Рату Атут Чосияах нар багтаж байгаа юм.

М.Назаруддиныг авлигын хэрэгт буруутай болохыг нь тогтоож Жакартагийн Авлигын хэргийн шүүхээс 2012 онд 14.0 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний торгууль төлөх, 4 жил 10 сар ял эдлэх шийтгэл ногдуулж байсан бол Дээд шүүхээс түүний ялыг 2013 онд 3 жилээр нэмсэн билээ. Харин Гаус Тамбунанг хээл хахууль авсан, мөнгө угаасан, ялаас зугтахын тулд цагдаагийн алба хаагч нарт хээл хахууль өгсөн зэрэг олон гэмт хэрэгт буруутган 2013 оны 8 дугаар сард 30 жилийн ял ногдуулсан билээ. Улмаар Гаус Тамбунангийн ялыг өнгөрсөн онд 5 сараар бууруулсан юм. 

Засгийн газрын тогтоол ((PP) No. 99/2012)-д зааснаар ял эдэлж буй гэмт хэрэгтэн торгуулиа бүрэн төлсөн, хохирлыг бүрэн барагдуулсан, шүүх хуралдаанд дэмжлэг үзүүлсэн бол ялыг хөнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж заасан байдаг. 

Тус яам нь бүх насаараа хоригдох, эсхүл цаазаар авах ял шийтгүүлсэн, шоронгоос оргосон гэмт хэрэгтнүүдээс бусад гэмт хэрэгтнүүдийн ялыг 10 жилд нэг удаа хөнгөрүүлэх шийдвэр гаргах боломжтой байдаг. 

Харин Авлигыг устгах хорооны комиссар Жон Буди -гийн үзэж байгаагаар авлига зэрэг тусгай, онцлог шинж чанар бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг улам бүр чанга болгох ёстой аж. Хэрвээ авлигын гэмт хэрэгтнүүдийн ял хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг бусад гэмт хэрэгтнүүдийнхтэй адил хэмжээнд авч үзвэл авлигыг устгах үйл ажиллагаанд ашиглаж буй таслан зогсоох арга амжилтгүй болоход хүрнэ хэмээн “The Jakarta Post” сонинд Жон Буди ярилцлага өгөхдөө дурджээ. 

Энэ жил ялын хөнгөлөлтийг мөн багагүй тооны гадаад улсын ялтнуудад өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, Зөвхөн Балид гэхэд л шоронд ялаа эдэлж буй 41 гадны ялтан уг хөнгөлөлтөд хамрагдаж байгаа бөгөөд тэдний 2 нь шууд суллагдах аж. 

Мөн Жогжакарт мужид ял эдэлж буй 726 ялтны ялыг хөнгөрүүлэхээр болсон ба тэдний 41 нь суллагдах юм. Энэ 726 ялтны 82 нь тусгай гэмт хэрэг үйлдсэн, 644 нь ерөнхий гэмт хэрэг үйлдсэн ялтан байгаа юм. Эдгээр тусгай гэмт хэрэг үйлдсэн 82 ялтанаас хар тамхины хэрэгт холбогдсон 67, мөнгө угаасан 3, авлигын 8, хүний наймаатай холбогдсон 4 ялтан байна. 

Эх сурвалж