“Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийллээ

A- A A+
“Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийллээ

Нийтлэлч У.Оргилмаа

Монголын улс төр тогоондоо буцалж ахуйд Дэлхий биднийг шүүмжилснийг бид анзааралгүй өнгөрөв үү. Эсвэл тоосонгүй юу. Малайзын Куала-Лумпур хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-нд Авлигын эсрэг олон улсын чуулган болов. Чуулган “Авлигын ял шийтгэлгүй байдлыг эцэс болгоё” уриан дор болж Транспэрэнси Интернэшнл байгууллагын 100 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд авлигын талаарх олон сонирхолтой баримтуудыг дэлгэн ярилцлаа. Тэдний онцолсон, манай хувьд харамсалтай гэмээр мэдээ дуулгахад чуулганд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улс авлигачдыг өршөөсөн хууль баталчихаад байгааг буруутган шүүмжилж байв. Яг энэ асуудлаар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Берлин дэх төв оффис Монгол Улсын Ерөнхийлөгчид, авлигын эсрэг олон улсын чуулганд оролцогчид олонхийн саналаар Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийллээ.

Гэвч нүдээ аньж, чихээ бөглөн зургаан сайд томилох, томилгооноос үүдэн улс төрийн ямар ашиг хонжоо хүртэж болох вэ гэсэн асуудал манай улсад илүү чухал байсан бололтой, энэ талаар хэн ч ярьсангүй. Түүнчлэн чуулганд оролцогчид авлигатай тэмцэх, гэм буруутай этгээдтэй нэгэн дуугаар хариуцлага тооцох, авлигачдаас болж учирсан хохирлыг арилгуулдаг байх талаар олон гарцыг хэлэлцлээ. Тухайлбал энэ үеэр аливаа улс орноос авилгачдын хулгайлсан хөрөнгийг эргүүлэн авчрах арга замуудыг хэлэлцсэн бөгөөд “Монголоос хулгайлагдсан төсвийн хөрөнгийг Америкаас олж авчрахад АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тусална” гэсэн мэдэгдэл хүртэл дуулдлаа.

Сонирхолтой нь тус улсад болж буй Авлигын эсрэг олон улсын чуулганы нээлтэд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак оролцох байснаа гэнэт татгалзав. Өнгөрсөн долдугаар сарын эхээр түүний хувийн дансанд төрийн өмчит “1MDB” компаниас 700 орчим сая ам.долларыг хувийн компанид шилжүүлсэн талаарх мэдээ тархсан юм. Манайхны хувьд танил энэ авлигын хэлбэр мөнөөх л сонгуулийн сурталчилгааны үеэр үйлдэгдсэн бөгөөд удам дамжин Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ гэр бүлийнхэнд сонгогчид, иргэд нь тун таагүй хандах болсон гэдэг.

Мөн энэ үеэр авлигатай тэмцэхэд авлигын эсрэг түүхүүдийг ярих, түүнээс суралцах нь чухал байдгийг зөвлөсөн бөгөөд “олон оронд парламентын гишүүдийн 30-50 хувь нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байна” гэсэн муу мэдээг дуулгажээ. Олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Дэлхийн шилдэг авлигачдыг шалгаруулах уралдаан хүртэл зарлалаа.

Манай улсын хувьд авлигын асуудлаар Малайз, Тунистай хөтлөлцөн түгшүүрт орнуудын хэмжээнд очсоныг зарлан тунхаглаж, саяхан баталсан Өршөөлийн хуульд нь авлигачид өршөөгдөхөөр байгааг дурдан НҮБ-ын конвенцид дурдсан заалтуудыг зөрчсөн хууль баталсан Монгол Улсад шахалт үзүүлье гэж давалгаалан уриалж байгааг харахад харамсалтай байв.

...Гаргасан уриалгынхаа дагуу манай улсад шахалт үзүүлж өгөөч гэж Авлигын эсрэг олон улсын чуулганд оролцогчдоос гуйх л үлдэж байна.

Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмаагийн “Манай Ерөнхийлөгчид туслаарай” нийтлэлийн хэсгээс. http://orgilmaa.niitlelch.mn/content/7250.shtml