-АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах хэрэгтэй-
Өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг зохицуулах газрын Эдийн засгийн засаглалын албаны дарга Андрей Мунтеантай ярилцав.
-Таны Монгол Улсад ирсэн зорилго, ажлын чиглэл юу вэ?
-Бид Монгол Улсад танилцах айлчлал хийж байна. Энэ айлчлалын зорилго нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Монгол Улсаас Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа байнгын элч төлөөлөгчийн урилгыг хүндэтгэн хүлээн авч, танай улсын авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг аль болох олон оролцогч талаас олж мэдэх зорилгоор цуврал уулзалтуудад оролцох юм. Энэхүү танилцах айлчлалаар АТГ болон ЕАБХАБ-ын хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх боломжит хэлбэрийг толорхойлж, ЕАБХАБ авлигатай тэмцэх чиглэлээ ямар ажил хийж хэрэгжүүлдгийг танилцуулах байсан.
-Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзаж ярилцлаа. Та энэ уулзалтаас ямар дүгнэлт хийж байна вэ?
-Бид АТГ-ын бүх хэлтсийн төлөөлөлтэй, мөн тус газрын удирдлагатай уулзалт зохион байгуулсан. Миний хувьд АТГ-ын ажлын чанар, мэргэжлийн байдал, мөн танай байгууллагын бүх шатны ажилтнуудын өнөө цагт ховор болсон ажлын зорилгодоо үнэнч чанар, ажлын урам зориг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Танай байгууллагын ажилтнууд нь хараат бусаар сэтгэж, зорилгодоо үнэнчээр хандаж, Монгол Улс дахь авлигын асуудалд чин сэтгэлээсээ санаа зовнин явдаг, шударга ёсыг тогтоох байгууллагын хувьд АТГ нь чухал үүрэг гүйцэтгэх ёстойг ухамсарладаг болохыг харах нь таатай байлаа.
-Манай улсын авлигатай тэмцэх байгууллагаас гадна прокурор, цагдаа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан. Эдгээр уулзалтаар ямар асуудлыг голлон ярилцсан бэ?
-Бид 2 зүйлийг мэдэхийг хүссэн. Нэгдүгээрт, эдгээр байгууллага нь авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийдэг; хоёрдугаарт, АТГ-тай тэдгээр байгууллагууд нь ямар байдлаар харилцаж, хамтран ажилладгийг олж мэдэхийг зорьсон. Мөн хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаанд бие биеэ нөхөж оролцдог уу, эсвэл бие биедээ туслалцаа үзүүлж ажилладаг уу, гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулдаг уу гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Түүнчлэн эдгээр байгууллагуудад үйл ажиллагаа явуулахад нь туслаж, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд манай зүгээс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тогтоохыг хүссэн. Бидний уулзалт их үр бүтээлтэй боллоо. Цагдаа, УЕПГ, Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, төрийн бус байгууллагууд АТГ-тай хамтран ажиллаж, яриа хэлэлцээрт байнга оролцдгийг мэдэж авсан.
-Уулзалтаар яригдсан сэдвийн хүрээнд Монгол Улсад тулгамдсан асуудлыг Та хэрхэн тодорхойлж байна вэ? Мөн ямар боломжууд байгаа гэж Та харж байна вэ?
-Уулзалтуудаар авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар харилцан ярилцахыг зорьсон. Эрдэм шинжилгээний болон бусад байгууллагаас авсан мэдээ, тайлан, олон нийтэд зориулсан мэдээллээс авч үзэхэд Монгол Улсад авлигын төсөөлөл өндөр, иргэд нь авлига их байдаг гэж үздэг тоогүй үзүүлэлт ажиглагдсан. Иймд танай улс нь АТГ шиг хүчтэй, хараат бус авлигатай эсрэг байгууллагатай байх нь зайлшгүй шаардлагатай юм. Мөн энэ байгууллага нь шаардлагатай хэрэгслээр хангагдаж, чухал үйл ажиллагааг явуулах эрхийг олон нийтээс хүлээн зөвшөөрч, олгосон байх ёстой. Ийм хараат бус байгууллагагүйгээр төр, төрийн байгууллага болон олон нийт авлигатай тэмцэх үйл ажиллагааг явуулах нь огт боломжгүй биш боловч туйлын хүндрэлтэй байх болно гэж бид үзэж байна. Энэхүү 3 өдрийн шахуу уулзалт, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хувьд аль болох олон иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцуулж, авлигатай тэмцэх зарчим, үйл ажиллагааг нийгмийн хамтын үйл хэрэг, хамтын стратеги болгон өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг бид бие биеэсээ мэдэж авлаа. Бүгд энэ ажилд оролцох ёстой. Төр бүх арга хэрэгслээр дэмжиж, дээд болон доод түвшний авлига зэрэг авлигын төрөл, хэлбэр бүртэй тэмцэх ажилд олон нийт, мөн мэдээж АТГ-т юу шаардлагатай байгааг мэдэж байх хэрэгтэй.
-Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг Төв Азид авлигатай тэмцэх загвар байгууллага болгох боломжтой гэж Та хэлсэн. Энэ талаар тодруулж хэлнэ үү.
-Би АТГ-ыг олон улсын хувьд, ялангуяа Төв Азийн улс орнуудын хувьд авлигатай тэмцэх загвар байгууллага байж чадна гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл АТГ-ын бүрэн эрх нь мөрдөн шалгах, хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг багтаадаг. Энэ нь маш чухал юм. Учир нь авлигын бүх төрөл хэлбэртэй тэмцэх, сайн эргэцүүлж төлөвлөж, зохион байгуулсан байгууллагын дүр зургийг АТГ төлөөлж байна. Бусад улсын хувьд, ялангуяа миний дээр дурдсан улсуудын хувьд АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах, АТГ-ын удирдлага, ажилтнуудад санаа зовоосон асуудал байлгахгүй байх хэрэгтэй. АТГ нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, чадавхи бэхжүүлэх, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, Төв Азийн болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчдийг урьж, Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр юу хийдэг талаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулах талаар бодож үзэх хэрэгтэй. АТГ нь олон улсын нийгэмлэгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа манай байгууллага АТГ-тай урт хугацаанд, үр бүтээлтэй хамтын ажиллагааг эхлүүлэхдээ таатай байх болно. Бид АТГ бусад улсуудын хувьд загвар болж чадах маш том боломжийг олж харж байна.
Ярилцсан С.Галбадрах