Ерөнхий сайд асан Д.Содном: Авлигачид, албан тушаал ашиглаж завшигчдыг эх орноос урвагчид гэж үзээд өршөөмгүй санагддаг

A- A A+
Ерөнхий сайд асан Д.Содном: Авлигачид, албан тушаал ашиглаж завшигчдыг эх орноос урвагчид гэж үзээд өршөөмгүй санагддаг

Ерөнхий сайд асан Д.Содномоос дараахь тодруулгыг авлаа.

-УИХ Өршөөлийн хууль гаргахдаа авлигын хэрэг өдүүлсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан тохиолдлыг өршөөлд хамруулсан нь зөв, буруу гэсэн яриа улс даяар өрнөж байна. Та асуудлыг хэрхэн дүгнэж байна? 

-Өршөөлийн хуульд авлигачид, албан тушаалаа ашиглагчдыг өршөөлд хамааруулсныг буруу гэж бодож байгаа. 

-Яагаад?

-Улс нийгэмд өмч хөрөнгө, ёс суртахууны хохирол учруулах төдийгүй төр, нийгмийн харилцан итгэлцлийг эвдэх, Монгол Улсын хөгжлийг сааруулах, улсын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байх зэрэг асар их хортой учраас энэ гэмт хэрэгтэй хийх тэмцэл тууштай, өршөөлгүй байх ёстой. Авлигачид, албан тушаалаа ашиглаж завшигчдыг эх орноос урвагч гэх гэмт хэрэгтэнтэй адилтгаж өршөөмөөргүй баймаар санагддаг. Улс нийгмийн эрх ашгийг хорлож, санаатайгаар, нууцаар үйлдэгдэж байдаг ийм гэмт хэргийг нийгмээрээ жигших ёстой. Зөвхөн ийм нөхцөлд энэ аюулт гэмт хэргийг багасгаж буюу арилгаж чадна. Нэг ёсондоо дэлхий даяар ийм гэмт хэрэгтэй хатуу тэмцэл хийж байхад манайд эрх мэдэл, албан тушаал олж авсан харьцангуй цөөн хүний үйлдэж байдаг ийм аюултай гэмт хэргийг өршөөгөөд байвал Монголын төр засаг, хүлцэнгүй ард түмнийг хүндлэхгүй болох байх шүү.

-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ яаж хэлэлцэх, ямар шийдвэр гаргах нь зөв байх бол. Ерөнхийлөгчийн хоригт өршөөх тохиолдлууд орсон гэх яриа бий? 

-Өршөөлийн тухай хуульд зөвхөн авлига, албан тушаал ашиглаж завшигчдад өршөөл үзүүлэх заалтад нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гэж мэдээлсэн. Хориг тавьсан заалтуудыг нь хуулиас хассан шийдвэрийг УИХ-аас гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг УИХ олон нийтэд нээлттэй хэлэлцдэг. Авлига, албан тушаал ашиглаж завших гэмт хэргийг эрх мэдэл, албан тушаалтай цөөн хүмүүс л нууцаар үйлддэг, тэднийг илчлэх хариуцлага хүлээлгэхэд хань хамсаатнууд нь ил, далдаар бэрхшээл учруулдаг гэнэ билээ. УИХ хаалттай хурлаар хэлэлцэж авлигачдыг өршөөх хууль гаргасан нь иргэдэд таалагдахгүй, хэн нь санаачилж, хэн нь дэмжээд байна, ямар үндэслэлээр ийм аюултай үр дагавартай гэмт хэрэгтнийг өршөөж өмөөрөөд байна гэдгийг мэдэхийг иргэд хүсч байгаа байх. Мэдэх ч хэрэгтэй. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг ил хэлэлцвэл ийм гэмт хэрэгтнийг өршөөх, эсвэл үл өршөөх саналтай эрхэм нөхөд саналынхаа үндэслэлийг ард түмнийхээ өмнө ил хэлэх болно. УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүдийн хэлж байгаа санал, шийдвэрт товчлуураар өгч байгаа санал аль аль нь нийтийн өмнө ил байх нь чухал. Авлигачид, албан тушалаа ашиглаж завшигчдыг өршөөж өөгшүүлж байх санаа төр, засгийн эрх баригч хэн нэгнээс гарч байх ёсгүй. Энэ асуудал яаж шийдэгдэх нь надад хамаагүй гэж хайхрамжгүй хандаж болохгүй. 

Эх сурвалж: “Өдрийн сонин”-ы 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 205 /5157/ дугаарт нийтлэгдсэн тодруулга