М.Энхсайхан: Авлигатай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг "унтраах" нь зохисгүй

A- A A+
М.Энхсайхан: Авлигатай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг

Дөнгөж сая МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн фэйсбүүк хуудсаараа нэгэн сонирхолтой мэдэгдэл гаргалаа. Тэрбээр энэхүү мэдэгдлээ УИХ-д хамтарч байгаа МАХН болон тус намын дарга Н.Энхбаярт хандаж гаргажээ. Дашрамд дурдахад яг одоо төрийн ордонд МАХН-ын дарга орон нутгийн ИТХ-ын төлөөлөлтэй зөвлөлгөөн хийж байгаа юм. Ингээд МҮАН-ын дарга М.Энхсайханы мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Шударга ёс” эвсэл авлигын эсрэг хатуу байх нь шударга ёсонд нийцнэ 

Монголын нийгэм авлигад автсан нь үнэн билээ. Уул уурхай руу гадныхан тэмүүлж түүнийг нь мөнгө болгон намдаа болон хувьдаа авах гэсэн хөдөлгөөн хаа сайгүй өрнөсөөр удаж байна. Авлигыг өөрийн соёл болгосон бүхэл бүтэн бүлэглэл, хүн амын давхарга бий болсон хийгээд том намууд энэ асуудалд гүнзгий хутгалдав. Тэд өнөөгийн төр, нийгмийг үймүүлж, монгол төрийг доройтуулж, авлигыг ердийн хэрэг мэт харагдуулж олон түмний ёс суртахууныг унагаж байгаа юм. Түүнтэй тэмцэх асуудал бол улс төрийн намуудын гол асуудал байх ёстой. Энэ асуудлаар “Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа МАХН, МҮАН-ын дарга нарын байр суурь их л зөрүүтэй байна. Энэ тухайгаа миний хувьд нэг их ил тод яриад байсангүй. Гэвч сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хот, хөдөөгүй намынхандаа яриа ухуулга хийж явахдаа шүүх, хууль хяналтын байгууллага, авлигатай тэмцэж байгаа төрийн ажилтнуудыг гутааж буй болон МАХН, МҮАН-ын харилцааны асуудлаар миний зүгээс тайлбар өгчих нь зүйтэй гэж бодож байна. Ингэлээ гээд Эвсэл задарч байгаа хэрэг биш, харин эвслийг зөв ажиллахад тусална гэж бодож байна.

Нэг. Авлигатай тэмцэхийн улс төрийн ач холбогдлыг Элбэгдорж ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа тод томруун хэлсэн бөгөөд түүний үгийг зөвхөн Энхбаярт зориулсан мэт тайлбарлах нь улс төрийн ноцтой алдаа, олон түмнийг төөрөгдүүлсэн хэрэг болно. 
Авлигыг зөвхөн өөр хоорондоо мөнгө өгч авалцах үйл явдал мэт явцуу тайлбарлахын эсрэг байна. Авлига бол зөвхөн хээл хахууль биш. Авлига гэдэг ойлголтод “хууль ёсны коррупци” мөн багтана. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хөндлөнгөөс харахад бүхий л шийдвэр хууль ёсны мэт боловч үнэндээ “авлига”-д хамаатгаж болох үйлдэл юм. Олон нийтэд ил болсон ийм нэгэн жишээ нь Ерөнхий сайдын зөвлөх Гансүхийн хэрэг бөгөөд Энхбаяр дарга Гансүхийг хэлмэгдүүлчихлээ гэж ярьж байгаа бол тэр хүний төлөө санаа зовж байгаа хэрэг гэхээсээ илүүтэй өөртөө хамаатуулсан улс төр л хийж байгаа хэрэг юм. 

Энхбаяр Монгол төрд гавьяатай бол төрөөс өршөөнгүй хандлага гаргах болов уу гэж хүлээх эрхтэй. Харин авлигатай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг “унтраах”, хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж ярих нь зохисгүй юм. “Шударга ёс” эвслийг шударга байлгая гэвэл миний хэлж байгаа зүйлийг бодолцох хэрэгтэй... 

(МҮАН-ын дарга М.Энхсайханы өөрийн фэйсбүүк хуудсаараа гаргасан гэх мэдэгдлийн хэсгээс)
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/15cbb784