Ж.Ариунаа: Л.Гансүхийн дарамтаар “Багануур” ХХК нүүрсээ 27500 төгрөгөөр зарсан нь тогтоогдсон

A- A A+
Ж.Ариунаа: Л.Гансүхийн дарамтаар “Багануур” ХХК нүүрсээ 27500 төгрөгөөр зарсан нь тогтоогдсон

Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт ял оноосон. Бүтэн таван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн нь өнөөдрийг хүртэл нийгмийг хоёр талцуулан мэтгэлцүүлсээр байгаа юм. Хуульчид ч өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Ж.Ариунаатай ярилцлаа.

-Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг таван өдрийн турш олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн нь нийгмийг талцуулаад байна. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлээч? 

-Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс улсын яллагч нар улстөржсөн байна. Гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг хилсээр шийтгүүлж, яллаж байгаа мэтээр ярьж байна лээ. Миний хувьд Нийслэлийн прокурорын туслахын хувьд улсын яллагч нартаа давхар хяналт тавин ажиллаж байсан. Тэгэхээр энэ утгаараа энэ хэрэг улстөржөөгүй. Улсын яллагч нар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг хэлмээр байна.

-Телевизээр Л.Гансүх нар буруугүй мэт ойлголт иргэдэд төрсөн. Яг ямар нотлох баримтаар буруутгаж байгааг тайлбарлах боломж байна уу? 

-2012 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанд Багануурын нүүрсний уурхайгаас ард иргэдэд нүүрс нийлүүлэгдэх асуудал яригдсан байдаг. Энэ хэргийг ярихын тулд зайлшгүй “Нүүрс” хөтөлбөрийг тайлбарлах шаардлага гардаг. Үүний дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар Багануурын уурхайгаас жижиглэнгээр болон бөөний үнээр нүүрс нийлүүлэх ямар боломж байгааг судлах ажлын хэсэг байгуулсан байгаа юм. Тухайн үед ажлын хэсэг нь ажилласан, судалгаа явуулсан, холбогдох туршилт явуулсан. Дараа нь Багануурын нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын өртөөнд нүүрс тээвэрлэхэд 3-4 удаагийн ачилтын улмаас шуудай нүүрсний 30-50 хувь нь бутарч нунтаг нүүрс болно. Нэг ёсондоо жингийн зөрүү үүснэ, алдагдал үүснэ. Түүнчлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөнө. Үүнээс болж осол аваар гарч болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ тухайгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд танилцуулсан. Тухайн үед Л.Гансүх “Үүнд санаа зоволтгүй. Жингийн зөрүүнээс үүссэн алдагдлыг Засгийн газар нөхөн төлөх арга хэмжээ авна” гэж ойлгуулсан байгаа юм. Ингээд 2012-2014 онд “Нүүрс” хөтөлбөр гэх нэрийн дор “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эс Би Ди” гэсэн хоёр компани Багануурын нүүрсний уурхайгаас нүүрс худалдан авч, ард иргэдэд худалдан борлуулах ажлыг хариуцан явуулсан байдаг. “Нүүрс” хөтөлбөр яг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжээгүй. Аман ярианы үндсэн дээр явагдсан хөтөлбөр.

-Зөрчил, ноцтой асуудал, буруутгах шалтгаан нь юу байв? 

-Л.Гансүх нь өмнө нь БОАЖЯ-ны сайдаар ажиллах байхдаа өөрийн туслахаар ажиллаж байсан н.Эрдэнэбулга гэх залууг “Эм Жи Эл Эс Би” компанийн гүйцэтгэх захирлаар, компанийн нягтлан бодогчоор өөрийн эхнэрийн төрсөн дүүгийн охин н.Мөнгөнтуяаг томилсон. “Багануур” компанитай нэг тонн нүүрс тутмыг 27500 төгрөгөөр худалдан авахаар ажилласан. Дандаа өөрсдийн найз нөхөд, ах дүүг ашиглан хувийн компани байгуулж ажиллаж байсан.

-Л.Гансүх яг ямар оролцоотой байсан юм бэ? 

-Багануур ХХК-тай эдгээр хоёр компани нь гэрээ байгуулагдах болсон 2 үндсэн шалтгаан байна. 1-рт: Ерөнхий сайд энэ ажиллагааг дэмжиж ажиллагэсэн үүрэг өгсөн гэдэг. 2-рт: Л.Гансүх нь тухайн үед “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эс Би Ди” компани нь Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компаниуд мөн гэж ойлгуулсан байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулсан нарийн процессийг мөн ярих шаардлагатай. Нийтдээ 2 удаа гэрээ байгуулан ажилласан байдаг. Хамгийн эхний гэрээг “Эм Жи Эл Эс Би” компанитай 2012 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Гэрээ байгуулах процесст Л.Гансүх өөрөө оролцсон байдаг. Хэдийгээр энэ хүн гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй боловч гэрээ байгуулахад өөрийн найз тус компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбулга, садан төрлийн холбоотой н.Мөнгөнтуяа нартай очсон. Тэгээд хамтдаа байж байгаад гэрээ байгуулсан. Ингэхдээ гэрээг их сонин байгуулсан байгаа юм. Багануур ХХК бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компани. Олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажиллаж байсан. “Эм Жи Эл Эс Би” компани нь гэрээ байгуулахдаа өмнө нь Багануур ХХК-иас бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа нэг ч удаа оруулж байгаагүй нэг заалтыг оруулсан байдаг. Үүнийг Л.Гансүхийн дарамт шахалтаар оруулсан гэж Багануур ХХК-ийн удирдлага болон ТУЗ-ийн гишүүд мөрдөн байцаалтын явцад гэрчилдэг.

-Ямар гэрээний заалт байсан юм бол? 

-Нүүрсийг худалдан авахдаа тооцоог шуудайлагдсан эцсийн байдлаар тооцож авахаар тохирсон байдаг. Өөрсөддөө ашигтай байдлаар гэрээг байгуулсан байгаа юм. 2 дахь гэрээг “Эм Жи Эс Би Ди” компанитай 2013 оны есдүгээр сард байгуулсан байдаг. Энэ гэрээр байгуулахад Л.Гансүхийн туслах өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүү, нягтлан бодогч н.Мөнгөнтуяа нар Багануур ХХК-д очсон. Очоод 27500 төгрөгөөр нүүрсээ авна гэсэн шаардлагыг тавьсан байгаа юм. Яг үүнээс нэг сарын өмнө Багануур ХХК нүүрснийхээ үнийг албан ёсоор ТӨХ-ноос удирдамж ирүүлсэний дагуу ТУЗ-ийн хурлаараа энэ асуудлыг хэдийнээ шийдвэрлэн39000 төгрөг болгон тогтоосон. Учир нь өмнө нь алдагдалтай гэрээ байгуулаад онц их хэмжээний хохирол амссан байдаг. Ингээд нүүрснийхээ үнийг нэмсэн. Гэтэл тухайн үед н.Мөнгөнтуяа болон н.Даваахүү нар нь тавьсан шаардлагыг нь хүлээн авалгүй, бид 39000 төгрөгөөр нүүрс худалдан авахгүй гэсэн байгаа юм. Өмнө нь худалдан авч байсан 27500 төгрөгөөрөө л худалдан авна гэсэн. Мэдээж Багануур ХХК-ийнхан энэхүү саналыг нь хүлээн аваагүй. Тэгээд гэрээ байгуулагдахаас хэд хоногийн өмнө Л.Гансүх өөрөө очсон. Түүнд Багануур ХХК-ийн удирдлагууд гэрээ байгуулах боломжгүй, өмнөх гэрээнээс болж ийм алдагдалд хүрсэн гэж тайлбарласан байдаг. Гэтэл үүнийг Л.Гансүх хүлээн авалгүй. Заавал 27500 төгрөгөөр худалдан авна гэж гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

-Л.Гансүх энэхүү хөтөлбөрийг удирдаж явуулж байсны хувьд энэ компаниудтай иймэрхүү харилцаатай байж болох юм биш үү? 

-Л.Гансүхийн эрхэлж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэн албан тушаал нь хуульд зааснаар ЗГХЭГ-т харьяалагддаг. Засгийн газрын аливаа нэг үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг хариуцан ажиллах эрхгүй. Ерөнхий сайдыг үйл ажиллагаа явуулахад зөвхөн зөвлөгөө өгөх улстөрийн албан тушаал. Тэгэхээр энэ хувийн албан тушаалаа урвуулж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн.

-Шүүх хурлын үеэр “Багануур” ХХК бид гомдол гаргаагүй гэж мэдэгдсэн. Гэтэл АТГ хохирогчоор оролц гэж үүрэгдсэн тухай мэдээлсэн? 

-Багануур ХХК гомдол гаргаагүй ч баримтаар тогтоогдвол хэрэг үүсгэх хуультай. Зөвхөн гомдол гаргаснаар хязгаарлаж болохгүй. “Багануур” ХХК-д 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Төрд ч хохирол учирсан. Төрийн өмч гэдэг бол ард түмний өмч.

Б.Золбоо
Эх сурвалж: http://www.bataar.mn/10038810