Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.22-28/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.08.22-28/

Бразилын ерөнхийлөгч асан Петробрас компанийн авлигын хэрэгт холбогдож байна 

Бразил. 2015 оны 8 дугаар сарын 22. Мягмар гаригт Бразилын ерөнхий прокурор нөлөө бүхий 2 улс төрчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Конгрессийн доод танхимын тэргүүн Эдуардо Кунья таван сая долларын хээл хахууль авсан болон авлига, мөнгө угаасан хэрэгт татагдаж байна. 

1990-1992 онд Бразилын ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан, сенатор Фернандо Коллор -ыг ямар гэмт хэрэгт буруутгаж байгаа талаар тодорхой мэдээллийг одоохондоо олон нийтэд зарлаагүй байна. Эдгээр улстөрчид газрын тосны Петробрас компанийн үйл ажиллагаатай холбоотой, 10 жилийн турш тэрбум доллар завшсан гэмт хэрэгтэй холбогдолтой юм. Тэд гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдэгдэж байна. 

Эх сурвалж

Хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа авлигад түлхдэг байж болохыг судалгааны дүн харуулж байна 

Лондон. 2015 оны 8 дугаар сарын 23. Хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа хүний нийгэмд маш их ашиг тусаа өгсөн бөгөөд нөгөөтэйгүүр бас сөрөг үр нөлөөтэй болохыг судалгааны дүн харуулж байна. Хүмүүсийн хамтрах, хорших зан үйл нь тэднийг авлигач зуршилд түлхдэг аж. “Зөвхөн шунал төдийгүй хамтарч хорших зан үйл нь авлигын тааламжтай хөрс болж болно. Хувь хүний ёс суртахуунгүй байдлын талаар маш их судлагдсан боловч хүмүүс хамтрах, хорших үедээ хэр авлигач байдаг талаар бид тун бага мэддэг” гэж Английн Ноттинхам Их сургуулийн судлаач Ори Вэйсэл хэлж байна. 

Судалгаанаас үзвэл бүлэгт багтаж байгаа гишүүдийн хүртэх ашгийн хувь хэмжээ адил тэнцүү байх тохиолдолд тэдний авлигын төлөөх хамтын ажиллагаа хамгийн үр дүнтэй байдлаар ажиллаж байв. Харин аль нэг оролцогчийн хүртэх хувийг багасгах буюу байхгүй болговол тэдний хамтын ажиллагааны үр ашигтай байдал буурч байжээ. Вэйсэл хэлэхдээ “Хүн төрөлтөн бол маш их хамтач шинж чанартай бодгаль. Хоорондын итгэлцэл, харилцан ашигтай байдал бий болгоход түлхэц өгдөг зан үйл хүмүүсийн ухамсарт гүнзгий суусан байдаг бөгөөд тэдний үйл ажиллагаа зарим талаараа үүгээр нөхцөлдөн өдөөгдөж байдаг” гэлээ. Судалгааны дүн Шинжлэх ухааны үндэсний академийн сэтгүүлд хэвлэгдсэн байна. 

Эх сурвалж

Гватемалийн Сангийн сайд авлигын асуудалд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцров 

Ройтерс. 2015 оны 8 дугаар сарын 24. Гватемал Улсын Сангийн сайд Дорвал Кариас авлигын хэргийн улмаас албан тушаалаасаа огцорлоо. Энэ хэрэгт тус улсын Ерөнхийлөгч Отто Перез холбогдоод байгаа бөгөөд түүнийг огцруулах асуудал тавигдаад байна. Кариасын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд түүний огцорч байгаа шалтгааныг дурдсангүй. 

Тус улсын Ерөнхий прокуророос Дээд шүүхэд хандан Ерөнхийлөгч Перезийг гаалийн албан тушаалтнуудыг айлган сүрдүүлж дарамт шахалт үзүүлсэн хэргээр шалгах зөвшөөрөл хүссэний дараа Харилцаа холбооны сайд Виктор Корадо даваа гаригт огцорно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ба энэ долоо хоногт ахин гурван сайд албан тушаалаа өгөх болж байна. Ерөнхийлөгч өөрийгөө ямар нэг гэмт хэрэг хийгээгүй ба албан тушаалаа өгөхгүй гэж мэдэгдэж байгаа боловч түүний байр суурь ганхаж эхлээд байна. Гаалийн байгууллагад үүссэн хэрэг явдлын улмаас прокурорууд өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчийг баривчилсан бөгөөд ерөнхийлөгч Перез мөн холбоотой гэж тэд үзэж байгаа аж.

Эх сурвалж

Авлигатай тэмцэж, эхчүүдийн амийг аварч байгаа Энэтхэгийн эмэгтэйчүүд 

Гуардиан. 2015 оны 8 дугаар сарын 24. Энэтхэгийн Ассам муж дахь авлигын нөхцөл байдал, авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэлгүй байдал, түүнчлэн эмнэлгийн хангалтгүй үйлчилгээ зэрэг нь тус мужид шинээр төрж байгаа эхчүүдийг үхлийн аюулд оруулж байна. Нутгийн сайн дурын бүлгийнхэн хямдхан Нокиа утасны тусламжтайгаар үүний эсрэг тэмцэл өрнүүлж байна. 

Моника Сингх -ийн хувьд саяхныг болтол жирэмсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан авлигад автсан эмнэлгийн албан тушаалтнуудтай тэмцэж чадна гэж түүний санаанд багтахгүй байлаа. Энэтхэгийн зүүн хойд нутагт амьдардаг, ялгаварлан гадуурхагдсан Адиваси -чуудын нэг болох бүрэг ичимхий, 21 настай энэ бүсгүй тус бүс нутагт ноцтой хэмжээнд хүрээд байгаа эхийн эндэгдэлтэй тэмцэх зорилго бүхий төслийн үйл ажиллагаанд татагдан орсноосоо хойш олон зүйлийг хийж чаддаг болжээ. Моникагийн зөвлөгөө өгч байсан нэг эмэгтэй жирэмсний дөрөв дэх сар дээрээ эмнэлэгт хэвтэх үед эмчлэгч эмч нь эмийн төлбөр шаардсан байна. Гэвч үнэн хэрэгтээ ийм төлбөр төлөх ёсгүй аж. Төрийн мэдлийн эмнэлэг нь жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх журамтай. Моника энэ талаар эмчид хэлж зохих шаардлага тавьснаар асуудал шийдэгджээ. Харамсалтай нь Сонитпур дүүрэгт амьдардаг маш олон эмэгтэй хуулийн дагуу эмнэлгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх ёстой гэдгээ мэддэггүй. Жирэмсэн эхчүүдийн эрхийг ийнхүү зөрчиж байгаагийн үр дагавар нь заримдаа хүний амь насаар ч хэмжигддэг. Сайн дурын 40 идэвхтнээс бүрдсэн багийн нэг гишүүний хувьд Моника Сингх хэд хэдэн тосгоноор тойрон явж төрөх гэж байгаа болон төрсөн эхчүүд, тэдний гэр бүлийнхэнтэй уулзан зөвлөгөө өгдөг байна. Ингэхдээ эрүүл мэндийн тогтолцоонд оршиж байгаа алдаа дутагдлыг тайлбарлан таниулж, мөн тусгайлан зориулагдсан код ашиглан гар утсаар мэдээлэл илгээх талаар зааварчилга өгдөг ажээ. Жишээлбэл, 24 гэсэн дугаарыг мессежээр илгээх нь шаардлагатай үед түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй байгааг илэрхийлдэг. Эдгээр мэдээллийг хүлээн аваад шалгаж үзсэний дараа онлайн газрын зураг дээр тэмдэглэдэг. 

“Эхийн эндэгдлийг одоо зогсооё” нэртэй хөтөлбөрийг төрийн бус гурван байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны 4 дүгээр сард эхлүүлснээс хойшхи хугацаанд Сонитпур мужид 70 тохиолдлыг онлайн газрын зураг дээр тэмдэглэсэн байна. Эдгээр тохиолдлын дотор хэд хэдэн эмнэлэгт өвчтнийг хүлээн авч эмчлэхээс татгалзсаны улмаас нас барсан, эмнэлгийн хүний нөөц, ор, эм, цусны нөөц хангалтгүйн улмаас хангалттай үйлчилгээ авч чадахгүй байгаа өвчтнүүд өвчиндөө шаналж байгаа зэрэг тохиолдлууд байгаа юм. Эмчилгээ хийхийн тулд хээл хахууль болон хууль бус төлбөр нэхэх явдал маш түгээмэл байна. Нэг жишээ гэхэд эх баригч нар төрөхийн хүндрэлтэй эмэгтэйд зүсэлт хийж төрүүлснийхээ дараа шархыг нь нээлттэй хэвээр хэдэн цагаар орхисон байна. Өвчтөн цус алдсаны улмаас амь алдахад хүрсэн тул хадам эгч нь эх баригч нарыг тусламж үзүүлэхийг гуйжээ. Мэдээллээс үзвэл эх баригч нар түүнд “амийг нь авармаар байвал хэдийг өгч чадахаа бидэнд үзүүл” гэсэн хариулт өгчээ. Эх баригч нарт 100 рупи буюу 1 доллартай тэнцэх хэмжээний хахууль өгсний дараа л шарханд нь оёдол тавьж өгсөн байна. Хямдхан Нокиа утас болон кодын жагсаалт бариад ажилдаа гарахын өмнө сайн дурын идэвхтнүүд сургалтад хамрагдаж эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар судалдаг. Тэд мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалж буй хууль эрх зүйн талаар хичээл заалгадаг. 

Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь тус бүс нутаг дахь эрүүл мэндийн нурсан тогтолцоонд гэрэл гэгээ оруулж байна. Энэхүү тогтолцооны сул дорой байдал эмэгтэйчүүдэд хамгийн халтай тусч байгаа билээ. Ассам мужид 100000 амьд төрөлт тутамд 328 эх эндэж байгаа нь Энэтхэг улс дахь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Энэтхэг улс дахь эхийн эндэгдлийн түвшин 2013 онд 50000 шахам байсан нь дэлхийн нийт хэмжээний 17 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Тус улс дахь эхийн эндэгдэл 2000 онд 100 000 амьд төрөлт тутамд 370 байсныг 2013 онд 190 болгож бууруулсан боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан энэ оны эцэс гэхэд дээрхи үзүүлэлтийг 109 болгож бууруулах зорилгод хараахан хүрч чадахааргүй байна. Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд 100 000 амьд төрөлт тутам дахь эхийн эндэгдлийн тоог 70- аас доош болгож бууруулах зорилт тавиад байна. Энэ зорилтыг биелүүлэхэд нэг гол нөхцөл нь хүн амыг хүнс тэжээлийн дутагдлаас ангижруулах явдал юм. Хүнс тэжээлийн дутагдлаас үүдэн бий болдог цус багадалт нь хөгжиж байгаа орнуудын хэмжээнд эхийн эндэгдлийн голлох шалтгаан болж байгаа билээ. Тэгтэл Ассам мужийн ажилчдын 70-90 хувь нь цус багадалттай гэсэн тооцоо бий. Энэтхэгийн Засгийн газар Анганвадис гэж нэрлэгддэг орон нутаг дахь нэгжүүдээр дамжуулан эх, хүүхдэд хүнс тэжээл түгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэвч Сонитпурт гэхэд хүмүүс өөрсдийн хувийг ихэнхдээ хүртэж чадахгүй байгаа бөгөөд энэ нь нэг бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд шаардлагатай хэмжээний хүнс тэжээлийг захиалан авч чаддаггүй, эсвэл тэд тараах ёстой хүнс, тэжээлийн бүтээгдэхүүнийг зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшдаг ажээ.

Сайн дурын ажилтнууд дүүргийн хэмжээний тосгонуудад ажиллаж эхэлснээс хойш нөхцөл байдал эрс сайжирч эхэлсэн байна. “Анганвадис төвийн ажилтнууд манай сайн дурынхнаас айдаг. Хийсэн хэргийнх нь талаар мэдээлнэ гэхээс айсандаа тэд үүрэгт ажлаа зохих ёсоор хийдэг болсон” гэж хөтөлбөрийн ажилтан Арпана Чоудхури хэллээ. 

Эх сурвалж

Катрина хар салхины нууц түүх. Америкийн Нэгдсэн Улсын Онцгой байдлын агентлагыг Бушийн тогтолцооны машин хэрхэн сүйрүүлэв 

Монреал. 2015 оны 8 дугаар сарын 24. Катрина хар салхины улмаас Луйзиана муж улсын амбан захирагч Катлин Бланко онц байдал зарлан, Шинэ Орлеон хотын хамгаалалтын даланг үерийн ус давж болзошгүй талаар Хар салхины үндэсний төв -өөс Цагаан ордонд анхааруулсан зэрэг үйл явдлаас хойш хэд хоногийн дараа Холбооны онцгой байдлын агентлаг -аас Шинэ Орлеон хотод байж байсан ганц албан тушаалтан нь Марти Ж.Бахамонде байлаа. Хар салхи болохоос өмнө түүнийг тийш нь илгээсэн бөгөөд хэрэв байдал хүндэрвэл хотыг орхин явах тушаал авсан байжээ. Гэвч зам бүхэлдээ түгжирсэн тул тэр хотоос явж чадаагүй юм. 

Наймдугаар сарын 31-нд Бахамонде Холбооны онцгой байдлын агентлагын захирал Майкл Браунд өөрт нь шууд хандан “Байдал маш хурдан хүндэрч байгаа талаар таны мэдэж байгааг би мэдэж байна. Зочид буудлууд хүмүүсийг гудамжинд хөөн гаргаж байна. Идэх хоол, уух усгүй хэдэн мянган хүн гадаа гудамжинд байцгааж байна” гэсэн цахим шуудан илгээжээ. Түүний илгээсэн захидлын хариу нилээд хэдэн цагийн дараа ирсэн бөгөөд захирлын туслахаас илгээсэн байв. Бахамондегийн анхааруулгын талаар тодорхой зүйл дурдаагүй бөгөөд тэр өдрийн орой нь болох зурагтын хөтөлбөрт Брауныг оролцох хүсэлтэй байгааг бичсэн байна. 

Долоо хоногийн дараа л Браун гамшгийн үед газар дээр нь ажиллах багийн удирдагчаар томилогджээ. Америкийн түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан гамшиг ид үргэлжилж байх үеэр Браун захирал Маргаритвилле ресторанд тансаглаж байсан нь хожим тодорхой болсон юм. 

Холбооны засгийн газрын байгууллагуудад Бушийн томилгоогоор очсон албан тушаалтнуудын манлайлах чадвар хэр сул болохыг Брауны жишээгээр Катрина хар салхины үеийн үйл явдал тодорхой харуулсан юм. Тус улсын хамгийн чухал байгууллагуудын удирдлагын түвшинд кронизм , патронаж , непотизм их байгаа нь ямар нэг хямрал, гамшиг тохиолдоход илэрхий мэдэгдэх ажээ. Энэ талаархи жишээ ч олон байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тэргүүн нь хувийн эмнэлгүүдийн холбооноос томилогдон ирж өөрийн хувийн ажлыг гүйцэлдүүлсэн, шаардлагатай хэмжээний туршлага байхгүй хүмүүс шүүгчийн албан тушаалуудад томилогдсон, уул уурхайн аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагаас авахуулаад цагаачлал болон гаалийн хяналтын байгууллага гээд бүхий л салбар хүрээний байгууллагуудад эргэлзээтэй томилгоонууд хийгдсэн зэрэг гутамшиг, ичгүүр төрүүлэх уртаас урт жагсаалт хөврөх ажээ. Засгийн газар иймэрхүү Майкл Браунуудаар хэр зэрэг дүүрсэн талаархи үнэн бодит хэмжээг бид өнөөг хүртэл багцаалж чадахгүй байна. Иймэрхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л хагас хугас сөхөн гаргаж нийтэд хүргэдэг билээ. Улс оронд гамшиг сүйрэл нүүрлэх үед л бодит байдлыг хүмүүс олж мэдэх боловч хэтэрхий оройтсон байдаг. 

Эх сурвалж

Болгар дахь авлигын эсрэг тэмцэлд ахиц гарахгүй байна 

Софи. 2015 оны 8 дугаар сарын 26. Софи хот дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын яамны хэргийг түр хамаарагч Родерик В.Мүүр -ийн хэлснээс үзвэл Болгар улс сүүлийн 25 жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн олон салбар хүрээнд тодорхой ололт амжилтад хүрсэн боловч эдийн засгийг хөгжүүлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудлууд сэтгэл түгшээсэн хэвээр байгаа ажээ. Лхагва гаригт тэрээр Нова телевиз -эд өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлсэн бөгөөд энэ бол өөрийнх нь үзэл бодол биш бөгөөд Болгарын иргэдийн санаа бодол гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

“Улс орон нь бүхий л түвшиндээ авлигад идэгдсэн бөгөөд хууль огт үйлчилдэггүй тодорхой бүлэг хүрээний хүмүүс байдаг гэж болгарын иргэд үзэж байна. Би 15 жилийн өмнө Болгарт байхдаа “өндөр албан тушаалтай хэдэн хүн авлигын гэмт хэргээр яллагдсан бэ?” гэсэн нэг асуултыг байнга давтан асуудаг байсан. Миний авч байсан хариулт бол ердөө л инээмсэглэл байдаг байлаа. Би энэ асуултыг хэдэн долоо хоногоор хүмүүсээс асууж байсан боловч хариулт нь бүгд адилхан байсан юм даа” гэж түүний хэлснийг dnevnik.bg. цахим хуудсанд бичжээ.

Эх сурвалж

Сентерра Голд компанийн гүйцэтгэх захирал асан дахин баривчлагдав 

Торонто. 2015 оны 8 дугаар сарын 26. Торонто хотод төвтэй Сентерра Голд компанийн гүйцэтгэх захирал асан Леонард Хоменюкийг авлигын хэрэгт холбогдуулан Болгар улсад түр саатуулаад байгаа талаар тус компаниас мэдэгдэв. Энэ нь 2 дахь удаагийн баривчилгаа юм. Киргиз улсын Засгийн газраас түүнд холбогдуулан авлигын хэрэг үүсгэж, олон улсад эрэн сурвалжилж эхэлсний дараа түүнийг өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр гэр бүлийн хамт амарч байхад нь анх баривчлан түр саатуулж байжээ. 

Хоменюкийг эхлээд Болгарын нийслэл Софи хотноо гэрийн хорионд байлгаж байгаад дараа нь Видин хот руу шилжүүлж түр саатуулсан, тэрээр яагаад дахин саатуулагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа, компанийн зүгээс Гадаад хэргийн яамтай холбогдож асуусан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жон Пийрсон хэлэв. Хоменюкийг баривчлагдсан гэдгийг мэдэж байгаа гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн боловч нууцлалтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 

Эх сурвалж

Нигери улсын авлигатай тэмцэх байгууллагын захирал авлигад холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй гэв 

Нигери. 2015 оны 8 дугаар сарын 27. Нигери Улсын авлигатай тэмцэх байгууллагын захирал Ибрахим Ламорде тус байгууллагын төсвөөс нийтдээ 5 тэрбум доллар буюу 3.2 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний хөрөнгө алга болсон асуудлыг үгүйсгэж байна. Ашиглан шамшигдуулсан хөрөнгө, бэлэн мөнгийг Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх комисс илрүүлсэн бөгөөд холбогдох хэргийг Сенатын хороо шалгаж байгаа юм. Ноён Ламорде хэлэхдээ “Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх комисс зохиомол хэрэг үүсгэж яллах замаар нэр төр гутаах үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. 

Эх сурвалж