Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.19-25/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.19-25/

Авлигын хэргээр эрэн сурвалжилж байсан Хятадын бизнесменийг АНУ эх оронд нь буцаав (2015.9.19) 

БНХАУ. Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинжун -ыг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Sky Net” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн боллоо хэмээн Хятадын Хяналтын яамнаас мэдэгдлээ. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой “Sky net” ажиллагааны хүрээнд өнгөрөгч 4 дүгээр сард 100 хүний нэрсийг ил болгосон билээ. 

АНУ нь БНХАУ-тай Ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байгаа ч, Ян Жинхуныг эх оронд нь буцаах шийдвэрийг АНУ-ын Төрийн Департаментаас ийнхүү гаргасан юм. 

Одоогийн байдлаар Хятадын авлига, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн хамгийн их зорчдог АНУ, Канад Улстай БНХАУ Ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй тул хэрэгтнийг эх оронд нь буцаах асуудлаарх эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. 

“Ян Жинхуныг 9 дүгээр сарын 18-нд цагдаа нарын хамгаалалт дор, эх оронд нь хүчээр буцааж байгаа нь БНХАУ-АНУ-ын авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой алхам боллоо” хэмээн Хяналтын яамнаас мэдэгдэв. 

“Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл боллоо. Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно” хэмээн БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лей мөн энэ үеэр хэлсэн байна. 

Түүний энэхүү мэдэгдлийг Хятадын дарга Ши Зиньпины АНУ-д хийх айлчлалаас хэдхэн өдрийн өмнө хийсэн нь онцлог юм. 

Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу явсан бөгөөд 2005 оноос түүнийг Интерполоор хайж эхэлсэн билээ. 

Үүнээс гадна Вэньжоу хотын дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ-д байсаар байна. 

Эх сурвалж

Израйлийн Авлигатай тэмцэх цагдаагийн нэгжийн дарга хээл хахуулийн хэргээр 8 жилийн ял авлаа (2015.9.20) 

Израйль. Тус улсын Цагдаагийн авлигын гэмт хэргийг мөрдөх нэгж -ийн дарга асан Эран Малка -д 8 жил хорих ял ногдууллаа. Иерусалимын дүүргийн шүүгч Жакоб Забан түүнд 6-10 жилийн хооронд ял ногдуулахаас үйлдсэн хэрэгт нь тохируулан 8 жилийн ял ногдуулах шийдвэр гаргасан байна. Эран Малкагийн өмгөөлөгч шүүгч Забанаас 2-5 жилийн ял ногдуулахыг хүсч байсан юм. 

Малкагийн удирдаж байсан “Lahav 433” хэмээх энэ нэгж нь Израйль Улсдаа АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-той ижил түвшний байгууллага юм. 

Эран Малкаг өмгөөлөгч Ронел Фишер -т гэмт хэргийн талаарх нууц мэдээллийг өгч, хариуд нь хахууль авсан болохыг тогтоосон юм. 

Малкаг өнгөрөгч 6 дугаар сараас хээл хахууль авсан хэргээр буруутгаад байсан бөгөөд шүүгч Забаны үзэж байгаагаар “Малка нь цагдаагийн албаны нэр хүнд болон олон нийтийн итгэлийг эвдэх үйлдэл гаргасан” байна.

Эх сурвалж

Оросын муж улсын дарга хээл хахуулийн хэргээр баривчлагдав (2015.9.21)

ОХУ. Тус улсын баруун хойд муж улс болох Комийн бүгд найрамдах улсын тэргүүн хээл хахууль авсан, гэмт бүлэглэлийг тэргүүлж байсан хэрэгт буруутгагдан баривчлагдаад байна. Цагдаа нар муж улсын дарга Вячеслав Гайзер болон бусад нөлөө бүхий 18 хүнийг 9 дүгээр сарын 19-нд баривчилсан байна. 

Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Владимир Маркин хэлэхдээ “гэмт хэргийн бүлэглэл” “улсын тодорхой хөрөнгийг хууль бус аргаар авахаар” төлөвлөж байсан гэжээ. Мөн түүний хэлснээр тэднийг буруутгаж байгаа гэмт үйлдэл нь 2006 оноос хойших үетэй холбоотой юм. 

Баривчлагдсан этгээдүүдийн дунд тус муж улсын захиргааны байгууллагын хэд хэдэн нөлөө бүхий төлөөлөл болон бизнес эрхлэгчид багтаж байгаа аж. 

Цагдаагийн нэгэн албан хаагч “TASS” агентлагт хэлснээр 9 дүгээр сарын 21-ний өдрийн дуустал хэрэгт холбоотой нэмэлт нэгжлэг, байцаалт явагдах аж. Гайзерийн албан өрөөнд хийсэн нэгжлэгээр маш их хэмжээний бэлэн мөнгө, оффшор компаниудтай холбоотой баримт, үнэтэй бугуйн цагны цуглуулгыг олсон байна. 

Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2010 онд Гайзерийг Комийн муж улсын тэргүүнээр томилж байсан юм.

Эх сурвалж

“Petrobras” –ийн авлигын хэрэгт холбоотой эрх барих намын санхүү хариуцсан дарга асан ял авлаа 

Бразил. Тус улсын төрийн өмчит, газрын тосны “Petrobras” компанийн авлигын схемд ихээхэн үүрэгтэй оролцож байсан Ажилчны нам ын санхүү хариуцсан дарга асан Жоао Ваккари -д шүүхээс 15 гаруй жилийн ял ногдуулаад байна. 

Холбооны Улсын шүүгч Серхио Моро гийн үзэж байгаагаар Ажилчны намын санхүү хариуцсан дарга асан Жоао Ваккари хээл хахуульд хамгийн багадаа 1 сая ам.долларыг, үүний дотор 2008-2012 оны хооронд газрын тосны талбайд үйлчилгээ үзүүлж байсан “Toyo Setal” компаниас ихээхэн хэмжээний хандив авсан байна. 

Шүүхээс мөн “Petrobras” компанийн аж ахуйн асуудал хариуцаж байсан захирал Ренато Дуке -д уг авлигын хэрэгт холбогдуулан 20 жилийн хорих ял ногдуулсан байна. Шүүгч Морогийн хэлснээр “Дуке бол хахуулийн мөнгийг Жоао Ваккарид очиход нь туслахын зэрэгцээ “Petrobras” компанитай гэрээ байгуулах хүсэлтэй барилга, инженерийн чиглэлийн компаниудаас хамгийн багадаа 9 сая ам.доллар авсан” гэжээ. 

Прокуроруудын үзэж байгаагаар сүүлийн 10 орчим жилийн хугацаанд “Petrobras” компанийн өндөр албан тушаал бүхий этгээдүүдэд ихэвчлэн барилга, инженерийн компаниудаас хамгийн багадаа 2 тэрбум ам.долларыг хээл хахуульд авсан бөгөөд үүний хариуд нь уг компаниуд асар өндөр өртөг бүхий гэрээнүүдэд ялалт байгуулж байсан байна. 

Тус улсын хууль, хяналтын байгууллагуудын тодорхойлж байгаагаар Бразил дахь авлигын хамгийн том схем болох “Petrobras”-ийн хэрэг улс төр, бизнесийн хүрээнийхнийг ихээхэн сандаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг хэрэгт конгрессын 50 гаруй гишүүн, конгрессын дээд, доод танхимын тэргүүн болон бусад улс төрд нөлөө бүхий этгээдүүд шалгагдаж байгаа юм. 

Эх сурвалж

Авлигын эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа (2015.9.17) 

Chartered Accountants ANZ. “Chartered Accountants ANZ” байгууллагаас “Австрали, Шинэ Зеланд Улс авлигатай юу?” хэмээх тайланг бэлтгэн гаргаад байгаа бөгөөд уг тайланд дурдсанаар Австрали, Шинэ Зеланд Улсууд нь бүс нутгийн хэмжээнд авлига хамгийн ихтэй улс орнуудтай хийж буй гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа нь авлигын эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцолж, тус хоёр улс авлигын эсрэг цаг алдалгүй 10 үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөмж болгосон байна.

Уг зөвлөмж нь: 

1. Төрийн байгууллага гэрээ байгуулахдаа ил тод байдлыг улам бүр нэмэгдүүлэх

Төрийн байгууллага авлига, хээл хахуульд өртөх боломж өндөртэй байдаг. Тиймээс ил тод байдлыг нэмэгдүүлснээр томоохон гэрээг хууль бусаар байгуулахаас сэргийлэх болно. Иймд гэрээ байгуулахад ирүүлсэн тендерийн саналуудыг ил тод, нээлттэй болгох зэрэг нь гэрээ байгуулах үйл явц дахь хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх болно. 

2. Өмнө нь авлигын асуудалд холбогдож байсан бол дахин гэрээ байгуулахгүй байх

Өмнө нь ямар нэгэн байдлаар авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан бол тухайн байгууллага, хувь хүн, түүний салбар компанитай гэрээ байгуулахгүй байх, түүнийг хориглох. Канад Улсад энэ аргыг ашиглаж байгаа ба Австрали, Шинэ Зеланд Улс энэ аргыг ашиглах шаардлагатай. 

3. Авлигын эсрэг бодлого хэрэгжүүлэхгүй байгаа компаниудтай төрийн байгууллага гэрээ хийхгүй байх 

Төрийн байгууллагатай гэрээ байгуулахаар санал ирүүлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн компани, аж ахуйн нэгждээ авлигын эсрэг санаачилга, бодлого хэрэгжүүлдэг байхыг шаардах. Ялангуяа, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дотоод хяналт, ёс зүйн бодлогын талаар сайн туршлага бүхий зөвлөмжийг гаргасан байдаг. 

4. Авлигаар олсон хөрөнгийг хураах байдлыг нэмэгдүүлэх 

Тодорхой нөхцөл байдалд хөрөнгө хураах үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрсөн байгаа ч, бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна. 2010 онд Их-20-ийн ажлын хэсгээс авлигаар олсон хөрөнгийг хураах, мөн авлигач албан тушаалтнуудад виз олгохоос татгалзах журам гаргасан байдаг. 

5. Хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийн эсрэг бодлогыг дэмжих 

Авлигыг илрүүлэх үндсэн арга хэрэгслүүд бол 3-дагч талын хяналтыг нэмэгдүүлэх, аудитын хяналтыг тогтмолжуулах, санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шударга ёсны бодлого барих, ажилтнуудаа сургах зэрэг байдаг бөгөөд хувийн хэвшилд эдгээр бодлогод дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. 

6. Шүгэл үлээгчдийг урамшуулах 

Хууль бус хөрөнгийг илчилсэн үед шүгэл үлээгчдэд дэмжлэг үзүүлэх, хамгаалах механизм байдаг ч, тэднийг шагнах, урамшуулах тогтолцоо байхгүй байна. Зарим улс орнуудад татварын талаарх шүгэл үлээгчдийг тодорхой хувь хэмжээгээр шагнаж эхэлсэн. 

7. Хээл хахуулийн асуудлаар хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хил дамнасан хамтын ажиллагаа, ялангуяа, гадаадын хээл хахуулийг мөрдөн шалгах, яллах үйл ажиллагаанд хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зөвлөмж болгосон байдаг. Австрали, Шинэ Зеланд Улсууд гадаадын хээл хахуулийн хэргийг яллах үйл ажиллагаанд үр дүнгүй байгааг онцолж байна. 

8. Илүү өргөн хүрээнд, хатуу хариуцлага хүлээлгэх 

Үр дүнтэй байдлаар хариуцлага тооцож байх нь авлигаас урьдчилан сэргийлэх нэг алхам болдог. Хэдий тийм ч, зөвхөн Шинэ Зеланд Улсад гадаадын хээл хахуульд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Авлигын гэмт хэрэгт илүү өргөн хүрээнд, хатуу хариуцлага хүлээлгэх сайн туршлагын нэг бол Их Британийн Хээл хахуулийн эсрэг 2010 оны хууль бөгөөд авлигыг бууруулахад үр дүнтэй арга юм. 

9. “Facilitation payments ”-д татвараас чөлөөлөх явдлыг хязгаарлах 

Ямар нь хээл хахууль (хууль бус), эсхүл ямар нь “Facilitation payments” (хууль ёсны) болохыг нарийн ялгааг гаргахад төвөгтэй байдаг. Мөн бодит байдалд зарим газар “Facilitation payments”-д татвараас хасалт хийх боломжтой байгаа бөгөөд энэ байдлыг хязгаарлах шаарлагатай байна. 

10. Австрали, Шинэ Зеландын хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ авлига, хээл хахуулийн бодлоготой байх 

ТИ-аас боловсруулсан Компанийн засаглалын зөвлөмжид хээл хахууль, бусад төлбөрийн талаар тусгасан байдаг бөгөөд үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна, авлига, хээл хахуулийн эсрэг бодлоготой байхыг хөрөнгийн биржийн компаниудаас шаардах. 

Эх сурвалж