Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.16-22/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.16-22/

Авлига: Авлигатай тэмцэх газар төрийн нэг албан хаагчаас 62 байшин хурааж авав 

Дайли Пост. Нигери. 2016.4.16. Хууль ёсны цалин, орлогоосоо дээгүүр түвшинд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг хараандаа авч эхэлснийг Авлига болон холбогдох бусад гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан комисс -оос мэдээлэв. Түүнчлэн төрийн нэг албан хаагчаас 61 хаус хурааж авсан гэж мэдэгдэв. Тус байгууллагын зүгээс тун удахгүй авлигад хамгийн ихээр автаад байгаа яам, байгууллага, агентлагын нэрийг нийтэд зарлах талаар мэдэгдэлд дурдсан байна. 

Комиссын дарга, ноён Экпо Нта Абужа хот дахь тус байгууллагын төв байранд Бодлого, стратегийн судалгааны Үндэсний Институт -ын оролцогчдод хандаж тавьсан илтгэлдээ эдгээр мэдэгдлийг хийжээ. 

Эх сурвалж

Хээл хахуультай тэмцэхэд оюутнууд тусална 

Стар Онлайн. Малайз. 2016.4.17. Дээд сургуулийн оюутнуудыг “авлигын эсрэг элч нар ” болгон бэлтгэж байна. Энэ арга хэмжээний зорилго нь тэдгээр элч нараар дамжуулан авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх явдал юм. Авлига, түүний хор хөнөөлийн талаар болон тус комиссын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд ухуулан таниулахад тэдгээр оюутнууд тодорхой хувь нэмэр оруулж, олон нийтэд нөлөөлж чадна гэж Малайзын Авлигатай тэмцэх комисс найдаж байна. 

Тус комиссын Ерөнхий комиссарын орлогч Датук Сери Мустафар Али хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “Бид юу хийх вэ гэвэл тэдэнд баримт, мэдээлэл өгнө. Бид тэднийг зөвхөн оюутнуудтай төдийгүй олон нийтийн бүхий л төлөөлөлтэй харилцах ур чадварт сургах болно. Ингэснээр тэдгээр оюутнууд авлигатай холбоотой янз бүрийн асуудлын талаар нийгмийн гишүүдийг соён гэгээрүүлэх болно” гэжээ. Авлигын гэмт хэргийн талаар хүмүүс илүү их мэдээлэлтэй болох тусам олон түмний зүгээс Авлигын эсрэг комисс болон авлигатай тэмцэж байгаа байгууллагуудыг дэмжих хүний тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа Мустафар илэрхийлэв. Төрийн өмчит боловсролын байгууллагууд, багш бэлтгэх сургуулиуд, политехникийн сургуулиудын нийтдээ 86 оюутныг сургалтад хамруулж байна. 

Эх сурвалж

Албан тушаалын гэмт хэрэг мөрдөх комиссоос Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татав 

Хималай Таймс. Балба. 2016.4.17. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг мөрдөх комисс -оос Ядуурлыг бууруулах сан -гийн 36 ажилтныг авлигын хэрэгт татаж тусгай шүүхэд хүргүүлэв. 

Тус сангийн санхүүгийн асуудал хариуцсан захирал, тамгын газрын захирал, төсөл, хөтөлбөр хариуцсан 31 менежер, 3 нягтлан бодогч, байгаль орчин хариуцсан ажилтан, туслах нягтлан бодогч нар энэ хэрэгт татагджээ. 

Тэдгээр ажилтнууд өөр хоорондоо үгсэн хуйвалдаж гурван жилийн хугацаанд төрийн сан хөмрөгөөс нийт 43.5 сая рупий завшжээ. Комиссын зүгээс тэднийг сангийн хөрөнгө завшихийн тулд төлбөрийн баримт болон бусад санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байна. 

Эх сурвалж

Хятад дахь авлигын эсрэг үйл ажиллагааны цар хүрээнд албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд хамрагдаж эхлэв 

Ассошиэтэд Пресс. 2016.4.18. Төрийн албан тушаалтнуудын авлига авах боломжийг улам бүр хаахын тулд тэдний гэр бүл, хүүхдүүдийг бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь хориг тавьсан шийдвэрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн хүрээг зөвхөн Шанхай хотоор хязгаарлалгүйгээр улам бүр өргөжүүлж илүү олон хот болон бүс нутгийг хамруулна гэж Хятадын засгийн газраас мэдэгдэв. Энэхүү арга хэмжээг анхлан тус улсын санхүүгийн төв болох Шанхай хотын хэмжээнд туршилтын журмын хэрэгжүүлж байсан ба Панамын дуулианы дараа цар хүрээг нь нэмэгдүүлж байна. Учир нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа Хятадын найман албан тушаалтны гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг гадаадад бүртгэлтэй халхавч компаниудын талаархи мэдээлэл Панамын баримт бичгүүдээр нийтэд ил болсон юм.

Өнгөрсөн жилээс Шанхай хотын хэмжээнд мөрдөж байгаа журмыг нийслэл хот Бээжин, эдийн засгийн өндөр өсөлттэй байгаа Гуандун муж, мега-хот Чунцин, байгалийн баялаг ихтэй Шинжан мужид мөрдүүлэх болно гэж ерөнхийлөгч Ши Жинпин мэдэгджээ. Журмын дагуу төрийн өндөр албан тушаалтны эхнэр болон нөхрийг Хятадад бүртгэлтэй хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид удирдах албан тушаалд ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтны чиг үүргийн хүрээнд хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд аливаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг тэдгээр өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд, хүргэн, бэрүүдэд хоригложээ. 

Эх сурвалж

Нью Иорк хотын Цагдаагийн газар дахь хээл хахуулийн талаар еврейн хуучныг баримтлагч бүлгийн тэргүүн ам алджээ 

Нью Иорк Пост. 2016.4.18. Нью Иорк хотын Цагдаагийн газрын цагдаа нар бэлэн мөнгөөр хээл хахууль авч Еврейн Хуучныг баримтлагч нийгэмлэгийн гишүүдэд гар буу эзэмших зөвшөөрөл өгчээ. Мөн Боро Парк орчмын иргэдийн сайн дурын эргүүлийн тэргүүн нь цагдаагийн өөр нэг офицерт нэг сая шахам долларын хээл хахууль санал болгосон байна. 

Сайн дурын эргүүлийн тэргүүн Алекс “Шая” Лихтенштейнээс санал болгосон “өдрийн хоолны мөнгө”-ийг авахыг зөвшөөрсөн гэдгээ Нью Иоркийн Цагдаагийн газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ажилтан Холбооны мөрдөх товчоонд мэдүүлэг өгөх үедээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэгт мөн тус хэлтсийн ахлах ажилтан холбогджээ. Лихтенштэйн өөрийн хэлхээ холбоог ашиглан гар буу эзэмших 150 зөвшөөрлийг нэг бүрийг нь 6 мянган доллар, нийт 900 мянган доллараар авахаар тохирсон гэдгээ сайрхан ярьж байхад нь Холбооны мөрдөх товчоо нууцаар бичлэг хийснээр энэ хэрэг илэрчээ. 

Эх сурвалж

Холбооны Мөрдөх Товчоо Хиллари Клинтоныг авлигын хэргээр мөрдөн шалгаж байна 

Телесур. 2016.4.18. Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон Юү Эс Эйд буюу Америкийн Нэгдсэн Улсын Хөгжлийн тусламжийн байгууллагаар дамжуулан хамгийн багадаа 13 сая долларын зээлийн баталгаа болон зээлийг найздаа өгсөн тухай Дайли Коллер Ньюс Фаундэйшн цахим сайтад хэвлэгдсэн тайланд илчлэн бичжээ. 

Клинтоны захиргааны үед Америкийн Нэгдсэн Улсын тусламжийн асуудал хариуцсан байгууллагаас Мухаммед Юүнүст зээл, зээлийн баталгаа өгч, түүнтэй контракт байгуулж байжээ. Юүнүс нь Бангладеш улсад төвтэй Грамийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаад авлигын хэргийн улмаас 2011 онд огцорсон юм. Юүнүс 13 сая долларын зээл болон зээлийн баталгаа авсныхаа хариуд Клинтоны гэр бүлийн байгуулсан санд удаа дараа 100 мянгаас 300 мянган долларын хандив өгч байжээ. Түүнээс гадна Юүнүсийн хамтрагч нар нь мөн ЮүЭсАйд байгууллагатай 11 сая долларын гэрээ хийж санхүүжилт авсан байна. Холбооны мөрдөн товчоо Хиллари Клинтоныг төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашигласан хэргээр шалгаж байна. 

Эх сурвалж

Авлига болон холбогдох бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь 

РТ ньюс. А.Яковенко. 2016.4.18. Авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийх болон холбогдох бусад төрлийн гэмт хэргүүд нь бүх улс үндэстэнд хамааралтай, дэлхий нийтийн асуудал юм. Эдгээр гэмт хэргийн улмаас улс орнуудын эдийн засаг тогтворгүй болж, хүний эрх зөрчигдөж, нийгмийн хурцадмал байдал бий болж, ардчилал, хууль ёсны зарчмууд гажуудаж байна. Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд энэхүү асуудлын цар хүрээ улам өргөжиж байна. 

Авлигатай тэмцэх болон санхүүгийн тогтолцоог гажуудлаас хамгаалахын тулд түүний эмзэг цэгүүдийг тодорхойлохтой холбоотой шилдэг туршлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь улс орнуудад туслахад олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Ил тод байдлыг нэмэгдүүлэх болон “эцсийн өмчлөгч”-ийг тодорхойлох зохистой тогтолцоог улс орнуудад бий болгох явдлыг хангах нь тусгайлан анхаарал хандуулах асуудлууд юм. 

Эх сурвалж

Авлига: Хятадад цаазаар авах ял оноох гэмт хэргийн жагсаалт гаргав 

Ньюс Найжериа. 2016.4.18. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газраас хамтран гаргасан тогтоолд гурван сая юань буюу 460 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний өмч хөрөнгө завшсан, эсхүл ийм хэмжээний авлига авсан гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноохоор заалаа. Түүнчлэн маш их хэмжээний хор хохирол учруулсан онц ноцтой гэмт хэрэг гэж тооцогдох бусад авлигын хэрэгт цаазаар авах ял оноох болно гэжээ. 

Хятад улсад авлигын асуудал ноцтой хэмжээнд хүрээнд байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Ши Жинпин авлигыг таслан зогсоох явдлыг өөрийн засаглалын гол чиг шугам болгоод байна. 

Хятадын ардын шүүх 2015 онд 49 мянган хүнд холбогдох 39 мянган авлигын хэргийг шүүн тасалсан байна. Хятадын Ардын дээд шүүхийн үйл ажиллагааны тайланд дурдсанаар мужийн болон түүнээс дээш түвшний 134 албан тушаалтан авлигын хэргээр таслагджээ. Түүнчлэн 2495 хүнийг хээл хахууль өгөхөөр санал тавьсан хэргээр ялласан байна. 

Ардын дээд прокурорын газрын үйл ажиллагааны тайланд дурдсанаар 1 сая юанаас дээш хэмжээний авлига, хээл хахууль авсан, өмч хөрөнгө ашиглан шамшигдуулсан, завшсан нийт 4490 гэмт хэрэгт прокурорын хяналт тавьсан байна. 

Эх сурвалж

Испани дахь хээл хахуулийн нөхцөл байдал Подемос намын байр суурийг бэхжүүлнэ гэж тус намын олон нийтийн санаа бодол судлах асуудал хариуцсан тэргүүн үзэж байна 

Кортез Журнал. Испани. 2016.4.18. Испани улсад улс төрийн авлигын гэмт хэрэг ээлж дараалан илэрч улс төрчдийг цочроож байгаа нь Подемос намыг дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлнэ гэж шинэчлэлийн үзэл баримтлал бүхий тус намын олон нийтийн санаа бодлыг судлах асуудал хариуцсан тэргүүн Карол Бесканса хэллээ. 

Панамын дуулианаар илэрсэн оффшор компанид холбогдсоны улмаас Испанийн Аж үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хосе Мануел Сориа албан тушаалаа өгсөн ба эрх баригч Ардын Намын албан тушаалтнуудын холбогдсон 120 гаруй авлигын хэргийг шүүхээс мөрдөн шалгаж байна. 

Эх сурвалж

Гватемал Улсын ерөнхийлөгч асан Испанийн компаниас хэдэн сая долларыг авлигад авчээ 

Инсайт Крайм. 2016.4.18. Авлигын гэмт хэрэгт холбогдсоны улмаас баривчлагдаж цагдан хоригдоод байсан Гватемал улсын ерөнхийлөгч асан Отто Перез Молина болон дэд ерөнхийлөгч асан Роксана Балдетти нарын үйлдсэн өөр нэг авлигын хэрэг илэрсэн байна. 

Гватемалийн Ерөнхий Прокурорын газраас мэдэгдсэнээр тэдгээр хүмүүс ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа чингэлэгт ачааны боомт барьж байгуулдаг компани болох Испани улсад бүртгэлтэй Груп ТиСиБи компаниас олон сая долларын хээл хахууль авч байсан ба энэхүү хууль бус орлогоо угааж эргэлтэд оруулах сүлжээг зохион байгуулан удирдаж байжээ. 

Хэргийг шалгах ажиллагааг Гватемал дахь Халдашгүй байдлын эсрэг олон улсын комисс -той хамтран явуулж байна. (Энэ байгууллага нь Гватемал улс дахь онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор тус улсын Засгийн газрын хүсэлтээр байгуулагдсан, бие даасан статус бүхий олон улсын байгууллага бөгөөд комиссарыг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга томилдог.) 

Молина, Балдетти нар Номхон далайн эрэг дэх Гватемалийн хамгийн том боомт болох Күцал боомтыг ажиллуулдаг төрийн өмчит компанийн удирдах албан тушаалуудад өөрсдийн хамсаатнуудыг томилсон байна. 2012 онд тэдгээр хамтрагч нар нь Испанийн Груп ТиСиБи компанитай холбоо тогтоож Күцал боомтод шинэ терминал барих, мөн удирдаж ажиллуулах, 25 жилийн хугацаатай, 255 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Гэвч ийнхүү гэрээ байгуулсныхаа хариуд Испанийн компани 25 сая гаран ам.долларыг авлигад өгөхөд хүрсэн байна. Компани хахуулийн зарим хэсгийг компанийн хувьцаагаар төлөх санал тавьсан ч Молина, Балдетти нар бүгдийг нь бэлэн мөнгөөр авах, түүнчлэн Молиногийн ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сараас өмнө авна гэжээ. 

Балдеттигийн хувийн нарийн бичгийн дарга Хуан Карлос Монзон тэдний нэрийн өмнөөс уг компанитай холбогдож байжээ. Монзон мөн Күцал боомтын үйлдвэрчний эвлэлийн удирдагч нарт 5 сая күцалас буюу ойролцоогоор 646 мянган ам.долларын хахууль өгч энэ хэрэгт татан оролцуулжээ. Хээл хахууль авсан тэдгээр үйлдвэрчний эвлэлийн 3 удирдагч мөн цагдан хоригдсон юм. 

Компаний зүгээс нийтдээ 12 сая долларыг 2013, 2014 онуудад шилжүүлснээс Молина, Балдетти нар тус бүр 4.2 сая доллар авчээ. 2015 оны эхээр гуравдах удаагийн шилжүүлгийг хийх байсан ч Молина, Балдетти нар Гватемалийн гаалийн байгууллагын авлигын хэрэгт холбоотой болох нь илэрч, улмаар албан тушаалаасаа огцорсон тул шилжүүлээгүй байна. 

Энэ хэрэгт нийтдээ 18 хүнийг холбогдуулан шалгаж байгаагаас 9 сэжигтнийг цагдан хориод байна. 

Эх сурвалж

Компанийн захирлуудын дөрөвний нэг нь Нэгдсэн Вант улсад авлига, хээл хахууль өргөн дэлгэрсэн, ердийн зүйл болсон гэж үзэж байна 

Гардиан. 2016.4.19. Бизнесийн тэргүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар тэдний тэн хагас нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд гаргадаг ёс зүйгүй үйлдлээ ямар нэг байдлаар зөвтгөхөд урдаас бэлтгэгдсэн байдаг нь тогтоогджээ. 

Эрнст Янг байгууллагын ажилтнуудын зохион байгуулсан судалгаанаас үзвэл компанийн удирдах ажилтнуудын дөрөвний нэгээс илүү хувь нь Нэгдсэн Вант Улсад авлига өргөн цар хүрээтэй дэлгэрч, ердийн хэм хэмжээ болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 
Бүр нарийвчилбал, Нэгдсэн Вант Улсыг төлөөлөн судалгаанд оролцогчдын 28 хувь нь авлига өргөн тархсан гэж үзсэн нь өнгөрсөн оны 18 хувийн түвшингээс өндөр байгаа ч судалгаа явагдсан нийт 62 орны дундаж болох 39 хувиас бага байна. 
Судалгаанд оролцсон нийт 62 улс орны 3000 хүний 91 хувь нь компани болон бизнесийн “эцсийн эзэмшигч”-ийг ил тод байлгах хэрэгтэй гэдэг дээр санал нийлжээ. 

Эх сурвалж

Авлига, хээл хахууль, мөнгө угаахтэй тэмцэх сэдвээр 2016 гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном

Авлига: Хангагч тал ба Нийлүүлэгч тал гэсэн хандлагаар асуудлыг шийдвэрлэх нь. Авинаш К.Диксит. Энэтхэгийн хөгжил дэвшил цуврал. 2016 он.

Авлига ба төрийн худалдан авах ажиллагаан дахь чадавхигүй байдал. А.Эстаче, Р.Фокарт. Брюсселийн Их сургуулийн номын сан. 2016 он.

Авлига ба эдийн засгийн өсөлтийн харилцан хамааралд орлогын эх үүсвэрийн тодорхойгүй байдлын үзүүлэх нөлөө. Р.Жумашев. Эдийн засгийн дүн шинжилгээ ба бодлогын сэтгүүл. Цуврал №16, 2016 оны 4 дүгээр сар. 

Авлигыг хөгжиж байгаа орнууд дахь цахим засаглалын хөтөлбөрүүд амжилтгүй болсон шалтгаан гэж үзэх нь: Онолын тайлбар, дүгнэлт. Адел М.Адвани. Мэдээлэл зүйн удирдлагын олон улсын сэтгүүл. 2016 оны 2 дугаар сар. Цуврал №36. 105-112 дугаар хуудас. 

Авлигыг мэдээлэхэд кроуд-соурсинг ашиглах нь: зарим бэрхшээл болон ирээдүйн зарим нэг хандлага. Д.Зиннбауэр. Интернет, бодлого, улс төрийн конференц. Оксфордын Их сургуулийн Интернетийн институт. 2016

Авлигын хэв соёл, татвараас зайлсхийх болон эдийн засгийн өсөлт. М.Иванина, А.Моумоурас,П.Рангазас. Эдийн засгийн шинжилгээ, судалгаа сэтгүүл. Цуврал №54, 520-542 дугаар хуудас. 2016 оны 1 дүгээр сар. 

Авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг хаадаг уу? Б.Грэм, К.Строуп. Хэрэглээний эдийн засгийн бүтээлүүд сэтгүүл. Цуврал №23, 2016

Авлигын эсрэг хуулийн сөрөг үр дагаврууд: Германы авлигын эсрэг хууль тогтоомжийн ангилал ба сүүлийн үеийн дэвшлүүд. С.Волф. Германы хууль зүйн сэтгүүл. 2016 оны 2 дугаар сар. Цуврал №17.

АНУ-ын төрийн үйл ажиллагаан дахь авлигыг хэмжих нь: Холбооны түвшний яллах ажиллагааны баримт материал дээр хийсэн судалгаа. Адриана С.Кордис, Ж.Милё. Төрийн байгууллагын шударга байдал сэтгүүл. Цуврал №18. 2016 он

Бизнес дэх авлигатай тэмцэх нь. Алан Т.Беласен, Р.Тома. Рутлеж хэвлэлийн газар. Нью Иорк. 2016 он. 

БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагуудын өөрчлөн зохион байгуулалт. Хе Жиахонг. Мөнгө угаах үйл ажиллагааны хяналт сэтгүүл. Цуврал №19. 2016 он. 

Гадаадын тусламж ба авлига хоорондын хамаарлын ойлголт: Шалтгаалцлын шинжилгээ. Одри-Роуз Менард, Л.Вейл. Эдийн засгийн системүүд сэтгүүл. 2016 он.

Герман, Англи улсууд дахь авлигын нөхцөл байдал ба авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны харьцуулсан шинжилгээ. Д.Хоф. Колумбийн Их сургуулийн Европын судалгааны зөвлөл. 2016 оны 4 дүгээр сар.

Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүнчлэл ба авлига. С.Чаудхури, Д.Л.Миллимет. 2016

Ил тод байдлыг нэмэгдүүлэх нь зарим нөхцөлд шийдвэрлэх арга зам болж чадахгүй: Төрийн байгууллага дахь авлигыг хязгаарлах олон янзын арга замуудын тойм. Мичиед Дэ Вриес, Ивона Собис. Төрийн удирдлагын олон улсын сэтгүүл. Цуврал №29. Эмералд Груп Паблишинг Лтд. 2016

Олборлох үйлдвэрлэл ба авлига: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын үр нөлөөг хяналтын механизм талаас нь нарийвчлан шинжлэх нь. Э.Касекенде, Ч.Абука, М.Сарр. Нөөцийн бодлого сэтгүүл. Цуврал №48, 2016, 117-128 дугаар хуудас. 

Өмнөд Солонгос дахь авлигын хандлага ба механизмууд. Т.Калиновски. Номхон далайн бүс нутгийн тойм. Тайлор, Франсис онлайн. 2016.

Тайван дахь авлигын эсрэг тэмцэл. К.Гоебел. Ардчилал сэтгүүл. 2016 оны 1 дүгээр сар. Цуврал №27. 124-138 дугаар хуудас. 

Татварын бодлого, авлига, эдийн засгийн өсөлт. П.Агион, У.Акчигит, Х.Каге, Уилям Р.Керр. Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо. Кэмбриж, Их Британи. 2016 оны 1 дүгээр сар. Цуврал №21928. 

Төсвийн хөрөнгийг нийгмийн халамжийн зориулалтаар зарцуулах үйл ажиллагааны улс төр-эдийн засгийн хандлага: бараа, үйлчилгээний хэлбэрээр, эсхүл бэлэн мөнгө тараах байдлаар нийгмийн халамж үзүүлэх нь авлигатай хэрхэн холбогдох вэ. З.Хессами,

С.Уебелмессер. Засаглалын эдийн засаг сэтгүүл. 2016 оны 2 дугаар сар. Цуврал №17. 71-100 дугаар хуудас. 

“Шинэ” (түвшний) авлига ба Дээд шүүхийн үр нөлөөгүй байдал. З.Тичаут. Төрийн удирдлагын тойм сэтгүүл. 2016 оны 1, 2 дугаар сар. Цуврал №76. 12-13 дугаар хуудас. 

Шуурхай байдал уу, Шунал уу? Өндөр цалин ба төрийн албан тушаалтнуудын авлига. Д.Навот, Я.Рейнгеверц, Н.Коен. Засаглал ба нийгэм сэтгүүл. 2016 

Эдийн засгийн өсөлтөд авлига хор хөнөөлтэй юу? Ази-Номхон далайн орнууд дахь нотолгоо. Ч.Хуанг. Хойд Америкийн Эдийн засаг, санхүүгийн сэтгүүл. Цуврал №35, 247-256 дугаар хуудас, 2016 оны 1 дүгээр сар.