Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.05.14-21/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.05.14-21/

Дэлхийн удирдагчид Лондоны дээд хэмжээний уулзалтаар авлигатай тэмцэхээ амлав (2016.05.13) 

Их Британи. Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Лондон хотноо зохион байгууллаа. Уг уулзалтын хүрээнд болсон онцлох үйл явдлыг хураангуйлан хүргэж байна. 

  • Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд авлига, терроризм хоёр аюул занал учруулж байгааг Дэвид Камерон, Жон Керри нар анхаарууллаа. 
  • Их Британи, Афганистан, Кени, Франц, Нидерланд, Нигери гэсэн 6 улс өөрийн газар нутаг дээрх компаниудын жинхэнэ эзэн (ашиг хүртэгч эзэн)-ий бүртгэлийг олон нийтэд ил болгохоо зөвшөөрсөн бол Австрали зэрэг улс энэ талаар удахгүй шийдвэр гаргахаар боллоо. 
  • Ашиг хүртэгч эздийн мэдээллийг олон нийтэд нээлттэй бус, харин Засгийн газрууд хоорондоо солилцож байх 29 улсын бүлэгт 11 улс нэмэгдэж нэгдэхээр болов. Эдгээр улс орнуудад Кайманы арлууд, Жерси, Бермуд, Ман арал, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байна. 
  • Ашиг хүртэгч эзний бүртгэлийн мэдээллийг хуваалцахаас татгалзсан улсуудын нэг нь АНУ байсан бөгөөд Америкчуудыг илүү хариуцлагатай болгох, мөн мэдээллийг хуваалцахаас татгалзсан Их Британийн Виржин Арлуудыг илүү ил тод болгох талаар түлхэц үзүүлэх болно гэдгээ Камерон хэллээ. 
  • Мэдээлэл хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан Ман арлын Сайд Аллан Бэллийн үзэж байгаагаар Делавэр зэрэг татварын тааламжтай бүсийг АНУ-ын зүгээс илүү ил тод болгохгүй бол ямар ч бодит өөрчлөлт бий болохгүй гэж үзэв. 
  • Их Британийн хилийн чанд дахь арлууд (Виржин Арлууд, Жерси) жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг Их Британийн татвар, хууль хяналтын байгууллагад өгөхөөр болсон талаар өнгөрөгч сард Ерөнхий сайд Камерон мэдэгдэж байсан билээ. Хэдийн тийм ч, жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох гэрээнд дээрх оффшор бүсүүд нэгдээгүй байгаад оролцогчид шүүмжлэлтэй хандсан байна. 
  • Дэлхийн томоохон оффшор бүсүүд болох Бермуд болон Кайманы арлуудын төлөөллийг уг дээд хэмжээний уулзалтад оролцуулсан бол Виржин Арлууд, Панам зэрэг улс, бүс нутгаас төлөөлөл оролцсонгүй2

Эх сурвалж

Авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд 10000 ‘амгүй албат’-ыг хасав (2016.5.16)

Танзани. Тус улс авлигын эсрэг явуулж үйл кампанит ажлын хүрээнд төрийн албанаас цалин авдаг 10000 гаруй ‘амгүй албат’ (зөвхөн цалингийн цэсэнд нэр нь байдаг) нарын нэрийг хасаад байна. 

Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлж байгаагаар, бодит байдалд байдаггүй зөвхөн цалингийн цэсэнд л байдаг ажилтнуудад нэг сарын хугацаанд Засгийн газраас төлсөн цалингийн зардлын хэмжээ 2 сая гаруй ам.доллартай тэнцэж байна хэмээн мэдэгдсэн юм. Албаныхны мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагын цалингийн системд хяналт шалгалт үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд ‘амгүй албат’ нарын тоо цаашид ч нэмэгдэж магадгүй байгаа аж.

Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули өнгөрөгч оны 10 дугаар сард сонгогдохдоо төрийн байгууллага дахь үрэлгэн зардлын хэмжээг бууруулахаа амалж байсан юм. Улмаар энэхүү зардлыг хөгжилд зориулахыг шаардаж, тэрээр 3 дугаар сард аудит хийлгэх шийдвэрийг гаргаж байсан билээ. 

Бульдозер хочит ноён Магуфули ерөнхийлөгч болсноосоо хойш эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэхийг болиулах зэргээр багагүй хэмжээний зардлыг хэмнэх арга хэмжээ аваад байгаа юм.

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар тус улс өөрийн 550000 орчим төрийн алба хаагч нарынхаа цалинд сард 260 сая ам.долларыг өгдөг байна. 

Өнгөрөгч долоо хоногт Лондон хотод болсон Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус улсын Ерөнхий сайд Кассим Мажалива Их Британид амьдарч буй Танзанийн иргэдтэй уулзах үеэрээ “Бид төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шударга, хариуцлагатай, хичээнгүй байхыг шаардаж байгаа. Энэ бол бидний эн тэргүүний зарчим, цаашид ч хэвээр байна” гэж хэлснийг Гуардиан агентлаг дамжуулсан юм.

Транспэрэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Танзани Улс 167 улсаас 117 дугаар байрт эрэмбэлэгдсэн байдаг. 

Одоогийн байдлаар Африк тивийн олон орон ‘амгүй албат’ нарын залиланд өртөөд байгаа юм. Тухайлбал, хоёрдугаар сард Нигерийн Засгийн газар бодит байдалд байдаггүй ч цалин авдаг 24000 ажилтныг аудитын шалгалтын хүрээнд илрүүлж байсан бол 2014 оны 9 дүгээр сард Кенийн Засгийн газар энэ төрлийн 12000 ажилтан байгааг илрүүлснийхээ дараа төрийн бүх албан хаагчдын биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг хийж эхэлсэн юм.

Эх сурвалж

Хятадын улс төрийн ‘бар’-ыг авлигын хэрэгт буруутгав (2016.5.14)

БНХАУ. Тус улсын дарга Ху Жинтаогийн туслах асан Лин Жихуа -г авлигын хэрэгт албан ёсоор буруутгаад байна. Төрийн мэдээний Синхуа агентлагаас мэдээлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан, хээл хахууль авсан хэрэгт Лин Жихуаг буруутгаж байгаа аж.

Хятадын прокуророос гаргасан мэдэгдэлд 59 настай Лин Жихуа нь өөрийн хашиж байсан төрийн өндөр албан тушаалуудыг хээл хахууль авах, найз нөхдөдөө давуу байдал олгох, төрийн нууцыг хууль бусаар олж авахад ашигласан гэжээ. Мөн уг мэдэгдэлд түүний энэхүү үйлдэл нь улс болон олон нийтийн өмч, хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэж тодорхойлжээ. Улмаар түүний хэргийг Тяньжин дахь шүүхээр шийдвэрлэх аж. 

Ноён Ху Жинтаогийн залгамжлагч Си Зиньпиний удирдаж буй өргөн цар хүрээтэй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд шалгагдаж буй улс төрийн томоохон сэхээтэн буюу ‘бар’-ын нэг болох Лин Жихуа нь Коммунист намын Төв хорооны Ерөнхий газрын дарга байсан юм.

‘Бар’, томоохон улс төрч Зоу Юнканы хэрэгтэй адилхан, Лин Жихуагийн хэргийг Тяньжин дахь шүүх хэлэлцэх аж. Зүүн Азийн институцийн судлаач Чэнь Ганы үзэж байгаагаар шүүх хурал болох Тяньжинд Лин Жихуа ямар нэгэн танил тал, холбоо сүлбээ байхгүй аж.

Нэгэн цаг үед тус улсын Коммунист намын Улс төрийн товчоонд ажиллаж байсан Лин Жихуаг 2012 онд өөрийн хүүгийн машины ослын хэргийг хаацайлах оролдлого хийсэн хэмээн албан тушаалыг нь бууруулж байсан билээ. Лин Жихуагийн хүү хагас нүцгэн 2 эмэгтэй хамт Ferrari машинтайгаа осолдож, амь үрэгдсэн байдалтай олдсон юм.

Хууль хяналтын байгууллагууд 2014 оны 12 дугаар сард Лин Жихуаг шалгаж эхэлснээ мэдэгдэж байсан бөгөөд бусад ‘бар’-уудтай харьцуулахад албан ёсоор буруутгах хүртэл харьцангуй урт хугацааг зарцуулсан нь түүний Төв хорооны Ерөнхий газарт албан тушаал хашдаг, нууц материалтай харьцдаг байсантай холбоотой хэмээн судлаач Чэнь Ган тайлбарлаж байгаа юм. 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүгнэж байгаагаар Лин Жихуа нь өөрийн төрсөн дүү Лин Ванчэнд төрийн нууцыг дамжуулсан байж болзошгүй байгаа бөгөөд хожим нь Лин Ванчэн АНУ-руу явсан бөгөөд тэндээ амьдарч байгаа юм. Тиймээс Лин Жихуагийн хэрэг улс төр болон дипломат асуудлыг хөндөж байгаа аж.

Өнгөрөгч 1 дүгээр сард Хятадын хууль хяналтын байгууллагууд “Лин Ванчэний асуудлыг авч үзэж байгаа, мөн АНУ-ын талтай хэлэлцээр хийж байгаа” гэдгээ баталгаажуулсан билээ. Харин дээрх явдлаас нэг сарын дараа Лин Ванчэн өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан нууц мэдээлэл авч АНУ-руу оргон зайлсан гэдгийг үгүйсгэсэн мэдэгдэл хийж байсан юм.

Хонконгийн улс төрийн шинжээч Вилли Ламын үзэж байгаагаар Лин Жихуаг албан ёсоор буруутгасан мэдэгдэл хийж байгаа нь хөшигний ард Лин Ванчэний асуудлаар хоёр улс тохиролцоонд хүрсэн байж болзошгүйг илтгэж байгаа аж. Мөн тэрээр хэлэхдээ “энэхүү мэдэгдлийг хийсэн нь Си Зиньпинд цаг хугацааны хувьд ашигтай байж магадгүй. Учир нь энэ хэргээр дамжуулан өмнөх үеийн удирдагчдаас илүү авлигатай тэмцэж чадна гэдэг нэр сүрээ дахин баталгаажуулахын зэрэгцээ өөрийн дайснуудаа айлгаж, авлигатай тэмцэх кампанит ажлыг удирдаж байгаа гэдгээ сануулах зорилготой” гэжээ.

Эх сурвалж

Торгуулийн оронд сексийн санал хүлээн авсан гэгдэх цагдааг хээл хахуулийн хэргээр буруутгав (2016.5.16) 

АНУ. Баруун Вержинийн цагдаагийн ажилтан Маркус Дэвид Славэрийг хууль зөрчсөн эмэгтэйтэй секс хийсэн гэж үзсэний дараа түүнийг хээл хахуулийн хэрэгт буруутган баривчилсан байна.

Орон нутгийн мэдээллийг үндэслэсэн шүүхийн материалд дурдсаныг АP агентлагаас мэдээлэхдээ: Цагдаагийн ажилтан Славэр өөрийн ажилладаг Баруун Вержинийн Фармингтонд үүрэг гүйцэтгэх явахдаа хурд хэтрүүлсэн эмэгтэйг замын хашлага руу шахан зогсоосон аж. Улмаар тухайн эмэгтэй: “Урьд нь Өмнөд Каролинад ял эдэлж байсантай холбоотойгоор ямар нэг хууль зөрчвөл 1-5 жилийн ял авна” гэдгээ Славэрт хэлсэн байна. Хариуд нь Славэр: “торгуулийн хуудас бичихгүй байх ямар нэг шалтгаан хэлэхийг хүссэн” аж. Тухайн эмэгтэй Славэрт “хэд хэдэн зүйл” санал болгоод эцэст нь өөрийнхөө хөхийг үзүүлсэн байна.

Асуудал цааш үргэлжилж тэр хоёр Славэрийн ажилладаг Фармингтоны цагдаагийн газарт очиж секс хийсэн ажээ. 

Одоогийн байдлаар энэ хэргийг Баруун Вержинийн Цагдаагийн газар яг яаж илрүүлсэн нь тодорхойгүй байна. Тухайн эмэгтэй торгуулийн хуудас бичүүлэхгүй байхын тулд ийм алхам хийсэн байгаагаас үзэхэд өөрөө илчлээгүй байх магадлал өндөр юм. Гэвч тухайн цагдаагийн газар маш олон камертай бөгөөд цагдаа нар бүгд тэнэг биш билээ. 

CBS агентлагийн тодорхойлж байгаагаар энэ хэрэг 4 дүгээр сарын 22-нд гарсан бөгөөд цагдаагийн ажилтан Славэр албан тушаалаа өгсөн байгаа аж. Харин хурд хэтрүүлсэн эмэгтэйн талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. 

Эх сурвалж

Си Зиньпины авлигын эсрэг кампанит ажил үргэлжилж байна 

(Хонконгийн Эдийн засгийн сэтгүүлд 5 дугаар сарын 17-нд гарсан нийтлэл)

БНХАУ. Хятадын Коммунист намын 18 дугаар Их Хурал 2012 оны 11 дүгээр сард болсны дараагаас тус улсад авлигын эсрэг өргөн хүрээг хамарсан кампанит ажиллагаа хэлсэн. Улмаар авлигын эсрэг дайнд ялах хүртлээ энэхүү тэмцлээ зогсоохгүй гэдгээ Си Зиньпин харуулаад байгаа юм.

Тус улсын хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаар 1949 онд БНХАУ-ыг байгуулсан цагаас хойш, Си Зиньпиний кампанит ажил бол хамгийн том, хамгийн өндөр түвшний тэмцэл болоод байгаа билээ. 

2012 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлснээр 160 орчим өндөр албан тушаалтан, армийн ажилтнууд албан тушаалаасаа огцорч, авлигын хэргээр шүүгдсэн байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар одоогийн кампанит ажлын хүрээнд шоронд хоригдсон авлигач албан тушаалтнуудын тоо сүүлийн 60 жилийн хугацаанд авлигын хэрэгт холбогдсон нийт албан тушаалтнуудын тооноос ч давж байгаа аж. 

Кампанит ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудын дунд Коммунист намын Улс төр, хуулийн асуудал хариуцсан хорооны нарийн бичгийн дарга асан Зоу Юнкан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силай, Төв хорооны Ерөнхий газрын дарга асан Лин Жихуа болон армийн генерал Су Чайхоу, Гуо Бохун нар багтаж байна.

Улс төрийн товчооны байнгын хорооноос 30 жилийн хугацаанд гэмт хэрэгт буруутгагдсан хамгийн анхны хүн бол Зоу Юнкан байсан юм. Түүнийг авлигын хэрэгт буруутгасан нь улс төрийн товчооны ямар ч гишүүн гэмт хэргээс чөлөөлөгддөг гэх цуу яриаг үгүй хийхэд тусалсан. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт буруутай нь тогтоогдвол тухайн хүн хэр өндөр албан тушаалтай, эсхүл хэр эрх мэдэлтэй нь хамаагүй болоод байна. 

Үүний зэрэгцээ Хятадын хууль хяналтын байгууллагуудад нэг сорилт тулгарсан нь хилийн чанадад байгаа авлигач албан тушаалтнуудыг хэрхэн буцаан авах асуудал байв. Энэ асуудалтай тэмцэхийн тулд, авлигын эсрэг “хилийн чанад дахь тэмцэл”-ийг эхлүүлсэн бөгөөд Бээжингээс одоогийн байдлаар 39 улстай хэрэгтэн шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Улмаар “Skynet Operation”-ы хүрээнд зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд бусад орнуудын хууль сахиулах байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хятадын хууль хяналтын байгууллагууд хилийн чанадаас 1623 авлигач албан тушаалтнуудыг буцаан авч, 3 тэрбум юанийг нөхөн төлүүлсэн байна.

Хэдэн сарын өмнө Си Зиньпиний мэдэгдэхдээ намын бүх гишүүдийг авлигын эсрэг тууштай байхыг уриалсан юм. Түүний энэхүү мэдэгдлээс харахад энэ жил илүү олон авлигач албан тушаалтнуудыг шүүж магадгүй байгааг илэрхийлж байна. 

Авлигыг үндсээр нь устгахын тулд одоогийн авлигын эсрэг хууль тогтоомжоо цаашид улам бүр чангатгах, гүйцэтгэх засаглалын хяналтыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлийг Бээжингийн зүгээс өгсөн байх хэмээн зарим шинжээчдийн үзэж байгаа юм.

Эх сурвалж