Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.06.04-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.06.04-10/

Кени Улс авлигатай тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд 302 цагдаагийн албан хаагчийг ажлаас нь халахаар болов (2016.6.9)

Кени. Цагдаагийн байгууллага дахь шинэчлэлийн хүрээнд шалгуулахаас татгалзсан цагдаагийн 302 албан хаагчийг ажлаас нь халахаар болсноо Кенийн Үндэсний цагдаагийн комиссоос өнгөрөгч Пүрэв гарагт мэдээллээ.

Хүний эрхийг зөрчдөг, авлигад автагдсан хэмээн ихээхэн шүүмжлэл дагуулдаг цагдаагийн байгууллага дахь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийг хийж байгаа юм. Үндэсний цагдаагийн комиссоос мэдэгдсэнээр тус комиссын гишүүн, Цагдаагийн байгууллагын дарга Иосеф Боиннет -ийн тушаалаар дээрх албан хаагчдыг ажлаас нь халахаар болсон бөгөөд тэдний ихэнх нь замын цагдаагийн албан хаагч аж.

Шалгуулахаас татгалзсан цагдаа нарыг ажлаас нь халах шийдвэрийг Үндэсний цагдаагийн комиссын хурлаас гаргасан хэмээн тус комиссын дарга Жонстон Кавулуди мэдэгдсэн байна.

2010 онд шинэ Үндсэн хуулиа баталсны дараагаар шинэчлэлийнхээ хүрээнд цагдаагийн бүх албан хаагчийг шалгахаар болсон билээ. Одоогийн байдлаар 3000 орчим албан хаагчийг шалгасан бөгөөд 100 орчмыг нь ажлаас нь халсан байна.

2007 оны 12 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь үймээний үеэр 1000 гаруй хүний амь үрэгдсэн бөгөөд энэхүү үймээнийг зогсоох хэлцэлд Үндсэн хуулиа шинэчлэх, цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх зэргийг тусгасан билээ.

Транспэрэнси интернэшнл байгууллагын судалгаагаар Кени Улсын авлигад хамгийн их автсан институц бол цагдаагийн байгууллага юм.

Өмнө нь цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч байсан, тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эрик Киратэ цагдаагийн байгууллага дахь авлигыг улам тэлж, гүнзгийрч байна гэсэн юм.

Эх сурвалж

Румын Улсын авлигатай тэмцэх ажиллагаа аюулд орлоо (2016.6.7)

Румын. Авлигыг эрүүгийн гэмт хэргээс хасах гэж байгаа нь төрийн албан хаагчдад ямар ч шийтгэл хүлээхгүйгээр улсаас завших боломж олгоно хэмээн Румын Улсын Авлигатай тэмцэх прокурорын дарга мэдэгдэв.

Одоогоор эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаа албан тушаалаа урвуулах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудлаар тус улсын Үндсэн хуулийн Шүүхээс 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргах юм.

Өнгөрөгч онд тус улсын Авлигатай тэмцэх прокурорын газраас албан тушаалаа урвуулсан болон улсад олон сая долларын хохирол учруулсан нийтдээ 661 гэмт хэрэгт өндөр албан тушаалтнуудыг сэжиглэн шалгаж, заримыг нь яллаад байсан юм.

"Хэрэв үүнийг... гэмт хэрэгт тооцохгүй бол бид шалгах ямар ч боломжгүй болно” хэмээн Авлигатай тэмцэх прокурорын газрын дарга Лаура Кодрута Ковэци “Associated Press” агентлагт хэлсэн байна.

Авлигатай тэмцэх прокурорын газрыг 2013 оноос хатагтай Лаура удирдаж байгаа бөгөөд тус улс дахь авлигатай тэмцэх ажилд олон нийтийн дэмжлэгийг аваад байгаа ч үүний эсрэгээр шалгагдаж байгаа улс төрчдийн зүгээс дэмжлэг авахгүй байгаагийн бөгөөд зарим чиг үүрэг, эрх мэдлийг нь ч хязгаарлах оролдлого хийж байгаа юм.

2015 онд тус байгууллагаас 1250 гэмт хэргийг ялласны дотор ерөнхий сайд асан, болон бусад сайд асан 5 хүн багтаж байгаа юм. Улмаар шүүхэд шилжүүлсэн хэргийн 92 хувьд нь ял оногдуулсан дүнтэй байна.

Эх сурвалж

Керри Монголыг ‘Ардчиллын баян бүрд’ гэв (2016.6.5)

Монгол. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад айлчилсныхаа дараа Бээжинг зорьсон бөгөөд далайд гарцгүй энэ оронд хийсэн түүний айлчлал нь АНУ-ын өндөр албан тушаалтны хувьд анхных нь байв.

Нэг нам давамгайлсан Орос, Хятад Улсаар хүрээлүүлсэн Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” хэмээн Керри айлчлалынхаа үеэр тодорхойлсон юм. Монголын эзэн хаан Чингис хааны төрсөн газар гэдгээр нь сайн мэдэх Монгол Улстай АНУ 1987 онд дипломат харилцаа тогтоосон билээ.

Өөрийн хөршүүдтэйгээ сайн харилцаагаа хадгалж байгаа Монгол Улсын төр, эдийн засгийн хөгжилд Вашингтон дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хэдий тийм ч, сүүлийн жилүүдэд тус улс дахь ардчилал, хүний эрхийн асуудал зарим талаараа эргэлзээ төрүүлж байна.

Монгол дахь хүний эрхийн талаар АНУ-ын Төрийн департаментын нэгэн тайланд онцлохдоо “хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал дахь ил тод бус байдал болон хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал” нь “олон нийтийн итгэл, төр, засаглалын чадавхыг сулруулахын зэрэгцээ авлигыг үүсгэх хүчин зүйл” болж байна гэсэн юм.

Төрийн департаментаас мэдээлж байгаагаар “Монголд сайн засаглалыг бэхжүүлэх, ардчилсан улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн шинэ төслийг Керри айлчлалынхаа үеэр эхлүүлсэн байна.

Түүхэн талаас нь авч үзвэл Монгол, Хятад хоёр улсын хооронд хурцадмал, зөрчилтэй байдал нэгэн цагт байсан хэдий ч одоо энэ хоёр улс худалдааны түншүүд юм. Үүнээс гадна, бусад улс орнуудтай худалдаагаа өргөжүүлэх зорилгоор төлөвлөж буй Хятадын санаачилсан “торгоны зам” зурвасын дагуу Монгол Улс байрлаж байгаа юм. Мөн Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) нь нэгэн гишүүн нь Монгол Улс юм.

Монгол Улс нь 1990 онд ардчиллын замд шилжсэн бөгөөд түүнээс хойш хууль тогтоох байгууллагын болон ерөнхийлөгчийн хэд хэдэн сонгуулийг зохион байгуулан явуулаад байгаа юм.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд Хятад Улс гэмт этгээдийг шилжүүлэх гэрээг яаравчлахаар зорьж байна (2016.6.6)

БНХАУ. Хятад Улс авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэж буй, хилийн чанадад оргон зайлсан өөрийн улсын иргэнийг шилжүүлэн авахын тулд тухайн улс орнуудтай гэмт этгээдийг шилжүүлэх гэрээг аль болох ойрын хугацаанд байгуулахаар зорьж байгаа талаар тус улсын төрийн мэдээллээр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “авлигач албан тушаалтнууд болон тэдний хөрөнгийг хилийн чанадаас буцаан авахын тулд илүү их хүчин чармайлт шаардлагатай. Ялангуяа сэжигтнүүдийн зорьж очсон улс орнуудтай хууль сахиулах чиглэлээр хамтран ажиллах, сэжигтнийг шилжүүлэх гэрээг байгуулах явдлыг хурдасгах хэрэгтэй” хэмээн Хятадын Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Хуан Шусянь хэлснийг тус улсын Коммунист намын хоёр сар тутмын “Qiushi” сэтгүүлд нийтэлсэн байна.

Си Зиньпин гурван жилийн өмнө авлигатай тэмцэх кампанит ажиллагааг эхлүүлснээс хойш хилийн чанадад оргон зайлсан, авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг буцаан авах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Хятад Улс зорьж байгаа билээ.

Харин барууны улс орнууд хүний эрхийн асуудалтай холбоотойгоор тус улсад туслах, эсхүл ялтан шилжүүлэх гэрээ байгуулах зэргээс зайлсхийсээр байгаа юм. Үүнээс гадна тус улс эдгээр гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг шилжүүлэн авахдаа гэмт хэрэг үйлдсэн нотолгоог өгөхгүй байна гэж зарим улс дургүйцэж байгаа юм.

Өнгөрөгч онд гэмт этгээдийг шилжүүлэх гэрээ байгуулах яриа, хэлцлийг эхлүүлэхийг Хятадын зүгээс АНУ-д хандан уриалж байсан билээ.

Дэд дарга Хуан Шусянийн хэлснээр Хятад Улс гэмт этгээдүүдийг шилжүүлэн авахын тулд олон улсын хууль тогтоомжийг сайтар судлахын зэрэгцээ суртал ухуулгыг өргөн хүрээтэй явуулах шаардлагатай байгаа аж.

"Хятадын авлигатай тэмцэх ажлыг олон нийтэд ойлгуулахын тулд төрөл бүрийн сувгийг ашиглах... олон нийтийн үзэл бодол, суртал ухуулгыг нэмэгдүүлэх. Олон улстай харилцахад авлигатай тэмцэх байгууллагын эрх мэдлийг өргөжүүлэх шаардлагатай" хэмээн Хуан Шусянь хэлсэн байна.

Эх сурвалж

Оросын прокурорууд Панамын баримт бичигтэй холбогдуулан албан тушаалтнуудыг шалгаж байна (2016.6.6)

ОХУ. Оросын прокурорууд Панамын баримт бичигтэй холбогдуулан Дотоод хэргийн яамны албан тушаалтнуудыг шалгаж байна хэмээн “RBC” мэдээний агентлагийн сайтад Даваа гарагт мэдээллээ.

Панамын Моссак Фонсека хэмээн хуулийн фирмийн 11.5 сая баримтын дунд ОХУ-ын багагүй тооны өндөр албан тушаалтнууд багтаж байсан юм. Гэвч энэ талаар олон нийтийн дуу хоолойг хааж, хууль хяналтын байгууллагууд уг гэмт хэргийг үл тоосон шинжтэй байсан билээ.

Хэдий тийм ч, өнгөрөгч 4 дүгээр сард дээрх баримт ил болсны дараагаар, “RBC” агентлагаас уг асуудалтай холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхийг лавласан утга бүхий албан бичгийг Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн байжээ.

“RBC” мэдээний агентлагийн мэдэгдэж байгаагаар, Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хариу албан бичигт дурдсанаар тус байгууллагаас Дотоод хэргийн дэд сайд Александр Махонов , Денис Зубов болон Дотоод хэргийн дэд сайдын хүү Игор Зубов нарыг авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаж байгаа аж.

Панамын баримт бичигт дурдсанаар, Махонов, Зубов нар нь оффшор компаниудад хувьцаа эзэмшиж байгаа юм. Одоогийн хууль тогтоомжоор Оросын албан тушаалтнууд хилийн чанадад бизнес эрхлэхийг хориглосон байгаа билээ.

Эх сурвалж

Хамгийн их авлигатай 18 хөгжингүй улсын дунд Итали, Мексик, Япон улс багтаж байна (2016.6.5)

Транспэрэнси интернэшнл байгууллагаас иргэдийн төсөөлөлд үндэслэн дэлхийн улс орнуудыг авлигаар нь эрэмбэлэн жил бүр Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргадаг. Тус байгууллагын мэдэгдсэнээр авлигын талаарх бодит тоон мэдээлэл байдаггүйтэй холбоотойгоор улс орон, газар нутгийн авлигын бодит түвшнийг нарийн тодорхойлох боломжгүй аж. Энэ нь ч тодорхой. Учир нь авлигын гэмт хэрэг мөн чанарын хувьд олон нийтэд ил байдаггүй, зөвхөн зарим хэсэг нь л хууль хяналтын байгууллагаар дамжин илэрдэгтэй холбоотой юм.

Авлигын төсөөллийн индексээр улс орнуудыг 100 хүртэл оноо өгч эрэмбэлсэн бөгөөд 100 оноо авбал авлигагүй, 0 бол авлигатай гэж үзсэн.

Ийнхүү үзэхэд хууль эрх зүй болон гүйцэтгэх засаглал сул хөгжсөн, эсхүл ядууралд автсан Африк, Ойрх Дорнодын бүс нутаг авлигатай улс орнуудыг тэргүүлдэг.

АНУ-д төвтэй “Business Insider” байгууллагаас авлигатай боловч баян, ардчилсан улсыг тусгайлан авч үзэхээр шийдсэн байна. Үүний тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг сонгон авч, тэдний Авлигын төсөөллийн индексийн хамгийн их утгыг сонгож авч дүгнэж үзсэн байна. Ийнхүү үзэхэд:

Ирланд-Авлигын төсөөллийн индексийн дүнгээр нийтдээ 75 оноо авсан, дэлхийн хамгийн бага авлигатай улсын нэг боловч телевизийн “RTE” сувгаар 2015 онд дамжуулсан нэгэн баримтат нэвтрүүлэгт үзүүлснээр тус улсын бүхий л түвшний улс төрчид өөрийн ашиг сонирхлоо буруу мэдүүлж, эрх мэдэлтнүүд хээл хахууль авдаг болохыг харуулсан.

Япон-Дэлхийн стандартын дагуу Япон улс бол харьцангуй авлигач бус улс хэдий тийм ч, “GAN Integrity” байгууллагын үзэж байгаагаар “amakudari” буюу тухайн албан тушаалд тохирох мэдлэг туршлагагүй байсан ч, төрийн албанаас тэтгэвэрт гарсан албан тушаалтнуудыг Японы хувийн компаниудын өндөр албан тушаалд томилогддог байдал түгээмэл.

Чили-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны хувьд Авлигын төсөөллийн индексээр хамгийн бага оноо авсан улс хэдий ч, Латин Америкийн бүс нутагт хамгийн өндөр оноо авсан улсын нэг болсон. Ерөнхий байдлаараа, Чили Улс 70 оноо авсан ч өмнөх жилийнхээс 3-аар бага оноо авсан нь сүүлийн 12 сарын хугацаанд авлигын түвшин бага зэрэг нэмэгдсэнийг харуулж байна.

Эстон-Тус улсын Ерөнхийлөгч Тоомас Хэндрик 2012 онд төрийн байгууллага дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Авлигын төсөөллийн индекс 69-өөс 70 болж нэмэгдсэн байна.

Франц-Авлигын төсөөллийн индексийн дүнгээр өмнөх оныхоос нэг оноо илүү авч 100 оноо авахаас 70 оноо авсан бөгөөд Эрүүгийн хуульдаа идэвхтэй, идэвхгүй хээл хахууль болон дотоод, гадаад албан тушаалтны хээл хахуулийг тусгаж өгсөн байдаг.

Португали-Судалгааны “Ernst & Young” байгууллагаас 2015 оны 6 дугаар сард явуулсан нэгэн судалгаагаар португаличуудын 83 хувь нь авлига өргөн тархсан гэж хариулсан юм. Мөн тус улсын Ерөнхий сайд асан Хосе Сократ татварын залилан, мөнгө угаасан асуудлаар сэжиглэгдэн саатуулагдаж байсан юм.

Израиль-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хамгийн ядуу, авлигатай орны нэг болох тус улс 61 оноо авсан юм. Хэдий тийм ч, тус улсын Ерөнхий сайд асан Эхуд Олмэрт Америкийн компаниас 150000 гаруй ам.доллар хууль бусаар авсан хэрэгт холбогдож байсан юм.

Испани-Испанийн Ерөнхий сайд Мариано Ражойг сөрөг хүчний зүгээс авлигын асуудлаар буруутгаж байсан бол мөн эрх барих “Popular Party” намын 24 хүн хээл хахуулийн хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм.

Өмнөд Солонгос-Авлига бол Өмнөд Солонгост хамгийн том асуудлын нэг. Тус улсад нэгэн бизнесмен амиа хорлохдоо хээл хахууль өгсөн тэмдэглэлээ үлдээсний дараа Ерөнхий сайд Ли Ван-Коо албан тушаалаа өгч байсан бөгөөд Авлигын төсөөллийн индексээр 56 оноо авсан юм.

Унгар-Тус улсын Авлигын төсөөллийн индекс 54-өөс 51 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт эмч нарт хээл хахууль өгөх явдал түгээмэл байдаг бөгөөд Унгарчуудын 92 хувь нь хээл хахууль өгөх нь хамгийн оновчтой зүйл гэж хариулсан байна.

Словак-Тус улс 100-аас 51 оноо авсан хэдий ч, сүүлийн жилүүдэд “Gorilla Scandal” хэмээх хэрэгт улс төрчид, олон тооны албан тушаалтнууд, бизнесийнхэн оролцсон хээл хахуулийн томоохон хэрэг гарч байсан.

Грек-Өмнөх жилийнхтэй харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн утга 43-аас 46 болж нэмэгдсэн хэдий ч, сайн үйлчилгээг авахын тулд хээл хахууль өгөх ярианы үг болох “fakelaki”-г өргөн ашиглаж байна.

Итали-Евро бүсийн 3 дахь том эдийн засагтай тус улс дахь авлигад ихэвчлэн ерөнхий сайд асан Силвио Берлусконийтэй холбоотой байдаг бөгөөд түүнийг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг тогтоосон байдаг. Тус улс авлигын төсөөллийн индексээр 44 оноо авсан юм.

Турк-Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 42-ыг авч Европ дахь хамгийн авлигатай улс болсон. Тус улсад 2013 онд төрийн өмчит банкны захирал болон бизнесийн бүлэглэлүүд оролцсон хээл хахууль, залилан, хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгө угаах гэмт хэрэг гарч байсан.

Мексик-Одоогийн байдлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас хамгийн их авлигатай нь 35 оноо авсан Мексик улс болж байна. Латин Америкаас АНУ-руу нийлүүлэгдэх хар тамхины худалдааны төв зам болох тус улсын хувьд авлига бол ноцтой асуудлуудын нэг биш юм. Хар тамхины цуутай эзэн, “El Chapo” хочит Гузман шоронгийн хуягуудад ихээхэн хэмжээний хахууль өгч хоёр удаа шоронгоос оргож байсан билээ.

Эх сурвалж