Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг хэлтсийн Авлигын эсрэг сүлжээний зохицуулагч Ольга Савраны Bloomberg телевизийн студид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
-Монгол Улсын авлигатай тэмцэх ажлын тайлан гарсан. Тайланд ямар гол ажлууд багтсан болон хэрхэн үнэлсэн талаар мэдээлэхгүй юу?
-Авлигатай тэмцэх санаачилгад Монгол Улс нэлээд хожуу буюу 2012 онд элссэн. Харин бусад улсын хувьд 2003 оноос хойш хэдийнэ элсч эхэлсэн шүү дээ. Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улсын гаргаж байгаа хүчин чармайлтад бид ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа. Манай багийнхан анх 6 дугаар сард Монгол Улсад ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүн дээр үндэслэн тайлан бэлтгэж, 10 дугаар сард батлуулсан юм. Ерөнхийд нь хэлэхэд бид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын бие даасан үйл ажиллагааг дэмжиж байгаа. Учир нь хэдийгээр байгуулагдаад удаагүй ч маш зоригтой байж үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж би дүгнэж байна. Энэ газрын талаар шүүмжлэлтэй хандах тодорхой хэдэн зүйл байгаа. Гэхдээ зөв чиглэлтэй явж байгаа гэж найдаж байна. Цаашид ч мөн илүү хүчирхэгжиж сайн үр дүнг авчрах байх. Ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн дутагдалтай тал байгааг бид харсан. Юуны түрүүнд авлигатай тэмцэх стратеги. Агентлагийн зүгээс оны эхэнд авлигатай тэмцэх стратегиа боловсруулж, парламентад өргөн барьсан. Гэвч парламентын зүгээс энэ талаар ямар нэгэн бодит санал шүүмжлэл хэлээгүйгээр буцаасан байгаа юм. Бидний хувьд энэ төслийг дахин хойшлуулах шалтгаан байхгүй гэж үэзж байгаа. Өнөөдөр парламентад дахин өргөн барьсан гэж сонссон. Бидний зүгээс энэхүү стратегийн төслийг цааш явж парламентаар батлагдаасай гэж маш их найдаж байна. Учир нь Засгийн газарт авлигын эсрэг тэмцэх тодорхой улс төрийн бүтэц байх хэрэгтэй шүү дээ. Үүнийг энэ стратеги бий болгож байгаа юм.
Энэхүү тайланд санал болгосон хоёр дахь зүйл бол авлигын эсрэг хууль тогтоомжийг нэн даруй шинэчлэх шаардлага байгаа. Хэдийгээр ийм өндөр ач холбогдолтой биш ч зарим талдаа дутагдал байсаар байгаа юм. Бидний сонссоноор эрүүгийн хуулийг дахин хянах ажил хийгдэж байгаа гэсэн. Тиймээс эдгээр хуулийг засах хамгийн тохиромжтой цаг гэж харж байна.
Түүнээс гадна авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэхийн тулд ойрын хугацаанд хийх шаардлагатай нэлээд хэдэн асуудал байгаа. Гэхдээ эдгээрийг орхиод нэг л асуудлыг би хөндөж тавимаар байна. Энэ бол бизнесийн шударга байдал. Хэдийгээр Монгол Улсад шинэ ойлголт байж болох ч маш чухал юм. Энэ бол Монгол Улсын хувьд цаашид өсч хөгжих цаг, ашигт малтмалын баялаг чухал ач холбогдолтой нөөц илрүүлж уул уурхайн компаниуд орж ирсэн. Хэдийгээр энэ нь улс орны хувьд азтай зүйл байж болох ч нөгөө талаар хараал ч байж болох юм. Байгалийн баялагтай маш олон орны хувьд энэ нь хараал болж байсан. Тиймээс авлигыг асуудал болгохоос өмнө Монгол Улс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газраас бизнес эрхлэгчидтэй ярилцаж эхэлсэн. Мэдээж хүнд хэцүү зүйл байсаар байгаа. Олон улсын туршлагаас харахад бизнес эрхлэгчид авлигын талаар ярих тийм ч дуртай байдаггүй. Учир нь энэ талаар ярих нь тэдэнд тааламжтай байдаггүй. Гэхдээ авлигыг өнөөгийн хэмжээнд барихад нь, хэтэрхий оройтохоос нь өмнө компаниудтай уулзаж, авлигаас сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай талаар ярилцах хэрэгтэй. Тиймээс ч энэ бол гол санаа байсан гэж би хэлмээр байна.
-Авлигатай тэмцэх газар өнгөрсөн хугацаанд юу хийснээ үргэлж үнэлж ирсэн. Гэтэл бизнес эрхлэгч компаниудыг авлига, хээл хахуульд оролцохоос хэрхэн сэргийлэх вэ?
-Энэ бол олон нийтийн харж байгаа өнцөг байх. Гэхдээ тухайн газартай илүү ойр ажиллаад үзвэл тэд бизнес эрхлэгчдийг авлига, хээл хахуульд оролцохоос сэргийлэхийн тулд ажиллаж эхэлж байгаа. Мэдээж, дөнгөж эхэлж байгаа учраас хүчин чармайлт нь хараахан өргөн хүрээг хамарч чадаагүй байж болох юм. Тиймээс энэ хүчин чармайлтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар бид багц зөвлөмжийг өгсөн. Өнөөгийн энэ түвшинд бизнес эрхлэгчидтэй хууль эрх зүйн тодорхой асуудлуудаар ярилцах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсад одоогоор хувь хүмүүсийн хооронд хийгдсэн авлигыг эрүүгийн хариуцлагад тооцох хууль байхгүй байна. Энэ хууль байх ёстой шүү дээ. Гэхдээ хуулийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө хувийн хэвшлийнхэнтэй ярилцах хэрэгтэй. Гэнэтийн байж болохгүй л дээ. Тэд шинэ хууль гарч ирэхэд цочирдох ёсгүй. Тиймээс ч хуулийг боловсруулахдаа тэднийг оролцуулах хэрэгтэй.
Монгол Улс авлигад холбогдсон компаниудад хүлээлгэх хариуцлагын талаар хэдийнэ хуульдаа тусгаж өгсөн байгаа. Гэхдээ өнөөгийн хууль бодит амьдрал дээр төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа учраас шинэчлэх хэрэгтэй юм. Компаниуд одоогийн шатанд хэлэлцүүлэгт оролцож байх ёстой. Та зөвхөн шийтгүүлэх биш өөрсдийгөө хамгаалах, хамтарсан үнэлгээ хийлгэх нөхцөлийг олгохуйц хөтөлбөрийг танилцуулах байдал руу компаниудыг идэвхжүүлэх бүтцийг бий болгох хэрэгтэй. Авлигаас хэрхэн сэргийлэх талаар практик ач холбогдолтой хэлэлцүүлгийг компаниудтай өрнүүлэх боломжууд бий болсон. Гэхдээ энэ хангалттай биш байна. Авлигатай тэмцэх газрын хийж байгаа илүү олон зүйл бий. Түүнчлэн зөвхөн Авлигатай тэмцэх газар биш төрийн бусад агентлагууд ч гэсэн компаниудтай ярилцахдаа авлигын болзошгүй эрсдэлийн талаар ойлгуулж, ярилцах хэрэгтэй байна. Энэ бол Засгийн газрын хийх ёстой хамгийн эхний зүйл гэж бодож байна. Мөн Засгийн газар бизнесийн холбоодтой хамтарч ажиллах ёстой. Учир нь энэ нь авлигын эрсдэлийн талаар компани тус бүртэй тусгайлан ярилцсанаас илүү үр дүнтэй байдаг.
Үүнээс гадна бидний нэрлэж заншсанаар авлига, хээл хахуулийн эсрэг шат дараатай арга хэмжээ авч тэмцэх боломжуудыг нээж илрүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсад энэ төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх цар хүрээ хангалттай байгаа гэж бодож байна. Ихэнх тохиолдолд үүнийг том хэмжээний дэд бүтцийн төсөл, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашигладаг. Та боломжит хувийн хэвшлийн оролцогчтой ярилцаж, хээл хахууль өгөхгүй байх талаар ярилцана. Ингэснээр хэн ч энэхүү хэлэлцээрийг зөрчихгүй байгаа эсэхийг хянах механизмыг бий болгох юм.
-Авлигын талаар ярихад бид зөвхөн нэг агентлаг, газрын талаар ярьдаг. Гэтэл энэ салбарт ажилладаг, мэддэг хүмүүс нь үүнийг хангалтгүй гэж үздэг. Тэдний ярьж байгаагаар өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад бодлогоо хэрэгжүүлж, бичиг цаасны ажлаа хийхийн тулд илүү их хүн хүч хэрэгтэй гэдэг. Та энэ салбарт одоогийнхоос илүү олон хүн ажиллах хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Авлигатай тэмцэх газартай болно гэдэг бол өөрөө маш том амжилт. Сайн зүйл. Миний зүгээс өгөх зөвлөгөө бол агентлагаа улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх юм. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газар нь олон нийтийн итгэлийг бага зэрэг алдаж эхэлсэн. Зарим нэг судалгаанаас харахад иргэд агентлагийн ажилд өнгөрсөнтэй харьцуулахад тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гэхдээ энэ бол Авлигатай тэмцэх газар муу ажиллаж байгаагаас шалтгаалсан зүйл биш. Ерөөсөө ч тийм биш. Харин энэ бүхэн анхнаасаа бий болоод байсан өндөр хүлээлттэй холбоотой. Анх Авлигатай тэмцэх газар байгуулагдаж байхад хүн бүхэн маргааш гэхэд авлигагүй болно гэж бодож байсан. Гэхдээ үүнд хугацаа хэрэгтэй. Хонконгийн авлигатай тэмцэх газрыг харъя л даа. Олон улс энэ агентлагийн загвараа болгодог. 1970-аад онд байгуулагдсан газар одоо л үр дүнгээ өгч байна. Тиймээс Монголын агентлагаас ийм үр дүн хүлээж болохгүй юм. Учир нь Хонконгийн авлигатай тэмцэх газартай харьцуулахад Монголынх нялхаараа байна. Цаашид агентлагаа илүү хүчирхэг болгох хэрэгтэй. Сүүлийн үед энэ агентлагт олон даалгавар өгч байгаа ч нөөц бололцоогоор хангахгүй байна. Нөөц бололцоог нь олгох хэрэгтэй.
Энэ агентлаг ганцаараа авлигатай тэмцэж чадах уу гэж та асуулаа. Ингэж асуух нь зөв. Хариулт нь бол үгүй. Зарим тохиолдолд авлигатай тэмцэх газар байгуулагдахад бусад газрууд нь “Гайхалтай, энэ бол чиний хийх ажил. Явж авлигатай тэмц, бид өөрсдийнхөө ажлыг хийе” гэж хэлдэг. Хэрэв энэ аргаар явж байгаа бол энэ нь сайн зүйл биш. Төрийн бүх байгууллага, институтиуд өөрийн гэсэн авлигатай тэмцэх стратеги, төлөвлөгөө, мөн хариуцсан хүнтэй байх хэрэгтэй. Энэ бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад хэрэгжүүлдэг хандлага. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банк өөрийн гэсэн стратегитэй байх ёстой. Уул уурхайн салбар хариуцаж ажилладаг төрийн байгууллагууд өөрийн гэсэн стратегитай байх ёстой. Эрүүл мэндийн яам, мөн Соёлын яам өөрийн гэсэн төлөвлөгөө, арга хэмжээтэй байх шаардлагатай. Нэг агентлаг амжилт олж чадахгүй. Гэхдээ нэмж агентлаг байгуулах хэрэггүй. Харин салбар тус бүр, эсвэл орон нутгийн удирдлагуудын хийх ажил.
-Эцэст нь ирэх жилд хийх үнэлгээний талаар асуумаар байна. Энэ богино хугацаанд хэрэгжих боломжтой ямар нэг зорилт байгаа болов уу?
-Бид энэ тайланг хийж байхад Монгол Улс санал болгосон 19 зөвлөмжөөс 1-ийг нь ч бүрэн хэрэгжүүлээгүй байсан. Ирэх жил 9 дүгээр сард Монгол Улсын нөхцөл байдлыг эргэн харахад эдгээрийн 2 зөвлөмж нь хэрэгжих боломжтой байж болох юм. Бүх зүйл амжилттай байвал шүү дээ. Нэг нь авлигын эсрэг стратегийг батлах. Энэ асуудал яг одоо парламентаар хэлэлцэгдэж байгаа. Дараагийн асуудал нь эрүүгийн хуулийн шинэчлэлт. Энэ ч мөн адил парламентаар хэлэлцэгдэж байгаа. Тиймээс наад зах нь энэ хоёр асуудлыг хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: Bloomberg TV bloombergtv.mn/post/28377 https://www.iaac.mn/news/1953