Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.05.29-06.03/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.05.29-06.03/

Англи бол дэлхийн хамгийн авлигад автсан улс гэж мафийн чиглэлээр мэргэшсэн шинжээч Роберто Савиано мэдэгдэв (29.05.2016).

Лондон. Италийн мафитай холбоотой эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр 10 гаруй жил ажилласан сурвалжлагч Роберто Савиано утга зохиолын Хэй фестивалийн үеэр Англи бол дэлхийн хамгийн ихээр авлигад автсан улс гэж мэдэгдэв.

Савиано хамгийн ихээр борлуулагддаг “Комора ба зерозерозеро” гэдэг номыг 2006 онд бичсэн ба одоо цагдаагийн хамгаалалтад амьдарч байна. Одоо 36 настай түүний бичсэн энэхүү ном нь италийн неополитаны хүчирхэг мафийн сүлжээний хууль бус үйл ажиллагааг илчилсэн байна.

Фестивалийн үеэр Савиано “Та бүхэн дэлхийн хамгийн ихээр авлигад автсан улс бол Афганистан, Грек, Нигер, Өмнөд Итали гэх байх. Харин би Англи гэж хэлнэ. Энэ бол хүнд суртал биш, улс төр биш, харин санхүүгийн хөрөнгөний тухай асуудал юм. Лондонд хөрөнгө эзэмшигчдийн 90 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Европ болон Английн гэмт хэргийн хөрөнгө Жерси болон Кайманы арлуудад байршиж байна. Ийм учир би та бүхний амьдрал, танай засгийн газрын талаар та нартай өнөөдөр ярилцаж байна” гэжээ.

Хэрэв Англи Улс Европын холбооноос гарах нөхцөлд зохион байгуулалттай гэмт хэрэгт улам их автах магадлалтай юм. Тиймээс Европын холбооноос гарах эсэх тухай санал асуулгын талаар Савиано онцлон тэмдэглэсэн байна. Англи Улс Европын холбооноос гарах нөхцөлд Катарын баячууд, Мексикийн картель, Оросын мафид илүү их боломж олдоно гэсэн үг юм. HSBC банк АНУ-ын Засгийн газарт 2 тэрбум фунт стерлинг төлөхөөр болсон нь уг компани картель болон ираны компаниудын мөнгийг угааснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм, бид нарт нотолгоо, баримт байгаа хэмээн тэрээр мэдэгджээ.

Энэ сарын эхээр Авлигатай тэмцэх дээд хэмжээний уулзалт тус улсад болсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Дэвид Камерон тус улсын мэдэлд байдаг татварын хөнгөлөлттэй, оффшор бүс нутгуудад үйлчилж буй энэхүү байдлыг зохицуулахыг шаардаж буй шахалтыг мэдэрсэн.

Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн 2015 оны индексээр Англи Улс 10 дугаарт жагссан.

Эх сурвалж

Нью-Ойркийн цагдаагийн хоёр ажилтан авлигын асуудлаас улбаатай тэтгэвэртээ гарах өргөдлөө өгөв (01.06.2016).

АНУ. Шалгаж байгаа авлигын асуудлаас улбаатай дахиад хоёр удирдах албан тушаалын ажилтан тэтгэвэртээ гарах хүсэлтээ өглөө. Шалгалтын асуудалтай холбоотой ажлаас нь түр тэдгэлзүүлээд байсан 6 хүнээс дэд дарга Андрью Капул болон Эрик Родригес нар тэтгэвэртэй гарах хүсэлтэй өгсөн байна. Тэдний нэг болох тэтгэвэрт гарахаас татгалзаж байсан мөрдөн байцаагч Михаил Миличи -ийг албаны шалгалтад хамрагдах тушаал авсныг биелүүлээгүйн улмаас албанаас нь халсан аж. Бусад хүсэлтийн хариу хүлээгдэж байгаа аж. Нью-Ойркийн цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарч байгаа нь шалгалтаас мултрах арга зам биш бөгөөд шалгалт цаашид үргэлжлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Зарим эх сурвалжийн зүгээс өндөр албан тушаалтнуудыг тэтгэвэрт нь гаргаад шалгалт дуусах болов уу, харин жирийн албан тушаалтнууд байсан бол тэтгэвэр ч үгүй үлдэх байсан биз гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж

Авлигын асуудлаар шуугиан ил гарах тусам тухайн улсад авлига буурах талтай (04.06.2016).

Эдийн засагч. “Хэкси парма”-тай холбоотой авлигын асуудал Румын Улс хэр их авлигад автсаныг илэрхийлнэ. 4 дүгээр сарын сүүлээр эрэн сурвалжлах сэтгүүлчид уг асуудлыг ил болгосноос хойш одоо шүүхийн шатанд хүрээд байна. Румын Улс 2007 онд Европын холбоонд элссэн. Европын холбооноос ирж буй шахалтаар тус асуудлыг ил тод шалгаж байгаа аж. Авлигатай тэмцэнэ гэж амлалт өгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 4 дүгээр сард Ерөнхий прокурорыг томилсон ба тэрээр уг асуудлыг идэвхийлэн шалгаж байна. Тус улсын Авлигатай тэмцэх газрын дарга Лаура Кодрута Ковеси мөн тус асуудлыг шалгаж байгаа талаар мэдэгджээ. Өнгөрсөн жил 1250 албан тушаалтныг шалгасан ба Ерөнхий сайд авлигын асуудлаас болж огцорсон.

Хүмүүс авлигын асуудлыг илчлэх тусам байдал дордож байна гэж үздэг. Гэтэл тийм биш ажээ. Илчилж байна гэдэг байдал цаашид сайжирна гэсэн үг юм. Бразил Улсад төрийн өмчит Петробас компанитай холбоотой авлига, хээл хахуулийн асуудал 2014 онд ил болсны дараа жил буюу 2015 онд Транспарэнси интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Бразил Улс 5 пунктээр буурсан.

Гватемал Улсад энэ байдал мөн ажиглагдсан. Тус улс 2008 оноос эхлэн бие даасан, хараат бус байгууллага байгуулан ажиллаж байсан. Гэтэл өнгөрсөн онд гаалийн байгууллага дахь авлигын асуудал илчлэгдсэнээр Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хоёр нь огцорсон. Тус улсын 2015 оны Авлигын төсөөллийн индекс нь мөн буурсан. Сассексийн их сургуулийн авлигын асуудлаар мэргэшсэн шинжээч Дэн Хау Англи Улсын Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт 2009 оны Парламентын зардлын шуугиантай асуудлын дараа буурсан гэжээ. Энэ бол авлигын төсөөллийг нэмэгдүүлж буй үйл ажиллагаа бус харин нөлөөлөл юм. Авлигын асуудлыг шийдэхийн тулд тэмцэж эхэлснээр шуугиан гарч эхэлдэг ба үүнийг бодит байгаа байдлаас доор үзэх хандлага англи, америк түүх судлаач оюутнуудыг нэг их гайшруулахгүй болов уу. Эдгээр улс 1800-аад оны сүүлээр маш бохир, их асуудалтай байсан нь тухайн үеийн улс төрийг цэвэр явуулахын тулд хийгдэж байсан шинэчлэлтэй холбоотой. Гэтэл Румын, Бразил, Гватемал, эсхүл БНХАУ ийм замаар явж чадах уу гэдэг нь асуулт юм. Чадахгүй байж болно. Украин дэх “улбар шар” хувьсгал, Итали Улс дахь шүүхийн шинэчлэл зэрэг нь тухайн улсын төрийн бодлогыг цэвэрлэж чадаагүй. Румын Улсад авлигын асуудлаас шуугиан дэгдэж байгаад хөрөнгө оруулагчид болон сонгогчид сайшаах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүдийг нүүр хуудас дээр нэрлэж байгаа нь хэн нэгэн шударга хүн тэдгээрийг илчилсэн гэсэн үг.

Эх сурвалж

Нигэр Улсын Ерөнхийлөгч өөрийг нь буруутгаад байгаа ямар ч авлигын асуудлыг шалгуулахад бэлэн байна хэмээн мэдэгдэв (30.05.2016).

Абужа. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий аль ч байгууллагаар шалгуулахад бэлэн байна хэмээн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдэв. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа 2015 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд шалгалт хийлгэхэд бэлэн гэжээ. Түүнчлэн 2.1 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ, хэлцэлд оролцсон хэнийг ч уучлахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тэрээр “эрх зүйн хувьд надад албан ёсоор хамгаалах эрх бий эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв надад байхгүй бол, яагаад одоо хүртэл шалгахгүй байна” гэжээ. Гэвч тэрээр тус улсын төсвийн хөрөнгийг идэж шамшигдуулсан этгээдүүдийн нэрийг нэрлэхээс татгалзсанаар сая сая нигерчүүдийн итгэлийг хөсөрдүүллээ. Ерөнхийлөгч Ардчиллын өдрөөр ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ эдгээр этгээдийн нэрсийг зарлана хэмээн амласан аж. Мэдээлэл, соёлын яамнаас тус асуудалтай холбоотой мэдээллийг тогтмол мэдээлж байна хэмээн гэжээ.

Эх сурвалж

Интернэт хайлтын “Гүүгл” системээс Малайз Улс дэлхийн хоёр дахь авлигад автсан улс гэж гардаг (30.05.2016).

Малайз Улс. “Гүүгл” хайлтын систем Малайз Улс хэмээн өгөгдөл өгөхөд авлигад автсан хэмээн үр дүн гаргаж байна. Яагаад тус сайт Малайз Улсыг дэлхийн хоёр дахь авлигад автсан улс хэмээн гаргаж байна?

Авлигатай хийх тэмцлийг дээрээс нь эхлэх хэрэгтэй. Эрх мэдэлтэнгүүд буюу яам, парламентын гишүүд гэх мэт шийдвэр гаргагчдаас эхлэхгүйгээр авлигатай хийх тэмцэл амжилтад хүрэхгүй. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр авлигын асуудалд холбогдсон доод албан тушаалтнуудаас гадна эрх мэдэлтнүүд гардаг болсон байна. “Сайн сайхан ирээдүйн төлөө” төвийн зөвлөлийн гишүүн Лоу Энг Так авлигатай тэмцэх хуулийг чангатгах шаардлагатай хэмээн уриалсан байна.

Тэрээр “Авлигатай хийх тэмцлийг дараагийн шатанд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд шинэчлэл хэрэгтэй ба үүний нэг нь авлигатай тэмцэх хуулийг чангатгах асуудал юм” гэжээ. Нэмэлт, өөрчлөлтийг 2009 оны Авлигатай тэмцэх хороо байгуулах тухай хуулийн 23, 36 дугаар зүйл заалтуудад оруулах шаардлагатай гэнэ. Учир нь эдгээр заалтад оршиж буй хуулийн цоорхой эрх мэдэлтнүүдэд боломж олгодог гэжээ.

Тухайлбал, 23 дугаар зүйл албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон танил тал, ах, дүү төрөл садангийн этгээдэд давуу байдал олгох, эсхүл шийдвэр гаргах явдлыг хамруулдаг байна. Гэтэл албан тушаалтан өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой төслийн уулзалтад оролцохгүй байхад л хангалттай байдаг хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Бодит байдал дээр тэрээр маш их нөлөөтэй бол шийдвэр гаргахад өөрөө оролцсон, оролцоогүй нөлөөлж болно. Иймд тус заалтыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж өөрчлөх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн уг хуулийн 36 дугаар зүйлд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Авлигын асуудлаар шалгагдаж буй этгээдийн хөрөнгө, орлогыг мэдүүлж байх заалт оруулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар шалгагдаж буй аливаа этгээд хөрөнгө, орлогоо мэдүүлэх эрх зүйн үндэслэл байхгүйгээс Малайзын Авлигатай тэмцэх байгууллагад хүндрэл учирч байна гэжээ.

Эдгээр зүйл, заалтаас гадна тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйлүүд байгааг Лоу Энг Так дурдсан байна. Энэ нь Малайзын Авлигатай тэмцэх газрыг зүгээр нэг засгийн газрын агентлаг шиг байлгах шаардлагагүй бөгөөд санхүүгийн хараат бус байдлыг олгох, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийддэг болох, зөвхөн Парламентад тайлагнах байдлаар зохицуулах эрх зүйн зохицуулалтууд шаардлагатай байгааг онцолсон байна. Иймд авлигатай тэмцэнэ хэмээн уриа, лоозон маягаар ярихаас илүүтэйгээр эдгээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг парламентын гишүүдэд тэрээр уриалав.

Эх сурвалж

Сайд болон түүний хоёр хүүд авлигын асуудлаар шүүхээс ял оноосон байна (28.05.2016).

Египет Улс. Каир хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Мэдээллийн сайд асан Сафват Эл-Шариф болон түүний хоёр хүүд 5-10 жилийн хугацаатай хорих ял оноосныг Египетийн албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв.

Эл-Шариф болон түүний хүү Ихаб нарт 5 жилийн хорих ял оноосон бол Эл-Шарифын хоёр дахь хүү Ашрафт 10 жилийн хорих ял оноож 209 сая египет паунд буюу 24 сая ам.долларын торгууль ногдуулсныг “Мена” агентлаг мэдээлэв.

Эл-Шарифыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үлэмж хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгө хууль бусаар олж авсан хэмээн шүүхээс буруутгажээ. Эл-Шариф Мэдээллийн сайдын албан тушаалыг хашиж байснаас гадна парламентын доод танхимын даргын албан тушаалыг хашиж байсан. Тэрээр Ерөнхийлөгч Хосни Мубаракийн ойрын хамсаатан байсан аж.

Эх сурвалж

Венесуэлын парламентын сөрөг хүчнийхэн 69 тэрбум ам.долларын авлигын асуудлыг шалгаж байна (27.05.2016).

Каракас. Парламентын сөрөг хүчнийхэн одоогийн болон өмнөх төрийн албан тушаалтнуудтай холбоотой 69 тэрбум ам.доллароор хэмжигдэх 89 авлигын хэргийг шалгаж байгааг хууль тогтоогч Фрэдди Гуэвара мэдэгдэв. Энэ мөнгөөр 900 сая хүнд анхан шатны хэрэгцээний зүйл авах, эсхүл тус улсыг 30 жил тэжээхэд хангалттай хөрөнгө хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Гуэвара нь Үндэсний Хурлын санхүүгийн хяналтын хорооны дарга аж.

Венесуэл Улсын төсвийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурснаар тус улсын эдийн засаг хямралд орж хүнс, эмийн хэрэгцээнд зарцуулах хөрөнгө буурсан. Гуэвара хилийн чанадад гаргасан хөрөнгийг хаана байгааг илрүүлэх, буцаан авах зорилготой гэжээ. Шалгалтад эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарын нөхцөл байдлыг 2003 оноос хойшхи байдлаар хамруулж байгаа аж. Хууль бус санхүүгийн гүйлгээ 60 тэрбум ам.долларт хүрч байгааг тэрээр тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн өмчит газрын тосны ПДВСА компанийг мөн шалгаж байгаа бөгөөд тус компани 7 тэрбум ам.полларын хөрөнгө шамшигдуулсан нь шалгалтаар тогтоогджээ. Сөрөг хүчний зүгээс энэхүү шалтгалтыг хийж байгааг Ерөнхийлөгч Николас Мадуро түүний Засгийн газрыг унагах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байгаа аж.

Эх сурвалж

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч асан авлигын хэргээр яллагдаж хорих ял болон 100.000 ам. долларын торгууль хүлээв (31.05.2016).

Сингапур Улс. Барилгын компанийн ахлах менежерт хээл хахууль өгч шинэ байрнуудаас авах гэсэн асуудалд буруутгагдсан үл хөдлөх хөрөнгийн зуучлагч асанд 12 долоо хоногийн хугацаатай хорих болон 100.000 ам.долларын торгуулийн ялыг шүүхээс оноожээ. Го Чан Чонг нь Юнайтед Инжинерс Девелопментс компанийн Сухайми Аминд 50000 ам.долларын хээл хахуулийг 2007 онд өгсөн байна. Го нь одоогоор ажилгүй болсон ба 45000 ам.долларын барьцаагаар суллагдаад байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.

Сухаймид 2014 онд шүүхээс 60000 ам. долларын торгуулийг ногдуулсан ба тэрээр Го-д 50000 ам.долларыг 2008 оны 8 дугаар сард буцаан өгсөн ажээ. Го нь 2007 онд Сухаймигийн компаний барьсан барилгаас 8 байр худалдан аваад 6-г нь өндөр үнээр эргүүлэн борлуулсан байна. Эдгээр байрыг хямд үнээр худалдан авсны шан харамж болгож Сухаймид эхлээд 50000 ам.доллар дараа нь хэсэг хугацааны дараа дахиад 50000 ам.доллар өгсөн байна.

Эх сурвалж

Бразилийн авлигатай тэмцэх чиг үүрэгтэй сайдын ярианы нууц бичлэг нийтэд ил болсноор албан тушаалаас огцрох болов (31.05.2016).

Бразил Улс. Бразилийн шинээр байгуулагдсан түр Засгийн газрын нэр хүнд улам унах болов. Учир нь авлигатай тэмцэх чиг үүрэг хүлээсэн сайдын гэмт хэргийг далдлах тухай ярианы нууц бичлэг нийтэд ил болсноор албан тушаалаас буухаас аргагүй байдалд хүрэв. Байгуулагдаад 18 хонож байсан Засгийн газрын гишүүн Фабиано Силвера огцрох болсон 2 дахь албан тушаалтан болов. Тэрээр төрийн өмчийн оролцоотой газрын тосны Петробас компани болон олон тооны улс төрчидтэй холбоотой хэргийг шалгах Лава Жато ажиллагаанаас хэрхэн мултрах талаар зөвлөгөө өгсөн нууц яриа илчлэгдснээр огцрох болжээ. Силверагийн огцорсон явдал Мишел Темерийн Засгийн газарт ирж буй дарамтыг улам нэмэгдүүлж байгаа аж. Мишелийн Засгийн газар тус улс дахь хамгийн том авлигын асуудал болох Ерөнхийлөгч Дилма Роусефтэй холбоотой хэргийг нуун далдлах гэж байна гэсэн хардлагад өртөөд буй юм. Прокурорын байгууллагын зүгээс маш их хээл хахууль авсан гэсэн асуудалд буруутгагдаад байгаа Сенатын тэргүүн Ренан Калхейростой Силверагийн 2 дугаар сард ярьсан утасны яриа ил болсноор авлигатай тэмцэх чиг үүрэг хүлээсэн сайдад олон нийт итгэх итгэл, үнэмшил буурсан аж. Тэрээр шалгаж буй авлигын асуудлаас хэрхэн зайлсхийх талаар зөвлөгөө өгч байсан байна. Олон арван төрийн албан хаагчид Төрийн ордны ойр орчимд очиж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Берлинд төвтэй Транспарэнси интернэшнл байгууллагаас “бүрэн дүүрэн шалгах ажиллагаа хийгдэх, авлигатай тэмцэх туршлага бүхий шинэ сайд томилогдтол” Мишелийн Засгийн газартай харьцахгүй хэмээн мэдэгджээ. Бразилийн нэр хүндтэй “О Глобо” сонин сайдыг огцруулж, Лава Жато ажиллагааг үргэлжлүүлэхийг Мишээлийн Засгийн газарт уриалсан байна. Шалгах ажиллагааг дэмжиж, асуудлыг бүрэн дүүрэн шалгах явдал бол цорын ганц гарц хэмээн тус сонинд бичжээ. Петробас компанитай холбоотой хээл хахуулийн асуудалд түүний Засгийн газрын 7 сайд багтаж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын төлөвлөлт хариуцсан сайд Ромеро Жука ажлаа өгөхөд хүрсэн юм. Тэрээр Лава Жато шалгах ажиллагааг зогсоохын тулд Ерөнхийлөгч Дилма Роусефт итгэл үзүүлэх эсэх асуудалд холбоотой нь мөн нууц ярианы бичлэгээс ил болжээ. Дөнгөж хоёр сар болж буй Мишелийн Засгийн газар нэр хүндээ сэргээх гэж бүх хүчээ дайчилж байна. Түүнийг Засгийн газрыг тэргүүлэхэд эдийн засгийг сэргэнэ гэсэн багахан найдлага талаар болохгүй байгаасай.

Авлигын сүлжээ: Перу Улсын ирээдүйн төлөөх тэмцэл (03.06.2016).

Перу Улс. Лима хотын нэгэн дүүргийн Баррио Алтос районы хэсэг оршин суугчид сантехникийн труба хагарсан тул мөнгө цуглуулан хэрхэн засуулах талаар ярилцаж байхад нь баг зүүсэн эрэгтэй хүмүүс дайрч галт зэвсгээр буудан жинхэнэ дайны талбар мэт болгосон явдал 25 жилийн өмнө болсныг эргэн санахад нулимс унагахгүй байж чадахгүй. Роза Рожас Борда тэрхүү хэрцгий зэвсэгт дайралтын улмаас нөхөр болон 8 настай хүүгээ алдсан аж. 15 хүн алагдсан аймшигт явдлыг хэн үйлдсэнийг шалгаж тогтоосон бөгөөд тэд бол зэвсэгт хүчнийхэн байжээ. Тэднийг Ерөнхийлөгч Алберто Фужиморигийн шууд даалгаврын дагуу үйл ажиллагаа явуулсныг шүүхээс дараа нь тогтоож 2009 онд энэхүү Баррио Алтосд болсон аллага болон бусад үйлдсэн хэрэгт 25 жилээр хорих ял оноосон. Ерөнхийлөгч асан Фужиморо төсвийн хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан асуудалд ч мөн хутгалдсан.

Перугийн энгийн иргэд Фужиморог 1980-аад оны гиперинфляцийг хянаж чадсан, сульдаж доройтсон эдийн засгийг сэргээсэн гэдэгт итгэдэг. 1992 онд парламентыг татан буулгаж хэлмэгдүүлэлт явуулж байхад ч түүний нэр хүнд төдийлөн унаагүй.

Гэвч түүний дэглэмийн авлига, хээл хахууль, 2000 оны сонгуулийн үр дүнг будлиантуулсан зэргээс нь Перугийн ард түмэн залхаж тэрээр Япон руу зугтсан. 2005 онд Чили Улсад зочлох үед нь түүнийг Перуд шилжүүлэхийг шаардаж шүүх ажиллагаа болсон юм. Түүхчдийн үзэж байгаагаар Перугийн түүхэнд Фужиморигийн дэглэмийн үе хамгийн ихээр авлигад автжээ. Тухайн үед авлигын улмаас 1.5-4 тэрбум ам.доллар алдсан гэж үздэг. Фужиморигийн гэмт хэргүүд магадгүй өнгөрсөн үед үлдсэн байх, харин түүний өв тус улсын ирээдүйн төлөөх тэмцлийн төвд байна.

Перу Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд түүний охин Кейко болон Сангийн сайд асан Педро Пабло Кучински нар өрсөлдөж байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр Кейко 3.6 хувиар тэргүүлж байна. Гэвч Фужиморигийн дэглэмээс хохирсон иргэд түүний дэглэмийг эргэн ирэх вий гэдгээс эмзэглэж буй аж. “Бид Баррио Алтосд болсон аллагыг террористууд үйлдсэн, миний гэр бүлийг террористууд алсан гэж бодож байтал тэд бол төр, биднийг захирч байсан төр аллага үйлдсэн байсан. Биечлэн гүйцэтгэсэн тэдгээр хүмүүстэй адил Ерөнхийлөгч Фужимори буруутай” хэмээн Роза Рожас ярив. “Кейко аавтайгаа адилхан, тэдний гэр бүл нэгдмэл. Тэд эрх мэдлийн төлөө цангасан мэт явж байна. Тэд уучлалт гуйгаагүй” хэмээн тэрээр өгүүлэв.

Энэ долоо хоногийн эхээр Лима хотын төв хэсгээр мянга мянга иргэд Кейко Фужиморигийн эсрэг жагссан. Энэ удаагийх бол Кейкогийн эсрэг 3 дахь жагсаал юм. Энэ удаа жагсагчидтай Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг дэвшүүлсэн ч нэрээ татсан Вероника Мендоза оролцсон аж. Түүний нэрээ татахыг зүүнийхний эвслийн тэргүүн Френтэ Амплио Фужиморог гаргахгүй тулд уриалж улмаар сонгуульд оролцохгүй болсон байна.

Сонгуулийн үр дүнгээс үл хамааран Фужиморигийн нам парламентын сонгуульд ялалт байгуулж 130 суудлаас 73-ыг авсан. Тус нам чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, гэмт хэрэгтэй чанга тэмцэнэ хэмээн илэрхийлээд байгаа. Улмажлалаар хамгийн их суудал авсан нам тангараг өргөнө. Энэ жилийн хувьд Фужиморигийн бага хүү Кенжи Фужимори тэргүүтэй парламентын шинэ гишүүд тангараг өргөх болсон.

Эх сурвалж