Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаад иржээ. Ажлын хэсгийг ахалж явсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяртай ярилцлаа.
-АТГ яагаад Замын-Үүд дэх Гаалийн газрыг сонгож ажлын хэсэг томилов? Өнгөрсөн сард танай мөрдөн байцаагчид байцаан шийтгэх ажиллагаа явуулсантай холбоотой юу?
-Ер нь бол холбоотой. Манай ажлын хэсэг 2016 оны 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Замын-Үүдэд ажилласан. Манай газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигын нийгмийн хор аюулыг гаалийн улсын байцаагч нарт ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, үр дагаврыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн ажиллаж байгаа нь энэ юм. Гаалийн газар, бусад салбар, хороодод ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх долоо хоногт Дорнод аймаг дахь Гаалийн газар, салбар хороодод ажиллахаар замдаа гарах гэж байна.
-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд ажилласан юм байна. Яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ? Нөхцөл байдал ер нь ямар байна вэ?
-Ажлын зорилгоо түрүүн хэлсэн. Харин энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд тухайн Гаалийн газрын 123 албан тушаалтанд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт хийсэн. Хэд хэдэн бичиг баримтыг үзэж танилцсан. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргаас болон Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаас баталсан тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа. Боловсон хүчний томилгоо, орон тоо, хүний нөөц, цалин хөлс, урамшуулал, сахилга хариуцлага, ажлын хуваарь, үнийн судалгаа, татвар хураамжийн орлогын мэдээ, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг тухайн байгууллагад хамаатай бүх л асуудлуудтай танилцсан. Ажлын хэсгийнхэн 3 ба түүнээс дээш удаа томилогдож ажиллаж байгаа гаалийн улсын ахлах болон байцаагч, мөн ачаа болон хүн тээврийн үйл ажиллагаа явуулж буй жолооч нартай уулзаж, мөн гаалийн хяналтын бүсүүдэд ажиллан, ажиглалт хийсэн.
-Их өргөн хүрээнд ажиллажээ. Ялангуяа гаалийн хяналтын бүсүүдэд ажиллаж, ажиглалт хийсэн нь сонирхол татаж байна. Газар дээр нь ажиллахад ямар байна вэ?
-Бид суудлын тээврийн хэрэгслийн гарах чиглэл, зорчигчийн гарах чиглэл, ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл, төмөр замын рентгений хэсэг, өртөө-2 хэсэг, Э-транс ХХК-ийн байр, МЧ-1, МЧ-2, чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт тус тус ажилласан. Суудлын тээврийн хэрэгслийн гарах чиглэлд ихэвчлэн хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг автомашин /дугуй, хөдөлгүүр гэх мэт/-д байрлуулан авч гарах зөрчил илэрдэг хэсэг. Зорчигчийн гарах чиглэлд зорчигч болон тэдний ачаа тээш, гар цүнхэнд хяналт тавьдаг. Энд танхимд иргэдэд зориулсан мэдээллийн самбар, хөтөч гэх зүйл байхгүй байсан. Ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл нь өнгөрсөн жилээс шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. Бидний ажилладаг өдрийн 16 цагийн байдлаар 47 автомашин хилээр гарсан, 34 тээврийн хэрэгсэл хяналтын бүсэд бүрдүүлэлт хийж байгаа, 10 автомашинд бүрдүүлэлт хийгээд дуусч байлаа. Танхимд байршуулсан цахим мэдээллийн самбар нь ямар байцаагч шалгалт хийх болон аль шатанд байгаа талаар мэдээллийг хүргэж байсан. Энэ хэсэгт гардаг зөрчилтэй асуудал нь олон хүлээн авагчтай, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг тул бүрдүүлэлт хийхэд хугацаа их шаарддаг. Нэг нэр төрлийн ачаа бол 10 минутын хугацаанд ч бүрдүүлэлт хийгдээд гараад явах тохиолдол байдаг. Ахлах ажилтны зүгээс байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн бололцоотой гэж бидэнд танилцуулсан.
Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт ажиллаж буй байцаагч нарын хувьд рентген техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн гэж байгаа. Энэ хэсэгт урьд өмнө өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөн мэдүүлэх замаар зөрчил гаргаж байсан тухай эх сурвалж бидэнд мэдээлсэн. Төмөр замын рентгений хэсэгт төмөр замаар нэвтэрч буй экспорт, импортод хяналт тавих хэсэг ба Өртөө-2 хэсэгт бүрдүүлэлт хийгддэг юм байна. 4 ажилтан ээлжээр ажилладаг бөгөөд экспортоор ихэвчлэн төмрийн хүдэр, жонш гардаг талаар ээлжинд гарч буй ажилтан танилцуулж байсан. Төмөр замаас өгсөн мэдээллийн дагуу ачаатай вагон /60 км/ц хурдтай/-ыг рентгенээр хяналт шалгалт хийдэг. Бусад хяналтын хэсгүүдээс алслагдмал байрладаг юм билээ. Өртөө-2 хэсэгт ажиллаж буй ажилтнуудын ажлын байрны аюулгүй байдал, ачааллыг харгалзан үзэх шаардлагатай байна. Нэг байцаагчид ноогдох ачааллын хувьд өдөрт 40-50 бүрдүүлэлт хийж байгаа талаар танилцуулж байсан. МЧ-1, МЧ-2 хяналтын хэсэгт тус бүртээ ахлах ажилтан нэг, 4 ажилтан ээлжээр үүрэг гүйцэтгэдэг юм байна.
-Гаалийн байцаагч, иргэд, жолооч нартай уулзсан гэсэн. Тэд юу ярьж байв?
-Замын-Үүд дэх Гаалийн газарт 3 ба түүнээс дээш удаа томилогдон ажиллаж байгаа улсын байцаагч нартай уулзаж ярилцсан. Мөн зарим гаалийн байцаагч нарыг өөрийнх нь хүсэлтээр уулзсан. Байцаагч нартай цалин хөлс, урамшуулал, ажлын ачаалал, сэлгэн ажиллуулах горимын талаар ярилцлаа. Боловсон хүчний 30 орчим хувийг сэлгүүлэн ажиллуулснаас сөрөг үр дагаврууд үүсч байсан, томилгоонд хөндлөнгийн, ялангуяа улс төрийн нөлөө их байдаг, мэргэшүүлэх ажлыг сайтар хийдэггүйгээс төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй хүмүүс томилогдож ирдэг, ажил, албан тушаал дэвших, өсч дэвжих боломжийг улс төр, танил тал, нутаг жалгын үзлээр хааж боомилдог гэж ярьсан.
Танхимд үйлчлүүлж байсан иргэн Б-ээс тус гаалийн байгууллагаар ямар хугацаанд үйлчлүүлдэг, хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар тодруулахад “Үйлчилгээний хувьд хүндрэл бэрхшээлтэй асуудал гаалийн татвар хураамж байна. Өнөөдөр гэхэд “Ор, буйдан үйлдвэрлэдэг пүрш төмөр”-ийн хураамж 1.5 хувиар бодогдож байгаа нь 2016 оны 1 дүгээр сарынхаас өссөн байна. Нэг сард би 0.5 хувиар тооцож хураамж төлсөн. Гурван сар болоогүй байхад 1.5 болсон нь хүндрэлтэй, аж ахуйн нэгж, байгууллагад дарамт болж байна гэж үзэж байна. Жишээлбэл, би 2016 оны нэгдүгээр сард 500.000 төгрөгийн татвар төлөөд оруулж ирсэн бол одоо 1.500.000 төлж байна. Эдийн засгийн одоогийн хүнд үед татвар нэмэгдсэн нь хүнд байна” гэж байсан бол үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагчаас асуудлыг тодруулахад “Програмд ийм үнэлгээ байна” гэсэн. Бодит байдалд 2015 оны 11 дүгээр сард баталсан үнийн судалгааг баримталж байгааг мэдэгдэж, хэдийд хэрхэн өөрчилсөн талаар тайлбарлахыг хүсч, тодруулахад програмд буюу үнийн баазад буруу шивэгдсэн, баазын үнээр үнэлгээ хийсэн нь тогтоогдсон тул ажлын хариуцлагын асуудал дээр нь анхаарах, тухайн иргэнийг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
-Гаалийн байцаагч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бас хянан шалгасан гэсэн. Энэ тал дээр зөрчил, дутагдал гарав уу?
-Замын-Үүдийн гаалийн мэдүүлэг гаргагч нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ тэдгээр албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулган хянаж жагсаалтыг гаргасан. Замын-Үүд дэх Гаалийн газрын мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны 2014, 2015 оны 318 мэдүүлгийг Гаалийн ерөнхий газраас татан авч хянан шалгахад хөрөнгө, орлого, орон сууц, газар, зээл буюу их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан 35 албан тушаалтны 2015, 2016 оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай байгаа тул энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын алба үргэлжлүүлэн шалгана. Удирдлагын зөвлөл нь 2015 онд 19 удаа хуралдаж, давхардсан тоогоор 45 асуудал хэлэлцсэн байхад тухайн хуралд оролцсон удирдах ажилтнуудаас мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Замын-Үүдийн гаалийнхан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхдээ хамаарал бүхий этгээдийг дутуу бичих, орлого, урамшуулал, банкны хадгаламжийн хүүг мэдүүлээгүй, хөрөнгө, зээл, авлагын талаар мэдүүлээгүй, эх үүсвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй зэрэг зөрчлийг түгээмэл гаргасан байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажиллаж байгаа буюу Удирдлагын зөвлөлийн хуралд оролцон асуудал шийдвэрлэж буй албан тушаалтнууд мэдэгдэл, тайлбар гарган ажиллах шаардлагатайг ажлын хэсгийнхэн зөвлөлөө.
-Танай мөрдөн байцаагчдын явуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны араас авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад нөхцөл байдал хэр зэрэг байна вэ?
-Бид араас нь явуулж байгаа юм биш. 2015 оны 6 дугаар сард Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус газрын үйл ажиллагаатай танилцаад арга зүйн зөвлөгөө өгөх, Гаалийн ерөнхий газрын удирдлагад арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ авч байсан ч дорвитой өөрчлөлт гаргаагүйгээс энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байгаа. Замын-Үүд дэх Гаалийн газрын удирдлагын Зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцаж байх явцад гаалийн байцаагчдын гаргасан зөрчлийн байдлыг үзэхэд ажлын хариуцлага алдаж бараа, тээврийн хэрэгслийг дутуу пүүлдэг, үнэлгээ дутуу хийж татвар, хураамжийг бүрэн авдаггүй, нэр төрлийг өөрчлөн үнэ ихтэй, татвар өндөртэй барааг өөр хямд бараагаар орлуулдаг зэрэг ноцтой зөрчлүүд байх бөгөөд ингэж өөрчилснөөр зөрүү гарсан татвар, хураамжийн дүнгээс өөртөө авдаг байж болзошгүй асуудал нь олон нийтийн дунд яригддаг дам яриа, тус газрын гаалийн байцаагчидтай холбоотой хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг нотолж байна.
АЗШНЦ-2 буюу Ачааны автомашин шалгах цэгийн рентген аппаратаар болон мэдээллээр зөрчилтэй байж болзошгүй тохиолдолд уг тээврийн хэрэгсэлийн ачаа барааг буулгаж шалгахад техник хэрэгсэл, хүн хүчний дутмаг, улирлын байдлаас шалтгаалан 3-5 хоног зарцуулдаг тул үйлчлүүлэгчдийн шахалт, бэрхшээлээс шалтгаалан хяналт шалгалт чанартай хийгдэхгүй байдал ажиглагдаж байсан. Мөн Гаалийн газар болон төрийн бусад байгууллагууд албаны автомашинаар үйлчлүүлэгчдийн ачаа, барааг байнга хилээр тээвэрлэдэг, гаалийн бүрдүүлэлтийг үнэн зөв хийдэггүй, ёс төдий үйлддэг зэрэг зөрчил илэрсэн бөгөөд энэ нь иргэн, үйлчлүүлэгч нарт сөргөөр нөлөөлөх, байгууллагын үйл ажиллагааны нэр хүндийг унагах, бусдад ижил тэгш шаардлага тавих нөхцөлийг алдагдуулж байна. Удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хэрхэн хариуцлага тооцох, бусад үйлчлүүлэгчдийг зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр нөлөөлийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах явцад албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж болохуйц асуудлууд цөөнгүй байна гэж үзлээ. Тухайлбал, гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах асуудал хангалтгүй төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг зөвхөн 14 хоногийн дотор бэлтгэж байгаа нь хангалтгүй байна. Түүнчлэн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгож байгаа ба үүнийгээ төсөвт тодотгол хийлгэх замаар залруулж байна. Тус газар одоо ч орон тооны илүүдэлтэй. Энэ нь төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй юм.
Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт бусад импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог 6 арга, ялангуяа үндсэн арга болох хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээллийг өгдөггүй, уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангахгүй байгаа нь үйчлүүлэгч өөрийн төлж буй хураамжийг хянах, хяналт тавих боломжийг олгохгүй байгаа төдийгүй гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн бага хураамж төлөх сонирхол, нөгөө талаас гаалийн улсын байцаагчийн авлига, шан харамж авах сонирхолтой давхцдаг байхыг үгүйсгэхгүй юм.
Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан албан хаагчид ногдуулах хариуцлагын асуудал ёс төдий хариуцлага ногдуулдаг. Тухайлбал, үр дүнгийн урамшууллаас хасах, протоколоор сануулах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг нь гаргасан зөрчилдөө гэмших, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болж чадахгүй байна. Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камер ховор, камерийн тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалын улсын байцаагчаас тусгаарлагдан тусдаа өрөө нь байрладаг, өрөөнд нь хяналтын камер байхгүй байгаа нь үйлчлүүлэгчтэй нүүр тулсан уулзалт хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Мөн хяналтын бүсүүдэд ажиллах гаалийн улсын байцаагчдын ажлын хуваарийг удирдах албан тушаалтнаас excel файл ашиглан хийж байгаа нь байцаагч нарыг давхардуулах, ээлж дараалан хуваарилах г.м техник алдаа гаргах мөн мөн санаатайгаар хуваарьлалт хийх боломжийг бүрдүүлж болзошгүй юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүс, шалган нэвтрүүлэх цэгүүдээс АЗШНЦ-2 буюу Ачааны автомашин шалгах цэг, төмөр замын шалган нэвтрүүлэх цэгт рентгэн байгаа бөгөөд бусад цэгт байхгүй байгаа нь хяналтыг сулруулах бас нэгэн нөхцөлийг бүрдүүлж байна.
-Олон зөрчил, дутагдал, сул тал байгааг илрүүлжээ. АТГ эдгээр зөрчил, дутагдлыг арилгах, нөхцөл байдлыг засч сайжруулах чиглэлээр цаашид юу хийх вэ?
-Цаашид дээрх дүгнэлтэд дурдсан сөрөг үр дагавар бий болгохуйц асуудлаар гаалийн төв болон орон нутгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, бусад Гаалийн газар, хороодод ажилласан тайлан, мэдээлэлтэй уялдуулан салбарын хэмжээнд цогц арга хэмжээг зохион байгуулах талаар Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллахаар албан бичиг хүргүүлээд байна. Гаалийн газар, хороодод эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү гэх мэт хамаарал бүхий этгээдүүд цөөнгүй ажиллаж байгаа тул тэднийг сонирхлын зөрчилд оруулахгүй байх, сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгайлсан зөвлөмж өгч ажиллах шаардлагатай.