ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.07.02-08/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.07.02-08/

1. Төрийн албан тушаалтнууд ээлж дараалан амиа хорлож байгаа нь Хятад дахь авлигын эсрэг кампанит ажлын нөлөөллийг илэрхийлж байна

Хиндустан Таймс. Бээжин. 2016.07.03. Ерөнхийлөгч Ши Жинпиний эхлүүлсэн авлигатай тэмцэх үйл ажиллагаа идэвхжихийн зэрэгцээ төрийн албан хаагчид олон тоогоор амиа хорлож байгаа нь нам, төрийн удирдлагад түгшүүр төрүүлж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээллээс үзвэл 2013 оноос хойш засгийн газрын янз бүрийн түвшний нийтдээ 150 гаруй албан тушаалтан амиа хорлож нас баржээ. Оноор нь авч үзвэл 2013 онд 46 хүн, 2014 онд 54 хүн , 2015 онд 30 хүн амиа хорлосон бол 2016 оны дунд үе гэхэд 28 хүн амиа хорлоод байгаагаас үзвэл энэ жил хамгийн өндөр үзүүлэлттэй байх магадлалтай байна. Ихэнх нь өөрийн гэр, ажлын газрын байрладаг байшингийн орой дээрээс үсэрч нас барсан ажээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалд Ху Жинтаог байх үе буюу 2003-2012 оны хоорондох 9 жилийн хугацаанд төрийн албан тушаалтнуудаас 68 орчим хүн амиа хорлож нас барсан бол Ши Жинпин ерөнхийлөгч болсноос хойш эхний 2 жилд л энэ хэмжээнээс давсан тооны хүн буюу 77 төрийн албан тушаалтан амиа хорлож нас барсан талаар Өмнөд Хятадын Өглөөний Сонинд нийтэлсэн байна.

Амиа хорлосон эдгээр хэрэг явдлыг төрийн албаны бүх түвшнийхэнд дарамт шахалт болж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаатай шууд холбох аргагүй гэж шинжээчид хэлж байгаа юм. Амиа хорлосон тохиолдол бүр дээр шалтгааныг нь “сэтгэл санааны хямралын улмаас” гэсэн дүгнэлт гаргасан байна. Хэдий тийм боловч амиа хорлож нас барсан төрийн албан хаагчдын ихэнх нь нэг бол авлига, хээл хахуулийн асуудалд холбогдон шалгуулж байсан, эсхүл шалгуулж байсан байж болзошгүй байгаа юм.

Хонконгод төвтэй Амиа хорлолтын судалгаа, урьдчилан сэргийлэх төвийн захирал Пол Ип “Амь насаа өөрийн сайн дураар егүүтгэх нь олон шалтгаантай байж болно. Нэгээр тогтохгүй. Гэвч заримдаа өөрийн гэр бүлийг ичгүүр, гутамшигт хутгахгүйн тулд хүмүүс амиа хорлодог” гэж Хиндустан Таймсийн сурвалжлагчид хэлжээ.

“Хятадын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нас барсан явдал нь түүнд холбогдох хэргийг хаах үндэслэл болдог, тиймээс хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс өөрийн гэр бүлийнхнийг аврахын тулд амиа егүүтгэдэг, ингэсэн нь өөрийн үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрөөхөөс илүү ашигтай үр дагавар өгөх нь бий” гэж нэрд гарсан сэтгэл зүйч Жао Гуокю хэлсэн байна.

Эх сурвалж

2. Авлигын эсрэг тэмцэлд хэрэглэж байгаа үр нөлөөгүй стандарт, орон нутгийн өмчийн удирдлага дахь зөрчил дутагдал нь Киргизстаны авлигын нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна

Төв Азийн Таймс. 2016.07.03. Киргиз Улсын Ерөнхий Прокурорын Газраас хууль сахиулах байгууллагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийгээд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалттай түвшинд хийгдэхгүй байгааг олж тогтоосон байна. Шалгалтаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх төв газар , Хар тамхитай тэмцэх алба (ХТТА) , Гаалийн Ерөнхий газар, Дотоод хэргийн яамны үйл ажиллагаанд зөрчил дутагдал илэрчээ.

ХТТА өөрийн үйл ажиллагаанд мөрдөх авлигын эсрэг үйл ажиллагааны стандартыг хэлбэрийн төдий тогтоосон байна. Төрийн байгууллагууд өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр хориглох, хязгаарлах, зөвшөөрөгдөх хэм хэмжээг тогтоож авлигын эсрэг үйл ажиллагааны стандартыг тогтоох ёстой байдаг. Гэтэл ХТТА өөрийн ажилтнуудын хүрээнд мөрдөх авлигын эсрэг үйл ажиллагааны стандартыг тогтоохдоо Авлигатай тэмцэх хууль болон Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг хуулбарлан тавьсан байжээ.

Дэлхийн Банкны шинжээчдийн хэлж байгаагаар Киргиз Улс авлигын улмаас жилийн төсвийнхөө бараг 40 хувьтай тэнцэх хэмжээний буюу 700 сая ам.долларын хэмжээний хохирол амсдаг байна. Судалгаанаас үзвэл сүүдрийн эдийн засаг тус улсын эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг бөгөөд бизнесийн хүрээнд цалин хөлс хэлбэрээр хийгдэж буй төлбөрийн 52 хувь нь далд хэлбэртэй байна.

Тус улсад авлига нь тогтолцооны асуудал болсон. Гэтэл авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүхэлд нь хянаж удирддаг байгууллага болох Киргизийн Батлан хамгаалах Зөвлөл яамдуудад хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх удирдлагын загварыг үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж

3. Лабораторын шинжилгээтэй холбоотой хээл хахуулийн сүлжээнд үүрэг гүйцэтгэж байсан эмч гэм буруугаа хүлээв

Ассошиэтэд Пресс. 2016.07.03. Нью Жерси мужийн Клифтон хотын эмч Хуан Эспиндола хээл хахууль авч шинжилгээний хуурамч бичиг үйлдэж байсан гэм буруугаа хүлээсэн бөгөөд таван жил хүртэл хугацаагаар хорих ял авна.

Одоо 58 настай эмч 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 6 дугаар сарын хооронд нийтдээ 1500 долларын хахуулийг эрүүл мэндийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа явуулдаг компаниас авч байжээ. Эмчийн бичсэн шинжилгээний бичгийг үндэслэн уг компани эрүүл мэндийн даатгалын сангаас 65 000 долларын нөхөн төлбөр авсан байна.

Парсиппани хотод үйл ажиллагаа явуулж байсан энэхүү компанитай холбоотой хээл хахуулийн хэрэгт Эспиндола эмчээс гадна 26 эмч, нийтдээ 41 хүн холбогджээ. Голлон зохион байгуулагчийн мэдүүлснээр эмч нарт өгсөн хээл хахуулийн хэмжээ хэдэн сая долларт хүрсэн ба уг компани 100 илүү сая долларыг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгалын хувийн компаниудаас хуурамч баримтаар завшсан байна. Мөрдөн байцаалтын шатанд одоогоор 12 сая долларыг хураан аваад байна.

Эх сурвалж

4. Болгарын Ерөнхийлөгч: Эрчим хүчний салбар авлигад хамгийн их автсан

Новините.ком. 2016.07.04. Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Ардчиллын судалгааны төвөөс авлигатай тэмцэх асуудлаар зохион байгуулсан чуулга уулзалтад оролцох үеэрээ тус улсын эрчим хүчний салбар авлигад хамгийн их хэмжээгээр автаад байгааг хэллээ.

Эрчим хүчний салбарт гадаадын ашиг сонирхол болон дотоодын бизнесийн хүрээнийхний гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хоорондын холбоо сүлбээ илэрхий ажиглагдаж байна гэж тэр хэлээд “Гранд слам” нэртэй асар том хэмжээний төслөөр жишээ татав. Энэхүү төсөл нь эрчим хүчний гурван дэд төслөөс бүрдэж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс ихээхэн мөнгө зарцуулж байгааг ерөнхийлөгч шүүмжлэв.

Эх сурвалж

5. Навальный: Оросын Ерөнхий Сайдын орлогчийн өмчлөлд элит орон сууц 10 байна

Москва Таймс. 2016.07.04. ОХУ-ын Ерөнхий Сайдын орлогч Игор Шувалов нийтдээ 600 сая рубль буюу 9.4 сая ам.долларын үнэ бүхий 10 орон сууц худалдан авсан талаар Оросын тэрс үзэлтэн Алексей Навальный өөрийн блог дээрээ бичив.

Игорь Шуваловын гадаад, дотоод дахь өмч хөрөнгөний асуудлыг хариуцдаг гэгддэг хуульч Сергей Котляренко 2014-2016 онд Москвагийн Котельническая эргийн гудамж дахь сталинист загварын тэнгэр баганадсан байшингуудын нэгнийх нь 14 давхарт 10 ширхэг тансаг орон сууцны байр худалдан авсан гэж сөрөг хүчний улс төрч мэдэгдэж байна. Дурдагдаж байгаа орон сууцанд оршин суугчдаас Навальныйгийн удирддаг Авлигатай тэмцэх төрийн бус байгууллагын нэр дээр ирүүлсэн мэдээлэл нь энэхүү асуудлыг сөхөх сэжүүр болсон бөгөөд хэн нэгэн өндөр албан тушаалтан байр худалдан авч дээд зэрэглэлийн завсар тохижилт хийж эхэлснээс гадна Холбооны хамгаалалтын албаны офицеруудыг суулгасан машин цувах болсон гэжээ.

Мэдээллийн дагуу мөшгөж үзэхэд Шуваловын хань хамсаатан болох Колтяренко дээрх орон сууцуудыг худалдан авсан болох нь тогтоогдсон байна. Шувалов нь Австри улсад өөрийн гэсэн цайз, Лондон хотын төвд тансаг орон сууц, Оросын хөдөө нутагт үнэтэй байшин өмчилдөг талаар Навальный блогтоо мөн дурджээ.

Эх сурвалж

6. Лин Жихуа: Хятадын ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн туслах шоронд орлоо

Би-Би-Си. 2016.07.04. БНХАУ-ын ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн туслах асан Лин Жихуа авлига, улсын нууцыг хууль бусаар олж авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгүүллээ. Тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн талаар хэвлэлд мэдээлжээ. Ху Жинтаог ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад Тамгын газрын дарга байсан Лин Жихуа нь 2012 онд албан тушаалаасаа огцорсон юм. Түүний хүү нь Бээжин хотод 2012 онд Феррари машинтай явж байгаад осолдож нас барсан бөгөөд тухайн үед хагас нүцгэн 2 эмэгтэй хамт явж байжээ. Лин Жихуа энэ хэргийг дарж чимээгүй өнгөрөөхийг оролдсон боловч нийтэд ил болсон бөгөөд дараахан нь өөрөө огцорсон билээ.

Эх сурвалж

7. Ерөнхийлөгч Путин спортын салбар дахь авлигын гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг чангаруулсан хуульд гарын үсэг зурав

ТАСС. Москва. 2016.07.04. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын спортын салбар дахь авлигын гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг чангаруулсан хуульд гарын үсэг зурж баталлаа. Спортын авлигад ногдуулах ял нь торгууль болон хорих ялын хэлбэртэй байна.

ОХУ-ын Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр спортын салбарын албан тушаалтнууд болон холбогдох бусад хүмүүс 1 сая рублээс дээш хэмжээний хээл хахууль авсан нь тогтоогдвол 8 –аас дээш 15 хүртэл жилийн хорих ял авна.

Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум 6 дугаар сарын 17-нд баталсан бол парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан юм.

Эх сурвалж

8. Испанийн цагдаагийн газар авлигын гэмт хэргийн мөрдлөгийн хүрээнд 11 хүнийг баривчилж, олон тооны хотын захиргааны байранд нэгжлэг хийв

Ассошиэтэд Пресс. 2016.07.05. Испанийн цагдаагийнхан тус улсын зүүн хойд бүс нутаг болох Каталонын орон нутгийн эрх баригч намуудын нэг болох Конверженс намтай холбоотой авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд 11 хүнийг баривчлав. Түүнчлэн Каталон болон Мадридын бүс нутаг, бусад бүс нутгуудын хэмжээнд олон тооны жижиг хот, суурин газруудын орон нутгийн захиргааны байруудад нэгжлэг хийлээ. Конверженс нам нь орон нутаг дахь эрх мэдлээрээ дамжуулан компаниудад төрийн худалдан авах ажиллагаа, тендер өгснийхөө хариуд төлбөр авдаг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч хүмүүсийг цочроогоод байна.

Эх сурвалж

9. Үхрийн махны худалдаа, жижиглэнгийн худалдаа, гольфийн спортын бизнес эрхлэгчдийн орлогыг авлигатай тэмцэх хуулийн үйлчлэл багасгахаар байна

Кореа Жүүнганг Дэйли. 2016.07.05. Нилээд шүүмжлэл дагуулж байгаа авлигатай тэмцэх хуулийн зохицуулалт нь жижиглэнгийн худалдаа болон рестораны бизнес эрхлэгчдийг түгшүүлж байгаа бөгөөд тэд бэлэг дурсгалын зүйл өгөх болон хоол ундаар дайлж цайлах явдлыг хууль бус гэж тооцно гэдгээс айж байна.

Дээд шүүхийн шүүгч асан бөгөөд Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хорооны дарга Ким Ён-ран энэхүү хуулийг ихээхэн хөхиүлэн дэмжиж байсан тул түүний нэрээр нэрлэх болжээ. Ерөнхийлөгч Пак Гён-хе 2015 оны 3 дугаар сард хуулийг баталсан бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэнэ. Хуулийн дагуу 30 мянган вон буюу 26 ам.доллараас дээш хэмжээний үнэ бүхий хоол ундаар дайлуулах, 50 мянган воноос дээш үнэ бүхий бэлэг авах, 100 мянган воноос дээш хэмжээний бэлэн мөнгө бусдаас авахыг хориглосон бөгөөд энэхүү хориглолт, хязгаарлалт нь янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүст хамааралтай юм. Төрийн албан хаагчдаас гадна дунд сургуулийн багш нар, их, дээд сургууль, коллежийн профессорууд, түүнчлэн сэтгүүлчид хамаарч байна. Хуулийг дэмжиж баталсан хууль тогтоогчдын хувьд эдгээр мэргэжлийн хүмүүс нь нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой ажээ.

Сөүл хот дахь Риц-Карлтон зочид буудлын менежер О Хи-жин хэлэхдээ “манай буудлын хятад хоолны рестораны өдрийн хоолны үнэ 39 500 вон байдаг, бид энэ үнээ 30 мянган вон болгохоор судалж байгаа” гэв. Лотте их дэлгүүрийн зүгээс зарж байгаа бэлэгний багцынхаа үнийг 50 мянган вонд багтаахын тулд мөн судалгаа хийж байгаа ажээ.

Гэвч үнэ буулгах нь бүх бизнес эрхлэгчдэд тохиромжтой арга хэмжээ биш юм. Сөүл хотын төвд орших Инса-донг орчмын үл хөдлөх хөрөнгийн нэгэн зуучлагч хэлэхдээ “4 дүгээр сараас хойш ресторанууд ар араасаа хаагдаж байна. Рестораны эзэд байр түрээслээд доод тал нь 200 сая воноор бодож төлбөр хийдэг байсан. Гэтэл одоо төлбөрийн доод хэмжээг 100 сая болгосон ч гэрээ хийхгүй байна” гэв. Мөн дүүрэгт байдаг солонгос үндэсний хоолоор дагнан үйлчилдэг нэгэн рестораны эзэн хэлэхдээ “хэрэв энэ хууль хэрэгжиж эхэлбэл төрийн албан хаагчид 30 мянгаас дээш воны үнэтэй хоол бүхий ресторануудаар үйлчлүүлэхээ болино. Тэгээд энэ хатуу чанд хоригоос болоод манай бизнес аажмаар зогсох болно” гэжээ.

Мэдээний товч

10. Транспаренси Интернэйшнл (ТИ) байгууллагаас саяхан гаргасан тайланд дурдсанаар зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компаниудын нэрийн өмнөөс ажилладаг зуучлагч нар буюу “агентууд” нь олон тооны авлигын хэрэгт голлох үүрэгтэй байсан гэж үзсэн талаар болон авлигад автагдсан зэвсгийн худалдаа нь дэлхий нийтийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг www.motherjones.com сайтад “Архи, тамхи, Лэди Гага: Зэвсгийн наймаа авлигыг хөөрөгдөж байгаа нь” гарчигтайгаар нийтэлжээ.

11. АНУ-ын Хууль зүйн яам болон тус яамны “Клептокраси санаачилга” -аас хэрэгжүүлж байгаа, аливаа улс орны, ялангуяа дарангуйлагч дэглэмтэй улсын улс төрийн нөлөө бүхий давхаргад хамаарах хүмүүсийн авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар улс орноосоо хулгайлан гадагш гаргасан хөрөнгийг илрүүлж, буцаан олгох үйл ажиллагааны талаар Казакстан, Экваторын Гвиней, Нигер, Узбек улсуудын жишээн дээр бичсэн “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа: Цэвэрлэгээнд орсон мөнгийг цэгцлэх нь” нийтлэл Файненшл Таймс сонины сайтад тавигдсан.

12. Иракийн нийслэл Багдад хотноо 2016 оны 7 дугаар сарын 4-ны өдөр амиа золиослогчид бөмбөг дэлбэлж 200 гаруй хүн нас барсан аймшигт хэрэг явдал нь ард түмний уур хилэнг хөдөлгөж, Иракийн засгийн газарт бугшсан авлигын хэр хэмжээг илтгэсэн хэрэг болж байгаа талаар Вашингтон Пост сонины сайтад “Багдадын хамгийн олон хүний амь нас хохирсон дэлбэрэлтэд хүргэсэн нэг нөхцөл нь авлига болж байна” гарчигтайгаар нийтэлжээ. Амиа золиослогчдын биедээ нуусан тэсрэх бодис, бөмбөгийг илрүүлэх зорилготойгоор Иракийн цагдаагийн байгууллага, аюулгүй байдлын албанд хэрэглэдэг илрүүлэгч багаж нь хуурамч бөгөөд нийлүүлэгч Английн компанийн захирал нь одоо шоронд сууж байгаа талаар нийтлэлд бичсэн байна.

13. Америкчууд авлигыг өөрсдийнх хувьд асуудал биш гэж үздэг боловч хэрэг дээрээ тийм биш, харин ч тус улсын хувьд авлига ноцтой байдалд байгаа тухай Хаффингтон Постын www.huffingtonpost.com сайтад “Хэрхэн авлигаас ангид байж болох вэ, Америк маягаар” гарчигтайгаар нийтлээд Конгрессийн шийдвэрээр байгуулагдсан Дайны үеийн худалдан авах үйл ажиллагааг шалгах Комисс -оос олж тогтоон, 2011 онд гаргасан тайландаа дурдсанаар АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн Ирак болон Афганистаны сэргээн босголтын хөтөлбөрийн хүрээнд 31- 60 их наяд доллар -ыг үргүй зарцуулж, ашиглан завшсан явдлыг жишээ татжээ.

14. Филиппиний шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Родриго Дутерте албан тушаалдаа орсноос хойш 7 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэг, ялангуяа хар тамхи болон авлигын гэмт хэрэгтэй хатуу ширүүн, эрс тэмцэл хийхээр амалсан амлалтаа аль хэдийн биелүүлж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг их гардаг дүүрэг, хотуудад 30 орчим гэмт хэрэгтний цогцос олдоод байгаа, мөн цагдаагийн өндөр албан тушаалын 5 генерал авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн, цагдаагийн албанд 3000 шинэ албан хаагчийг авахаар зарлаад байгаа талаар www.theatlantic.com сайтад “Филиппиний Ерөнхийлөгчийн ажлын эхний өдрүүд” гарчигтайгаар нийтлээд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч Дутерте “энэ бол бохир, цуст тэмцэл болох болно, би үүнийхээ төлөө уучлал гуйхгүй, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ” гэж хэлснийг иш татжээ.

15. Бразилийн төрийн мэдлийн газрын тосны Петробрас компанитай холбоотой авлигын хэрэг дээр дахин 5 хүнийг баривчилсан талаар www.splash247.com сайтад мэдээлэв . Эдгээр хүмүүс Петробрасын судалгааны төв болох Сенпеc дээр хийгдсэн дуудлага худалдааг будлиулан нийтдээ 8.9 сая ам.долларын хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа ажээ.

16. Ром хотын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хууран мэхлэх замаар татвараас зайлсхийсэн, авлига, мөнгө угаах болон бусад гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа 20 хүнийг Италийн санхүүгийн цагдаагийн алба баривчлан саатуулсан талаар Италийн мэдээллийн АНСА агентлагийн www.ansa.it сайтад мэдээлэв . Баривчлагдсан хүмүүсийн дунд Силвио Берлусконигийн засгийн газрын үед боловсролын төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Жузеппе Пизза болон түүний ах Рафаеле Пизза нар байгаа бөгөөд Рафаеле нь улс төрчид, бизнесменүүдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, авах өгөх асуудлыг нь зохицуулдаг байсан талаар дээрх эх сурвалжид дурджээ.

17. Нью Йорк хотын төрийн байгууллагуудын албан хаагчдын холбогдсон ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэрэг ар араасаа шил даран гарах болсон тул тус хотын Мөрдөн байцаах газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан авлигын эсрэг аян зохион байгуулж эхэлсэн талаар долоо хоног тутмын “Ажиглагч” сонины сайтад “Нью Йорк хотын захиргаанаас нийт албан хаагчиддаа авлигад автагдахгүй байхыг эелдгээр сануулж байна” гарчигтайгаар мэдээлэв . “Хээл хахууль, авлига бол занга. Үүнд бүү автагд. Харин мэдээл” гэсэн агуулга бүхий үгтэй ухуулах хуудсыг нийтийн тээврийн автобусны бөөрөнд байрлуулснаар энэхүү аян эхэлж байгаа юм байна. (Ухуулах хуудасны зургыг хавсаргав). Тус байгууллагаас өмнө нь 1990-ээд оны үед “Том алимнаас өтнүүдийг зайлуулья” уриатай, 2013 онд “ Нью Йорк хотод хэн нэгэн нь шуналд автаад байгааг анзаарав уу” уриатай аян зохион байгуулж байжээ.

18. Вьетнамын засгийн газар 2005 онд анх батлагдаж байсан Авлигын эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох өөрчлөлтийн төслөө бэлэн болгож, мэргэжилтнүүд болон олон нийтийн санал, шүүмжлэлийг авахын тулд хэвлэлд нийтэлсэн талаар Вьетнамын “Туои Тре” буюу “Залуу Үе” сонинд мэдээлэв .

19. Нидерландын Прокурорын газраас Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын охин Гулнара Каримоватай холбоотой 300 сая еврогийн үнэ бүхий өмч хөрөнгийг хураан авах үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар Ази, Номхон далайн бүс нутгийн асуудлаар гардаг “Дипломат” сэтгүүлийн сайтад “Гулнарагийн авлигын түүх: Нидерланд 300 сая еврогийн хөрөнгө хураана” гарчигтайгаар нийтэлжээ. Нидерландын прокурорууд Каримоваг 2007- 2015 оны хооронд 385 сая долларын хээл хахууль авсан гэж үзэж байгаа талаар Ройтерс мэдээлснийг дээрх нийтлэлд иш татав.