Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.09-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.09-15/

Авлигын асуудлаас болж Киргизийн ерөнхий сайд огцорлоо (2016.4.11)

Киргиз. Авто замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой авлигын асуудлаас болж тус улсын Ерөнхий сайд даваа гарагт огцорлоо. Өөрөөр хэлбэл, 1 жил хүрэхгүй хугацаанд ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Темир Сариев “улс орны тогтвортой байдлыг хадгалах” зорилгоор ийнхүү огцорч буйгаа мэдэгдсэн юм. Улмаар Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев түүний огцрох хүсэлтийг нэн даруй хүлээн авлаа. 

Авлигын асуудалд холбоотой саатаад буй нэгэн авто замын бүтээн байгуулалтын төсөлд тус улсын парламентын байнгын хорооноос шалгалт явуулж, үр дүнг нь танилцуулснаас хоёр өдрийн дараа ийнхүү Сариев албан тушаалаасаа огцорч байгаа юм. 

Хятадын барилгын компанийн гүйцэтгэж байгаа 100 сая ам. долларын өртөг бүхий авто замын төслөөс Сариев болон тус улсын тээврийн сайд нарыг хувьдаа ашиг хүртсэн хэмээн буруутгаж байгаа юм. 

“Хятадын ‘Long Hai’ компанийг тендерт ялуулах зорилгоор ерөнхий сайдын тойрон хүрээлэгчдээс бүрдсэн үнэлгээний багийг өөрийнх нь орлогч бүрдүүлсэн” хэмээн Тээврийн сайд Аргунбек Малабаев мэдэгдсэн юм. Сариев түүнийг буруутгаж байгааг үгүйсгэж байгаа бөгөөд Малабаев нотолж чадахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Одоогийн байдлаар дараагийн ерөнхий сайд хэн болох нь тодорхойгүй байна. 

ЗСБНХУ-ыг задран унаснаас хойш бие даасан улс болсон төв Азийн энэхүү үндэстний 28 дахь ерөнхий сайд нь Сариев байсан юм. 

Эх сурвалж

Украины ерөнхий сайд Арсени Яценюк огцрохоо мэдэгдлээ 

Украин. Ерөнхий сайд А.Яценюк огцрохоо мэдэгдлээ. Өмнөх ерөнхийлөгч Виктор Янукович 2014 оны 2 дугаар сард түлхэгдэн унаснаас хойш А.Яценюк тус улсын ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм. 

Одоогийн ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрөгч 2 дугаар сард А.Яценюкийг албан тушаалаа өгөхийг шаардаж байсан билээ. Улмаар Порошенкогийн намаас дараагийн ерөнхий сайдад парламентын дарга Владимир Гройсманы нэрийг дэвшүүлээд байгаа юм.

А.Яценюк огцрох болсноо өөрийн Twitter хуудсаар дамжуулан зарласан бөгөөд энэ хүсэлтээ 4 дүгээр сарын 12-ны өдөр парламентад өргөн барихаар болсноо ч мэдэгдсэн байна. Мөн тэрээр “гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал”-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ засгийн газрын нэн даруй байгуулахыг уриалсан аж. 

Анх А.Яценюк эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, авлигатай тэмцэхээ амлан Украины ерөнхий сайд болж байсан билээ. Хэдийгээр ямар ч тодорхой баримт нотолгоо байхгүй ч, түүний засгийн газрыг авлигатай холбон буруутгаж байгаа бөгөөд олон нийтийн дэмжлэгийг ч алдаад байсан юм.

Эх сурвалж

Египетийн сайд асан 10 жилийн ял авлаа (2016.4.11)

Египет. Авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдсоны дараагаар Египетийн хөдөө аж ахуйн сайд асан Салах Эддин Хэлалд болон түүний Тамгын газрын дарга асан Мухуидин Саид нарт шүүхээс 10 жилийн ял оногдууллаа. Мөн шүүхээс Хэлалд 110000 ам.доллар, Саидад 55000 ам.долларын торгуулийг тус тус оногдуулсан байна. 

Төрийн мэдлийн газрыг хямдралтай үнээр борлуулахын тулд хээл хахууль авсан хэрэгт Хэлалыг буруутгасны дараа, өнгөрөгч 9 дүгээр сард албан тушаалаа өгсөн билээ. 
Тансаг зэрэглэлийн орон сууц, спорт клубийн гишүүнчлэлийн карт, өндөр үнэтэй хувцас зэргийг хээл хахуульд авсан хэмээн түүнийг прокурорууд буруутгаж байсан юм. 
Шүүхээс мэдээлснээр Хэлалд хээл хахууль өгсөн бизнесмен болон хээл хахуульд зуучилсан этгээдүүд буруутайгаа хүлээсэн учир хорих ял оногдуулаагүй байна. 

Энэхүү авлигын хэрэг нь Ерөнхий сайд асан Ибрахим Мэхлэбийн засгийн газрыг огцруулах асуудлыг улам бүр хурдасгасан бөгөөд ноён Мэхлэбийн залгамжлагчаар Исмайл Шариф өнгөрөгч оны 9 дүгээр сард томилогдсон билээ. 

Транспэрэнси интернэшнл байгууллагын 2015 оны авлигын төсөөллийн индексийн дүнгээр Египет нь 168 улсаас 88 дугаар байрт эрэмбэлэгдсэн байдаг. 

Эх сурвалж

Авлига, ядуурлын эсрэг тэмцэхээ амлан Мадагаскарын ерөнхий сайд томилогдлоо (2016.4.13)

Мадагаскар. Авлига, ядуурлын эсрэг тэмцэхээ амлан тус улсын шинэ ерөнхий сайд Солонандрасана Оливэр Махафалн лхагва гарагт өмнөх ерөнхий сайд Жан Равэлонаривогоос албан тушаалыг нь залгамжлан авлаа.

Равэлонаривог албан тушаалаасаа огцорч байгааг мэдэгдсэнээс 2 өдрийн дараа буюу өнгөрөгч ням гарагт тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дотоод хэргийн сайд асан Махафалнг ерөнхий сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн билээ. 

Мадагаскарын нийслэл Антананариво хотод ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр “Бидний тэргүүлэх чиглэл бол ядуур, авлигын эсрэг тэмцэх...манай байгалийн нөөцийг дээрэмдэх үйл ажиллагаатай би болно” хэмээн Махафалн хэлсэн юм. 

Мадагаскар улс хандивлагч, гадны хөрөнгө оруулагчдыг сандарган 2009 онд төрийн эргэлт хийсний дараагаар улсаа эмхлэн байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд 2013 онд болсон сонгуулийн дараа хандивлагчдад таатай орчин бүрдэнэ хэмээн хүлээж байсан ч улс төрийн хямрал болж хувирсан билээ. Улмаар 2014 оны 14 дүгээр сард тус улсын ерөнхийлөгч Ражаонаримампианина болсон. 

Эх сурвалж

Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан авлигын хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрлөө (2016.4.11)

ОУХХ. Өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллагад ажиллаж байсан Альфредо Хавит авлигын асуудалд буруутай болохоо хүлээн зөвшөөрлөө. 

Хөлбөмбөгийн зах зээлийн компаниудаас хээл хахуульд олон мянган долларыг авсан гэдгээ 64 настай Хавит АНУ-ын Бруклин дэх Дүүргийн шүүхэд нотоллоо. Тэрээр мөн АНУ-д 950000 ам.доллар төлөхөө ч зөвшөөрсөн байна. 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаатай холбоотой Хууль зүйн яамнаас үүсгээд байсан хэрэгт холбогдсон 42 шүүгдэгчийн 17 дахь нь Хавит бөгөөд түүнд 20 хүртэлх жилийн хугацаанд хоригдох ял оногдуулах боломжтой юм. 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зургаан тивийн холбооны 1 буюу Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд хяналт тавих Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жеффри Уэббийг өнгөрсөн оны 5 дугаар сард буруутгасны дараагаас Хавит тус холбоог тэргүүлж байсан ч, мөн 12 дугаар сард түүнийг баривчилсан билээ. 

Ноён Уэбб-ийн баривчлагдсан зочид буудалд буюу Цюрих хотын 5 одтой зочид буудлаас цагдаа нар Хавитыг баривчилж байсан билээ. 

Тэрээр Цюрих хотын шоронд 1 сарыг өнгөрөөсний дараа энэ оны эхээр АНУ-руу шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн юм. 

Мөн шүүх хурлын үеэр 17 шүүгдэгчийн авсан хахуулийн дүн болох 200 гаруй сая ам.долларын хэсэг болон 950000 ам.долларыг Хавит хууль хяналтын байгууллагад төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна. 

Эх сурвалж

Татвараас зайлсхийх явдал дэлхий дахины бизнесийн практикт стандарт болсон. Дэлхийн 200 том компанийн 90 хувь нь оффшор бүсийг ашигладаг (2016.4.14)

Их Британи. “Oxfam” байгууллагын гаргасан тайланд дурдсанаар АНУ-ын хамгийн том 50 компани оффшор бүсэд 1 их наяд гаруй доллар нуусан байгаа аж. Энэ дүн бол Испани, Мексик, Австрали зэрэг улсын ДНБ-ий нийт хэмжээнээс ч их дүн юм. 

Мөн тайланд дурдсанаар 2008-2014 оны хооронд эдгээр компаниуд дэлхийн зах зээлээс нийтдээ 4 их наяд орчим долларын ашигтай ажилласан, мөн энэ хугацаанд АНУ-ын төрөөс дэмжлэгээр нийтдээ 11 их наяд долларыг хүлээн авсан байна. Тус байгууллагаас тооцсоноор энэ хугацаанд дээрх компаниуд АНУ-ын холбооны татварт төлсөн 1 доллар тутамд засгийн газраас 27 орчим доллар хүлээн авсан байна. 

Oxfam байгууллагын татварын ахлах зөвлөх Робби Силвэрман хэлэхдээ: Бидэнд дэлхийн татварын тогтолцооны гажгийн талаар нотолгоо байна. Баян, хүчирхэг нь татвараа төлдөггүй, харин бид татвараа төлдөг нийгэм байх боломжгүй. Тиймээс, татвараас зайлсхийх явдлыг эцэс болгохын тулд дэлхий дахины засгийн газрууд хамтрах хэрэгтэй” гэжээ. 

Их Британид байрлах тус байгууллагын үзэж байгаагаар дэлхийн 200 том компанийн 90 хувь нь татвараас зайлсхийж байгаа бөгөөд татвараас зайлсхийх бол дэлхийн бизнест стандарт болоод байгаа аж. 

“Орлогоосоо татвараа шударгаар төлөхгүй дэлхийн улс орнуудыг хуурах явдал бол АНУ дахь том компаниудын ашигладаг арга, заль юм. Хөгжиж буй улс орнууд нийтдээ татвараас зайлсхийгч нарт жил бүр 100 их наяд долларыг алдаж байгаа нь тэдэнд хүнд цохилт болж байна. Энэ дүн бол 2.2 тэрбум гаруй хүнийг цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангахад хангалттай мөнгө юм” хэмээн Силвэрман хэлсэн байна. 

Тус байгууллагаас дэлхийн дахины шийдвэр гаргагчдыг хамтарч ажиллаж, үндэстэн дамнасан том компани болон баячууд бизнес хийж буй газартаа татвараа төлдөг болох, татварын таатай орчинд мөнгөө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар хууль тогтоомжийг бий болгохыг уриалсан байна. 

Эх сурвалж

Хятад улс эрүүл мэндийн салбарынхаа авлигын асуудалд анхаарлаа хандуулж байна (2016.4.12) 

БНХАУ. Банк, засгийн газар, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын авлигад Бээжингийн зүгээс анхаарал хандуулж ирсэн. Харин одоо тус улсын авлигатай тэмцэх байгууллагууд эрүүл мэндийн салбарын авлигад хяналт тавьж эхлээд байна.

Хуучнаар Эрүүл мэндийн яам буюу Хятадын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо (NHFPC)-ноос эрүүл мэндийн салбар дахь авлига, хээл хахуулийн асуудалтай холбоотойгоор 3 дүрэм, зааврыг гаргаад байна. Өөрөөр хэлбэл, заавар #49-д эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудад хориотой 9 үйл ажиллагааг тусгасан байна. Харин заавар #50 болон шинэчлэгдсэн заавар #163-д эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой дүрэм, эрүүл мэндийн салбар дахь арилжааны хээл хахуулийг хар жагсаалтад оруулах дүрэм зэргийг багтаажээ.

Хятадын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос эм болон эрүүл мэндийн салбарт чиглэсэн эдгээр чанга дүрэм, заавар нь дотоодын болон үндэстэн дамнасан эрүүл мэндийн салбарын компаниудыг хятадын авлигын эсрэг дүрэм, холбогдох хуулийг хатуу мөрдөх ёстойг сануулж байна. 

Цаашид хятадын хууль тогтоогчид авлигын эсрэг илүү олон хууль тогтоомж гаргаж, авлигын гэмт хэргийн эсрэг идэвхтэй тэмцэж магадгүй байгаа аж. Гэхдээ хятадын хяналтын байгууллагууд хууль зөрчиж буй эрүүл мэндийн компаниуд болон тэдгээрийн дистрибьюторуудыг хар жагсаалтад оруулахдаа шударга байдал болон процессын асуудалтай холбоотойгоор зарим нэг бэрхшээлтэй тулгарч болзошгүй юм. 

Тус улсын эрүүл мэндийн салбарт авлига нэмэгдсэн нь энэ салбарт төрөөс өгч буй санхүүжилтийн хэмжээ урт хугацаанд буурсантай холбоотой юм. 1980-1999 оны хооронд эрүүл мэндийн салбарын нийт зарлагын дүнд улсын эрүүл мэндийн салбарын зарлага эзлэх хувь 36 хувиас 15 хувь болж буурсан билээ. Мөн төсвийн нийт зарлагын дүнд эрүүл мэндийн салбарын зарлагын эзлэх хувь 8-аас 4 хувь болж буурсан юм. Улмаар энэ хугацаанд, эмнэлгүүдийн үнэ, тарифыг төрийн зүгээс хүчээр бага түвшинд барьж, эрүүл мэндийн үйлчилгээн дэх нэмүү өртгийн хэмжээг 15 хувиас ихгүй байлгаж байсан. Ийнхүү тоног, төхөөрөмж, үйлчилгээний хувьд ялгаатай эмнэлгүүдийн үнийг хүчээр барьсан нь хээл хахуулийг бий болгох нэг шалтгаан болсон юм. 

Хоёр жилийн өмнө авлигын мөрдөгч нарын хувьд гадаадын компаниуд хялбархан олз байсан. Хамгийн ил нь 2014 онд “GlaxoSmithKline” компани торгуульд 490 сая ам.долларыг төлсөн явдал билээ. Харин одоо, энэхүү ажиллагаа Хятадын дотоодын компаниуд руу чиглэлээ. Сүүлийн үед эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх кампанит ажил 2014 оныхоос гурван зүйлээр өөр болж байна. 

Нэгдүгээрт, зорилтод бүлэг үндэстэн дамнасан GSK, Roche зэрэг компаниудаас дотоодын эрүүл мэндийн сүлжээ болон эмнэлгийн барилга байгууламжтай холбоотой үйл ажиллагаанд илүүтэй чиглэх болсон. Үүний нэг жишээ бол “Hainan Sanya” эмнэлгийн даргыг барилгын төслийн тендерийн хээл хахуульд холбогдуулан 3 дугаар сард 10 жилийн ял ногдуулсан явдал юм.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн бодлогыг тодорхойлогч болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шинэ хяналтыг бий болгосон. Үүний жишээ бол өнгөрсөн оны 6 дугаар сард Хятадын эрүүл мэндийн холбоо корпорациудаас санхүүжилт авсан явдлыг шүүмжилж байсан. 
Эцэст нь, одоогийн авлигын эсрэг кампанит ажил орон нутагт руу анхаарлаа хандуулж байна. Орон нутгийн болон төрийн өмчит эмийн компаниудад төрөөс хяналт тавьж байгаа бөгөөд улсын эмнэлгийн худалдан авалтын 65 орчим хувийг тэдгээр компаниуд хангаж байгаа юм. 

Цаашид Хятад улс эрүүл мэндийн салбарынхаа шинэчлэлийг түргэсгэх нь энэ салбарт авлигын сорилтыг бууруулах үндсэн алхам болно. Ялангуяа, төрөөс эрүүл мэндийн зардлыг хот, хөдөө орон нутагт тэнцүү хуваарилан, хувийн эмнэлэг, эмийн компаниудыг бий болгох, улмаар эмчлүүлэгч, эмнэлэг, засгийн газрын зардлын ачааллыг бууруулах зорилгоор хувийн даатгалыг хөгжүүлэх, эмчийн боловсрол, туршлагад нь үндэслэн тэдний цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Мөн хятадын хууль тогтоогчид компаниудыг хар жагсаалтад оруулж байгаа байдлаа дахин авч үзэх хэрэгтэй. Үүний оронд АНУ-ын хязгаарлах, эрхийг нь хасах зэрэг зохицуулалтыг бий болгож компаниудад сонголт хийх механизмыг бий болгох хэрэгтэй. Сонголт хийх механизмыг бий болгосноор хууль зөрчиж буй компаниуд төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хууль зөрчих байдлаа бууруулах, дотоод хяналтын механизмыг бий болгох зэрэгт өдөөгч нь болдог. 

Нийтлэлийг бичсэн: Хонконг дахь “Orient Capital Research” хараат бус судалгаа шинжилгээний байгууллагын шинжээч Vivienne Cheung болон захирал Andrew Collier

Эх сурвалж