Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.17-23/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.17-23/

Малайзын Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн жил нийт хэргийнхээ 85 хувийг шийдвэрлэсэн (2015.10.18)

Малайз. Тус улсын Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн онд авлигын 919 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсний 781 буюу 86 хувийг шийдвэрлэсэн байна. Авлигын хэргийн шийдвэрлэлт 2013 онд 81.6 хувь, 2012 онд 75 хувь байсан юм. 

Тус хорооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар мөн өнгөрөгч онд нийтдээ 317 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь 2013 оны 289-өөс өссөн дүн болж байгаа аж. Мөн "авлигын гэмт хэрэгтэнд шүүхээс ногдуулсан торгуулийн хэмжээ өнгөрсөн онд нэмэгдэж 13 сая малайзын ринггит болсон байна. Энэ дүн 2013 онд 11.6 сая малайзын ринггит байсан" хэмээн уг мэдэгдэлд онцолсон байна. 

Авлигын 919 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсний 326 буюу 35.5 хувь нь хээл хахууль авсан, 159 буюу 17.3 хувь нь хээл хахууль өгсөн, санал болгосон, 283 буюу 30.8 хууран мэхэлсэн, 69 буюу 7.5 хувь нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг байв.

Мөн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 78 хувьд нь ял шийтгэл ногдуулсан байна. Тус хороо 2009 онд байгуулагдахад уг үзүүлэлт 54 хувь байсан билээ. 2014 онд битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 2.8 сая малайзын ринггитэд хүрсэн байна. 

Эх сурвалж

Иракийн худалдааны сайдыг авлигын хэрэгт холбогдуулан баривчлахаар болов (2015.10.18) 

Ирак. Тус улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр авлигын хэрэгт холбогдуулан худалдааны сайд болон түүний ахыг баривчлах шийдвэр гаргасан байна. Хэдий тийм ч, яг ямар үйлдэлтэй холбоотойгоор буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдээгүй юм. 

Иракийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлж буйгаар худалдааны сайд Милас Мохаммед Абдул Карим болон түүний ах Неру нарыг Йордан Улсад байрлах, ах Нерутай холбоотой компаниудын гэрээг тендерт шалгаруулсантай холбоотой аж.

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрөгч 8 дугаар сард авлигыг бууруулах цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Уг цогц арга хэмжээнд Засгийн газрын зардлыг бууруулах, шашны шугамаар хийгддэг өндөр албан тушаалтнуудын томилгоог багасгах, билэгдлийн шинжтэй дэд ерөнхийлөгч болон шадар сайдын албан тушаалыг алга болгох, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хэргийг сэргээн шалгах зэрэг арга багтаж байсан юм.

Шашны бүлэглэлийн шугамаар өндөр албан тушаалтнуудыг томилдог систем тус улсад байдаг ба ах, дүү хоёр энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин тэдний Курд эцэг нь тус улсад хамгийн өргөн тархсан Исламын шашны хамгийн том Супи бүлгийн тэргүүн билээ. 

Эх сурвалж

Америкчуудын айдас бол авлига 

АНУ. Чапманы их сургуулиас явуулсан “Америкийн айдас” хэмээх нэртэй судалгаагаар төрийн албан хаагчдын авлига хамгийн их айдас төрүүлж буй зүйлсийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ удаагийн судалгаа нь тус сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй судалгаа бөгөөд судалгаанд үндэсний хэмжээнд 1500 гаруй иргэдийг хамруулсан байна. Судалгаанд америкчуудын айдсыг төрүүлдэг гэмт хэрэг, байгаль орчин, ирээдүй, технологи, насжилт, өвчлөл ба эрүүл мэнд, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг зэрэг олон асуудлыг хамруулсан байна. 

Уг судалгаагаар америкчуудыг хамгийн их айлгадаг 10 зүйлсийн жагсаалтыг гаргасан байгааг дор харуулбал: 

  1. Төрийн албан хаагчдын авлига;
  2. Кибер терроризм;
  3. Хувь хүний нууц мэдээллийг хувийн байгууллагууд ашиглах;
  4. Террорист халдлага;
  5. Хувь хүний нууц мэдээллийг төрийн байгууллага ашиглах;
  6. Биологийн зэвсэг;
  7. Иргэний бүртгэлийн дугаарын хулгай ;
  8. Эдийн засгийн уналт;
  9. Ирээдүйд мөнгөний хомсдол үүсэх;
  10. Зээлийн картын залилан.

“2015 оны судалгаагаар америкчуудын айдас эдийн засгийн асуудалтай ихээхэн холбоотой байгааг харуулж байна. Ер нь хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс их айдаг. Технологи болон улс эдийн засгийн ирээдүй гэсэн 2 зүйлийг урьдчилан төсөөлөх ямар ч боломжгүй юм” хэмээн тус судалгааг удирдан зохион байгуулсан Доктор Кристопер Бадер хэлсэн юм.

Энэ оны судалгаанд нэмэгдсэн асуултын нэг бол хүмүүс айдаст автахгүйн тулд юу хийсэн болохыг асуусан байна. Судлаачдын тогтоосноор судалгаанд оролцсон хүмүүсийн 10 гаруй хувь нь айдаст автахгүй тулд галт зэвсэг худалдан авсан байна. Мөн зарим нь хүүхдүүдээ хувийн сургуульд явуулах, эсхүл гэртээ дохиоллын систем худалдан авах зэрэг арга хэмжээ авсан байна. 

Эх сурвалж

Сингапурын христийн сүмийн тэргүүн 35 сая долларыг завшсан байна (2015.10.21)

Сингапур. Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин, өөрийн эхнэрийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна. 

Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтанг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоосон байна. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм. 

Ахлах шүүгч Сээ Кээ Онн -ын хэлснээр Хонг Хээг итгэл эвдсэн гэсэн 3 гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй байгаа ч, итгэл эвдэх гэмт хэрэгт хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг юм. 

Уг завшсан мөнгийг өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн компани болон шил үйлдвэрлэгч компанид шилжүүлж, дараа нь, одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. 

Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг Хонг Хээгийнхтэй адилхан итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. 

Эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан ба 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар уг сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг аж. 

Эх сурвалж

Бизнес дэх авлиыгн эрсдэл 2015: Олон компаниуд авлигач өрсөлдөгчиддөө гэрээгээ алдаж байна 

АНУ. Бизнест гэрээ хэлцэл байгуулах зорилгоор төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудад хээл хахууль өгч байгаагийн улмаас дэлхий дахинд гурван компани тутмын нэг нь гэрээгээ алдахад хүргэж байгааг “Control Risk” фирм судалгаагаар тогтоосон байна.
Нью-Йорк хотноо байрлах бизнесийн эрсдлийн чиглэлээр дэлхий дахинд зөвлөгөө өгөх “Control Risk” фирмийн гаргасан энэхүү судалгааны тайланд авлигын эсрэг хатуу хяналттай улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бизнесийн ерөнхий төлөв сайжирч байгааг ч дурдсан байна. 

Уг судалгаагаар улс орнуудын авлигын эрсдэл нь бизнесийн хөрөнгө оруулагчдын тоог бууруулах нэг хүчин зүйл болж байгааг мөн тогтоосон байна. 

Энэхүү эрсдлийг буруулахын тулд, компаниуд өөрсдийн стратеги төлөвлөгөөндөө авлигын эсрэг үйл ажиллагаа, бодлогыг тусгах ёстойг уг тайланд тэмдэглэсэн байна. Мөн тайланд зөвлөмж болгохдоо компаниуд өөрийн оролцож буй аливаа бизнесийн гэрээ хэлцлийг эхлэлийн шатнаас нь хяналт тавьж, уг гэрээ хэлцэлд оролцож буй ажилтнууддаа авлигын эсрдлийг таньж мэдэх, хэрвээ авлига, хээл хахуультай тулгарвал “үл тэвчих” байр суурьтай байх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй онцолсон байна. 

“Control Risks” фирмийн судалгаанд хамрагдсан 824 компанийн 30 хувь нь олон улсад бизнес хийхэд авлигач өрсөлдөгчид хамгийн том саад болдог гэсэн байна. Мөн судалгаанд оролцогчдоос бизнесийн орчинг сайжруулах зорилгоор авлигын эсрэг олон улсын хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай юу гэж асуухад оролцогчдын 81 хувь нь тийм гэж хариулсан байна. 

Олон улсын бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад дотоодын хууль тогтоомжийн хангалтгүй байдлаас Энэтхэг, Индонез, Өмнөд Африк, Бразил зэрэг улс орнуудад авлигын үндсэн асуудал хэвээр байсаар байгаа талаар сдалгааны тайланд дурджээ. 

“Маш олон тооны бизнесийн байгууллагууд авлигач өрсөлдөгчиддөө боломжоо алдаж байна. Мөн авлигатай тулгарахгүй байх зорилгоор шинэ зах зээлд орох, эсхүл хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаанаас бизнес эрхлэгчид зайлсхийж байна” хэмээн тус байгууллагын гүйцэтгэх захирал Ричард Фэннин тэмдэглэсэн байна.

Эх сурвалж

Хятадын авлигатай тэмцэх байгууллага Коммунист намын “People's Daily” сониныг шүүмжлэв (2015.10.19)

БНХАУ. Эрх барих Коммунист намын албан ёсны сонин болох “People's Daily”-гийн зарим салбарт мөнгөний төлөө үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, урвуулан ашиглах зэрэг хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн Хятадын авлигатай тэмцэх байгууллага шүүмжиллээ. 

Хятад Улсын дарга Ши Зиньпин тус улсад гүн гүнзгий нэвчсэн авлигыг үндсээр нь устгах шинэ арга хэмжээг одоогоос гурван жилийн өмнө эхлүүлж байсан билээ. 

Коммунист намын авлигатай тэмцэх байгууллага болох Сахилгын хяналтын төв хорооноос “People's Daily” сонины газарт зохион байгуулсан хяналт шалгалтад үндэслэн “сонины мэдээнүүд авлигатай тэмцэхэд “сайхан уур амьсгал”-ыг бүрдүүлсэн хэдий ч, зарим нэг ноцтой асуудал байгааг тогтоов” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн мэдэгдэлд “төсвийн хөрөнгийг баяр тэмдэглэхэд зарцуулж, уг алдаа дутагдлаа зөв шийдвэрлэхгүй байна... зарим салбарт мэдээг гаргах, эсхүл гаргахгүй байх зорилгоор бусдаас мөнгө авах асуудал байна” гэжээ. 

Эх сурвалж

Вануатугийн шүүхээс парламентын 14 гишүүнд авлигын хэргээр ял ногдуулав (2015.10.22) 

Вануату. Номхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл -ийг хилийн чанадад явсан хойгуур буюу 10 дугаар сарын 9-ний өдөр шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна. 

Ерөнхийлөгчийг эзгүй хойгуур түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамж, шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дээд шүүхээс парламентын даргын энэхүү шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзээд байна. 

“Шоронд хоригдохоор болсон гишүүд нь парламент дахь эрх барих намын гишүүдийн тэн хагас болж байгаа бөгөөд энэ үйл явдал нь өнгөрөгч 6 дугаар сараас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламентыг тарааж, шинэ сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна” хэмээн Шинэ Зеландын “TVNZ”-ээс мэдээллээ. 

Гишүүдийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн үед Шадар сайд байсан Моана Каркассес өнгөрсөн онд сөрөг хүчний 13 улс төрчид 35 сая вату буюу 312000 ам.доллар өгсөнтэй холбоотой юм. 

Шүүхээс Моана Каркассесд 4 жилийн ял, бусад гишүүдэд 3 жилийн ял ногдуулсан юм. Шүүгч Мару Сэйгийн хэлснээр уг төлбөрийг парламентын гишүүдэд нөлөөлөх зорилгоор өгсөн аж.

Шадар сайдаас гадна, уг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Гадаад хэргийн сайд, Сангийн сайдууд байсан аж.

Эх сурвалж