Транспэрэнси Интернэшнл: Энэ нь улстөрчид өөрсдийгөө авлигын ял шийтгэлээс хамгаалах гэж оролдож буй ичгүүр сонжуургүй үйлдэл

A- A A+
Транспэрэнси Интернэшнл: Энэ нь улстөрчид өөрсдийгөө авлигын ял шийтгэлээс хамгаалах гэж оролдож буй ичгүүр сонжуургүй үйлдэл

-Дэлхийн Авлигын эсрэг хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын мэдэгдэл-

Дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох 114 орныг нэгтгэсэн Транспэрэнси Интернэшнл Берлин дэх төв оффис болон Монгол дахь салбар ба олон улсын 300 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөөс бүрдсэн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн эвсэл нь Монгол Улсын Их Хурлаас авлигын хэргээр мөрдөн шалгагдсан болон шалгагдаж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх заалттай шинэ хуулиас татгалзахыг шаардсан мэдэгдлийг Берлин хотноо 10 дугаар сарын 8-нд гаргасан.

Дээрх мэдэгдэлд Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз мэдэгдэлдээ “Энэхүү үйлдэл нь улс төрчид өөрсдийгөө авлигын ял шийтгэлээс хамгаалах гэж оролдож буй ичгүүр сонжуургүй үйлдэл бөгөөд авлигын хэрэгт сэжиглэгдсэн хэн ч шалгагдах ёстой. Бид Монгол Улсын Их Хурал, Засгийн газар олон улсын өмнө шившигт байдалд орохоосоо өмнө энэхүү хуулийн хориг тавьсан заалтыг даруй татан авна гэж харж байна” гэжээ. 

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн эвсэл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Манзур Хасан мэдэгдэлдээ “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн гишүүн орон бөгөөд энэхүү Конвенцийн заалтуудыг биелүүлэх асуудал дээр үнэлгээ хийхэд ноцтой асуудлууд гарч ирж байна. Хэрэв энэхүү өршөөлийн хууль батлагдвал Монгол Улсад хуулийн засаглал доод түвшинд байгаагийн давхар илрэл болно” гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хорих ял эдэлж буй ялтан болон авлигын хэргээр мөрдөн шалгагдаж байгаа хүнд өршөөл үзүүлэх ижил төстэй хуулийн хэсгүүдэд хориг тавьсан. УИХ нь нэгдсэн чуулганаараа энэхүү хоригийг хүлээн авсан боловч Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг нь хуулийн шинэ хувилбартаа зарчмын хувьд авлигын гэмт хэргийг өршөөх заалтыг хэвээр нь үлдээсэн төслийг хэлэлцүүлэхээр танилцуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт энэхүү хуулийг хаалттай байдлаар хэлэлцэн батлах гэж оролдсон бөгөөд байдал бишидмэгц УИХ дэгийн хуулийг зөрчин завсарлага өгсөн билээ. 

Тэгвэл энэ долоо хоногт дээрх хуулийн хамт АТГ-ын хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлэх хуулийг цугт нь батлахаар төлөвлөжээ. 

Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улс авлигатай тэмцэх төрийн бие даасан, тусгай байгууллага байгуулан ажиллуулахыг дэмждэг бөгөөд түүний хараат бус байдлыг бэхжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үздэг билээ. 

Энэ ч утгаараа тус байгууллагын зүгээс Ази Номхон далайн орнуудын улс орнуудын авлигатай тэмцэх төрийн байгууллагуудын эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хөндлөнгийн томоохон үнэлгээг хийж эхлээд байгаа бөгөөд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар ч мөн хамрагдаж байгаа болно. Дээрх үнэлгээний үр дүн нь Монгол Улсад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой нотолгоог гаргаж ирэх болно. 

Авлигатай тэмцэх төрийн байгууллагуудаа татан буулгасан, хараат бус байдалд нь халдан түүнээсээ шалтгаалан улс төрийн тогтворгүй байдалд ороод буй Индонез ба Малайз улсуудын араас Монгол Улс замнаж байгаад ихээхэн харамсч байгаагаа 2015 оны 9 дүгээр сард Малайзад болсон Транспэрэнси Интернэшнл байгууллагын чуулган дээр дэлхийн 114 орны төлөөлөгчид хамтарсан мэдэгдэлдээ дурдсан бөгөөд ял зэмгүй байлыг хуульчлаагүй Монгол болон Тунисын өршөөлийн хуулийг олон улсын авлигын эсрэг конвенцид заасны дагуу шүүхийн захиргааны хатуу, ил тод шалгуур үзүүлэлт, журмыг баримтлах зохицуулалт хийхийг шаардан сануулсан мэдэгдлийг Монгол Улсад хандан гаргасан бөгөөд Дэлхийн олон нийт Монголын УИХ гарах шийдвэрийг анхааралтай ажиглаж буйг дурдсан болохыг дахин сануулж байна. 

Эх сурвалж: “Өдрийн сонин”