ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.07.09-15/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.07.09-15/

Компаниудын ил тод бус байдал авлигыг бий болгож байна (2016.07.11)

Транспэрэнси интернэшнл. Даваа гарагт Берлинд төвтэй Транспэрэнси интернэшнл (ТИ) байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар дэлхийн хөгжиж буй хамгийн том улс орнуудын үндэстэн дамнасан корпорацуудын ил тод байдал хангалтгүй дүнтэй байна. Уг тайланд онцолсноор томоохон үндэстэн дамнасан корпорацууд авлигатай тэмцэхийн тулд цаг алдалгүй илүү ихийг хийх шаардлагатай байгаа аж.

ТИ-ийн энэхүү судалгаанд “BRICS” зэрэг 15 хөгжиж буй томоохон улс орнуудын үндэстэн дамнасан 100 компанийг хамруулсан аж. Эдгээр 100 компанийн ил тод байдлын дундаж үнэлгээ 10 онооноос 3.4 байгаа бөгөөд нийт компаниудын 75 хувь нь 5 онооноос доош үнэлгээ авсан байна.

"Хөгжиж буй хамгийн том улс орнуудын үндэстэн дамнасан корпорциудын ил тод байдлын өрөвдөлтэй түвшин нь хувийн хэвшил авлигыг устгах, ядуу улс орнуудын тэгш бус байдал, ядуурлыг бууруулахад эдгээр компаниуд ямар хэмжээнд анхаарч чадах вэ гэдэг асуултыг бий болгож байна” хэмээн ТИ байгууллагын дарга Хосе Угаз мэдэгдэлдээ дурдсан байна.

Уг судалгаанд хамрагдсан Хятадын компаниуд авлигатай тэмцэх талаар бодлого, үйл ажиллагаа байдаггүй/хангалтгүй байгаагийн улмаас хамгийн муу үнэлгээг авсан байна. Харин Энэтхэг улсаас 19 компани уг судалгаанд хамрагдсан бөгөөд эдгээр компаниудын бүтэц, үйл ажиллагаа нь харьцангуй нээлттэй, ил тод байсан бөгөөд 7.5 оноо авч судалгаанд хамрагдсан улсын компаниудыг тэргүүлсэн байна.

Уг тайланд дурдсанаар компаниуд авлигатай тэмцэхийн тулд нэн тэргүүнд гурван зүйлд анхаарал хандуулах шаардлагатай байгаа аж. Үүнд: хууль бус төлбөр, хээл хахууль зэргийг хориглосон авлигатай тэмцэх бодлогыг хэрэгжүүлж, ил тод болгох; компанийнхаа салбар, охин компанийн бүтцийн мэдээллийг ил тод болгох; үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрээр төлсөн татвар болон санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээ нээлттэй болгох гэсэн гурван чиглэлийг зөвлөмж болгосон аж.

Эх сурвалж

Хээл хахуулийн улмаас Үнэт цаасны хороонд 14.36 сая доллар төлөхөөр болов (2016.07.11)

АНУ. “Johnson Controls Inc. (JCI)” компани хээл хахуулийн хэргийн улмаас Үнэт цаасны хороонд 14 сая ам.доллар төлөхөөр болоо. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Үнэт цаасны хорооны мэдэгдсэнээр “JCI” компаниар 14.36 сая долларыг төлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

“JCI”-ийн Хятад дахь охин компанийн захирал болон бусад 18 ажилтан хээл хахууль болон хууль бус аргаар мөнгө олсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд харилцсан тохиролцоонд хүрлээ” хэмээн тус хорооноос мэдэгдсэн байна. Мөн хорооноос мэдэгдсэнээр “2007-2013 оны хооронд 4.9 сая долларын хууль бус төлбөр хийсэн болон харилцагчдад хээл хахууль өгсөн зэргийн улмаас уг компанийн Хятад дахь охин компани 11.8 сая долларын ашигтай ажилласан” гэжээ.

Эх сурвалж

Ерөнхийлөгч Зумагийн 783 авлигын хэргээр прокурорууд дээд шүүхэд хандана (2016.07.15)

Өмнөд Африк. Тус улсын Үндэсний прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч Жакоб Зума -ийн эсрэг үүсгэж байсан авлигын хэргүүдийг сэргээх зорилгоор Дээд шүүхэд хандах гэж байгаагаа Баасан гарагт мэдэгдлээ.

Өмнө нь шүүхээс Зумагийн хэргүүдийг хэлэлцэн Ерөнхийлөгч өөрийнхөө хувийн эдлэн газрыг тохижуулахад зарцуулсан төсвийн хөрөнгөөс аюулгүй байдлаа хангахаас бусад зүйлд зарцуулсан хөрөнгийг буцаан төлүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байсан юм.

Өмнөд Африкийн Улсын нөөцийн сангаас шүүхэд ирүүлсэн тайланд дурдсанаар Ерөнхийлөгч Зума дээрх төрлийн зардалд зарцуулсан гэх хагас сая долларын үнийн дүн бүхий мөнгийг буцаан төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгч төсвийн хөрөнгөнөөс өөрийнхөө эзэмшлийг газрыг тохижуулах зорилгоор ашигласан 7,814,555 ранд (500000 ам.доллар)-ыг хувиараа буцаан төлөх ёстой” гэж хэргийн материалд тусгасан байгаа аж.

Мөн Ерөнхийлөгчийн эсрэг үүсгэсэн хэргүүдийн дунд 1999 он буюу түүнийг дэд ерөнхийлөгч байх үетэй холбоотой армийн худалдан авах ажиллагаан дахь авлигын гэмт хэргүүд байгаа бөгөөд уг хэргүүдийг сөрөг хүчин болох Ардчилсан эвслээс ил тод болгож гарган ирсэн юм.

Ерөнхийлөгч Зумагийн эсрэг үүсгээд байсан авлига, луйвар, дарамтлах зэрэг 783 хэргийг өнгөрөгч 4 дүгээр сард шүүхээр хэлэлцсэн бөгөөд шүүх эдгээр хэргүүдээр Зума өмнө нь буюу 2009 онд шүүгдэж байсан тул дахин хэлэлцэх “шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Улмаар өмнө нь шийдвэрлэсэн гэх дээрх хэргүүдийг сэргээхээр Дээд шүүхэд хандахаар болсон нь энэ ажээ.

Эх сурвалж

Орон сууцны захиргааны дарга асан хээл хахуулийн хэргээр 4 жилийн ял авлаа (2016.07.15)

АНУ. АНУ-ын Коннектикут мужийн Баруун Хавэн хотын Орон сууцны захиргааны гүйцэтгэх захирал асан 1.5 сая орчим долларыг хээл хахуульд авсан хэргийн улмаас 4 жилийн хорих ял болон 3 жилийн хугацаанд хатуу хяналт дор байх ялыг оногдуулсан болохыг өнгөрөгч Баасан гарагт прокурор Дейрдре М. Дейли мэдэгдлээ.

Хэргийн материал, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн прокурор Дейли хэлэхдээ 2007-2012 оны хооронд Майкл Шивэк нь орон сууцны захиргаанд ажиллаж байхдаа тендер шалгаруулах, гэрээ байгуулах зэргээс хээл хахууль авч байсан гэсэн юм.

Майкл Шивэк нь Холбооны нөөцийн сангийн нэгэн хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хуйвалдаанд оролцсон нэг гэмт хэрэг, хээл хахууль авсан, татвараас зайлсхийсэн тус бүр нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа 2014 онд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Прокурор Дейлийгийн хэлснээр 56 настай Шивэк нь өөрөө болон өөрийнхөө хяналтад байдаг компаниараа дамжуулан шилжүүлэг, чек хэлбэрээр хээл хахуулиа авч байсан аж. Мөн түүнчлэн орлогоо дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн байна.

Шүүхээс Шивэкээр 1.5 сая долларын нөхөн төлбөрийг төлүүлэх, төлөөгүй татвар болон түүний хүүнд нийтдээ 363,000 долларыг төлүүлэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

Эх сурвалж

Багдад хотод авлигын эсрэг жагсаал болов (2016.7.15)

Ирак. Багдад хотын төвд Засгийн газрын авлигыг эсэргүүцэн зохион байгуулагдсан жагсаалыг шашны Шийт урсгалын санваартан Могтада ал-Садраар удирдав. Багдад хотын төв дэх Тахир талбайд цугларсан олон мянган иргэд авлигыг устгах, Шийт болон Сунни шашинт иракчуудыг нэгдэхийг уриалсан байна.

Санваартан Могтада ал-Садраар жагсаалыг удирдаж байсан боловч мэдэгдэл хийгээгүй юм. Харин түүний оронд Садраарын нэгэн туслах Ирак дахь АНУ-ын цэргийг гаргах, Багдад хотод эрх чөлөөг бий болгох, Засгийн газар дахь бүх авлигач албан тушаалтнуудыг ажлаас халахыг шаардсан мэдэгдлийг уншсан аж.

Улмаар жагсагчдын цуваа Тахир талбайгаас Иракийн Засгийн газрын ихэнх байгууллагууд болон гадаад улс орнуудын элчин сайдын яамд байршиж буй өндөр хамгаалалт бүхий газар болох ‘Ногоон бүс’-рүү чиглэсэн байна. Өнгөрөгч 4 дүгээр сард, санваартан Садрын дэмжигчид тус улс дахь авлигыг эсэргүүцэн ‘Ногоон бүс’ дэх парламентийн ордонд нэвтэрч байсан билээ. Мөн энэ явдлын үеэр 2 жагсагч амь насаа алдсан юм.

Иракийн Ерөнхий сайд Хайдэр ал-Абадигийн зүгээс хэрэгжүүлэхээр зорьж буй шинэчлэлүүд нь парламент дахь нөлөө бүхий шашны улс төрийн бүлэглэлүүдээс үүдэлтэйгээр зогсонги байдалд ороод байгаа билээ .

Эх сурвалж

Хятадын авлигын хэргийн сэжигтэн Австралиас буцав (2016.07.16)

БНХАУ. Авлигын хэрэгт сэжиглэгдсэнийхээ дараагаар хилийн чанадад гараад байсан Хятадын хоёр иргэнийг буцаан авсан талаар тус улсын авлигатай тэмцэх байгууллага болох Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдлээ.

Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд байршуулсан мэдэгдэлд дурдсанаар уг хоёр сэжигтний нэг нь хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэгдсэнийхээ дараагаар буюу 1998 онд АНУ-руу явсан “Shenzhen Yuwei” үйлдвэрийн ерөнхий захирал Зу Хайпин байгаа аж. Харин нөгөө нэг сэжигтэн нь хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэнийхээ дараагаар 2010 онд Австрали Улс руу ниссэн “Wuhan Iron, Steel Group Mining” компанийн дэд захирал асан Гуо Лиаову байгаа аж.

Тэд “өөрсдөө эх орондоо буцах замыг сонгосон” хэмээн Сахилгын хяналтын төв хорооны мэдэгдэлд онцолжээ.

Хятад улс нь хөрөнгөө авч хилийн чанадад гарсан авлигач албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг эх орондоо эгүүлэн авч хариуцлага хүлээлгэх зорилго бүхий “Үнэгний ав” ажиллагааг явуулж байгаа билээ. Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдсэнээр одоогийн байдлаар авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа 381 сэжигтэнг 40 гаруй улс орнуудаас шилжүүлэн авсан байна.

Эх сурвалж

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан авлигын хэрэгт буруутгагдав (2016.07.12)

Филиппин. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Энрике Она болон тухайн үед түүний удирдлага дор ажиллаж байсан хоёр албан тушаалтныг тус улсын Омбудсманы байгууллагаас эрүүл мэндийн төвийг шинэчлэх 392.2 сая песогийн хөтөлбөртэй холбоотой авлигын хэрэгт буруутгасан байна.

Омбудсман Кончита Карпио мэдэгдэхдээ тус улсын Авлигатай тэмцэх хуулийн 3(е) дугаар хэсгийг зөрчсөн хэрэгт Энрике Она болон түүний орлогч Тэодоро Хэрбоса , туслах Николас Лутеро нарыг буруутгах хангалттай нотолгоо байгаа гэжээ. Түүний хэлснээр эрүүл мэндийн төвийг шинэчлэх тендерт ялагдал хүлээсэн “Specified Contractors and Development Inc.” компанид Төрийн нарийн бичгийн дарга Она нь хууль бусаар давуу байдал олгосон аж.

Омбудсманы байгууллагаас явуулсан мөрдөн байцаалтаар Эрүүл мэндийн яамнаас 2012 онд хэрэгжүүлсэн эрүүл мэндийн төвийг шинэчлэх хөтөлбөрийн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн “EM Cuerpo Inc.” болон хоёр дахь бага саналыг ирүүлсэн “Specified Contractors and Development Inc.” компаниудыг тендерийн шалгаруулалтад заасан нарийвчилсан тооцооллыг илрүүлээгүй шалтгаанаар үнэлгээнээс хассан байна. Улмаар 2013 оны 8 дугаар сард 3 дахь бага үнийн санал ирүүлсэн “Northern Builders Inc.” компанитай гэрээ байгуулах эрх олгосон аж.

Омбудсман Кончита Карпиогийн үзэж байгаагаар “Northern Builders” компанид эрх олгох шийдвэр гаргасан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр эцсийнх байх ёстой атал дээрх албан тушаалтнууд нь “Specified Contractors and Development Inc.” компанийн гомдлыг хүлээн авахад нөлөөлж, тендерийг дахин зарлуулахаар болсон аж. Өөрөөр хэлбэл, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эрүүл мэндийн төвийг шинэчлэх төслийн удирдагч Йосеф Роландо Мэжи -д “Northern Builders Inc.” компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгох, түдгэлзүүлэхийг шаардсан зурвасыг Онагийн орлогч Тэодоро Хэрбосагаас ирүүлж, 3 сарын дараа Эрүүл мэндийн яамнаас тендерийг дахин зарласан байгаа аж.

Эх сурвалж