Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд 22 байгууллагын 453 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна. Харин энэ он гарсаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй 8 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн зарим иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахтай холбоотой үүсч буй асуудлаар Зам тээврийн сайдад болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад албан бичиг хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтад одоогийн байдлаар ямар байгууллага хамруулаад байна вэ? Цаашид ямар байгууллагыг хамруулахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ он гарсаар Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын 124 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан. Энэ улиралдаа багтаан Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, ИНЕГ, Газрын тосны газар зэрэг байгууллагад хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Зарим байгууллагад шалгалт ороод эхэлсэн явж байгаа.
-Найман албан тушаалтанд хариуцлага тооцсон гэлээ. Яг ямар хариуцлага тооцсон юм бэ?
-Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу сануулах 4, цалингийн хэмжээг бууруулах 2, албан тушаалаас халах 2 арга хэмжээ авсан байна.
-Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянадаг. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд дүгнэлт гаргуулахгүйгээр төрийн албанд томилогдон ажиллаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүн дээр танайх хэрхэн ажиллаж байна вэ?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшиж байгаа этгээд дээрх хуулийг хангаж байна уу, энэ албан тушаалаар хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдэг асуудлаар дүгнэлт гаргадаг. 2015 онд ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж томилсон 110 албан тушаалтныг чөлөөлүүлсэн. Мөн манай байгууллагаар урьдчилсан мэдүүлгийг нь дахин хянуулаад буцаан томилсон байгаа.
-УБТЗ-ын орлогч дарга Л.Даваапилийн хууль бус томилгооны асуудлаар Авлигатай тэмцэх газар олон нийтэд мэдээллээ. Энэ хүн ямар хууль зөрчиж төрийн албанд ажиллаж байгаа юм бэ?
-Дээрх асуудлын хүрээнд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Л.Даваапилийн урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар манай байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу хянан үзэхэд Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар шийтгүүлсэн. Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байсан. Энэ дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж албан бичиг хүргүүлсэн. Гэтэл одоо болтол энэ хүн ажилласаар байгаа юм.
-Тэгэхээр цаашид яах ёстой вэ?
-Бид энэ асуудлыг нягталж үзээд Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, Л.Даваапилийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн.
-Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид албан бичиг хүргүүлсэн тухай мэдээлэгдсэн. Энэ талаар тодруулна уу.
-Удирдлага нь солигдохоор тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд халагдах, солигдох, өөр албанд томилогдох асуудал үүсдэг. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 48 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдахаар ирсэн байна. Эдгээрийг хянах явцад ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол цөөнгүй ирж байна. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчилтэй, нам, эвслийн захиалгатай албан тушаалд томилоод байна гэсэн гомдол байна. Тиймээс хууль бус томилгоотой холбоотой асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлж анхааруулсан.
-Байгууллагын дотоод асуудалд Авлигатай тэмцэх газар хөндлөнгөөс оролцож эхэллээ гэсэн шүүмжлэл гарч байна?
-Энэ бол байгууллагын дотоод асуудалд оролцсон зүйл биш. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудал юм. Томилогдож байгаа хүмүүсийн хувьд тухайн албан тушаалын шаардлага хангахгүй байгааг, мөн ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал бий болж байгааг үл тоон өнгөрөөж болохгүй. Бид хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой.