“Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монголын Өршөөлийн хуулийг буруушааж мэдэгдэл гаргалаа

A- A A+
“Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монголын Өршөөлийн хуулийг буруушааж мэдэгдэл гаргалаа

Нэвтрүүлэгч: Олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын Их Хурлын батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн асуудлаар томоохон мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдлийг дэлхийн 115 орон дэмжсэн нь олон улсын анхааралд аваачаад байгаа юм. Ерөнхий сайд нь авлига авсан асуудлыг шалгаж байсан АТГ-ын ажилтнуудыг халсан хэргээрээ Малайз улс анхаарал татсан бол Монгол Улс ч бас анхаарлын төвд байна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хурлын дараа авлигын эсрэг олон улсын 16 дугаар хурал болсон бөгөөд энэ хурлын үеэр манай сэтгүүлч тус байгууллагын Азийн бүсийн захиралтай уулзжээ. Мэдэгдэл гаргаад зогсохгүй байж болох бүхий л хориг арга хэмжээг авна гэдгээ илэрхийлсэн байна. 

Сэтгүүлч: Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулган хуралдаж, дэлхийн 115 орны 300 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэхүү хурлын хоёр дахь өдөр авлигатай тэмцэх чиглэлээр тулгамдсан асуудал үүсээд байгаа Малайз, Тунис болон Монгол Улсад хандаж албан ёсны мэдэгдэл гаргасан юм. Эдгээр орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлыг улс тус бүрээр нь хэлэлцсэн. Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая ам.долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж, энэ хэргийг мөрдөн шалгаж байсан Малайзын АТГ-ын ажилтнуудыг хоморголон халсан явдлыг тойрч үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Малайз, Индонези улсад авлигатай тэмцэх асуудалд улстөрчид нөлөөлж эхэлснээс болж шударга ёсны төлөөх жагсаал цуглаан энэ өдрүүдэд тасралтгүй үргэлжилж байна. Төв Азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол Улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн зарчмыг гажуудуулсан, авлигачдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг ихээхэн шүүмжилж байв. Монгол Улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол Улс авлигын хямралт байдалд орох, үүнээс улбаалан Малайз ба Индонез улсад үүссэнтэй адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг төлөөлөгчид анхааруулж байв.

Энэхүү хурлын төгсгөлд Монгол Улсын хувьд Өршөөлийн хуулийг батлан авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж буруушаагаад “Транспэрэнси Интернэшнл” энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монгол Улсад дарамт шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч Монголын Парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиглахаа мэдэгдлээ.

Бид энэхүү хурлын үеэр Монгол Улсад хандан гаргасан мэдэгдлийн дагуу тус байгууллагын Азийн бүсийн захиралтай уулзаж ярилцлага авсан юм. 

Срирак Плипат: -Би авлигатай тэмцэх чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирлаар ажилладаг. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа олон нийтэд юуны өмнө баяр хүргэмээр байна. Бид энэ асуудлыг анхааралтай авч үзэхгүй бол энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг хэлье. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын энэ удаагийн хурлаар дэлхийн 115 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон хурлаас Монгол Улсад хандан санал нэгтэйгээр мэдэгдэл гаргалаа. Монгол Улсад гаргаад байгаа Өршөөлийн хуулийг буруушаах, энэхүү үйл явц нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид анхааралтай ажиглах болно. Дэлхий дахинд дайны байдалтай байгаа дарангуйллын дэглэмтэй улс орнуудад ийм хуулийг баталдаг жишиг бий. Харин энэ удаад ардчилсан Монгол Улсад ийм хууль баталсан нь ихэд гайхшрал төрүүлж байна. 

Сэтгүүлч: Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPС-д дэлхийн 130 гаруй орны 1200 төлөөлөгч оролцсон Авлигын эсрэг олон улсын 16 дугаар их хурал хуралдлаа. Анхны хурлыг 20 гаруй жилийн өмнө Хонгконгийн Авлигатй тэмцэх газар санаачлан хийж байжээ. Энэ жилийн хурлын уриа нь “Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс болгоё” уриан дор болсон. Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак өөрийнхөө оронд Засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт өөрөө холбогдож олон улсын нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа. Авлигын эсрэг олон хурлыг даргалагч Акера Муна хурлын нээлтэд “Авлига авсан бол түүнд ногдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн бол “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз хурлын нээлт дээр “Мянга мянган хүмүүс авлигачдад “Та нарт гишгэх газар байхгүй болсон” гэдгийг хэлж байна” хэмээн мэдэгдлээ. Хосе Угаз өөрийн даргалан хийсэн салбар хуралдаан дээр Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлд улс орон бүрийн засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, залуучууд хамтран шинэлэг, ил тод хариуцлагатай тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ. Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эрсдэлтэй бөгөөд тухайн нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ. 

Малайзийн хуралд оролцогчид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг энэ удаа онцолсон юм. Гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг ч онцоллоо. Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авлигачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шударга ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов.

Эх сурвалж: 25 дугаар суваг телевизийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн
“25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөс