Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.11.21-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.11.21-27/

Авлигын хэрэгт оногдуулах ялын бодлогыг өөрчилнө. (2015.11.19)

Энэтхэг: Мөрдөн байцаах төв товчооноос авлигын хэрэгт буруутгагдсан этгээдэд оногдуулах ялын бодлогыг өөрчилнө хэмэээн мэдэгджээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт болсон Мөрдөн байцаах төв товчооны 21 дэх удаагийн хурлын үеэр тус товчооны дарга Анил Синха1 “Бид авлигын хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах саналаа боловсруулж, засгийн газарт тайлагнахад бэлэн болсон. Бид хууль бусаар олсон орлого, авлигын хэргийг ор мөргүй устгахын тулд зөвхөн хорих ял оногдуулахаас илүү бусад ялын төрлийг оногдуулахыг илүүд үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн үйлчилж буй хуулиар авлигын хэрэгт торгууль болон хорих ялыг оногдуулж байна.Мөн хуульд авлигын хэргийн хор, хохирлыг тооцохтой холбоотой заалт байдаггүй. Иймд дээрх зүйлүүдийг бид тодруулан, саналаа боловсруулж, Засгийн газарт өргөн барих ёстой гэж санал нэгтэйгээр шийдсэн юм. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад илүү шинэлэг, олон талын шаардлага, нөхцөл байдал шаардагдах болсон” гэж хэлсэн байна. 

Авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг мөрдөн шалгаж, яллахаас гадна, тэдний авлигын улмаас хууль бусаар олсон орлогыг олж илрүүлж, буцаан авчрах тухай дэлхий нийтийн хандлагыг дагах нь зүйтэй. Ингэхийн тулд хууль хяналтын байгууллагууд орчин үеийн шинэ арга барилыг эзэмшиж ажиллах шаардлагатай болоод байна. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол хууль хяналтын байгууллагуудын стандарт үйл ажиллагааны журмыг шинэчлэх хэрэгтэй юм. 

Мөн мэдээлэллийн технологийн салбарт иргэдийн ажиллах, харилцах байдал нь эрс өөрчлөгдөөд байна. Энэ нь авлигын гэмт хэрэг үйлдэгдэхэд ч бас нөлөөлж байна.Гэмт хэрэгтнүүд цахим ертөнцийг ашиглан авлигын гэмт хэргийг үйлдэж, хууль бусаар олсон орлогоо олон газраар дамжуулан хөдөлгөж байна. 

Эх сурвалж

Исламын хэтийн төлөвлөгөөнд үндэслэсэн авлигын эсрэг номыг Авлигын эсрэг хорооноос гаргалаа. (2015.11.16) 

Малайз: Тус Улсын Авлигын эсрэг хорооноос Исламын хэтийн төлөвлөгөөний дагуу авлигын эсрэг мэдлэг боловсрол олгох зорилгоор “Ислам ба Авлигын асуудал” сэдэвт номыг гаргасан байна. 

Тус номыг Сангийн яамны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Мохамад Эзам Мохд Нор2 болон Индонезийн Нийгмийн хамгааллын яамны зөвлөх Сапто Валюо3 нар хамтран бичсэн бөгөөд Авлигын эсрэг хорооны дэд дарга Мохд Шукри Абдулл4 анх ном гаргах санаачилгыг гаргажээ. 

Энэхүү номонд Исламын хэтийн төлөвлөгөөний дагуу авлигын асуудлыг тайлбарлаж, авлигын хэргээс үүдэн гарах асуудлуудыг тэмдэглэж, номлогч болон түүний найз нөхөдтэй холбоотой жишээг онцолж, мөн авлигын эсрэг хорооны үйл ажиллагааны талаарх асуудлуудыг багтаасан байна. 

Авлигын эсрэг хорооны дэд дарга “Манай хорооноос авлигын эсрэг олон нийтэд мэдлэг боловсрол олгох ийм сургамжтай номыг гаргасан нь маш зөв зүйтэй зүйл боллоо. Энэ ном хэвлэгдэн гарснаар авлигын талаарх олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, шашны болон нийгмийн аль ч өнцгөөс авлигаас үүдэн гарах асуудлууд, эдгээр асуудлуудыг зөв шийдэхгүй бол улс оронд ямар нөлөө үзүүлэх талаар ойлголтыг өгч, авлигаас урьдчилан сэргийлэх том арга хэмжээ болно гэж үзэж байна”гэжээ. 

Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилттэй хамт хэвлэгдэн гарсан тус номыг Ерөнхий сайдын дэргэдэх “Ил тод байдал ба Засаглал”-ын газраас авлигын бүхий л асуудалтай тэмцэх зорилготой, төрийн байгууллагууд, төрийн байгууллагын сургалтын төвийн номын сан, дээд боловсролын байгууллагуудад үнэ төлбөргүй тараажээ. 

Эх сурвалж

Цахим бичиг баримтаар авлигаас урьдчилан сэргийлнэ.(2015.11.19)

Шри Ланка: Тус Улсын хил гааль болон боомтын газрууд удаан хугацаанд сунжирсан цахим бичиг баримт боловсруулах ажиллагааг яаралтай дуусгаснаар авлигатай тэмцэх ажилд маш том түлхэц болно гэж Аж үйлдвэрийн хөгжлийн дэд сайд Эран Викрамаратне5 онцолжээ. 

Мөн тэрээр “Шри Ланка Улсын хил гааль болон боомтын газрууд нь цахим бичиг баримт боловсруулалтын ажлыг нэн яаралтай батлах хэрэгтэй, ингэснээр логистикийн үйл ажиллагаа тодорхой, түргэн шуурхай, ил тод хийж гүйцэтгэх боломжтой болно. Мөн энэ салбарт нүүрлээд байгаа авлигын асуудал ч хүртэл багасгах болно. Бид өнөөдөр цаасан үйл ажиллагааг хариуцлагатай холбож ойлгодог. Ийм их асуудлаас хурдан гарахын тул төрийн үйл ажиллагааны бүх процессийг цахим хэлбэрт шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний асуудал” гэжээ.

Төрийн үйл ажиллагаанд бичиг баримтыг цахимаар боловсруулдаг болсноор сайн засаглалд чухал алхам болох юм. Энэ ажлыг яаравчлахгүй бол авлигын асуудал улам газар авч, улс орны хөгжлийг сааруулах болно. 
Шри Ланка улс 20 гаруй жилийн турш цахим боловсруулалтад шилжих оролдлого хийж байгаа боловч уламжлалт хуучин системээс ашгаа олж буй хүмүүс нь энэ ажлыг саатуулсаар байгаа ажээ. 

Эх сурвалж

Тамирчид авлигыг эсэргүүцэн жагслаа. (2015.11.23) 

Кени: Өнгөрсөн даваа гарагт тус улсын хэдэн арван тамирчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хэргээ хүлээж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж суулт хийн эсэргүүцжээ. 

Тус улсын цагдаагийн газраас Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Исайх Киплагат6, дэд ерөнхийлөгч Дэвид Окиёо7, нярав Жосеф Кинюага8 нарыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан байцаалт авсан ба тэднийг “Найк” спорт хувцасны компаниас 700.000 ам.доллар (£460,000) хувьдаа завшсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Гэвч хэрэгт холбогдсон албан тушаалтнууд болон “Найк” компани үүнийг эрс няцааж байгаа аж. 

Жагсагчид Найроби дахь төв байранд өглөөний 7.30 цагт дайран орж, ажилчдыг гарахыг шаардаж, өөрсдөө дотор нь байрласан байна. 40-50 тамирчдаас бүрдсэн жагсагчид “Авлига гэртээ харих цаг нь болсон”, “Бидэнд шинэ үндсэн хууль хэрэгтэй” зэрэг уриаг барьсан байх ба тэд “Найк спорт хувцасны компаниас нууцаар мөнгө авсан Кенийн Хөнгөн атлетикийн холбооны дээд албан тушаалтнуудын эсрэг босч байна. Мөн хөнгөн атлетикийн тамирчдын нийгмийн хангамжийн асуудал, допингийн асуудлыг удаа дараа хэлэлцэхгүй, анхаарахгүй орхигдуулсаар байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн шаардлагуудыг тавьжээ. 

Энэхүү жагсаалын талаар Кени Улсын Мэргэжлийн тамирчдын холбооноос “Энэ бол Хөнгөн атлетикийн холбооны удирдлагыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээ болж байна. Хүр бүр эдгээр албан тушаалтнуудын эсрэг гомдол гаргаж байна. Допингтой холбоотой асуудлыг тэд л гаргасан. Гүйлтийн тамирчид ямар их өвдөлтийг мэдэрдгийг бид мэдэж байгаа учраас энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг дэмжиж байна” гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах төвийг Тайландын Авлигын эсрэг хороо байгууллаа. (2015.11.23)

Тайланд: Тус Улсын төрийн албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох явдал газар авсан энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан Төрийн салбар дахь Авлигын эсрэг хорооноос “Өргөдөл, гомдол хүлээн авах төв”-ийг байгуулсан байна. 

Авлигын эсрэг хорооны дарга Прасонг Прийяажит9 “Тус төв 24 цагийн нээлттэй утас (09 2668 0777), мөн Line ID (FD.PACC)-аар холбогдон үйл ажиллагаагаа явуулах болно. Энэ төвийг нээсэн шалтгаан нь Хөрөнгө оруулалтын газраас гадаадын олон хөрөнгө оруулагч нар төрийн албан хаагчдын хээл хахууль нэхсэн, тэдний дарамтанд ордог талаарх гомдлоо гаргах газар байдаггүй гэдгийг олж тогтоосон байсан. Хөрөнгө оруулалтын газраас татварын хөнгөлөлт авсан хөрөнгө оруулагч компаниуд тус төвд хандах боломжтой” гэжээ. 

Тус Улсын Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн дарга Прасонг төв байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд Праюут Чан-Очад10 гаргасан ба гомдол гаргагчийн өргөдөл, гомдолд маш түргэн хугацаанд буюу 7 хоногийн дотор хариу өгөхөөр зохицуулжээ. 

Хэрэв мөрдөн шалгалтаар төрийн албан хаагч буруутай гэж тогтоогдвол холбогдох байгууллага нь 3-4 сарын дотор тухайн албан хаагчдад сахилгын арга хэмжээ тооцож, дараа нь хэргийг нь эцэслэн шийдвэрлэхэд маш их хугацаа ордог аж. Хэрэв тухайн албан тушаалтны харьяалах байгууллага нь сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэрийг үл тоосон тохиолдолд тухайн байгууллагыг мөн хариуцлагад татдаг байна. 

Авлигын эсрэг хорооны Олон улсын хэргийн хэлтсийн дарга Бхумивисан Касемсүүк11 “Гадны хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд итгэхгүй болсон. Төрийн албан тушаалтнууд тэднийг дарамталж, мөнгө нэхдэг байдал газар авч тэднийг үргээж байна. Бид хөрөнгө оруулагчдын гаргасан гомдлыг хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах болно” гэжээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөх, Худалдааны танхимын дарга нар саяхан Авлигын эсрэг хороотой санал солилцож, энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж

Авлигын томоохон хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. (2015.11.22) 

Шинэ Зеланд: Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авлигын эсрэг шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авлигын хэргүүдэд онцгой анхаарал хандуулан шалгаж эхлээд байна. Тус байгууллагын төсөвт тусгайлан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх талаарх мөнгийг шийдэж өгсөн байна. 

Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Жули Рийд12 “Манай улс авлига хамгийн багатай улсын тоонд ордгийн хувьд авлигын гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагааг түргэн шуурхай явуулснаар дээрх байр сууриа хадгалахад чухал ач холбогдолтой. Гэвч бид тодорхой гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бид гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудтай сайн харилцаатай, хамтарч ажилладаг. Тэд бидэнд туслалцаа үзүүлж, харин бид манай улсад мөрдөн байцаах ажиллагаа явуулахад нь тусламж, дэмжлэг үзүүлдэг. Манай төсөвт тусгайлан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх талаарх мөнгийг суулгаж өгснөөр бид авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх иүү их нөөцтэй болсон” гэж хэлсэн байна.

Энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн авлигын эсрэг багц хуулиуд нь тус улсыг НҮБ болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын стандарт руу илүү ойртуулсан алхам болсон байна. Тус хууль тогтоомжид орсон маш олон өөрчлөлтүүд дундаас тус улсын бизнесийн байгууллага бусад улс орнуудад авлигын гэмт хэрэг үйлдвэл маш хүнд ял шийтгэл оногдуулахаар заажээ. 

Эх сурвалж

Эдийн засгаа өсөн нэмэгдүүлэхийн тулд авлигатай тууштай тэмцэх ёстой.(2015.11.23)

Монгол: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “Монгол Улс эдийн засгаа өсгөхийн тулд авлигын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь тус улсын Засгийн газрын нэн тэргүүний асуудал байх ёстой” хэмээн мэдэгдлээ. Төв Азид байрлах тус улс нь маш том газар нутагтай, далайд гарцгүй, цөөн хүн амтай. Эдийн засаг нь ядуу, хөгжил нь удаан, ялангуяа хэдэн арван жил тасралтгүй үргэлжилсэн өвлийн зуднаас хойш маш хүнд байсан боловч өндөр зэрэглэлийн нүүрс, зэс, алт зэргийг олборлож эхэлснээр Монгол улс нь нийгмийн болон эдийн засгийн хөгжлөө түргэсгэсэн. Эдгээр байгалийн баялгийг олж илрүүлснээр тус улсын эдийн засгийг 2020 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, хэдэн сая хүнийг дэлхийн дундаж ангиллын түвшинд оруулах боломжтой гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дүгнэжээ. 

Гэсэн ч эсрэгээрээ байгалийн баялагийн асар их хэмжээний эдгээр олборлолтууд нь авлига, хээл хахуулийн маш том сонирхлуудыг бий болгож, эргээд “дөнгөж нахиалж буй ардчилал”-тай тус улсын засаглалыг хүндрүүлж, авлигыг нэмэгдүүлж байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан үнэлгээний тайланд тусгасан байна. 

“Монгол улс нь авлигатай тэмцэх чиглэлээр хэд хэдэн чухал шинэчлэлийг эхлүүлсэн боловч тэдгээр нь тогтвортой үр дүнд хүрэхэд хол байна. Бие даасан Авлигатай тэмцэх газар нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд мэдлэг боловсрол олгох, мөн авлигын хэрэгт мөрдөн шалгалт явуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн тус байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, ажил үүргээ бүрэн гүйцэтгэх боломжийг олгох ёстой. Мөн авлигын эсрэг шинэ стратегийг цаг алдалгүйгээр баталж, хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн, иргэний нийгэм, улс төрийн намын санхүүжилт болон шүүх засаглалаа шинэчлэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ. 

Эх сурвалж

Авлигын эсрэг хуулийг өөрчлөх цаг болсон. /2015.11.24/ 

Гонконг: 2000 оны дунд үе хүртэл тус улсын авлигаас урьдчилан сэргийлэх хууль нь дэлхий даяар авлигын эсрэг хуулийн алтан стандарт нь болж байсан. 

Энэхүү хууль нь авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхой хуульчилснаас гадна төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн гаргаж, мэдүүлэх талаар заажээ. 1970-аад оны эхээр батлагдсан энэхүү хууль нь Авлигын эсрэг бие даасан хороог байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг дэлхий нийтээрээ хуулбарлаж байсан. Жишээ нь: Дэлхийн банкнаас Гонконгийн загвараас суралц гэдэг байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрч, энэхүү хуулийн хүч суларсаар байна.

1990-2000 онуудад Конвенцийн давалгаа үүсч, улс орнууд Гонконгийн загвараас ч илүү зүйл заалттай хуулийг батлах болов. 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенци нь хамгийн шилдэг болов. Тус конвенци нь авлигыг гэмт хэрэг гэж үзэн авлигад мөнгөө алдсан тохиолдолд гомдол гаргах боломжийг иргэддээ олгохыг улс орнуудаас шаарддаг. Тус конвенци нь улс орнуудын харилцан хамтын ажиллагааг дэмждэг. Жишээ нь: БНХАУ нь 2011 онд Эрүүгийн хууль болон Шударга бус өрсөлдөөний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар НҮБ-ын конвенцид дотоодын хууль тогтоомжоо нийцүүлсэн байна. 

Эх сурвалж