Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.05-11/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.05-11/

Бухарест хотын даргыг баривчлав (2015.9.6)

Румын. Нийслэл Бухарест хотын дарга Сорин Опреску г хээл хахууль авсан хэрэгт буруутган гэрээс нь баривчилсан байна. Хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Опрескуг компаниудтай гэрээ байгуулахдаа үнийн дүнгийн 10 хувийг хээл хахуульд авдаг байсан гэж прокурорууд үзэж байгаа юм. Харин Опреску үүнийг үгүйсгэж байна. 

Засгийн эрх барьж буй Социал демократ намын гишүүн 63 настай Опрескуг 24 цагийн хугацаатай баривчилж байгаа боловч мөрдөн байцаалтын явцад энэ хугацаа нэг сар хүртэл хугацаагаар сунгах эсэх шийдвэрийг шүүх гаргах юм. 

Сүүлийн үед Румын улсад авлигын хэргээр өөр хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон. Тухайлбал, Ерөнхий сайд Виктор Понтаг авлигын хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Виктор Понтаг залилан хийсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа юм. 

Сөрөг хүчний зүгээс Понтаг Ерөнхий сайдын албан тушаалаа өгөхийг шаардаж байгаа боловч тэрээр хууль бус зүйл хийгээгүйгээ илэрхийлж, зөвхөн Социал демократ намын даргын албан тушаалаа өгсөн юм. 
Румын Улс нь Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүнгээр 2014 онд 175 улсаас 69 дүгээр байрт орсон юм. 

Эх сурвалж

Болгар Улс авлигын эсрэг нэг хуулийг баталж чадсангүй (2015.09.08) 

Болгар. Тус улсын парламент Ерөнхий сайд Бойко Борисов ын Засгийн газраас оруулж ирсэн өндөр түвшний авлигатай тэмцэхэд ихээхэн чухал нэг хуулийг баталж чадсангүй. 

Ерөнхий сайд Борисовын 4 эвслийн 2 нам уг хуулийн төслийг эсэргүүцсэн бөгөөд уг хууль батлагдсан бол авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад нэргүй мэдээллийг ашиглах хууль эрх зүйн үндэс бүрдэх байсан юм. Одоогийн хууль тогтоомжийн дагуу нэргүй мэдээллийг ашигладаггүй аж. 

“Бид энэ хуулийн төслийг гурван сарын дотор дахин өргөн барих болно. Улс төрийн хамтрагчидтайгаа зөвшилцөж, хуулийн төслийг батлуулна” хэмээн парламентын чуулганы санал хураалтын дараа Ерөнхий сайд Борисов мэдэгдсэн байна. 

Европын холбооноос тус улсыг өндөр түвшний авлига болон зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэхийг удаа дараа шаардаж байгаа юм. Европын комиссын саяхан гарсан жилийн үнэлгээний тайланд тэмдэглэснээр Болгар улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг хөрш Румын улстай харьцуулбал маш бага дэвшилттэй гэсэн юм. 

Хуулийн төслийг Европын холбоон дахь Болгарын комиссар асан Меглена Кунева санаачилсан бөгөөд тэрээр одоо Европын харилцааны асуудлаар Ерөнхий сайд Борисовын орлогчоор ажиллаж байгаа билээ. 

Борисовын “GERB” нам болон “Reformist Bloc” эвсэл уг хуулийн төслийг дэмжсэн боловч “Patriotic Front” болон ерөнхийлөгч асан Георгий Пырвановын “ABV” намын гишүүд эсэргүүцсэн юм. 

Нэргүй мэдээллийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол үүнийг улс төрийн зорилгоор, эсхүл урвуулан ашиглах явдалд бид хаалгаа нээж байгаагаас ялгаагүй гэж Георгий Пырванов үзэж байгаа юм. 

Эх сурвалж

Хятад Улс авлигатай тэмцэх кампанит ажилдаа туслахыг Интерполоос хүслээ (2015.09.10)

БНХАУ. Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тус улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын хорооны дэд даргын Франц Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-ын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан байна. 

Энэ оны эхээр Хятадын Засгийн газраас авлигач албан тушаалтнуудыг буцаан авахын тулд “Operation SkyNet” хэмээх санаачилгыг бий болгоод байгаа бөгөөд үүний хүрээнд авлигын хэрэгт сэжиглэгдэн хилийн чанадад амьдарч буй 100 сэжигтний нэрсийн жагсаалтыг ил болгосон билээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх жагсаалтад бүртгэлтэй хүмүүсээс зөвхөн Бээжинтэй нягт хамтын ажиллагаатай байдаг улс орнуудаас 10 хүнийг л шилжүүлэн авсан ажээ. 

Хятадын коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Жао Хонгзу Франц Улсад хийх айлчлалынхаа үеэр тус улсын Хууль зүйн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзахын зэрэгцээ Лион хотод төв байр нь байдаг Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт зохион байгуулсан байна. Интерполтой хийсэн уулзалтын зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль бус хөрөнгө болон авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг буцаан авах зэрэг асуудал багтаж байсныг Синхуа агентлаг мэдээлэв. 

Хятадын дарга Си Зиньпин 2012 оны сүүлээр албан тушаалд очсоноос хойших хугацаанд авлигатай тэмцэх томоохон кампанит ажиллагаа эхлүүлээд байгаа ч хятадын авлигач албан тушаалтнуудын хамгийн ихээр амьдарч буй хоёр улс болох АНУ, Канад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй нь хилийн чанадаас авлигач албан тушаалтнууд болон түүний хөрөнгийг буцаан авахад ихээхэн саад учирч байна. 

Учир нь барууны улс орнууд хятадын шүүхийн систем дэх шударга бус байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд мөн авлигын сэжигтнийг эрүүдэн шүүх, цаазаар авах ял тулгах явдал түгээмэл байна гэж хүний эрхийн байгууллагууд үздэг. 

Эх сурвалж

Шинэ Зеландын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асныг хээл хахууль авсан хэрэгт буруутгав 

Шинэ Зеланд. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг шалгаруулах санал хураалтаас татгалзсаныхаа хариуд хахууль авсан хэмээн Шинэ Зеландын Хөлбөмбөгийн холбоог хамгийн удаа хугацаанд тэргүүлсэн хүмүүсийн нэг болох Чарли Дэмпси г буруутгасан ном гараад байна. Өөрөөр хэлбэл, Далайн орнуудын хөлбөмбөгийн холбоог тэргүүлж байсан Дэмпсийг 2006 оны Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөөх санал хураалтын үед 250000 ам.доллар авсан хэмээн нэгэн шинэ номонд бичсэн байна. (2006 оны Дэлхийн аваргын тэмцээн Герман Улсад зохион байгуулагдсан).

Шинэ Зеландын хөлбөмбөгт 30 гаруй жил зүтгэсэн Дэмпси дэлхийн аваргыг зохион байгуулах улсыг шалгаруулах хамгийн сүүлийн шатны санал хураалтад оролцохоос татгалзсан шийдвэр гаргаж байсан бөгөөд Герман Улс нэг саналын зөрүүгээр зохион байгуулах эрхийг олж авч байсан билээ. 

Эрэн сурвалжлах сэтгүүлч Эндрю Женнингс -ийн “Бохир тоглоом: Олон Улсын хөлбөмбөгийн холбоон дахь илрээгүй гэмт хэрэг” хэмээх номонд Дэмпсиг санал хураалтад оролцоогүйн төлөө хахууль авсан хэмээн тодорхойлсон байна. Уг номонд дурдсанаар “хамгийн сүүлийн санал хураалтаар Герман 12 санал, Өмнөд Африк 11 санал авсан бөгөөд зөвхөн Дэмпси уг санал хураалтад оролцоогүй бөгөөд үүнийхээ төлөө 250000 ам. доллар авсан” гэжээ. 

Сүүлийн саруудад Олон улсын хөлбөмбөгийн холбоо авлигын асуудалд нэлээд холбогдож байна. АНУ-ын прокурорууд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд өндөр албан тушаалтай этгээдүүдийг хээл хахууль авсан, залилан хийсэн, айлган сүрдүүлсэн зэрэг хэрэгт холбогдуулан өнгөрөгч 5 дугаар сараас хойш буруутгаж байгаа юм. 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах эрх болон тэмцээнийг шууд дамжуулах эрхийг 150 сая ам. доллар болон түүнээс дээш хэмжээний хахууль авч олгож байсан хэмээн прокурорууд үзэж байгаа билээ. 

Эх сурвалж

Египетийн хөдөө аж ахуйн сайд огцорсныхоо дараа баривчлагдав 

Египет. Тус улсын хөдөө аж ахуйн сайд албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласны дараахан түүнийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан болохыг холбогдох байгууллагууд мэдээллээ. 

Даваа гарагийн өглөө Ерөнхий сайдын ажлын албанаас Хөдөө аж ахуйн сайд Салах Эль Дин Махмуд Хэлэл -ийг албан тушаалаасаа огцорч байгааг албан ёсоор мэдэгдсэн юм. Хууль хяналтын байгууллагын нэгэн алба хаагчийн мэдэгдэж байгаагаар түүнийг хууль бус газрын лицензийн асуудалтай холбоотой авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд байцааж байгаа аж. 

Дэлхийн улаан буудайн хамгийн том импортлогч Египет Улс нь 2011 онд ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцорсны дараагаас улс төрийн үймээнээс үүдэлтэй эдийн засгийн таагүй байдлыг зогсоож, эдийн засгаа чадавхжуулах зорилгоор цуврал шинэчлэлийн бодлогууд авч хэрэгжүүлсээр байгаа билээ. 

Энэхүү баривчлах ажиллагаа нь удаан хугацаанд хойшлоод байсан парламентын сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө болж байна. Өнгөрөгч 7 дугаар сард Хөдөө аж ахуйн сайд Салах Эль Дин Махмуд Хэлэл орон нутгийн бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор хөвөн импортлохыг хориглосон шийдвэр гаргажээ. Учир нь “цагаан алт” хэмээн нэрлэгдэх сайн чанарын, илүү урт хөвөн Египетэд ургадаг бөгөөд сүүлийн жилүүдэд хөвөнгийн дотоодын үйлдвэрлэл буураад байсан юм. 

Харин уг шийдвэрээс 8 өдрийн дараа, Засгийн газраас уг шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд тус улсын Засгийн газрын энэхүү эргэж буцсан шийдвэрт ард түмэнд ихээхэн эргэлзээ төрүүлсэн юм. Түүнийг салбар, яамаа муу удирдаж байсны улмаас огцруулсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. 

Эх сурвалж

Гватемалын ерөнхийлөгч асан Отто Перез авлигын хэрэгт холбогдов (2015.09.08) 

Гватемал. Тус улсын шүүхээс ерөнхийлөгч асан Отто Перез ийн эсрэг авлигын хэрэг үүсгэх шийдвэр гаргасан байна. 

Прокурорууд ноён Перезийг бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирж буй компаниудаас хээл хахууль авдаг албан тушаалтнуудын бүрдүүлсэн "La Linea" хэмээх схемийг удирдаж байсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд компаниуд хахууль өгсөнөөрөө маш бага хувийн татвар төлж гаалийн хяналтаар бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэх боломжтой болдог.

Энэхүү схем нь сүүлийн хэдэн сарын турш тус улсын өнцөг булан бүрт иргэд олон нийт эсэргүүцэн жагсахад хүргээд байгаа билээ. 

Ноён Перезийг хээл хахууль авсан, бусдыг дарамталсан, гаалийн хяналтыг залилсан зэрэг хэрэгт буруутгах хангалттай нотолгоо байгаа хэмээн шүүхийн шийдвэрт тэмдэглэсэн байгаа аж. 

Прокуроруудын үзэж байгаагаар уг схемээр дамжуулан 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хээл хахуулиар дамжуулан 3.8 сая ам. доллар цуглуулсан бөгөөд ноён Перез болон шоронд хоригдоод байгаа дэд ерөнхийлөгч Роксана Балдетт нар тус бүрдээ 800’000 ам. доллар авсан аж. 

Ерөнхийлөгч асан Перез энэ хэрэгт холбоогүй болохоо илэрхийлэхийн зэрэгцээ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтарч ажиллахаа амлаад байгаа юм. 

Гватемалийн иргэд түүнийг эсэргүүцэн олон сар жагсаал хийсний эцэст Конгрессоос Ерөнхийлөгч Перезийн халдашгүй байдлыг цуцлах шийдвэр гаргасан ба тэрээр өнгөрөгч 7 хоногт ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроод байсан юм. 

Улмаар ирэх оны 1 дүгээр сард шинэ ерөнхийлөгч ажилдаа орох хүртэл дэд ерөнхийлөгч Алехандро Малдонадо ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.

Эх сурвалж