Авлигатай тэмцэх газрын ажилтны нэг өдөр

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажилтны нэг өдөр

/Сурвалжлага/

Авлигатай тэмцэх газрын 4 дүгээр давхар дахь 401 тоот тасалгаанд 5 ажилтан сууна. Тэднийг Н.Мөнхбаяр, Ц.Баасандэлгэр, Б.Эрдэнэцэцэг, Л.Анхныбаяр, Т.Дэлгэрням гэнэ. Шинэ он гараад чухам энэ л өдрүүдэд тэдний ажил ид буцалж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны нэг өдрийн ажлын зураглалыг хүргэхээр энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. 

Жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд бүх төрийн албан хаагч өмнөх оныхоо олсон орлого, хураасан хөрөнгө, хувийн ашиг сонирхлоо шинэчлэн мэдүүлдэг хуультай юм. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хууль, 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийн дагуу төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөдөг болсон билээ. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн албан хаагчид ХАСХОМ гэж товчлон нэрийддэг болжээ. ХАСХОМ бүртгүүлэх төрийн албан хаагчид энэ жил 38 мянга гаруйгаар тоологдож байна. 

Дээр нэр дурдсан 5 ажилтан тэдгээр 36 мянга орчим төрийн албан хаагчийн ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг юм. Гэхдээ тэдэнтэй хамтран ажилладаг хүмүүс бий. Тэднийг ЭБАТ гэж нэрийднэ. Энэ нь эрх бүхий албан тушаалтан гэсэн үгийн товчлол бөгөөд байгууллага бүрт ХАСХОМ бүртгэх, хадгалах, хянах ажлыг хийдэг хүмүүс. Тэд өөрийн байгууллагынхаа албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэж, дүн мэдээг нь Авлигатай тэмцэх газарт тайлагнадаг юм байна. Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллага дахь 110 орчим ЭБАТ-тай шууд харилцаж ажилладаг ажээ. Харин төрийн байгууллагуудын салбар нэгжээр авч үзвэл цааш цаашаа олон задарна. Энгийнээр зүйрлэвэл, ЭБАТ-ы тогтолцоо нь модны салаа мөчир мэт. Одоогийн байдлаар 1550 гаруй ЭБАТ улсын хэмжээнд ажилладаг. 

Төрийн албан хаагчдаас гадна төрийн өндөр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өөрсдөө бүртгэж авдаг юм. Энэ жилийн хувьд төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 276 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлэхээр байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайдууд, агентлагийн удирдлагууд, Хурлын дарга, аймгийн Засаг дарга нар гээд өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүсийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, олон нийтэд мэдээлдэг хуультай. 

Эдний өрөөний утас зогсоо чөлөөгүй дуугарна. Ажилтан Ц.Баасандэлгэр Архангай аймгийн ЭБАТ-тай утсаар холбогдов. Цахим бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар тэд ярилцлаа.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн дүн шинжилгээний албаны ажилтнууд улсын хэмжээний бүх төрийн байгууллага болон төрийн өндөр албан тушаалтнуудыг ойролцоо тоогоор хуваан авч, тус бүртээ хариуцаж ажилладаг юм байна. Энэ нь ажил үүргээ эмх цэгцтэй зохион байгуулахад маш их ач холбогдолтой гэж тус хэлтсийн дарга Ж.Батсайхан хэллээ. Нэг ажилтан 71 өндөр албан тушаалтан, 22 төрийн төв байгууллага, салбар нэгжийн 523 байгууллага, 4-6 аймаг, 23 төвийн ЭБАТ, 355 салбар нэгжийн ЭБАТ, 8000 гаруй мэдүүлэг гаргагч хариуцдаг гэхээр басхүү нэлээд өндөр ачаалалтай ажилладаг нь илэрхий. 

Авлигатай тэмцэх газар сүүлийн 3 жилд төрийн албан хаагчдаас ХАСХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэдэг болжээ. 

Энэ нь тун том дэвшил болсон гэдгийг төрийн албан хаагчид хэлдэг юм. Ажилтан Т.Дэлгэрням ХАСХОМ бүрдүүлэлтийн цахим системийн удирдлагын хэсгийг хариуцдаг. Цагийн зөрүүтэй бус нутаг, гадаад улс орнуудад суугаа манай Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтнуудаас мэдүүлгээ цахимаар бүртгүүлэх үед шөнийн цагаар сууж ажиллах шаардлага түүнд гардаг байна. “Яг одоо үдийн цайны цаг гэхэд сүлжээнд 2560 төрийн албан хаагч байна” гэж Т.Дэлгэрням хэллээ. Цахим бүрдүүлэлтийн туршлагыг манай улс БНСУ-аас авчээ. Цаашид улам сайжруулах, боловсронгуй болгох шаардлага байгаа гэнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдвал төрийн албан хаагчдаас мэдүүлгийг нь цаасаар авч байгааг бүрмөсөн халах юм байна. 

Ажилтан Л.Анхныбаяр өдөр тутмын сонинтой байгуулах гэрээний төслийг боловсруулж суув. Тэрээр мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлэхийг төрийн албан хаагчдад сануулсан сурталчилгааны шинэлэг санаа боловсруулах даалгавар авчээ. Ийм төрлийн сурталчилгааг Авлигатай тэмцэх газраас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан яг энэ өдрүүдэд идэвхтэй хийдэг байна. Уг нь авлигын эсрэг хууль тогтоомжид төрийн албан хаагчид ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаанд үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй хэмээн заасан. Энэ үүргээ эс биелүүлбээс ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцохоор мөн хуульчилсан. Авлигатай тэмцэх газар нэгэнт төрийн албан хаагчийн хүлээсэн үүрэг хариуцлага гэдгээр орхидоггүй бөгөөд мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг улсын хэмжээнд өндөр хувьтай зохион байгуулахаар жил бүр чармайдаг. “Хуульд заасан үүргээ биелүүлцгээ, эс бол ажлаа өгцгөө” гээд уг нь сууж байж болох. Гэвч Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжийг таниулах, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагч нэг бүрийг мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв бүртгүүлэхийг эрмэлзэж ажилладаг байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж авахдаа хуулийн хариуцлагаар далайлган сүрдүүлэхээс илүү төрийн албан хаагчдад зөвлөн туслахыг чухалчилж байгаа нь сайшаалтай. Энэ жилийн хувьд төсвийн хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан зарим өдөр тутмын сонин, телевиз, мэдээллийн цахим хуудсууд мэдүүлгийн бүрдүүлэлтийн сурталчилгааг үнэ төлбөргүй нийтэлж, нэвтрүүлж байгааг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд нэр цохон хэлж, баяр талархлаа илэрхийллээ. Тухайлбал, үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонин, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 25 дугаар суваг, UBS, ETV телевиз, www.zaluu.com, www.ubs.mn, www.itoim.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгааг онцлон нэрлэж байв. 

Ажилтан Б.Эрдэнэцэцэг, Н.Мөнхбаяр нар гаднаас орж ирлээ. Тэд Ашигт малтмалын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдад сургалт хийгээд ирж байгаа юм байна. Энэ л өдрүүдэд мэдүүлгээ хэрхэн бөглөх талаар сургалт авах захиалга төрийн байгууллагуудаас маш олон ирдэг байна. Тэр бүхэнд очиж, хүссэн сэдвээр нь сургалт хийж, мэдээлэл өгдөг ажээ. Ажилтан Ц.Баасандэлгэр энэ өдрийн ажлын цаг эхлэхээс өмнө онцгой байдлын салбарын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад сургалт хийгээд иржээ. “Тухайн өдрийн ачааллаас шалтгаалж, ажлын бус цагаар, мөн амралтын өдрүүдэд ч сургалт хийх шаардлага гардаг” гэж ажилтан Н.Мөнхбаяр хэлэв. Бэлтгэсэн сэдвээрээ мэдээлэл хийх нэг хэрэг, мэдүүлэг гаргагчдын тулгамдсан асуудал бүрт хариулт өгч, тухай бүрт шийдвэрлэдгээрээ тэдний зохион байгуулдаг сургалт бусад төрлийн сургалтаас онцлог бөгөөд ач холбогдолтой ажээ. Ажилтан Б.Эрдэнэцэцэг “Миний сая сургалт хийсэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өнгөрсөн жил ХАСХОМ-ийн хяналт шалгалтад хамрагдсан. Бид сургалт хийхдээ урьд өмнө илэрсэн зөрчил, дутагдал дээр нь үндэслэж хойшид анхаарах асуудлыг нь түлхүү ярьдаг” гэв. 

Энэ жилийн хувьд цагаан сар хоёрдугаар сарын эхээр тохиож байгаа. Сар шинийн баяр ажлын өдрүүдэд таарч байгаа тул ХАСХОМ-ээ цагаан сарын өмнө амжиж бүртгүүлээрэй хэмээн Авлигатай тэмцэх газраас нийт төрийн албан хаагчид болон мэдүүлэг гаргагч нарт анхааруулж байна. Хэдийгээр хуулийн хугацаа 2 дугаар сарын 15 гэж байгаа боловч цагаан сарын золголт, бууз, ууцны чимээнээс урьтаж мэдүүлгээ өгөхөөр төрийн албан хаагчид өөрсдөө ч бас яаравчилж байгаа гэнэ. 

Сурвалжлагын эхэнд нэр дурдсан 5 ажилтны хувьд жил бүрийн 2 дугаар сарын 15-ныг хүртэл өдөр бүрийг энэ мэт өндөр ачаалалтай өнгөрүүлдэг байна. ХАСХОМ бүртгэх ажлыг дуусгаад дүн шинжилгээний ажлаа эхлүүлнэ, дараа нь олон нийтэд мэдээлэх ажилдаа орно. Улмаар төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэх хяналт шалгалтын ажил бүтэн жил үргэлжилнэ. Улс даяар төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх ажил хийгдэж буй энэ өдрүүдийг зориуд сонгон Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ажлын нэг өдрийг сурвалжилсан нь энэ юм. 

Үүнийг бичигч миний бие 1996-2000 оны парламентын сурвалжлагчаар ажиллаж байх үедээ тухайн үеийн УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцаж, сурвалжлага хийх гээд бараагүй юм. Тэр үед үйлчилж байсан Авилгалын эсрэг хуульд зааснаар төрийн албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлэг авах боловч тэдгээртэй танилцах боломж үгүй байв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны төмөр шүүгээнд хав дараастай, үзье харъя гэх хүнгүй, хэн гуай мэдүүлсэн үгүй нь тодорхойгүй, олонд харуулъя ч гэхгүй нэг тиймэрхүү байдалтай байж билээ. Албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь бүртгэж авахын хамгийн гол утга учир нь иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэхэд байгаа юм, уг нь. Хөрөнгө, орлогыг нээлттэй байлгана гэдэг нь олон нийтийн хяналтыг бий болгоно гэсэн үг. 

Харин 2006 онд шинэчлэн баталсан Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах, мэдээлэх, дүн шинжилгээ хийх ажил жинхэнэ утгаараа эхэлсэн. Энэ нүсэр ажлыг Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр өдгөө улсын хэмжээнд тогтолцоо болгон бүрдүүлж чадсан билээ. 

Т.МӨНХТУНГАЛАГ

2016 оны 1 дугаар сар