Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг

A- A A+
Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Самурай бонд гээд 280 сая ам.долларын бондыг Японоос авсан ч 50 сая бонд нь орж ирээгүй. Аудитын дүгнэлтийг нь аваад үзэх юм бол түүнд ч тусаагүй. Тийм байж, Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэх шаардлагагүй. Чингис бондыг шалгах хэрэгтэй, магадгүй зарим нэг нь гүтгүүлсэн байж магадгүй нэрээ цэвэрлээд аваг. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой, Авлигатай тэмцэх газар/ АТГ/-ыг буруутгах хэрэггүй. УИХ нийтийн биш цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг байдлаар хандах юм бол ард түмний дунд нэр хүнд ямар байгаа билээ. Бид яваад өгнө, хөгжлийг боомилсон юм хиймээргүй байна, хүлээж авсан нь дээр.

УИХ-ын дэд дарга М.Энхболд: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. Олонхи нь хүлээж авах болов уу гэж найдаж байна. Өршөөлийн хууль яаж хэлэлцэгдээд, яаж батлагдсан гэдгийг хэдийгээр хаалттай явсан ч эргүүлж бодож, хариуцлагын тухай ярих ёстой юм биш үү. Хууль тогтоох байгууллагын нэр хүндийг бодох ёстой. Засгийн газар өргөн барьсан хуулиа танихаа больсон. Ээлжит бус чуулганыг хууль бусаар зарлаж, Өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсны уршиг нь юу болов гэхээр ажлаа хийж байсан АТГ-ыг хийх ажилгүй болгох хууль баталсан. 40 хоногийн дараа юу яриад сууж байна вэ, өөрсдийн хийснээ засч залруулах гээд сууж байна. Гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилийнх нь босгон дээр өршөөлийн хууль баталж болохгүй. Хоёр долоо хоногийн өмнө улс төрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзахад Өршөөлийн хуулийг баталсантай холбогдуулж дайрч байна лээ. Одоо хоригоо хүлээн аваад авлига албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Л.Цог: -Ял завших вий гэдэг бодол цаана нь байх ёстой. Далд хэрэг зөндөө бий. Дээр нь Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх гэж хуулийн байгууллага их зовно. Сүүлд нь их хачин парктик тогтоно. Авлигатай тэмцээд ч яах юм, албан тушаалтантай тэмцээд ч яах юм гэдэг ойлголт руу оруулчих вий.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -УИХ-ын гишүүд нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хоригийн талаарх хаалттай хуралдааны саналыг олон нийтэд ил болгож зарлах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанд ирээгүй гишүүд хэд байгаа юм, хэн хаана юу хийж байна вэ гэдгийг УИХ-ын дарга зарла. Сонгогчид нь сонгосон гишүүнийхээ нэрийг сонсог. Зайлшгүй хийх ёстой ажил. УИХ 2012 оны долдугаар сараас эхэлж асуудлыг хүчирхийллийн аргаар шийдсэн. Эдийн засгийн өршөөлийн хуулийг гурван удаа буцаахад сүүлд нь хүчээр баталсан. Өршөөлийн хуулийг батлахдаа оргох хэргийг бүтэн хаалтад оруулсан хэрнээ, хүний амь хохирох хүртэлхийг 100 хувь өршөөх хууль баталсан. 10-15 жилийн ялдтай, асар хүнд хохиролтой, хүн төрөлхтөн чадан ядан тэмцэж байгаа хэргийг бүтэн өршөөсөн. Ийм л юм баталсан. Ийм заваан юм хийдгээ УИХ болих хэрэгтэй. Одоо хоригийн асуудлыг ярихаар улс төржлөө л гэнэ, тодрох гэж байна л гэнэ. Хэнтэй юу яриад байгаа юм. АТГ, прокурорынхныг байж суух газаргүй болтол чичилж байна. Хуулийнхан руу дайрдагаа болих хэрэгтэй. Н.Алтанхуяг яагаад одоо юу ч ярихгүй байгаа юм, хөндлөнгийн хүн холбогдохоор юу ч ярьдаггүй хэрэг үү. Ойр орчмынхон нь холбогдохоор шөнө өдөргүй хуулийнхан руу дайрдаг.

Эх сурвалж: “Xоригийг УИХ хүлээн авлаа” гарчигтай сурвалжлагын хэсгээс... http://politics.news.mn/content/222258.shtml