“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хэвлэлийн мэдээ

A- A A+
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хэвлэлийн мэдээ

Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Чуулган хуралдаж дэлхийн 115 орны 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү хурлын 2 дахь өдрийн хурлаар Авлигатай тэмцэх асуудал дээр тулгамдсан асуудал үүсээд байгаа Малайз, Тунис ба Монгол Улсуудад хандаж албан мэдэгдлийг гаргалаа.

Энэхүү албан мэдэгдлийг гаргахын өмнө эдгээр орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлыг тус тусад нь хэлэлцэв. Тухайлбал, Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж мөрдөн шалгаж байсан Малайзийн АТГ-ын ажилтнуудыг хоморголон халсан явдлыг тойрон үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн бөгөөд Малайз ба Индонез улсад авлигатай тэмцэх асуудалд улс төрчид нөлөөлж эхэлснээс болж шударга ёсны төлөөх жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байгаа бол Тунис улсад Тунисын хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг мөн хэлэлцэв. Монголд баталсан өршөөлийн хууль нь авлигачдыг өршөөх хууль болон батлагдсаныг хуралдааны явцад хэлэлцэж олон төлөөлөгч саналаа хэллээ. Төв Азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол Улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн зарчмыг гажуудуулсан, авлигачдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг ихээхэн шүүмжилж байв. Монгол Улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол Улс авлигын хямралт байдалд орох, үүнээс улбаалан Малайз ба Индонез улсад үүссэнтэй адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг төлөөлөгчид анхааруулж байв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд 115 улсын санал өгөх эрх бүхий “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар дараахь мэдэгдлүүдийг батлав.

Малайзын засгийн газартхандан авлигын хэргүүдийг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй саад хийхгүй байхыг уриаллаа.

Монгол Улсын хувьд Өршөөлийн хуулийг батлан авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж буруушаав. “Транспэрэнси Интернэшнл” энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монгол улсад шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч Монголын Парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиглахаа мэдэгдлээ.

http://http://www.transparency.org/news/pressrelease/transparency_international_calls_on_malaysian_government_prosecute_punish_t

www.transparency.org/files/content/pressrelease/2015_TI_AMM_3Resolutions.pdf

Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPС-д дэлхийн 130 гаруй орны 1200 төлөөлөгч оролцсон Авлигын эсрэг олон улсын 16 дугаар их хурал хуралдлаа. Анхны хурлыг 20 гаруй жилийн өмнө Хонгконгийн Авлигатй тэмцэх газар санаачлан хийж байснаас хойш авлигын эсрэг олон улсын хамгийн том хурал болон хувирчээ. Энэ жилийн хурлын уриа нь “Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс болгоё” уриан дор болсон. Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак өөрийнхөө оронд Засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт холбогдон олон улсын нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа. Авлигын эсрэг олон хурлыг даргалагч Акера Муна хурлын нээлтэд “Авлига авсан бол түүнд ногдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн бол “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз хурлын нээлт дээр “Мянга мянган хүмүүс авлигачдад “Та нар гишгэх газаргүй болсон” гэдгийг хэлж байна” хэмээн мэдэгдлээ. Хосе Угаз өөрийн даргалан хийсэн салбар хуралдаан дээр Монгол Улсад батлагдсан Авлигачдыг өршөөх хуулийн талаар мөн шүүмжилж авлигачид ял шийтгэлээс мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байгааг онцолж байв.

http://16iacc.org/about/declarations/

Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлд улс орон бүрийн засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, залуучууд хамтран шинэлэг, ил тод хариуцлагатай тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ. Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эрсдэлтэй бөгөөд тухайн нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ. Өндөр түвшний авлигачдын эсрэг нийгмийн шударга хүчин тэмцэх ёстой бөгөөд авлигачид шийтгэлгүй үлддэг нийгэмд шинэчлэл, хөгжилүгүй байх болно гэжээ.

Малайзийн хуралд оролцогчид бид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг онцолж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг онцлов. Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авлигачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шударга ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов.

Эх сурвалж: http://mongolnews.mn/1o4r