Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.01.11-16/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.01.11-16/

Энэтхэг Улсад жижиг, дунд үйлдвэр байгуулахад авлига саад болж байна хэмээн судалгааны дүн харуулав (05.01.2016)

Энэтхэг. Локал сёркл гэгч нийгмийн мэдээллийн сүлжээнээс зохион байгуулсан шинэ судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд авлига хамгийн их саад болж байна хэмээн судалгаанд оролцогчдын 60 хувь нь үзсэн бол 14 хувь нь бизнес эрхлэхэд учирч буй том бэрхшээлд тооцжээ. Уг судалгаанд 35 мянган оролцогч хамрагдсан юм. Бид судалгаанд оролцогчдыг хамгийн их саад, бэрхшээл болдог зүйлээр санхүүгийн асуудлыг нэрлэх болов уу гэтэл судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь авлига гэж хариулсан байна хэмээн судалгааны багийн ахлагч Сачин Тарариа тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж

Малайзын Авлигын эсрэг хороонд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөс хамгаалах болно хэмээн сенатын гишүүн Пол Ло мэдэгдэв (06.01.2016)

Куала-Лумпур. Засгийн газрын ил тод байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг хариуцдаг сайд болон сенатын гишүүн Датук Пол Ло “Би Авлигын эсрэг хороог ялангуяа, тус байгууллагын удирдлагыг солих талаар яригдаж байгаа энэ үед аливаа нөлөөллөөс хамгаалах болно.” гэжээ. Малайзын Инсайдер мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Нажиб болон Сангийн сайдын хувийн компанийн дансанд 2.6 тэрбум рупиг шилжүүлсэн тухай баримтыг Авлигын эсрэг хорооноос Прокурорын байгууллагад шилжүүлсний дараахан тус хорооны дарга Тан Сри Абу Касим Мохамэд -ийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь гэсэн мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Абу Касимын биеийн байдал түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан болж болзошгүй гэсэн байна. Учир нь Абу Касим 8 дугаар сард нуруундаа хагалгаа хийлгэсэн ба 10 дугаар сард ажилдаа орсон байна. Хуулийн дагуу 2018 он хүртэл тус албыг хаших ёстой ба 2020 онд түүний төрийн албанд ажиллах хугацаа дуусч тэтгэвэрт гарах бөгөөд тэрээр 1984 онд тус байгууллагад ажиллаж эхлээд 2009 оноос тус байгууллагын даргаар ажиллаж байна.

Эх сурвалж

Авлигын асуудлыг мэдээлэх шууд утас ажиллаж эхэлснээс хойш 330 дуудлага хүлээн аваад байна (2016.01.08) 

Вьетнам. Авлигын асуудлыг мэдээлэх 3 шугам ажиллаж буй 25 хоногийн дотор 330 гаруй дуудлага хүлээн аваад байна хэмээн Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчооны дарга Пам Тронг Дат мэдэгдэв. Эдгээр дуудлагын зонхилох хувийг газар эзэмших, ашигт малтмал, татвар, нийгмийн халамж, үйлчилгээ болон эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой мэдээлэл эзэлж байна гэжээ. Эдгээр дуудлагын 120-д дурдагсан асуудлыг шалгахаар нэмэлт материал, нотлох баримт цуглуулахаар ажиллаж байна. Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчоо өнгөрсөн онд янз бүрийн салбарт 6500 гаруй захиргааны шалгалт, 243600 орчим тогтмол хяналт, шалгалтыг хмйжээ. Үүний үр дүнд 4.3 их наяд ам.долларын зөрчил илрүүлсэн байна. Байгууллага, иргэдэд 509.3 сая ам.долларын 161600 захиргааны арга хэмжээ, торгууль ногдуулжээ. 74 иргэнд холбоотой 67 асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэхээр шилжүүлсэн байна. 133 иргэнд холбоотой 40 асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа аж.

Эх сурвалж

Магуфули авлигатай тэмцэхийн тулд юу хийх вэ? (2016.01.11) 

Танзани Улс. Африкийн олон орнуудыг зовоож буй авлигын асуудалтай тэмцэнэ хэмээн амлаж Танзани Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Магуфули 11 дүгээр сарын 5-ны өдөр тангараг өргөн ажилдаа орсон билээ. Магуфулигийн хэрэгжүүлж буй арга хэмжээнд тус улсын тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхийг цуцалж түүнд зориулах ёстой байсан хөрөнгийг холератай тэмцэхэд зарцуулсан байна. Түүнчлэн иргэдийг их цэвэрлэгээ хийхийг уриалсан ба өөрөө ч оролцжээ. Тэрээр төрийн албан хаагчдын шаардлагагүй бол гадаадад томилолтоор явахыг хориглосон ба засгийн газрыг 30 гишүүн байсныг 19 болгож цөөрүүлжээ. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй өвчтнүүд Танзанийн төв эмнэлгийн шалан дээр хэвтэж байгааг харсан тэрээр эмнэлгийн даргыг ажлаас нь халсан байна. Магуфули урьд нь Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан. Тус албыг хашиж байхдаа ямарч ажлыг уйгагүй хийдгээсээ болж “Бульдозер” хэмээх нэрийг авсан байна. Хэдийгээр ажлаа аваад хэдхэн сар болж байгаа ч түүний ажилч, хөдөлмөрч зан чанар түүнийг Зүүн Африкт нэр хүндтэй болгожээ. Африкийн нийгмийн сүлжээгээр “Магуфули юу хийх вэ?” гэсэн тренд (чиг хандлага) ихээр нэрд гарч иргэд өөрсдийн мөнгө хэмнэх гэсэн өдөр тутмын асуудлын талаарх зургаа “Магуфули юу хийх вэ” гэсэн гарчигтай нийгмийн сүлжээнд тавьж байна.

Магуфулигийн шинэчлэл авлигад автсан Африк тивд их шаардлагатай байгаа билээ. Тухайлбал, Нигер Улс сенатын 100 гишүүнд зориулан тансаг зэрэглэлийн автомашин худалдаж авсан асуудал шуугиан тарьсан юм. Гэтэл Нигер Улсад цахилгаан эрчим хүчний хомсдол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг шийдвэрлэх олон асуудал байдаг. Зимбабвэ Улс дэлхийн хамгийн ядуу улсын нэг. Гэтэл 2013 онд Засгийн газар нь 20 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зориулжээ. Танзани Улс ч авлигад ихээр автсан улсын нэг. Донор байгууллагууд 2014 онд 500 сая ам.долларын тусламжийг тус улсад олгох гэж байсан боловч Танзанийн Төв банкнаас 180 сая ам.доллар алга болсныг мэдсэнээр тусламж олгох асуудлыг цуцалсан юм. 

Магуфули Танзанийн эдийн засгийн асуудлыг хэр амжилттай шийдвэрлэхийг харах л үлдээд байна. Түүний шинэчлэлийн асуудлууд нэг их удаан үргэлжлэхгүй хэмээн шүүмжлэгчид хандаж буй юм. Зүүн африкт авлигатай тэмцэхээр өмнө нь ч олон хүн амалж байсан боловч тэр нь хоосон амлалт байсан хэмээн зарим хүмүүс үзэж байна. Магуфулигийн тэмцээд байгаа авлигыг хянаж буй улс төрийн намаас угшилтай тэрээр хэрхэн тэмцэх нь ойлгомжтой гэж шүүмжлэгчдийн нөгөө хэсэг хандаж байна. Ямар ч нөхцөлд Магуфули авлигатай тэмцэхээр эхний алхмуудыг хийгээд байна.

Эх сурвалж

Бразилийн гурван Ерөнхийлөгч асаныг авлигын асуудалд буруутгах бололтой (2016.01.16) 

Бразилия. Төрийн өмчийн газрын тосны Петробас компанитай холбоотой авлигын асуудалд хоёр өдрийн дотор Бразилын гурван Ерөнхийлөгч асан холбоотой болоод байна. Ерөнхийлөгч Дилма Роусефийн өрсөлдөгч Энрике Кардозогийн Засгийн газрын үед Петробасыг Аргентины хувийн газрын тосны компаниас худалдан авалт хийхийн тулд 100 сая ам.долларын хээл хахууль төлсөн хэмээн мэдээлэгч Нестор Сервего ярьсан байна. Нестор Сервего нь Петробас компанийн Гадаад харилцааны албаны дарга асан бөгөөд авлигын асуудал дэгдэснээр хоригдох хугацааг багасгах зорилготой тэрээр мөрдөн байцаагчидтай хамтарч байгаа аж. Тэрээр одоогийн байдлаар өөр хээл хахууль, авлигатай холбоотой хэргээр Петролаод хорих ял эдэлж байна. Бразилийн сөрөг хүчин болох Социал демократ намын нэр хүндэд Сервегогийн мэдэгдэл ихээхэн хүндрэл авчирч байна. Учир нь тус намын дээд түвшний албан тушаалтныг хамрах асуудал болоод байна. 

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва улс төрийн дэмжлэг авахын тулд мөн Ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Меллод төрийн өмчит компанийн ихэнхи хувьцааг өгсөн хэмээн Ерөнхий прокурор Родриго Жанот мэдэгдэв. 

2010-2014 онд Петробас компанийн охин компани БР Дистрибудора байгуулан хувьдаа хөрөнгөжихөд төрийн өмчийг ашиглах, төрийн албан хаагчдын авлигын асуудал, мөнгө угаах зорилгоор гэмт байгууллага байгуулсан хэмээн Фолья ди Сан-Паулу сонинд өгсөн мэдэгдэлд Ерөнхий прокурор Жанот дурджээ. Үүнээс гадна эрх барьж буй Хөдөлмөрчдийн намаас сонгогдсон Вандер Лоубертын асуудлыг ч тэрээр Дээд шүүхэд өгсөн талаар мэдэгдсэн байна. Фернандо Коллор Бразилийн Ерөнхийлөгчийн албыг 1990-1992 онд хашиж байсан бөгөөд мөн л авлигын асуудлаас улбаатай огцорсон юм. Түүнийг найман жилийн туршид төрийн алба хаших эрхийг нь хязгаарласан. 2009 онд тэрээр улс төрийн амьдралд эргэн орж Хөдөлмөрчдийн намаас Алагоас мужаас сенатад сонгогдсон ба тухайн үед эрх барьж байсан Луис Инасио Лула да Силвад улс төрийн дэмжлэг үзүүлэхээр амласнаар Петробасын охин компани болох БР Дистрибудораг хувийг эзэмшдэг болсон байна. Түүнийг 2015 онд БР Дистрибудораг ашиглан авлига, мөнгө угаасан асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж.

Эх сурвалж

Казахстаны шинэчлэлд авлига саад учруулж байна (2016.01.14) 

Казахстан. Казастан бол хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн байсан ба хөгжиж буй зах зээл буюу байгалийн баялгийн үнээс хамааралтай дундаж орлоготой улс. Казахстаны зарим нэг томоохон компаниуд нь хувьчлал нэртэй хуучин зөвлөлтийн аппаратад ажиллагсдын өмч болсон. Тэгэхдээ нөгөө талаас сүүлийн хорин жилийн хугацаанд Казахстан Улсын эдийн засгийн өндөр өсөлт олон тооны хувийн бизнес хөгжүүлэх боломж бий болгосноос гадна гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хуучин зөвлөлтийн улсуудаас ОХУ-ын дараа зүй ёсоор татдаг. Газрын тос болон байгалийн баялгийн үнэ өндөр байсан тус улсад эдийн засгийн өсөлт, олон улс дахь нэр хүнд, иргэдийн амьжиргааны түвшиний өсөлт зэргийг дагуулсан. Урт хугацагаар Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Нурсултан Назарбаев сүүлийн хорин жил эдийн засгийг хөгжүүлэхээр оролдож байна. Тус улс өөрийн ирээдүйд ихээхэн итгэл үнэмшилтэй байсан тул ЭЗХАХБ-ын гишүүн болж 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн 30 том эдийн засагтай улс орнуудын тоонд багтана гэсэн зорилт тавьсан билээ. 

Тэгвэл бусад улс орнуудтай харьцуулахад Казахстан Улсад бизнес эрхлэхэд ямар байгааг судлахад Дэлхийн өрсөлдөх чадварын индекс судалгаагаар судалгаанд хамрагдсан 140 орноос 42 дугаарт эрэмбэлэгдсэн ба сүүлийн таван жилийн хугацаанд 30 гаруй байраар ахисан байна. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 41 дүгээрт эрэмбэлэгдсэн ба өмнөх жилтэй харьцуулахад 12 пунктээр дээшилсэн байна.

Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн судалгаагаар 126 дугаарт жагсчээ. 2013 онд 140 дүгээрт, 2010 онд 105 дугаарт байжээ. Өөрөөр хэлбэл, Казахстан Улсын авлигын эсрэг хүчин чармайлт ямар нэгэн үр дүнгүй байгааг харуулаад зохсохгүй иймэрхүү байдалтай байвал зорилгоо биелүүлж чадахгүйд хүрээд байна. 

Эх сурвалж