Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.
-Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албан ёсны дүн мэдээг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Энэ жил хуулийн хугацаанд хичнээн хүн мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бэ?
-Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн тайлан, бүртгэлийг нэгтгэж албан ёсны дүн мэдээг гаргалаа. Улсын хэмжээнд нийтдээ 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт 2015 оны мэдүүлгээ мэдүүлбэл зохих төрийн өндөр 269 мэдүүлэг гаргагч албан тушаалтан хуульд заасан хугацаанд 100 хувь мэдүүлсэн байна.
-2016 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааны онцлог юу байв?
-Ихээхэн онцлогтой байлаа. 2015 оны сүүлээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Зарим төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ их гарсан. Төрийн өмчийн хорооны бүтцийг хуулиар өөрчилж Сангийн яаманд нэгтгэсэн, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газруудыг нийлүүлж Гааль, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороог нийлүүлж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгосон зэрэг өөрчлөлт хийгдсэн. Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын амралтын өдрүүд давхацсан. Энэ бүхэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсгэж байсан. Гэвч Авлигатай тэмцэх газар учирч болох эдгээр бүх хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах үр дагаврыг тооцож, тухай бүрт арга хэмжээ авч ажилласан.
-Мэдүүлгээ гаргаагүй буюу хожимдуулж мэдүүлсэн зөрчилтэй нийт 5 хүн байгааг нэрлэж болох уу?
-Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр нар хугацаа хожимдуулсан, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар 2015 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна.
-Ихэвчлэн дүүргийн хурлын төлөөлөгч нар хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд хойрго хандсаны учир шалтгаан юу вэ?
-Энэ жилийн хувьд нийслэлийн 2 дүүргийн 3 төлөөлөгчийн хувьд ийм асуудал гарсан нь анхаарал татаж байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлэх талаарх сургалт, сурталчилгааг хангалттай түвшинд өгсөн. Дээр нэр дурдсан албан тушаалтнууд шалтгаан, тайлбараа гаргаж өгөх байх.
-Дээрх хүмүүст хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу мэдүүлгээ хожимдуулж гаргасан, гаргаж өгөхгүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулж, гаргасан зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувь бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулдаг. Мөн тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу нарийвчлан хянан шалгадаг.
-Мэдүүлгээ гаргаж өгөөгүй буюу гаргахаас татгалзсан асуудлыг хөрөнгө, орлогоо нуусан гэж үзэх үү?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар мэдүүлэг гаргахаас татгалзсан болон гаргаж өгөөгүй нь тухайн албан тушаалтны мэдүүлгийг шалгах үндэслэл болдог. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь нарийвчлан хянан шалгаж, шалгалтын эцэст тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогоо нуусан эсэх нь тодорхой болох бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд хөрөнгө, орлогын дүн болон тухайн мэдүүлэг гаргагчийн албан тушаалын цалин хөлсний дүнтэй уялдан хүлээлгэх сахилгын шийтгэл харилцан адилгүй байдаг. Тухайлбал зөрчилтэй мэдүүлсэн хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн албан тушаалтны зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцүү хэмжээний бол албан тушаал бууруулах, нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээтэй байвал албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах сахилгын шийтгэл хүлээхээр заасан байх жишээтэй.
-Төрийн албан хаагчдаас хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулж авахын ач холбогдол ер нь юу юм бэ?
-Төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх гол механизм. Нөгөө талаас төрийн албан хаагчид ажилд орохдоо хэдий хэмжээний хөрөнгөтэй байна, ажиллаж байх хугацаанд ямар хэмжээний хөрөнгөтэй болсон, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл байна уу гэдэгт хяналт тавин ажиллаж байгаа нь цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжих авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл юм. Мөн иргэд олон нийтийн зүгээс төрийн албан хаагчийн хөрөнгө, орлоготой холбоотой өргөдөл, гомдлыг Авлигатай тэмцэх газарт ирүүлдэг. Тэдгээр мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хөрөнгө орлогоо хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нь тогтоож зөрчил илрээгүй тохиодолд тухай бүрт нь гомдол гаргагчид хариуг хүргүүлдэг, энэ нь төрийн албан хаагчдынхаа нэр төрийг хамгаалах арга хэмжээ болж байгаа юм.
-Төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг эцсийн байдлаар олон нийтэд хэзээ мэдээлэх вэ?
-Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлдэг УИХ-ын гишүүд, сайд, УИХ-аас байгуулагддаг байгууллагын удирдах албан тушаалтан, Засгийн газрын агентлагийн дарга нар болон Улсын дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга зэрэг Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 250 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулна.